Аавын урласан сувдан даруулга
2019 оны 7 сарын 8
Аавын урласан сувдан даруулга
Яруу найрагч Жамбалын Нямаагийн "Аавын урласан сувдан даруулга" өгүүллэгийг хүргэж байна.

Одоогоос гуч гаруй жилийн өмнө найман сөөсгөр үрсийнхээ ээжийг гоёх гэсэн ханийн сэтгэлийг өнөө цагийн юутай ч зүйрлэмгүй мэт.

Бүх зүйл элбэг дэлбэг чамин тансаг болсон энэ цаг үетэй дэнслэхэд аавын минь сэтгэлээ шингээн урласан сувдан даруулга хуучирч элэгдсэн хэдий ч бүхнээс үнэ цэнтэй билээ. Эргээд дурсахад аав минь жижигхэн жижигхэн олон нүхийг их чимээ гарган алдалгүй цоолж, эгч нараар олон сувдыг цагаан утсанд хэлхүүлж байсан нь сэтгэлд бүүр түүрхэн тодорно. Балчирхан жаахан охин байж дээ, би. Миний охин үсээ ургуулаад байгаарай. Аав нь зургаан охиндоо бүгдэд нь сувдан даруулга хийж өгнөө гээд нүүр дүүрэн инээж байсан тэр л гэгээн төрх нь сэтгэлд үүрд мөнхрөн үлджээ.

Халамжит ханийнхаа сэтгэлээ шингээн дархалсан сувдан даруулгыг ээж минь элэгдтэл зүүжээ. Энэ зун ээжийнхээ нандин эд зүйлсээ хадгалдаг жижигхэн бааданг уудлан суутал цаг хугацааны уртад элэгдэж хуучирсан сувдан даруулгаа нандигнан хадгалсныг нь хараад сэтгэл зүрх минь уясан хайллаа. Ойрын хэдэн жил хараагүй энэ нандин даруулгыг үсэндээ зүүгээд тольдон суугааг ээж минь хараад “Миний охин сайхан тордоод зүү. Ээж нь хөгшрөөд хэдэн муу үс унаад гээчих гээд байдаг болсон. Аав чинь их сайхан уран хүн байж билээ. Надад их л гоё даруулга хийж өгсөн юм” гээд л нэг их санаа алдан ханиа бахдан ярьж билээ.

Тийм дээ. Аав минь уран дархны ажлыг ч хийчихдэг, олон эрчүүдийн өмнө орон атан тэмээг ч борвидоод унагачихдаг, эргэлдсэн алаг нүдтэй, ханагар сайхан Монгол эр хүн байсан сан. Нутгийн олондоо ихэд тустай хүн байсан гээд бишрэн ярихыг нь сонсоход бахархам сайхан. Хүдэр чийрэг цэвэрч нямбай, уужуу ухаантай хүн байсан даа. Тухайн цагт хөдөө суманд байтугай улсын хэмжээнд машин ховор байсан цаг. Аав минь айл нүүлгэхээр очоод гэрээ ачаалж байгаарай гэчихээд сүүдэрт дуг хийж байж. Сэрээд гутлаа өмсөх гэсэн гутлын жийрэг нь байхгүй, хайгаад олдохгүй болохоор нь айлынхнаас асуутал арван литрийн бидонтой таргаа жийрэглээд таглачихсан байсан гэдэг. Ингээд бодоход аав минь ийм л цэвэрч нямбай хүн байсан аж.

Зуны амралт дуусч хот руу буцахдаа сэтгэл дүүрэн бэлэгтэй. Сувдан даруулгаа байн байн шалгаж үзээд, сэтгэл баяр хөөрөөр бялхана. Алт мөнгөнд дурласных биш ээ. Аав ээж хоёрын минь хоёр биенээ гэсэн хайр сэтгэл нь шингэсэн эд дээ гэж бодохоор би гэдэг хүн сэтгэлдээ дэлхийг багтаасан мэт бахдалтай. Би аавынхаа сэтгэлээ шингээн урласан сувдан даруулгаар эмгэн болтлоо, үсэнд минь томдоод тогтохгүй болтол нь олон жил гоёж амьдарна аа.

Жамбалын Нямаа 


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ