Б.Мөнхбадрал: Наадамчид өртөөнүүдээр зочилсноор наадангаа өв соёлынхоо талаар анхан шатны мэдлэг олж авна
2019 оны 7 сарын 11
Б.Мөнхбадрал: Наадамчид өртөөнүүдээр зочилсноор наадангаа өв соёлынхоо талаар анхан шатны мэдлэг олж авна
Хүй долоон худагт болох Соёлын наадмын "Сэрсэн тал" тоглолтыг Ялалтын баяраар Улаан талбайд дуулсан хүүхдүүдийн дуугаар эхлүүлнэ. Монгол түмний их баяр цэнгэл Эрийн гурван наадмын сонирхолтой, сэтгэл татам хэсэг болсоор удаж буй Соёлын наадам, Хүй долоон худагийн морь барианы газрын ойролцоох “Монгол наадам” цогцолборт 12 дахь жилдээ болох гэж байна. Соёлын наадамд их хотын иргэд, эрхэм хүндэт наадамчдаа урин залж байна. Наадмын өдрүүдэд буюу 11,12-ны алинд ч яваад очиход монгол үндэсний соёлын биет бус өвтэй танилцуулах өртөөнүүдээс бүрдсэн “Монголын нэг өдөр” хотхон та бүхнийг хүлээж байх болно. СУИС-ийн багш, оюутнуудын бэлтгэдэг урлагийн “Сэрсэн тал” тоглолт, “Морьтны гайхамшиг” циркийн үзүүлбэрийг хоёр өдөрт гурав, гурван удаа тоглоно.
Дүрслэх урлагийн музей үзэх, нум, сум харвах, монгол үндэсний соёлын өвөрмөц тал, ёс заншлаас тусган урласан аварга баримлуудын хажууд зургаа авахуулж, хүүхдүүд нүүрэн дээрээ уран зураг зуруулах, хөгжөөнт тоглоомд оролцох гэхчлэн наадмын хөтөлбөрийн хүрээн дэх арга хэмжээнүүдэд оролцон, баярлаж, наадангаа, монголчуудынхаа соёлын үнэт өвтэй танилцан, суралцах орчин бүрдүүлсэн тус соёлын наадмыг СУИС, МУЗ хамтран зохион байгуулдаг. Өдгөө 12 дахь жилдээ наадамчдаа урин залж буй тэд энэ удаагийн соёлын наадмын онцлогийн талаар ямар мэдээлэл өгснийг хүргэж байна.

СУИС-ийн Соёлын сургуулийн багш, доктор Б.Мөнхбадрал:

-Соёлын наадмын үндсэн зорилго нь монгол үндэсний соёлын биет бус өвийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, баяр наадмын үеэр монголчууддаа үндэснийхээ соёлоор бахархах боломж олгох зорилготой. “Соёлон харъя, соёлоороо бахархая” гэдэг уриатай. Эндээс юу харагдаж байна гэхээр, монголчууд маань наадмаар уламжлал ёсоор морио уралдуулж баярлахын зэрэгцээ үндэсний өв соёлоороо бахархаж, цугтаа байя гэсэн санал, санаачилгаар энэ наадмыг бий болгосон. Уламжлалаа сайтар хадгалсан арга хэмжээ гэдэг нь ч харагддаг. Энэ жилийн зохион байгуулалт нэг зүйлээр онцлог. НҮБ-ын соёлын асуудал эрхэлсэн байгууллага ЮНЕСКО-гоос гаргасан соёлын биет бус өвийн үндсэн таван ай савыг үндсэн чиглэл, агуулгаа болгож, “Монголын нэг өдөр” хотхоны өртөөнүүдээ байгуулсан. Эх хэл, аман уламжлал, үндэсний гар урлал, зан үйл, баяр ёслол, ардын язгуур урлаг болон ардын мэдлэг, ухаан гэсэн таван ай савд түшиглэж нүүдлийн соёлын өртөөнүүдээ ажиллуулахад бэлэн болоод байна. Монголын өв соёл агуу, их учир бүгдийг хоёр өдрийн арга хэмжээнд багтаах аргагүй. Тиймээс аль болох олон нийтэд сонирхолтой байх, хийж сурахад дөхөм байхыг нь бодож сонгосон. Монгол адуу, монгол морь гэдэг сэдвийг онцолж байгаа. Наадамчид өртөөнүүдээр зочлохын цаад утга санааг баярлаж наадангаа өв соёлын талаар анхан шатны мэдлэг олж авах, танин мэдэх, түүнд суралцах гэж харж байгаа юм. Суралцаж авсан бол өвлөн уламжлагчийн түвшинд үргэлжлүүлэн суралцах сэдэл наадамчин олонд маань төрөөсэй гэж хүсэж байна. Үргэлжүүлэн суралцах сэдэлтэй болж, тодорхой хэмжээнй ур чадварт суралцсан бол түүнийгээ амьдрал ахуйдаа хэрэглэж, монгол үндэсний соёлын дархлаагаа өөрөө өөрсдийн хувьд бэхжүүлэн дэмжээсэй. Соёлын наадам зохион байгуулж байгаагийн утга учир үүнд оршиж байгаа болов уу.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ