Б.Отгонбат: Агуулгын гол нь монгол адуу, монгол морь
2019 оны 7 сарын 11
Б.Отгонбат: Агуулгын гол нь монгол адуу, монгол морь
Хүй долоон худагт болох Соёлын наадмын "Сэрсэн тал" тоглолтыг Ялалтын баяраар Улаан талбайд дуулсан хүүхдүүдийн дуугаар эхлүүлнэ. Монгол түмний их баяр цэнгэл Эрийн гурван наадмын сонирхолтой, сэтгэл татам хэсэг болсоор удаж буй Соёлын наадам, Хүй долоон худагийн морь барианы газрын ойролцоох “Монгол наадам” цогцолборт 12 дахь жилдээ болох гэж байна. Соёлын наадамд их хотын иргэд, эрхэм хүндэт наадамчдаа урин залж байна. Наадмын өдрүүдэд буюу 11,12-ны алинд ч яваад очиход монгол үндэсний соёлын биет бус өвтэй танилцуулах өртөөнүүдээс бүрдсэн “Монголын нэг өдөр” хотхон та бүхнийг хүлээж байх болно. СУИС-ийн багш, оюутнуудын бэлтгэдэг урлагийн “Сэрсэн тал” тоглолт, “Морьтны гайхамшиг” циркийн үзүүлбэрийг хоёр өдөрт гурав, гурван удаа тоглоно.
Дүрслэх урлагийн музей үзэх, нум, сум харвах, монгол үндэсний соёлын өвөрмөц тал, ёс заншлаас тусган урласан аварга баримлуудын хажууд зургаа авахуулж, хүүхдүүд нүүрэн дээрээ уран зураг зуруулах, хөгжөөнт тоглоомд оролцох гэхчлэн наадмын хөтөлбөрийн хүрээн дэх арга хэмжээнүүдэд оролцон, баярлаж, наадангаа, монголчуудынхаа соёлын үнэт өвтэй танилцан, суралцах орчин бүрдүүлсэн тус соёлын наадмыг СУИС, МУЗ хамтран зохион байгуулдаг. Өдгөө 12 дахь жилдээ наадамчдаа урин залж буй тэд энэ удаагийн соёлын наадмын онцлогийн талаар ямар мэдээлэл өгснийг хүргэж байна.

“Сэрсэн тал” урлагийн тоглолтын найруулагч Б.Отгонбат:

-Ард түмний зан заншил, баяр баясгалан, аз жаргалтай амьдрал, сайн сайхан бүхний дээд хэлбэр болдог монгол наадмын үеэр СУИС, МУЗ хамтарч соёлын наадмыг зохион байгуулдаг болоод 12 жил болжээ. Энэ соёлын наадмын өнгө төрхийн нэгээхэн илэрхийлэл нь ирээдүйн Монголын соёл, урлагийн өнгө төрхийг авч явах уран бүтээлчдийг бэлтгэдэг СУИС-ийнхны нэгдлийн талбар байдаг. Монгол адуу, монгол морь гэдэг агуулга дор 2018-2019 оны хичээлийн жилд СУИС-ийн оюутнууд, тэднийг удирддаг багш нарын хамтарч гаргасан, амжилтын нэрийн хуудас болж буй бүтээлүүдээс “Сэрсэн тал” тоглолтоо бүрдүүлсэн. Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, С.Цогтсайхан гээд улсын Төрийн концертын ачаанаас үүрэлцдэг уран бүтээлчид оюутан залуустайгаа хамтарч дуулж, хөгжимдөн, хөөмийлж, уртын дууны шуранхай хадаана. Мөн СУИС-ийн эрдэмтэн багш нарын бүтээлч эрэл хайгуулын үр дүнд бий болсон бүтээгдэхүүнээр ч хөгжимдөж сонирхуулах болно.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ