Л.Байгалмаа: Боловсрол, соёлын салбарт орон нутгийн дэмжлэг хамгаас чухал
2019 оны 9 сарын 11
Л.Байгалмаа: Боловсрол, соёлын салбарт орон нутгийн дэмжлэг хамгаас чухал
Сүхбаатар аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаатай ярилцлаа.

- Аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль цэцэрлэг, түүнд суралцах хүүхдүүдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар хэмжээнд хүрэв. Хичээлийн жил ямар онцлогтой эхэлж байгаа вэ?
- Аймгийн  хэмжээний нийт ЕБС-д 12400 гаруй хүүхэд суралцана.  Манай аймгийн түүхэнд анх удаа суралцагчдын тоо 12000 мянга гарч байна. 6 жилийн өмнөөс л хүүхдийн тоо өсөж эхэлсэн, энэ нь мэдээж  төрөлттэй холбоотой. Гэр бүлийн олонхи нь гурваас дээш хүүхэдтэй болж байна. 2013 оноос хойш жилд сурагчийн тоо 100-400 –гаар нэмэгдэж байсан бол энэ жил 900 гаруйгаар нэмэгдэж,  огцом өсөлтийг бий болголоо. Хүн амын өсөлттэй уялдуулан, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа, тооцооллыг манай газар байнга хийдэг. Энэ өсөлттэй холбоотойгоорбид аймгийн хэмжээнд зарим зохицуулалтыг хийлээ. 
Бүх сургуулийн хүүхдийн тоо нэмэгдэж байгаа ч аймгийн төв болон Эрдэнэцагаан суманд сургуулийн ачаалал эрс ихэсч, гурван ээлжид орох нөхцөл үүсээд байна. Иймээс  зай талбай бүрийг анги танхим болгож, засвар хийлээ.  Харин хүүхдийн тоо 500 хүрсэн Дарьганга, Түвшинширээ сумдын сургуулийг бүрэн дунд боловсрол олгохоор болгон өргөжүүлж, анхны X ангийн элсэлтийг  авахаар боллоо. Энэ хичээлийн жилд аймгийн төвийн сургуулиудад 17 нэгдүгээр ангийн бүлэг хичээллүүлэхээр төлөвлөн, анги танхим, багш нарыг бэлтгэсэн. Жил бүр сургууль, цэцэрлэгүүд орчин, нөхцөлөө сайжруулах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ хийдэг ч батлагдсан төсөв хүрдэггүй. Олон жил болсон сургууль, цэцэрлэг, дотуур байрын барилгыг засварлах, сургалтын тоног төхөөрөмж, тоглоом наадгай, сандал ширээ бусад хэрэглэгдэхүүнээр хангах, камержуулах гээд ээлж дарааллаа хүлээсэн олон асуудлууд орон нутгийн дэмжлэгийг хүлээсээр байна. 
Бусад аймгуудтай харьцуулахад манай аймгийн хувьд уул уурхайгаас болон бусад эх үүсвэрээс орон нутагт орох орлого, нийгмийн хариуцлагыг боловсролын салбар луу чиглүүлэх, дорвитой хөрөнгө оруулалтыг хийх бодлого, зүтгэл тааруу байна гэж би боддог. Харин 2019, 2020 онд улсын төсвөөр 20 барилга, байгууламж баригдаж ашиглалтад орно. Үүнд: сургуулийн барилга 3, цэцэрлэг 5, дотуур байр 2, соёлын төв 4, спорт заал 2, их засвар 3, цэцэрлэгийн өргөтгөл 1 байна.
Өнөөдөр бидэнд хүн амын шилжилт хөдөлгөөнөөс улбаатай гарч байгаа хүндрэл гарч байна. Ялангуяа Баруун-Уртын сургуульд хүүхдээ сургах хүсэлтэй иргэдийн өргөдөл хүсэлт нэмэгдсээр байна. Жил бүрийн 8-р сард энд шилжин ирэх иргэдийн тоо огцом өсдөг, шилжилт хөдөлгөөний зохицуулалт байдаггүй, иргэний бүртгэл ч ойлгомжгүй болжээ. Өмнө хэн хаашаа шилжсэн, хаанаас ирснийг багийн дарга нар мэддэг байсан бол одоо мэдэхгүй байна. Цаашдаа аймгийн хэмжээнд анхаарах асуудал гэж үзэж байна. Ээжийг нь хүүхэдтэй нь шилжүүлээд, аавыг нь үлдээгээд байвал гэр бүл рүү чиглэсэн төрийн бодлого яаж хэрэгжих билээ дээ. Сумын хүн амын тоо бодитой гардаггүй, хаяг дээрээ байхгүй иргэд олон байна. Үүнээс болж сургууль, цэцэрлэгийн хамран сургалт зөв гардаггүйг захирал, эрхлэгчид хэлсээр байгаа. Багийн дарга нар манай захирал, эрхлэгчидтэй байнга хамтарч сайн ажиллаж чадвал нэг ч хүүхдийг сургууль завсардуулахгүй байх боломжтой. Нийгмээрээ анхаарлаа зайлшгүй хандуулах асуудлууд байна. Зөвхөн 1-р ангийн хүүхдийн шилжилт хөдөлгөөнөөс харж байхад гэр бүл салалт маш их, ээж нь хүүхдээ орхиод явсан тохиолдлууд жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Хүний хөгжил, хүмүүжил, төлөвшлийн асуудлыг зөвхөн боловсролын байгууллага, багш нартай холбох нь өрөөсгөл юм. Иймээс гэр бүл рүү хандсан хариуцлагын болон соён гэгээрүүлсэн оновчтой арга хэмжээг авахгүй бол хүүхдүүдийн ирээдүй бүрхэг төсөөлөгдөж байна.
Сургуулийн өмнөх боловсролын хувьд энэ жил Түвшинширээ суманд шинэ цэцэрлэг, Түмэнцогтод цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орно. 2013-2017 онд манай аймгийн 5 суманд хэрэгжсэн төслийн үр дүнд суурилан 
цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 3-4 насны 1000 гаруй хүүхдийг гэр бүлийн орчинд нь бэлтгэх хувилбарт сургалтад хамруулна. 
Багшлах боловсон  хүчний хувьд: 
Манай аймагтжил бүр 80 гаруй ажлын байр гарч, сургууль, цэцэрлэгүүд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, хангалтаа хийдэг. Энэ жил дуу хөгжим, орос хэлний багш нар дутагдаж, нийгмийн ухааны багш нар нэмэгдсэн. Сумдад хос мэргэжлийн багш нар ихээхэн эрэлт хэрэгцээтэй байдаг. Ирэх хичээлийн жилд сургууль, цэцэрлэг нэмэгдэхийн хэрээр багш нар бас шаардлагатай болно. Багш нарын давтан бэлтгэл, олон төрлийн сургалтууд тасралтгүй явагддаг. Саяхан 900 гаруй багш, ажилтнуудыг хамруулсан томоохон сургалтаар хичээлийн жилийн ажил эхэллээ. Харин сургалтуудын үр өгөөж, үр дүнг гаргах, багш бүрийн  арга зүй, мэдлэг боловсрол, ур чадварт ахиц гараасай гэж хүсэж байна. Сургалтын чанар багшаас голлон шалтгаална, иймээс сургалтын чанарыг сайжруулах асуудалд онцгой анхаарах шаардлагатай. 

- Жил бүр их дээд, сургуулийг олон мянган залуус төгсдөг. Сүхбаатарын залуус ч тэдний тодорхой хувийг эзэлж байгаа. Орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлээр төгсөж байгаа багш нарыг аймагтаа ирж ажиллуулбал боловсролын чанарт өөрчлөлт гарна гэж боддог. Энэ асуудлыг шийдвэрлэх арга юу байна?
- Улсын хэмжээнд багшийг  чанартай бэлтгэхэд анхаарч 2013 оноос хойш багш мэргэжлийг сонгон МУБИС-д элсэгчдэд олон төрлийн хөнгөлөлт, тэтгэлэг олгодог болсон. Жишээ нь 750-800 оноотой элсэгчдийг 4 жилийн сургалтын төлбөрөөс 100 хувь, 700-750 бол 75 хувь, ялангуяа эрэгтэй оюутан байгалийн ухааны чиглэлээр суралцвал илүү хөнгөлөлт үзүүлж байгаа. Үүний үр дүнд 2017 оноос эхлэн төгсөж ирж байгаа багш нарт ахиц гарч байна. Манай аймгаас 750-800 оноо авсан олон сурагч багшийн мэргэжлийг сонгон суралцаж байгаад баяртай байдаг. Түрүүчээсээ төгсөж ирээд ажиллаж байгаа. Ер нь орон нутагт дутагдалтай байгаа багш, ажилтнаар хангах, тэднийг тогтвор, суурьшилтай ажиллуулахад байгууллагаас гадна орон нутгийн дэмжлэг нэн хэрэгтэй байдаг. Сум, аймаг, хот хаана ч ажилласан цалин хөлс адилхан, харин хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш, ажилтнууд 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авдаг. Нэг үеэ бодвол хөдөө хотын ялгаа нилээд арилсан шүү. Зарим суманд тухтай сайхан амьдрах боломж байна.  Суманд амьдрах ганцхан хүндрэл нь байрны асуудал юм даа. Сүхбаатар, Дарьганга сумын Засаг дарга нар манайд саналаа тавьдаг. Чадвартай сайн багшийн нийгмийн асуудлыг нь шийдвэрлэнэ,  цалин дээр нь нэмж урамшуулал олгож болно, идшээр нь хангаж өгнө гэх зэргээр санаачилга гаргадаг. Ийм дэмжлэгүүд хэрэгтэй байна. 

- Жил бүр ЭЕШ-ыг олон мянган хүүхэд өгдөг. Шалгалтын онооны хувьд янз бүр. Сүхбаатар аймгийн боловсролын салбарын бодлогыг тодорхойлдог байгууллагын даргын хувьд аймгийнхаа боловсролын чанарыг хэрхэн үнэлэх вэ? Манай улсын ирээдүй болсон хүүхэд залуусын боловсролд чухал нөлөөтэй хүчин зүйлүүд юу вэ? 
- Сургалтын чанарт маш олон зүйл нөлөөлдөг. Сурах бичиг, сургалтын орчин, багшийн ур чадвар аав, ээж, ар гэрийн амьдрал, сурагчийн өөрийн чармайлт, орон нутгийн дэмжлэг гэх мэт. Тиймээс бид өмнөх хоёр жилд аймгийн хэмжээнд сургалтын чанарыг сайжруулах аяныг бусад аймгуудаас арай өвөрмөц хэлбэрээр явуулж байна. Гэхдээ чанар өргөс авсан мэт шууд сайжрахгүй. Энэ аянаа цааш нь хөтөлбөр болгоно. Нэг хэсэг улсын хэмжээнд ЭЕШ-аас өөр сурлагын чанарыг хөндлөнгөөс тогтоох үнэлгээ байсангүй. Бага, суурь, бүрэн дунд боловсролын үнэлгээг улсын хэмжээнд нэгтгэх, дүн шинжилгээ хийх асуудал орхигдоод олон жил болсон. Өнгөрсөн хичээлийн жилд үнэлгээний журамд өөрчлөлт орлоо. Боловсролын салбарын бас нэгэн тулгамдсан асуудал бол үнэлгээ. 2019 онд анх удаа улс даяар бүх IX ангиудаас чанарын шалгалт авч, дүнд анализ хийн Боловсролын үнэлгээний төвөөс гаргалаа. Энэ жилээс бид улсын шалгалт, чанарын шалгалт, ЭЕШ-ын оноо дүнг цогцоор нь гаргаж эхэлж байна. Цаашдаа чанарын шалгалтыг илүүд үзэж 5,9,12-р ангийн бүх хүүхдийг хамруулан хийж, үнэлбэл үнэнд нийцсэн дүн гарна гэж үзэж байна. Иймээс анги нийтээр нь сайн сургадаг багш нарыг илүүтэй дэмжих, урамшуулах бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлэхийг зорьж ажиллана. 
Энэ жил Сүхбаатар аймаг ЭЕШ-ын дүнгээр 17 дугаар байрт орсон. Гол хичээлүүдийн оноо улсын дунджаас доогуур шалгагдсан. Жил бүрийн шалгалтад хамгийн олон хүүхэд бэлтгэн, тогтмол эхний байруудад шалгардаг 1,4-р сургуулиудын дундаж оноо доогуур гарлаа. Бид үүний шалтгааныг ярилцаж, судалж байна. Баруун-Урт сумын 2,3-р сургууль, Баяндэлгэр сумын ЕБС  тогтвортой амжилт, ахицыг гаргасаар байгаа. Энэ жил Харин Монгол хэлний шалгалтыг сайн өгсөн. Шат шатандаа бэлтгэл сайн байсан. Тиймээс бие биенээсээ санаа авах сайн жишээ олон байна. Бид өмнөх жилүүдэд сургалтын чанарыг сайжруулахын тулд олон ажил хийсэн. Төвөөс сайн багш  нар урьж авчирсан нь нэг талдаа зөв бодлого. Тухайн үед амжилт их ч гарсан. Гэхдээ олон сая төгрөгийн шагналын сантай, уралдаан тэмцээн зохиох, эсвэл нэг сайн багш авчрахаас илүүтэй багш нар өөрсдөө мэдлэг чадвараа ахиулж, өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарах, хамгийн гол нь ээлжит хичээл бүрийг чанартай заах, сурагчдын хичээл сонголт зэрэгт анхаарах шаардлагатай. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд сургалтын чанарыг хэрхэн сайжруулах талаар удахгүй манай газар санал боловсруулж, аймгийн Засаг даргад танилцуулна. Энэ чиглэлээр аймаг, сумын засаг дарга нарын дэмжлэгийг авна гэж төлөвлөж байна. Анги нийтээр нь жигд сайн сургадаг багш нарыг маш сайн дэмжиж, урамшуулдаг тогтолцоог бий болгох нь зөв. Багш нарын ур чадвар, ажлын үр дүнг анхан шатнаасаа эхлээд зөв, шударга үнэлмээр байна. Өнөөдөр манай аймгийн багш нарын үр дүнгийн урамшуулал үүнийг ялгаж өгөхгүй байна. Зүтгээд, хичээгээд байгаа ур чадвартай багш нар, зүгээр нэг урсгалаараа яваад байгаа багш хоёр яг ижил үр дүнгийн урамшууллыг авч байгаа нь шударга биш байгаа юм.

- Боловсролын салбар хамгийн эмзэг. Энэ салбарыг мэддэг хүмүүс нь удирдаж, маш зөв бодлоготой байхгүй бол ирээдүйд сөрөг нөлөөтэй байж болзошгүй харагддаг. Энэ салбарын төлөө хэдхэн хүн л санаа зовнин яваад байгаа харагддаг. Гэтэл орон нутгийн хэмжээнд дорвитой бодлого хэрэгжүүлж чадахгүй байх шиг. Улстөр бүх салбарт нөлөөлөөд байна гэж хардаг. Хариуцсан салбараа өөд татах гэж зүтгэх явцад тохиолддог гол хүндрэл юу вэ?
Анх 2013 онд би энэ ажлыг авсан. Тэгэхэд маш сайн бодлого хэрэгжсэн. Боловсролыг дэмжих жил болгож зарлаад, 2013-2023 он хүртэл боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрийг аймгийн ИТХ батлаад нэлээд аятайхан явж байсан. 2016 он гарч, сонгууль болоод засаг төр хямрахаар боловсрол битгий хэл аймаг өөрөө бодлогоо алдчихаж байгаа юм. Яг ямар бодлогоор хөгжих гээд байгаа  нь тодорхойгүй. Орон нутгийн боловсролын аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа  мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэх, учир шалтгааныг тодруулах, харилцан санал солилцох нь тэр бүр нээлттэй биш байна.  Мэргэжлийн бус, эсвэл тухайн төрийн  албан хаагчид тавигдах шаардлагад нийцээгүй хүнийг томилдог явдал ч байсаар байна. Жилд 1-2 удаа болдог ИТХ-ыг хөндлөнгөөс харж байхад тэнд сонгогдсон төлөөлөгчид нь өөр өөрийнхөө сонгогдсон тойрогтоо юм хийх гээд зүтгээд байгаа нь нэг талдаа буруу биш ч тэд нам харгалзахгүйгээр орон нутгийн амин чухал асуудлуудаар, Сүхбаатар аймгийн нийт иргэдэд үр нөлөө нь тусах  оновчтой бодлогоо гарган, түүнийгээ хэрэгжүүлэх төсвийг тусгахын төлөө хэлэлцдэг, мэтгэлцдэг баймаар. Тухайлбал, хүн амын ундны усны асуудал, иргэд аюулгүй тайван амьдрах, эрүүл байх, боловсрох, хөгжих гээд бодлого, хөтөлбөрийнхөө цөмд нь хүний хөгжлөө тавьж, жилд баталж байгаа төсөв, орон нутгийн орлого, дэмжлэгээ  оновчтой хуваарилдаг байгаасай гэж бодож байна.  2014 оноос л бид хүүхэд өснө,   сургууль, цэцэрлэгүүд хэрэгтэй болно,  Дарьганга, Түвшинширээ сумын сургуулиудыг БДС болгох шаардлага гарч  ирнэ гэдгийг тооцоолоод хөтөлбөртөө тусгаад л явсан. Дотуур байруудыг камержуулах, аймгийн төвийн 4 сургуулийг орчин үеийн лабораторитой болгох саналыг 2017 оноос хойш байнга л тавьж байгаа. Улсын физикийн олимпиадыг 2018 онд гэнэтхэн аймагт  хийхээр болсон.  Манай газраас огт санал аваагүй, гэвч бид л нуруун дээрээ үүрч, зохион байгуулсан. Манай аймгийнхан  анх удаа Хүрэл медаль авсан. Миний хамгийн их хүлээлт бол гайгүй сайн бэлтгэсэн болохоор физикийн хичээлээр ЭЕШ-ийн оноо ахиасай гэж их харсан. Гэтэл нөгөө л XX байрнаасаа ахиагүй. Тэгэхээр нэг олимпиадад 100 гаруй сая төгрөг зарцуулснаас 25-35 сая төгрөгийн өртөгтэй Тайванийн физик, хими, газар зүй, биологи, гадаад хэлний лабораториудыг аймгийн төвийн 4 сургуульдаа аваад өгвөл багш нарын мэргэжлээ дээшлүүлэх бичил төвүүдтэй болж, олон зуун хүүхдэд үр өгөөжтэй байх байлаа. Би зарим аймгийн сайн жишээг хэлмээр байна. Жил бүр яаман дээр газрын дарга нар орон нутгийнхаа үзүүлж буй дэмжлэгийг тайландаа тусгаж танилцуулдаг. Дорноговь аймаг  жил бүр аймагтаа үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудаас орсон орлогыг  боловсролыг дэмжих санд төвлөрүүлдэг. Тэр сангийн  хөрөнгөөр жил бүр 30 гаруй хүүхэд, 10 гаруй багш Япон улсад аялдаг. Японоос тийм тооны хүүхэд Дорноговь аймагт ирдэг. ЭЕШ-ын оноогоор голдуу манай аймгийн ард жагсдаг байсан бол энэ жил эхний гуравт орсон. Шинэ монгол сургуулийн багш нарыг улирал бүр урьж аваачиж, сургалт хийлгэсэн. Тэдгээр багш нарын ирж очих, Дорноговь аймагт байх бүх зардлыг УИХ-ын гишүүн нь хариуцдаг. Зарим УИХ-ын гишүүдийн орон нутагтаа оруулж байгаа хөрөнгө оруулалт гайхмаар мундаг. Орхон аймгаас сонгогдсон О.Содбилэг гишүүн аймагтаа лабораториуд байгуулдаг. Дарханы Жавхлан гишүүн ЭЕШ-ын хичээлүүдээр нэмэлт сургалт явуулах багш нарыг санхүүгээр дэмждэг, өөрийн нэрэмжит олимпиадуудыг зохион байгуулдаг. Дорнод аймаг мөн уул уурхайгаас оруулсан орлогоос сан байгуулаад, боловсролын салбартаа зарцуулдаг. Манай аймагт ийм боломж байгаа. Уул уурхайгаас оруулсан орлогоо хуулийн дагуу хамгийн түрүүнд нийгмийн салбартаа зориулаасай.Манай аймгийн хувьдЭЕШ-д сайн амжилт үзүүлсэн болон улс, олон улсын олимпиад, тэмцээн уралдаанд байр эзэлсэн багш, сурагчдыг шагнаж, урамшуулах дэмжлэгүүд бол байдаг. 

- Энэ жил хоёр сумын сургууль 10 дугаар ангийнхаа элсэлтийг авсан. Шинэ бүлэг нээгдсэн сумын сургуулиудад шаардлагатай анги, танхим, боловсон хүчнээр хангадсан уу?
- Сумын сургууль бүрэн дунд боловсрол олгоно гэдэг сайн нөлөө олонтой. Наад зах нь хүн ам нь өснө, 16-18 насны сурагчдын оролцоо, идэвх нэмэгдэнэ, хүүхдүүд гэр орондоо амьдарна,багш нар чадваржина.  Дарьганга, Түвшинширээ суманд нээгдсэн хоёр бүлэгт нийт 70 орчим хүүхэд суралцана.  Зэргэлдээ сумын хүүхдүүд суралцах боломжтой.Багш нарын хүрэлцээ боломжийн. Санхүүгийн хүндрэл гайгүй. Дотуур байрт суух хүүхдийн тоо л нэмэгдэнэ. Аймгийн төвийн сургуулийн ачаалал буурахад нөлөөлж байна. Энэ хоёр суманд 10 дугаар ангид элсэлт авснаар аймгийн хэмжээнд 11 сургууль бүрэн дунд боловсрол олгодог болж байна.

- БСУГ-ын газрын даргын ажлыг аваад бүх  сургууль цэцэрлэгээр олон удаа тойрсон байх. Салбарын асуудлуудаа маш сайн мэдэх юм?
- Бид нар жилдээ нэг суманд  2-3 удаа очиж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг, бүх байгууллагын ажилд тоон болон чанарын үнэлгээ хийдэг. Өөрийн харъяаны боловсрол, соёлын байгууллагуудынхаа гадаад, дотоод орчныг сайн судалдаг. Бараг л нүүрсний складыг нь хүртэл үздэг. Ингэж байж их засвар хийх болон шинээр баригдах барилга байгууламжийн жагсаалтыг гаргаж, жил бүр эрэмбэлж, холбогдох байгууллагуудад санал хүргүүлдэг. Засвар хэрэггүй газар байхгүй. Олон барилга байгууламжтай болохоор байнга л асуудал гардаг. 2013 оноос эрэмбэ дарааллаараа засвар, барилгын ажил явж байна.  Хамгийн гол нь манай захирал, эрхлэгч нар зураг, төсвөө мэргэжлийн байгууллагаар чанартай хийлгэх наад захын мэдлэгтэй болж, боломжтой бол А3 гэрчилгээтэй баймаар. Энэ жилээс эхлэн их засвар, шинээр барилга бариулах саналыг  Сангийн яамнаас гаргасан программд  оруулдаг боллоо. Манай салбарт хэрэгжиж буй “Боловсролын удирдлага мэдээллийн систем”-д /ESIS/ бүхий л мэдээлэл, статистик, хүний нөөц, санхүүжилт, барилга байгууламжийн мэдээлэл хүртэл бүртгэгдсэн байдаг. Тун удахгүй эцэг эхчүүд гар утсандаа аппликейшн суулгаж дээрх системээс хүүхдийнхээ талаар мэддэг болно. Би боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Нийгмийн хөгжлийг дагаад 2014 оноос хойш энэ салбарт эрс өөрчлөлт гарсан. Нийгэмд сайн муу хэлэгдэж байгаа ч үр дүн нь 8-10 жилийн дараа гарна. Тиймээс салбарынхаа ажлыг төрийн бодлоготой уялдуулахгүй бол болохгүй, чадлаараа л зүтгэж байна. Манай салбарынхан оюуны баялаг бүтээхээс гадна үйлдвэрлэл, үйлчилгээг идэвхтэй явуулдаг. Жишээ нь манай аймгийн сургууль, цэцэрлэгт 100 гаруй тогооч ажиллаж байна. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол, хүнсний хангамжийг орон нутгаасаа л авдаг. Маш олон байгууллага, иргэдтэй  хамтран ажиллаж байна гэсэн үг. Энэ олон сургууль цэцэрлэгийн хоол, үдийн цайны мөнгө, бусад зардлууд бүгд орон нутагт л орж байгаа. 

-Сүүлийн үед өв, соёлоо хөгжүүлэх, дарьганга уламжлал, ёс заншлыг хэвээр авч үлдэхийн тулд ажил сэдэж зохиож байгаа  хэдхэн хүний нэг нь та. байна.  Гэвч орон нутаг бас л дорвитой дэмжихгүй байх шиг?
- Ер нь улсын хэмжээндмаш олон жил соёлыг 3,4-р эгнээнд тавьчихсан,яам яамны харьяанд өгдөг,  хамгийн бага цалинтай, хэн ч  хайхардаггүй, хэр нь томоохон баяр наадам, уулзалтыг соёлынхон л нүүрийг тахалсаар явж ирсэн шүү дээ. Угтаа соёл, ёс заншил, уламжлал бол бидний дархлаа. Сүүлийн хоёр жил төрөөс соёлын талаар баримтлах бодлогод анхаарч, хэд хэдэн томоохон үндэсний хөтөлбөр батлагдан хэрэгжиж эхэллээ. Ялангуяа соёлын өвийг сурталчлах, хамгаалах, сэргээх чиглэлээр арга хэмжээнүүд өрнөж байна. Сүхбаатарчууд бидний хувьд Дарьганга өв соёлоороо л ялгарна, бахархана. Энэ зорилгоор бид онцлог хөтөлбөрийг орон нутгийн хэмжээнд гаргаж ажиллах шаардлагатай болоод байна. Өв соёлоо сурталчлах, таниулах өдөрлөг, арга хэмжээнүүдийг сум бүр хийдэг боллоо. Баруун-Урт сум анхдугаар зөвлөгөөнөө маш сайхан зохион байгуулсан. Улсын төсвөөр 4 суманд соёлын төв баригдаж байна. Манай нутгийн онцлогийг илтгэсэн, музей, номын сангаа багтаасан  соёлын өвийн цогцолбортой болох санал санаачилга маань дэмжигдэн түүний төлөө зүтгэн ажиллаж байгаа залуучуудаараа бахархаж байна, биелээсэй гэж байнга боддог. Өнөөгийн байдлаар манай аймаг соёлын ховор, нандин өвөөр баялаг нутаг. Ганцхан жишээ татахад хүн чулууны өлгий. Хэдэн мянган жилийн түүхтэй хүн чулуудаа бид хэрхэн хамгаалж байна вэ гэвэл хариулахад хэцүү.  Бас л орон нутгийн бодлого, дэмжлэг нэн чухал. 2019 онд Болор цом наадам, Агтанахүрээт төсөл хэрэгжүүлнэ гэж тодорхой төсвийг аймгийн ИТХ баталсан байсан. Энэ жишгээс харвал соёл, урлагт зориулан төсөв батлагдах боломжтой санагдаж байна. 2019 он гарсаар уран бүтээлчид маань үзэсгэлэнгээ дэлгэх, аймгийн Угсаатны зүйн музей 70 жилийн ойдоо зориулан цуврал арга хэмжээг зохион байгуулах, сум бүр соёлын өвийн өдөрлөгөө  явуулах гээд ажлууд өрнөж байна. Дарьганга судлал, өв соёлоо хөгжүүлэх гэсэн уран бүтээлчид, судлаачид, сэтгэл зүтгэлтэй хүмүүс байна. Нэгдсэн бодлогоор зангидаж, тэдний хийж байгаа, хийх гэж байгаа ажлуудыг дэмжээд өгвөл аймгийн маань үүх түүх арвижсан,  ард иргэдэд нутаг орон, өв соёлоороо үеийн үед бахархсан үзэл, санааг төлөвшүүлсэн үнэлж баршгүй хувь нэмэр болох байх даа. Хэдэн жилийн дараа улсын нийслэлд  Дарьганга өв соёлоо сурталчлан таниулах  өдрүүдийг зохион байгуулах гэгээн мөрөөдлийг би дотроо тээсээр явдаг.

Ярилцсан Д.Улаанаа
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ