Канберра хүрэх замд...
2019 оны 6 сарын 27
Канберра хүрэх замд...
/Аян замын тэмдэглэл-2/

Сидней, Мельбурн хотуудын дунд ширүүн гэгч нь өрсөлдөөн газар авчээ. Тэд нэгнээсээ илүү гарахын тулд сайн муугаа дуудалцаж, улстөрчид нь хоорондоо бараг л ам зөрөхөөс буцсангүй. Байдал ингэж хурцдах юм гэж Австралийн өөрийн Засгийн газар ч санаагүй юм байна.

Гэтэл улс доторх хоёр хотын маргаан улам даамжрах шинжтэй болсныг гадарласан тул даруйхан үүнийг зогсоох нэгэн арга олсон нь одоогийн Канберра гэж хот байгуулах шийдэл байв. Дээрх хоёр хотын хувьд хэн нь ч энэ тулаанд ялсангүй.

Хэрэв аль нэг нь ялсан бол Австралийн нийслэл гэсэн нэрийг өөртөө зүүх байсан юм. Ингэж зуугаад жилийн тэртээ бидний зорьж яваа Австралийн залуу хотын суурь тавигдаж, улсаа төлөөлөх албан ёсны нийслэл нь болсон юм байна. Засаг захиргааны хамаг том нэгжүүд цөм энэ хотдоо бий.

Улсынхаа зүүн өмнөд хэсэгт орших Камберрад монголчууд харьцангуй цөөн гэдэг юм билээ. Австралийн хэмжээнд ойролцоогоор 6000 орчим монголчууд байгаа гэсэн статистик бий. Үүний дийлэнх нь Сиднейд сурч, ажиллаж байна. Ажлын олдоц Канберра болон Мельбурн, Брисбенд бага гээд залуус Сиднейг зүглэдэг аж. Энэ нь манайхаар бол Эрдэнэт, Дарханд ажил олдохгүй байна гээд Улаанбаатар явахтай агаар нэг юм.

Мельбурн, Сиднейн чанх голд нь Канберра улсын нийслэлээр цоллогдож, хотуудынхаа уулзах цэг нь болсон. Тив улсын уулзах цэгээс аян замын хоёр дахь тэмдэглэлээ уншигч танд хүргэж байна. Өмнөх тэмдэглэл маань "Сиднейг зорих хүнд чухам үнэнийг..." гэж нэртэй байсан.

Намар шувтарч, өвлийн эхэн сар нэгэнт ойртсон үед Сиднейн төв вокзалаас нь хот хоорондын автобусаар Канберра хотын зүг ажил тарах цагтай уралдан хөдөлсөн минь энэ.

Явах ёстой цагаасаа гучаад минутын өмнө суудал нь дүүрсэн тул товчооныхон хүнээ дахиж бүртгэж аваад автобус хотын зах руу гарахаар завдана. Сиднейн гол замууд ажил тарах үеэр ачаалал ихтэй учраас өдийд бага зэрэг түгжирнэ. Гэхдээ манайх шиг нам гацах нь үгүй. Сууж яваа тэрэг зогсолтгүй урагшлах нь бас чиг урамтай.

Ертөнцөөр нэг тарсан монголчуудтайгаа Сидней таарах бол байх л үзэгдэл. Харин Канберрад яах бол...

Сидней Канберра хоорондоо Улаанбаатараас Дархан орохтой адил зайтай. Замдаа "Урьхан" дээр зогсдог шигээ санаж явлаа. Зорчигчид морь харж, унд хоол эргүүлэх юм байх гэтэл автобус маань шулуухан шууд явсаар Австралийн нийслэлд хүргэдэг гэнэ.

Хурдны замаар жигд хурдаар автобус давхина. Хамт яваа хүмүүсийн зарим нь унтаж сэрэхийн хооронд бол нэг хэсэг нь утсаа оролдож тоглоом тоглох эсвэл ямар нэг юм үзэж яваа бололтой дог.

Замын турш хамт явсан хажуу хөрш маань үе, үе Facebook орно. Сиднейд ажил багассан тул Канберрад хагас жилийн өмнөөс ирж очих болсон гэв. Сүүлийн гурван жилийн хугацаанд Канберра ихээхэн өөрчлөгдөж байгаа тухай тэр сонирхуулан ярьсан юм.

Хүүхдүүд нялх байна, эхнэр оюутан хэмээн өгүүлэх нутаг нэгтэн нээлттэй нэгэн байлаа. Сиднейд суурьшаад дөрвөн жилээ давж буй М.Зоригт ирсэн цагаасаа хойш хар ажилчин болсон гэв. Монголд төрийн албанд зүтгэдэг байсан бол энд ирээд төмөрт л зүтгэж байна даа гэж тэр инээмсэглэн хэллээ.

Ирсэн жилээ барилгын туслахаар хэсэг ажлаад гурван жилийн өмнөөс төмөрчин болжээ. Канберрад 20 гаруй монголчуудтайгаа хамт ажилладаг гэнэ. Тэд хагас сайнд ажлаа дуусгаад Сиднейг зорьдог бөгөөд гэртээ нэг хоноод бүтэн сайнд нь буцдаг юм байна. Хол учраас тэндээ байрладаг аж. Харин энэ удаад Канберра хот руу өөр ажлаар явж байна гэлээ.

Сиднейд ажил багассан болохоор Канберраг зорих болсноо тэр хэлсэн юм. Хуучин долоо хоногийн зургаан өдөр нь ажилтай байсан бол Сиднейд одоо 4-5 хоног ажилтай байх нь их хэрэг гэв. Мельбурн, Канберра тийш барилгын ажил нэмэгдэж, хүмүүс гэр бүлээрээ ажлаа дагаад нүүх хандлагатай болсныг элэг нэгтэн хуваалцлаа.

Жилээс жилд Сиднейн амьдрахад улам хатуу болж байгаа. Байрны түрээс, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хүүхдийн сургуулийн төлбөр нэмэгдэх болсноор энд мөнгө хуримтлуулах, хураах ер нь хүнд гэдгийг Зоригт ярилаа. Түүний хувьд эхнэр нь коллежид сурдаг, хоёр хүүхэд нь сургууль, цэцэрлэгт явдаг аж. Эхнэр хичээлийн хажуугаар барилгын цэвэрлэгээ хийх болсон, манай монгол хүүхнүүд зочид буудал, барилгын цэвэрлэгээний ажил их хийдэг гэж Зоригт нэмж хэллээ. Хоёулаа ажиллаж байгаа тулдаа л болгож байна гэв.

Хүүхдийн сургуулийн төлбөр энд жилийн 10 мянган австрали доллар. Энэ нь манайхаар 20 орчим сая төгрөг. Ирэх жил даруй хоёр мянгаар нэмэгдэх болсныг хүүхдийнх нь сургуулиас түүнд урьдчилж сануулжээ. Америкт гаднын хүүхдүүд үнэ төлбөргүй сурах боломжтой бол энд их, дээд сургуулийн төлбөрөөр бүрэн дунд боловсрол эзэмшинэ. Тиймээс эндхийн монголчууд Америкийн виз мэдүүлэх нь эрс нэмэгджээ.

Зоригтын хувьд хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөх нь чухал гэж боддог. Хүүхдүүд маань ядаж англи хэлтэй болоод буцна. Зөвхөн хэлний мэдлэгээс гадна өөрсдийгөө илэрхийлэх чадварт суралцаж, өөртөө итгэлтэй, зөв хандлагатай болж өсөж байгаа гэж тэр эцэг хүний хувьд бахдалтай өнгөөр ярьсан юм.

Австралид ирсэн цагаас хойш хүүхдүүд нь тоотой хамрын ханиад хүрсэн гэв. Мөнгө хураахаас илүүтэй хүүхдүүдээ хэрхэн англи хэл өөрсдөөс нь илүү сурч, хөгжиж байгаа нь Зоригтын хувьд чухал. Түүнтэй адил бодол санаа, зорилготой олон монголчууд энд амьдарч байна. "Үр хүүхдээ бодож л..." гэж тэд ярих. Нэг ёсондоо өөрсдийгөө хоёрдугаарт тавьсан гэсэн үг.

Энэ олон жил Австралид байсан хүн их л мөнгө хураасан байх гэж бодож байна гэхэд Зоригт " Айл юм болохоор өмсөж зүүх, идэж уух, түрээс гээд наад захын хэрэглээнд мөнгө нэлээн гарна. Манайхан ирээд л маргаашнаас нь мөнгө хураана, жилийн дотор тэдэн сая төгрөгтэй болно гэж их ярьдаг. Үнэндээ гэр бүлээрээ сурч, амьдарч байгаа хүмүүст ийм боломж хязгаарлагдмал. Гэр бүлээрээ байгаа хүмүүсийн хувьд зарлага ихтэй ч ганцаараа ирсэн хүмүүстэй харьцуулахад илүү аз жаргалтай амьдардаг гэж боддог. Миний хувьд хүүхдүүддээ л хөрөнгө оруулалт хийж байгаа гэж ойлгодог" гэж тэр хариулсан юм.

Монголдоо төр, хувийн хэвшилд ажиллаж байсан олон залуус энд хүүхдүүдээсээ урам зориг, итгэл найдвар авч ажиллаж, амьдарч байна. "Би яах вэ, хүүхэд маань..." гэж боддог дорнын соёлтой ард түмний нэг хэсэг өрнийн соёлтой оронд хатуу, хэцүү гээд шантрах бус тэмцэж, тэвчиж явна. Шүд зуух үе энэ нийгэмд их. Нэг ёсондоо хүний шандас зорьдог газар.

Замын турш надтай яриа дэлгэсэн Зоригтын хувьд Монголд, тэр тусмаа төрийн албан дахь шударга бус байдалтай эвлэрч чаддаггүй, түүний наашаа зүтгэхэд хүрсэн шалтгаан ч энэ болсон гэв. Төрийн албанд нутаг ус, нам, ах эгч гэж нэгэндээ тал засах нь огтоос байж болохгүй үзэгдэл. Гэтэл энэ нь улам даамжирсан.

Утаанаас илүү залуус эх орноосоо явахад хүргэж байгаа хамгийн том хүчин зүйлийн нэг нь энэ гэдгийг Зоригт хэлсэн юм. Монголд очоогүй хоёр жил болсон бөгөөд одоо наадам дөхүүлээд гэр бүлээрээ сарын хугацаатай явж ирэхээр төлөвлөжээ. Ер нь хэзээ Монголдоо бүр очих юм гэхэд энэ тухай манай гэр бүлийнхэн сүүлийн үед хүчтэй ярьж эхэлсэн гэв. Бидний яриа энэ хүрээнд өндөрлөсөн юм. Ирэх газраа ч ойртоод ирлээ.

Зоригт бол зориг гаргаад наашаа ирсэн монголчуудын нэг. Амьдрал энд ямар байдаг, монголчууд яаж ажиллаж, амьдарч байгааг зориг гаргаад ярьсан хүмүүсийн нэг. Түүнээс чиний тухай аян замын тэмдэглэлдээ оруулж болох уу гэхэд хүмүүст хэрэг болох юм би бага ярьсан даа, та өөрөө л мэд. Хэрэгтэй гэж үзвэл хамаагүй дээ, үнэн л энэ юм даа гээд тамхиа асаасан юм.

Канберраг хүйтэн гэдэг. Сиднейн хүмүүст бол жиндүү санагдлаа. Австралид ирсэн цагаас хойш ингэж даарснаа ер мэдэхгүй юм. Улаанбаатараас гараад аймгийн төвд ирсэн мэт Канберра хөл хөдөлгөөн багатай. Бороо орж ч эхэллээ. Энэ хотод суурьшаад жил гаруй болсон найзтайгаа тэврэлдэн уулзаж, хөөрөг зөрүүлэхээс наагуур л юм боллоо. Үнэндээ хөөрөг зөрүүлье гэвч хөөрөг нь байсангүй. Түүний машинд С.Жавхлангийн "Санаж амирлах ижий" дуу явна. Ийм гоё үгтэй дуу байсныг нь гэнэт одоо л мэдэх шиг, тэртээ хол суугаа ээж минь бодогдох шиг... Ойрд Канберра хүйтэрчихлээ гэж найз маань хэлээд, Сиднейн хүнд манай хот сонин л байна байх гэв.

Канберраг 1960 онд барьж дуусгасан гэдэг. Энэ хотыг АНУ-ын уран барилгач Уолтер Барли Гриффиний зураг төслөөр байгуулсан бөгөөд маргааш түүний нэрээр нэрлэсэн хиймэл нуур үзэх юм байна. Нуураас гадна хэд хэдэн газраар орох маршрут гаргаснаа Канберраг нүдэлчихсэн найз маань сая хэллээ.

Үргэлжлэл бий...


2019.06.18

Эх сурвалж http://www.info.mn
Канберра хүрэх замд...
Канберра хүрэх замд...
Канберра хүрэх замд...
Канберра хүрэх замд...
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ