Ц.Цэвэгсүрэн: Наадамчид хурган чих хөгжим худалдаж авч ч болно
2019 оны 7 сарын 11
Ц.Цэвэгсүрэн: Наадамчид хурган чих хөгжим худалдаж авч ч болно
Хүй долоон худагт болох Соёлын наадмын "Сэрсэн тал" тоглолтыг Ялалтын баяраар Улаан талбайд дуулсан хүүхдүүдийн дуугаар эхлүүлнэ. Монгол түмний их баяр цэнгэл Эрийн гурван наадмын сонирхолтой, сэтгэл татам хэсэг болсоор удаж буй Соёлын наадам, Хүй долоон худагийн морь барианы газрын ойролцоох “Монгол наадам” цогцолборт 12 дахь жилдээ болох гэж байна. Соёлын наадамд их хотын иргэд, эрхэм хүндэт наадамчдаа урин залж байна. Наадмын өдрүүдэд буюу 11,12-ны алинд ч яваад очиход монгол үндэсний соёлын биет бус өвтэй танилцуулах өртөөнүүдээс бүрдсэн “Монголын нэг өдөр” хотхон та бүхнийг хүлээж байх болно. СУИС-ийн багш, оюутнуудын бэлтгэдэг урлагийн “Сэрсэн тал” тоглолт, “Морьтны гайхамшиг” циркийн үзүүлбэрийг хоёр өдөрт гурав, гурван удаа тоглоно.
Дүрслэх урлагийн музей үзэх, нум, сум харвах, монгол үндэсний соёлын өвөрмөц тал, ёс заншлаас тусган урласан аварга баримлуудын хажууд зургаа авахуулж, хүүхдүүд нүүрэн дээрээ уран зураг зуруулах, хөгжөөнт тоглоомд оролцох гэхчлэн наадмын хөтөлбөрийн хүрээн дэх арга хэмжээнүүдэд оролцон, баярлаж, наадангаа, монголчуудынхаа соёлын үнэт өвтэй танилцан, суралцах орчин бүрдүүлсэн тус соёлын наадмыг СУИС, МУЗ хамтран зохион байгуулдаг. Өдгөө 12 дахь жилдээ наадамчдаа урин залж буй тэд энэ удаагийн соёлын наадмын онцлогийн талаар ямар мэдээлэл өгснийг хүргэж байна.

СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, доктор, профессор Ц.Цэвэгсүрэн:

-Одоогоос 12 жилийн өмнө Хүй долоон худагт олсоор хүрээ татаж, гэрийн хана дугуйлж байгаад соёлын наадмаа эхлүүлж байсан бол өнөөдөр агуулгын хүрээнд ч, багтаамжийн хувьд ч бүхэл бүтэн цогцолбор болж өргөжлөө. Энэ наадмыг зохион байгуулдаг хамт олон бол маш их тэсвэр, тэвчээртэйгээр ажилласны үр дүн өнөөдрийн амжилтуудаар харагдаж байна. Сүүлийн жилүүдэд манай сургуулийнхан устаж үгүй болсон хөгжмийн зэмсгүүдийг сэргээн тоглож байгаа. Түүний нэг нь хурган чих юм. Мөн төрийн их ятга бий. Эдгээр хөгжмийн зэмсгийг соёлын наадмын талбайд эгшиглүүлэх болно. Тиймээс наадамчдад энэ содон, сонин хөгжмийн зэмсгүүдтэй танилцах, дуу эгшгийг нь сонсох боломж бүрдэж байна. Хурган чихийг сэргээн урлаад хоёр, гуравхан жил болж байгаа ч бид нийслэлийн ерөнхий боловсролын арваад сургуулийн 300 гаруй сурагчдад зааж сургаад байна. Тэгэхээр олон нийтийн хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа энэ хөгжимтэй танилцах, дуугаргаж үзэх, өөртөө ийм хөгжимтэй болъё гэвэл худалдаж авах боломж бүрдэж байгаа юм.



Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ