Б.Баяраа:Нүүдэлчдийн соёлын өвийн талаарх мэдээллийг залуустаа, ард түмэндээ, жуулчдад хүргэх талд бид идэвхтэй ажиллаж байгаа
2019 оны 7 сарын 11
Б.Баяраа:Нүүдэлчдийн соёлын өвийн талаарх мэдээллийг залуустаа, ард түмэндээ, жуулчдад хүргэх талд бид идэвхтэй ажиллаж байгаа
Хүй долоон худагт болох Соёлын наадмын "Сэрсэн тал" тоглолтыг Ялалтын баяраар Улаан талбайд дуулсан хүүхдүүдийн дуугаар эхлүүлнэ. Монгол түмний их баяр цэнгэл Эрийн гурван наадмын сонирхолтой, сэтгэл татам хэсэг болсоор удаж буй Соёлын наадам, Хүй долоон худагийн морь барианы газрын ойролцоох “Монгол наадам” цогцолборт 12 дахь жилдээ болох гэж байна. Соёлын наадамд их хотын иргэд, эрхэм хүндэт наадамчдаа урин залж байна. Наадмын өдрүүдэд буюу 11,12-ны алинд ч яваад очиход монгол үндэсний соёлын биет бус өвтэй танилцуулах өртөөнүүдээс бүрдсэн “Монголын нэг өдөр” хотхон та бүхнийг хүлээж байх болно. СУИС-ийн багш, оюутнуудын бэлтгэдэг урлагийн “Сэрсэн тал” тоглолт, “Морьтны гайхамшиг” циркийн үзүүлбэрийг хоёр өдөрт гурав, гурван удаа тоглоно.
Дүрслэх урлагийн музей үзэх, нум, сум харвах, монгол үндэсний соёлын өвөрмөц тал, ёс заншлаас тусган урласан аварга баримлуудын хажууд зургаа авахуулж, хүүхдүүд нүүрэн дээрээ уран зураг зуруулах, хөгжөөнт тоглоомд оролцох гэхчлэн наадмын хөтөлбөрийн хүрээн дэх арга хэмжээнүүдэд оролцон, баярлаж, наадангаа, монголчуудынхаа соёлын үнэт өвтэй танилцан, суралцах орчин бүрдүүлсэн тус соёлын наадмыг СУИС, МУЗ хамтран зохион байгуулдаг. Өдгөө 12 дахь жилдээ наадамчдаа урин залж буй тэд энэ удаагийн соёлын наадмын онцлогийн талаар ямар мэдээлэл өгснийг хүргэж байна.

СУИС-ийн Соёлын сургуулийн захирал Б.Баяраа: 

-Монголын урлагийг төлөөлүүлж болох үзүүлбэрүүдийг багтаасан “Сэрсэн тал” хэмээх сайхан тоглолтыг СУИС-ийн хамт олон жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тоглолтын найруулагчаар манай СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн багш Б.Отгонбат, туслах найруулагчаар тус тэнхимийн багш Дэлгэрбуян нар ажиллаж байна. Энэ удаагийн тоглолтод СУИС-иас Монголдоо ч, дэлхийд ч урлагаа таниулсан шилдэг номер, үзүүлбэрүүдээ багтаая гэсэн гол зарчим баримталсан. Тиймээс МҮОНТ-ээс зохион байгуулсан уралдаанд тэргүүн байр эзэлсэн СУИС-ийн дэргэдэх “Бадмаараг” лицей сургуулийн найрал дуугаар тоглолтоо эхлүүлэх юм. Бас нэгэн заавал мэдэж байвал зохих номер бий. Наадмын эхний өдөр (11-нд) орой 20:00 цагаас “Хөмөргөн гурвалжин” хэмээх этно бүжгэн жүжгийг толилуулна. Энэ жүжиг нь ирэх есдүгээр сард Парис хотод ЮНЕСКО-гийн байранд тоглох, тийм нэр хүндтэй бүтээл юм. Манай их сургуулийн Бүжгийн урлагийн сургууль монголчуудынхаа соёлын эртний өвийг “амилуулах” талд идэвхтэй ажилладаг бөгөөд хадны сүг зургаас сэдэвлэсэн гурамсан этно балет бүтээсний эхнийх нь энэ жүжиг бөгөөд наадамчин олонд сонирхуулах гэж байгаагаар онцлог. Түүнчлэн цагдаагийн “Сүлд” чуулга тоглолтод оролцоно. Бас Монгол, БНСУ-ын хөгжимчдийн хамтарсан “Салхийг мэдэр” гэсэн тоглолтыг наадамчдадаа зориулан бэлтгэлээ. 
Нүүдэлчдийн соёлын өвийн талаарх мэдээллийг залуустаа, ард түмэндээ, жуулчдад хэрхэн хүргэх тал дээр бид идэвхтэй ажиллаж байгаа. Энэ хүрээнд Соёл судлалын тэнхим буюу соёл судалдаг мэргэжлийн багш нар бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа нь бас нэгэн онцлог, давуу тал.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ