Д.Батсайхан: Зөрчил, дутагдал жил ирэх тусам буурч байна
2019 оны 9 сарын 1
Д.Батсайхан: Зөрчил, дутагдал жил ирэх тусам буурч байна
Онцгой байдлын байгууллагаас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан боловсролын байгууллагуудыг хянаж, шалгаж байна. Энэ талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхантай ярилцлаа.

– Улсын хэмжээнд боловсролын байгууллагуудын аюулгүй байдлыг хангуулах  хяналт, шалгалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар шалгалтын явц ямар байна вэ?

  Онцгой байдлын байгууллагаас хүүхдийн сурч боловсрох орчинг аюулгүй, эрсдэлгүй байлгах үүднээс хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулан ажилладаг. Энэ удаа 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Энэ сарын 26-аас эхэлсэн эрчимжүүлсэн шалгалтад 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 528 боловсролын байгууллагын барилга байгууламжийг хамруулаад байна. Шалгалт маргааш дуусна.

-Хяналт, шалгалтын явцад ямар зөрчил их илрэв?

Хяналт, шалгалт эхэлснээс хойш хамрагдсан 528 боловсролын байгууллагаас нийт 2100 зөрчлийг илрүүлсэн. Эдгээр зөрчил, дутагдлын 320 зөрчил буюу 15.2 хувийг  газар дээр нь арилгуулан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч байна.  Харин бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, дүгнэлтийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжүүлж байгаа эсэхийг хянаж буй.

Хяналт, шалгалтын явцад түгээмэл хэд хэдэн зөрчлүүд илэрсэн. Тухайлбал, сургуулийн аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлж, сургалт, сурталчилгаа зохион байгуулаагүй, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, аюулгүй болгох гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулаагүй байгууллага цөөнгүй. Мөн гал гарсан тохиолдолд гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй,аврах гарц дээр аваарын гэрэлтүүлэг байхгүй, таглаад хаачихсан, гадна шат хуучирч муудсан, төмөр нь салж унасан, аврах үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй зэрэг зөрчил цөөнгүй илэрлээ. Цайны газартаа хийн баллон ажиллуулж, аюулгүй байдлаа хангаагүй сургууль, цэцэрлэг ч байна.  

-Зөрчил дутагдлаа арилгаагүй тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, дүгнэлтийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж байгааг дээр дурдсан. Зөрчил, дутагдлаа шаардлагын дагуу засаж сайжруулаагүй, стандарт, нормын дагуу хийж гүйцэтгээгүй зэрэг зөрчлүүд удаа дараа илэрвэл Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох арга хэмжээ авдаг. Тухайн хуулийн 14 дүгээр зүйлд албан тушаалтны өгсөн шаардлага биелүүлээгүй гэдэг үндэслэлээр аж, ахуй нэгжийг доод тал нь нэг сая төгрөг, иргэн бол 100 мянгаас дээш төгрөгөөр торгохоор заасан.

–Аюулгүй байдлаа хангахын тулд юунд анхаарах ёстой вэ?

Боловсролын байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулчихсан, галын аюулгүй байдлыг хамгаалах норм стандартыг биелүүлэх анхан шатны багаж хэрэгслээр хангагдсан, мэргэжлийн байгууллагын хэмжилтүүдийг хийлгэх, тэмдэг тэмдэглэгээгээр хангасан байх шаардлагатай.  Үүнээс гадна цахилгаан шийтний зориулалтын шийтний өрөөтэй байх  ёстой. Хүүхдийн сурч, хүмүүжиж байгаа орчин тул заавал галын аюулаас урьдчилан сэргийлэх дохиоллыг байршуулсан, аврах гарц чөлөөтэй, цугларах цэг нь аюулгүй байх гэх мэтчилэн стандартыг хангасан байх ёстой. Энэ шаардлагын дагуу  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хяналт, шалгалтыг тогтмол хийж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласны үр дүнд илэрч байгаа зөрчил дутагдал жил ирэх тусам буурч байна. Мөн Гамшгаас хамгаалах хуулиараа тухайн байгууллага төрийн бус гэсэн статустай бол жилийн төсвийн 1.5%, улсын байгууллага бол жилийн төсвийн 1.0%-ийг болзошгүй аюул гамшгаас хамгаалах багаж хэрэгсэл, үйл ажиллагаанд захиран зарцуулах ёстой.  

-Онцгой байдлын байгууллагаас болзошгүй гамшиг, ослоос урьдчилан  сэргийлэх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулдаг. Сонирсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд үүнд хэрхэн хамрагдах вэ?

– Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрт гамшгаас хамгаалах  мэдлэг, мэдээлэл олгох, аюулгүй байдлаа хангах дадлага сургуулийг тогтмол зохион байгуулдаг. Тухайн байгууллага сургалтад хамрагдах хүсэлтээ аймагт бол Онцгой байдлынхаа газарт, нийслэлд бол харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтэст хандах ёстой.  Мөн Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн зөн-Монгол” ОУБ, МУЗН, “Жайка” ОУБ-тай хамтран ‘Бэлэн бай’,  “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцийг боловсруулсан. Энэхүү сургалтын багцаас иргэд өөрсдөө гамшгаас хамгаалах мэдлэгийг бие даан эзэмших, амьдрал ахуйдаа хэрэглэх боломжтой. Энэ сургалтын мэдээллийг ontsgoisur.gov.mn сайтад байршуулсан байгаа гэдгийг энэ дашрамд хэлье.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин 2019.08.30

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ