МЭНДЧИЛГЭЭ
2019 оны 7 сарын 11
МЭНДЧИЛГЭЭ
Дэлхийд биднээс өөр ямар ч улс орон тэмдэглэдэггүй морьтон ардын цог золбоо, тал нутгийн яруу гайхамшгийг илтгэн харуулдаг Үндэсний их баяр наадам эхэллээ. Бяр хүч, цэц хурдаа сорьж, хүмүүний баяр баясгалан, хүүхдийн хөөр хөгжөөн, хүлэг морьдын хиймориор уудам цэлгэр Монголын тал нутаг эгшиглэн шуранхайлж байна. Нар, хур тэгшрэн жигдэрсэн долдугаар сарын цэнхэр тэнгэр асрын дор их цэнгэлийг үүсгэн баярлаж буй наадамчин олондоо эгэлгүй ганц, эгнэшгүй их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ жил Монгол Улсад санхүүгийн зохицуулагч байгууллага үүсч, хөгжсөний 25 жилийн ой болж, СЗХ болон зохицуулалтын байгууллагуудын хувьд баярт үйл явдал тохиож байна. 

Санхүүгийн зохицуулах хороо нь үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны салбарыг бодлого зохицуулалтаар ханган, шинэ технологи, бүтээгдэхүүнүүдийг цаг алдалгүй нутагшуулж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахыг хичээн ажиллаж байна. Монголын банкнаас бусад санхүүгийн салбарт сүүлийн 20 жилд үзэгдээгүй өндөр өсөлт өнгөрсөн хоёрхон жилд бий болж, даатгал, хөрөнгийн зах зээл, ББСБ, ХЗХ-ны голлох үзүүлэлтүүд 30 гаруй хувиар өсч, зах зээлийн бодит сэргэлт бий болов. 2018 онд нэрлэсэн ДНБ-д эзлэх банкнаас бусад санхүүгийн салбарын хувь хэмжээ 16 хувьд хүрсэн нь Монгол Улсын макро эдийн засагт үзүүлж буй тус зах зээлийн нөлөө далайцтайгаар өргөжиж буйг харуулж байна. 

Бид монгол зондоо өгөөжтэй, малчин түмэндээ хүртээмжтэй, хөгжил дэвшлийн алхаанд тогтвортой, өндөр чадвартай зах зээлийг төлөвшүүлэн цогцлоохын төлөө үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны салбарын бизнес эрхлэгчид, харилцагч үйлчлүүлэгч олонтойгоо санаа зорилго, гар сэтгэлээ нийтгэн ажиллаж, өдөр өдрөөр ахин дэвшиж, өөдлөн урагшилж байназ. Олсон ололт, хүрсэн амжилтаа улам бататгаж, монгол айл бүхний гал голомтыг санхүүгийн өгөөж, хишгээр тэгш бадраан, монгол хүн бүхнийг мөрөөдөл хүслээ биелүүлэхэд нь дэм болох хүртээмжтэй, улс орны хөгжил цэцэглэлтийн нөхцлийг хангах хүрэлцээтэй, сайн засаглал, өндөр чадавх бүхий санхүүгийн тогтвортой тогтолцоог хамтаараа батжуулан бэхжүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Дээдсээс өвлөсөн их цэнгэл баяртаа дэлхийг шагшуулан, сайхан наадаарай!

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН

2019.07.10
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ