Ерөөлтийн орд Монголын гурав дахь “толгой” болох уу
2019 оны 9 сарын 13
Ерөөлтийн орд Монголын гурав дахь “толгой” болох уу
Аль ч улсад томоохон төсөл хэрэгжихэд цаг хугацаа шаарддаг. Манай улсад бүүр урт хугацаа хэрэгтэй. Дурдвал олон жишээ бий. Үүний нэг нь наран мандах нутаг, Монголын зүүн бүсээс хөгжлийн гүүр болон түүчээлэх учиртай Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замыг барих тухай асуудал юм. Монголын төр, үе үеийн Засгийн газар энэ тухай олон жил ярьж ирсэн. Хэзээ хэрэгжих нь тодорхойгүй ч энэ чиглэлд төмөр замын ажил эхлүүлэх тухай хамгийн сүүлийн мэдээлэл 2017 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр цахим орчинд тавигджээ. Уг зам тавигдвал манай улсын эдийн засгийн зүүн коридор үүсэж, транзит тээвэр хийх боломж, мөн далайд гарах хамгийн дөт гарц монголчуудын өмнө нээгдэнэ хэмээн тухайн үеийн албаны хүмүүс ярьж байв. Тэр цагийг өнөөг хүртэл хүлээж, зүүн чиглэлд томоохон төмөр баригдахыг анирдах хүн цөөнгүй. Чойбалсангаас Бичигт хүртэлх төмөр зам тавих төслийн суурь судалгааг аль 2015 онд хийж дуусгажээ. Бүр Япон улсын “Ниппонкоэй” компани археологи, геологи, палеонтологийн судалгаа, техникийн зургийг нь 2015 онд хийсэн байдаг. 
Техник, эдийн засгийн үндэслэлийг Хятадын Зураг төслийн гуравдугаар хүрээлэн боловсруулсан” тухай ч 2015 онд Өдрийн сонин мэдээлсэн нь бий. Гэвч энэ төсөл хэрэгжээгүй. Яагаад гэдэг асуулт байнгын сэдэв байлаа. Асуултын хариуг эрэлхийлвээс өнгөрсөн наймдугаар сарын эхээр зүүн гурван аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Тунляао, Улаанхад, хот хоорондын бүс нутгийн хамтын ажиллагааны зургаан талт уулзалт Сүхбаатар аймагт болов. Хоёр жилд нэг удаа болдог уг уулзалтад оролцсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтэн Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замыг хэзээ барих тухай оролцогчийн асуултад хариулсан. Хэзээ нэг цагт ажил нь эхэлж, зүүн аймгууд зам харилцаа, эдийн засгийн шинэ түвшинд хүрнэ хэмээсэн хүлээлтийн хариу гайхмаар гонсгор, аль хэдийн шийдэгдчихсэн байсныг сонсох тиймхэн. Энэ чиглэлийн төмөр зам барихТЭЗҮ-г хэлэлцээд, эдийн засгийн үр ашиггүй тул зогсоосон тухай хэлсэн юм. 
Гэтэл “Дорнын чулуулаг” нэртэй Цагаан шонхор ХХК-ийн охин компани Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат сумын зааг нутагт Ерөөлтийн хүрэн нүүрсний ордоос дээж аваххөрс хуулалтын ажил хийгдсэн. Дээрх ордын батлагдсан нөөц 872910,67 мянган тонн. Үүнээс: Баттай А-102805,36 мянган тонн Бодитой B-120339,2 мянган тонн Боломжтой С-649766,04 мянган тонн Нийт геологийн нөөц 1,4 тэрбум тонн хэмээн компани албан ёсоор мэдэгдээд буй. Монголчуудыг олон жил дулаанаар хангаж буй Багануурын уурхайн нөөц 800 сая тонн. Харьцуулалт маш энгийн. Уг орд Улаанбаатар хотоос зүүн урагшаа 625, Баруун-Урт хотоос зүүн урагш 65, Асгат сумаас 35, Сүхбаатар сумаас 38 километрт, мөн Монгол-Хятад улсын дамжин өнгөрөх боомт болох Бичигт боомтоос 180 километр зайд оршдог. 
Ерөөлтийн орд нь зүүн монголын хэмжээнд нөөцөөрөө хамгийн томд тооцогдох төдийгүй нүүрсний чанар нь хүрэн нүүрснээс чулуун нүүрс рүү шилжиж буй илчлэг өндөртэй сайн чанарын орд ажээ. Ашиглалтын талбайд нийт 6 ам нээж, нүүрс олборлолтын хэмжээг ашиглалтын 3 дахь жилээс эхлэн жилийн 30 сая тонн-д хүргэж, уурхайгаас Бичигтийн боомт хооронд нүүрс тээврийн хүнд даацын хос зам тавьж, БНХАУ-ад экспортлохоор төлөвлөн ажиллаж буй тухайгаа компанийн танилцуулгад дурдсан байна. Авто замаа ирэх хоёр жилийн хугацаанд тавьж дууссаны дараа олборлолтоо эхэлнэ хэмээн эх  сурвалж хэлсэн.   Ордоос ашиглах хүрэн нүүрсийг урд хөрш рүү зөөвөрлөнө  гэсэн үг. Тиймээс замын асуудал нэн тэргүүнийх. Ордын талаарх мэдээлэл, Монгол Улсын эдийн засагт өгөх үр өгөөжийн талаар Цагаан шонхор компанийн захирал Ч.Энхтайван уулзалтын үеэр мэдээлэл хийхдээ, Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын талаар асуусан юм. Гэвч Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын төслийг зогсоожээ. Улсын нийгэм, эдийн засагт хамгийн үр өгөөжтэй, төслийг Засгийн газар нь хэрэгжүүлэх ёстой. 
Гэтэл ийм том орд Хөөт-Бичигтийн чиглэлийн орчимд нээгдээд, тээвэр хийх замын асуудал сөхөгдөж байна. Төслийн ТЭЗҮ-г дахин эргэн харж нягтлаач ээ хэмээн тэрээр хүссэнээр шинэ нөхцөл байдал үүссэн тул энэ асуудлыг хэлэлцэх саналыг Засгийн газарт оруулъя гэв. Багануурын уурхайгаас илүү нөөцтэй нүүрсний ордоо зөв ашиглаж чадвал улсын эдийн засагт томоохон өөрчлөлт ирэх нь дамжиггүй. Бичигт нь газар зүйн байршлаараа Хятадын зүүн эрэгтэй хамгийн ойр боомт. Тийм учраас хамгийн дөт замаар, зардал багатай тээвэрлэх боломжтой Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замыг барих асуудал сөхөгдөж буй юм. Дорнын чулуулаг нэртэй энэхүү нүүрсний уурхай Сүхбаатар аймгийн эдийн засаг, хөгжил дэвшил, цаашлаад манай улсын эдийн засагт ямар үр өгөөж өгөхийг тооцоо судалгаа, тоо баримтаар мэргэжлийн хүмүүс гаргаж тавина гэж итгэе. Асар их нөөцтэй уурхай Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт нээгдсэн нь олон жил гацсан Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжих боломжийг бий болгож магадгүй юм. Уурхайг ашиглах эрх авсан Дорнын чулуулаг компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нөхөн сэргээлт, байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа сүүлийн үед хамгийн ихээр яригдаж байгаа бэлчээр хөрсний доройтол бий болгохгүйн тулд орон нутагтай нягт хамтран ажиллах, аймгийн эдийн засагт хөрөнгө оруулалт хийх зэрэг олон асуудал том орд эзэмшиж буй компанийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг. 
Ерөөлтийн ордоос Бичигтийн боомт хүртэлх авто замыг өөрсдийн хөрөнгөөр барихаар төлөвлөжээ. ТЭЗҮ-г боловсруулах судалгааг Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №10/19 тоот ажлын даалгаврын дагуу боловсруулж гүйцэтгэж, зураг төслөө гаргажээ. 197,3 километр, тус бүр 8 метр зорчих хэсэг бүхий хос зам хийхээр төлөвлөсөн байна. Энэ зам баригдсанаар олон салаа зам гарахгүй, байгаль орчинд ээлтэй, оршин суугчдын тав тух аюулгүй байдлыг хангах, түүнчлэн Монгол улсын хэмжээнд ачаа тээврийн эргэлт сайжирч эдийн засгийн үр өгөөж ихсэхээс гадна автозамын дэлхийн хэмжээнд хэрэглэж буй шин технологийг манай улсад нутагшуулснаар авто замын салбарт шинэ хуудас нээгдэх зэрэг давуу талуудыг тусгажээ. Уг замыг компанийн хөрөнгөөр барихаар төлөвлөөд, зам барьж дууссаны дараа олборлолт тээвэрлэлтээ хийнэ хэмээн компанийн гүйцэтгэх захирал ярилаа.    Зүүн коридорын илүү том зорилго нь транзит тээвэр. Дамжуулан өнгөрүүлэх тээвэр хийхгүй юм бол энэ чиглэлд төмөр зам тавиад ашиг гарахгүй гэж албаныхан тооцсон тухай мэдээлжээ. Тэгвэл Ерөөлтийн орд нээгдсэнээр зөвхөн нүүрс тээвэрлэхэд л наад зах нь зуун жил ашиг олох боломж харагдана. Дээрээс нь нүүрсээ боловсруулж гаргавал төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэнэ. Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжих цаг болсон байж ч магадгүй. Ерөөлтийн нүүрсний орд Монгол Улсын гурав дахь “толгой” болохыг ч үгүйсгэшгүй. Шавхагдашгүй мэт “саалийн үнээ”-ний тоо нэгээр нэмэгдэж, Сүхбаатар аймаг удахгүй Өмнөговь аймгийн Оюутолгой шиг дэлхийн нийтийн чихийг дэлдийлгэсэн уурхайн бүтээн байгуулалт эхэлж, түм түжигнэж, бум бужигнах цаг ойрхон ч юм шиг. Эрх биш энэ ордыг төр анхааралдаа авч, хэрхэн ашиглах тухай бодлого боловсруулж буй байх. 

Ерөөлтийн ордыг Оюутолгой, Таван толгой шиг эдийн засгийн эргэлтэд оруулбал улстөрчдийн сонгуулийн үеэр пи ар-аа өсгөх гэж ярьдаг Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр зам бодитоор харагдах цаг эхлэхээр хаалга тогшиж байна. Олон жил яригдсан төмөр замын ажил эхлэхгүй байгаагийн гол шалтгаан нь хойд хөршийн сонирхолтой шууд холбоотой гэж учир мэдэх хүмүүс ярьдаг.   Ерөөлтийн ордыг түшиглэж авто зам, төмөр замын бүтээн байгуулалтаас гадна нүүрс боловсруулах мега үйлдвэр, түүнийг дагасан олон жижиг үйлдвэрлэлүүд бий болох боломжтой. Эл асуудал монголын төрийн мэдэлд буй учир ямар замаар хэрхэн ашиглах нь засаг барьж буй эрхмүүдээс ихээхэн шалтгаална. Сэтгүүлч миний харж байгаагаар Монголын гурав дахь “толгой” сэргэн өндийхөөр зэхэж, гагц зөв бодлогоор зангидаж, улс орондоо хамгийн ашигтай, ээлтэй нөхцөлөөр ашиглах тэр цагийг хүлээн байх шиг. Харин манай хойд хөршийн эрх ашиг, сонирхол хэвээр байвал монголын төрөөс ямар шийдвэр гарах бол... 

Д.УЛААНАА
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ