Гэрэлт гудамжинд “Hobby street” цуврал өдөрлөг зохион байгуулна
2019 оны 8 сарын 19
Гэрэлт гудамжинд “Hobby street” цуврал өдөрлөг зохион байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр Соёлын төв өргөөнд болсон нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр "Шөнийн гудамж"-ийг болиулах талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Гэрэлт гудамж байж болно. Харин шөнийн гудамж нэртэй, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, архидан согтуурдаг зүй бус газар байж болохгүй” гэдгийг онцолж хэлсэн юм.

Шөнийн “Гэрэлт гудамж” нь долоо хоног бүрийн Баасан гарагийн 22:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллаж, энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарладаг байв. Энэ үеэр шөнийн гэрэлт гудамжийг дагаад гэмт хэрэг, архидан согтуурах, элдэв зөрчлүүд ихээр нэмэгдэж байсан тул ийм байдлаар ашиглахгүй, иргэд, олон нийт цуглаж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг газар болгох нийслэлийн Засаг даргын санаачилга хэрэгжихээр болж байна.

Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Инноваци хөгжлийн газрын зүгээс олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Монголын маркетингийн холбоо” болон “Левел Ап” ХХК-тай хамтран “Hobby Street”  цуврал өдөрлөгийг зохион байгуулна.

Уг арга хэмжээ нь Сөүлийн гудамжинд энэ  сарын 24-ний өдрөөс эхлэн цуврал хэлбэрээр зохион байгуулагдах аж. Үүнд:

08.24-нд Авто хобби өдөрлөг;
09.07-нд Гэр бүлийн өдөрлөг;
09.14-нд Спорт хобби өдөрлөг;
09.21-нд Аялал хобби өдөрлөг
 

Тодруулбал, энэ сарын 24-нд болох “Авто хобби” өдөрлөгт ховор машины цуглуулга, үнэтэй машины цуглуулга, хуучин машины цуглуулга, Монголын авто диллерүүдийн шинэ машины үзэсгэлэн, тоноглосон машинууд, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, тоглоомон машины цуглуулга зэрэг авто машин, авто хоббитой холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, хөгжөөнт тэмцээнд оролцох, урлаг соёлын тоглолт зэрэг болох аж.

Дээрх дөрвөн өдөрлөг болох үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тухайн хэсгийн замыг баасан гарагийн орой 18:00 цагаас бямба гарагийг дуустал хугацаанд хааж, ням гарагт шилжих шөнийн 24:00 цагаас нээх юм.

Түүнчлэн, авто, спорт, аялалд сонирхолтой хувь хүн, групп, холбоо болон тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хамт олон та бүхэн “Hobby Street” цуврал өдөрлөгийг зохион байгуулагч “Левел Ап” ХХК-тай хамтран ажиллах боломжтой аж.

Эх сурвалж http://www.info.mn
Гэрэлт гудамжинд “Hobby street” цуврал өдөрлөг зохион байгуулна
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ