Сүүжин ээмэгт Ксения
2019 оны 9 сарын 18
Сүүжин ээмэгт Ксения
"СҮҮЖИН ЭЭМЭГТ КСЕНИЯ" буюу түүний нөхөр Хилчин-Тагнуулч Соронзын бодит амьдралаас сэдэвлэн бичсэн зохиол...

ОРШИЛ

1962 он. Москва хот.
- Жерзи та Силиг хэдэн жил хайж байгаа гэлээ?
- 17 жил.
- 17 жил өнгөрөхөд та нэг ч бүсгүйтэй гэрлэж байгаагүй гэж үү?
- Үгүй дээ, тэр минь намайг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй явсан болохоор хүнтэй сууж, гэрлэх тухай огт бодож байсангүй. Өнгөрсөн он жилүүдэд зөвхөн түүнийг л хайсаар ирсэн. Орчлонгийн булан тохой бүрийг ч нэгжихэд бэлэн. Энэ дэлхийд үгүй болсон байлаа ч эргэх хувь төөрөгтөө би түүнийг хайсаар л байна. Гэхдээ өнөөдөр энд итгэж найдаж ирсэний хувьд танай нэвтрүүлгийн багийнхан хайртай бүсгүйгийн маань сургийг гаргасан болов уу гэж итгэж хүлээж сууна. Жерзигийн дуу нь сааралтан хоолой ньчичэрхийлэв.
- 17 жил, та үнэхээр хайр сэтгэлдээ үнэнч хүн юм. Анх хэрхэн танилцсан түүхээсээ бидэнтэй хуваалцаж болох уу?
- Бололгүй яах вэ, би түүнийхээ хүчинд өнөөдөр амьд яваа. Тэртээ 1943 онд Сили маань дөнгөж хорин настай байлаа. Дайны жилүүд шүү дээ. Бид Нацист Германчуудын бөөнөөр хорих лагерь тэр үед Освенцим гэж нэрлэгддэг байсан тамын шоронд анх танилцсан юм даа.
- Үнэхээр сонирхолтой түүх юм. Тэнд хүмүүсийг тарчлаан зовоож, шатаах зууханд хийж байсан гэж дуулж байснаас хайр сэтгэлтэй хосуудын талаар сонсож байгаагүй юм байна.
- Хахир хатуу тамлал дунд ч хайр сэтгэл цэцэглэн дэлбээлж болдог юм билээ. Бидний хувьд хорих лагерийн үр тарианы хэсэгт ажилладаг байсан. Сили маань ширүүхэн салхи үлээхэд ч хийсчихмээр туранхай хэдий ч турь муутайхан гараараа шуудайтай тариа будааг өргөн нуруун дээрээ үүрч, өдөржин нааш цааш холхидог байсан, яаж тэр бүхнийг тэсэж байсан юм болдоо гэж бодохоор одоо ч сэтгэл зүрх зүүгээр шивүүлэх шиг өвддөг. Гэхдээ хүн амьдрахын тулд, амьд явахын тулд тэсч гарах хэрэгтэй л болдог. Жерзигийн нулимс хацар даган урсахад тэрбээр арчих гэж яарсангүй. Харин түүний яриаг чих тавин анирдаж суусан үзэгчид нулимсаа алгаараа дарах нь дарж, алчууртаа шингээх нь шингээж сууна.
- Уучлаарай таны сэтгэлийн шархыг хөндсөн бол, эмэгтэй хүн өдөржин шуудайтай үр тариа үүрээд нааш цааш холхино гэдэг үнэхээр хэцүү байлгүй яах вэ, тэр үеийн хүмүүсийн үзэж туулсан зовлон шаналалыг төсөөлөхөд ч бэрх.
- Освенцим буюу Аушвицын хорих лагерь бол үхлийн Фабрик. Тэгж нэрлэдэг байсан. Тэндээс амьд гарсан хүн тун цөөхөн.
- Аймшигтай яргалал, хатуу хахир дэглэм дундаас хэн нэгнийг олж хараад хайрлаж дурлана гэдэг хүний сэтгэл зүрхэнд хил хязгаар гэж үгүй, ямар уудам болохыг л харуулж байх шиг.
- Тэнд өнгөрүүлсэн он цагууд, хар дарсан зүүд шиг өдрүүдийн талаар ярих дургүй ч хайртай бүсгүйгээ эргэн дурсах нь бугларч дарагдсан сэтгэл бага ч гэсэн онгойгоод бүтэн амьсгалах шиг сайхан байна. Өмнө нь би энэ талаар тэр бүр ярьж байсангүй ээ. Сили бид хоёр хорих лагерийн арван нэгдүгээр блок буюу хорт хийгээр хоригдлуудыг хороож байсан хоолойн зүүн хэсэгт хоригдож байлаа. Би өдөржин тариа буулгана. Хоёр гарын алганы арьс хууларч, цус нь шүүрч байхад Силигийн нуруу тэрнээс ч дор улаан зулга болчихсон явсныг би сүүлд л мэдсэн. Тэр их өвдөлт, тэвчишгүй яргаллыг яаж тэсэж байсан юм болдоо гэж бодохоор сэтгэл урагддаг юм.
Тэр нэг хүйтэн бороотой зэвэргэн өдөр, үнэндээ өдөр бүр л хүйтэн зэвэргэн санагддаг байсан. Нартай налгар дулаан өдрийг би санадаггүй юм. Хүн бүхний сэтгэлийн нар шингэж байсан болохоор тэнгэрт мандах ертөнцийн нарыг харах хүсэл бүүдийж байсан болов уу. Гэсэн ч миний сэтгэлд нар мандсан юм. Халуухан илчтэй хэзээ ч жаргахгүй сэтгэлийн нар. Сэтгэлдээ нартай болсон би амьд явах, амьдрахын төлөө тэмцэж эхлэсэн. Сили үүрч яваа шуудайтайгаа даахгүй бүдрэн унахад харгалзаж зогссон шоронгийн харуул түүнийг бууныхаа бөгсөөр хайр найргүй цохиж босохыг шаардаж байв. Эмэгтэй хүнтэй эх хүнээс гараагүй, эхнэр хүүхэдгүй мал адгуус шиг харьцаж байгааг хараад би тэвчиж чадаагүй, тэвчээгүйнхээ төлөө тамлуулж тэгээд үхэж ч мэднэ гэдгээ ойлгож байсан ч би үхлээс айгаагүй, айгаагүйн шалтгаан нь Сили байсан. Хийж байсан зүйлээ хаяаад шууд л түүнрүү гүйлээ. Тийм их зориг зүрх хаанаас гарсныг ухааран бодож ч амжаагүй, хамаг хүчээрээ түүнийг өргөж, хөмсөг нь сэт татагдан, нүдрүү нь урсах цусыг ханцуйгаараа дарав. Тэр үед урд өмнө хэзээ ч харж байгаагүй, магадгүй дахиад харж чадахгүй ч байж мэдэх тийм зөөлхөн уярч хайлам, өрөвдсөн хэрнээ бахархсан, гайхалтай дотно харцаар намайг тэр минь шагнаж билээ. Би тэр нүдний төлөө үхэж ч чадах байлаа. Ямар нэгэн хүнд зүйл тархи руу минь татах шиг болоход би өвдөгөөрөө нугларан өөрийн эрхгүй татвалзан газарт унасан,тэрнээс цааш юу болсныг санадаггүй юм. Нэг сэрэхэд битүү шарх болсон даагдахгүй бие, өвдөлтөндөө дэмийрч хэвтэх миний өмнө сөхөрч суугаад цамцныхаа халаасыг цуулж шархыг минь зөөлхөн дарах доголон нулимстай нүдийг олж харсан, дөнгөж дэлбээгээ нээн амьдралын сайхныг мэдрэх насан дээрээ гал цог нь буурч, сүүмийж хонхойсон ч гэлээ тийм гэж хэлэхийн аргагүй танил дотно яг л ээжийн минь төрх шиг зөөлхөн дулаахан харцаар намайг аргадан энхрийлэв. Тэгж л би анх Силитэйгээ учирч байлаа. Хахир хатуу харгислал дунд ч хайр сэтгэл дэлбээлэн цэцэглэдэг гэдгийг тэгэхэд л ухаарсан юм даа. Оросын Радио Телевизын төв байр, танхим дүүрэн үзэгчид. Бүгд амьсгалаа түгжсэн мэт чив чимээгүй, Хэсэгхэн хормын дараа Жерзигийн эр зориг тэвчээр, тэдний хайр сэтгэлийг бахдан алмайрсан үзэгчид алга нижигнүүлэн ташив. Нэвтрүүлэгч,
- Гайхалтай...үнэхээр гайхалтай, “Жди меня” нэвтрүүлгийг үзэж буй үзэгчдээ, бид Жерзигийн хайртай бүсгүй, халуун тамаас гарыг нь атгаад хамтдаа оргож зугтатлаа тавиагүй Сили Сибулскаг олж уулзан ярилцаж чадсан юм гэхэд бүгд тайзны гол дахь өргөн дэлгэцрүү анхаарлаа хандууллаа.

Цайвар шаргал үсээ богиносгон тайрч, хүзүүндээ шар эрээн алчуур зангидан, харааны шил зүүсэн ч, сул асгарсан мэт намирах хөх цэнхэр даашинз урт нарийхан хөлийг нь улам гуалигхан болгох өндөр өсгийт, шаргал цүнх, унжсан ээмгээр гоёсон наснаасаа залуухан харагдах бүсгүй Ленинград хотын төв гудмаар алхаж явна.
-Сили та Жерзи Биелекки хэмээх Польш эрийг таних уу? гэж алхаагаа удаашруулах зуураа нэвтрүүлэгч залууг асуухад Сили алсыг ширтэн бодлогоширсоноо,
- Би өглөө бүхэн нойрноосоо сэрэхдээ амьдралаас, бурхнаас ганцхан зүйлийг л гуйдаг. Тэр бол Жерзи Биелеккиг ахиад ганцхан удаа ч болтугай надад харуулаач гэсэн хүсэл.
- Тэгвэл амьдрал хийгээд бурхад таны хүслийг сонсжээ. Манай нэвтрүүлгийн багийнхан таныг бүтэн зургаан сар хайсны эцэст сая л сургийг тань гаргаад, хүрч ирээд байгаа нь энэ. Та хайртай залуу Жерзи Биелеккигтэйгээ энэ олон жилийн дараа нүүр тулан уулзахад бэлэн үү?
- Бэлэн...мэдээж бэлэн байлгүй яах вэ,түүний нүд гэрэлтэж, итгэж ядсан байдалтай нүд дүүрэн нулимс цэлэлзүүлэн инээмсэглэлээ.
- Сили хадагтай Жерзи та хоёрыг анх Германчуудын хорих лагерт танилцсан гэж дуулсан. Та дөнгөж л хорь хүрч байсан гэсэн шүү дээ. Яаж яваад хорих лагерт хүргэгдчихсэн юм бэ?
- Ямар утгагүй асуулт вэ, дайн болж байсан шүү дээ. Дайнд хорин нас хамаатай гэж үү! Би Киев хотод төрж өссөн Украйн эмэгтэй. Октябрийн хувьсгалын дараах хүндхэн он жилүүдэд миний бага нас өнгөрсөн. Украйн улс тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хадгалахын тулд ЗХУ-ын анхны бүгд найрамдах улсуудын нэг болж,тэр үеэс сурвалжит язгууртан гаралтай эцэг эхийг минь хавчин гадуурхаж эхэлсэн юм. Би хэдийгээр төрөлх хотдоо дунд сургууль дүүргэсэн ч авга ах Юрагаа бараадан Ленинград хотод дээд сургуульд сурахаар 1941 оны зун ирж байв. Тэр үед авга ах маань Балтийн тэнгисийн үйлдвэрт боломжийн ажил эрхэлдэг байсан болохоор намайг гайгүй сургуульд оруулж өгч чадна гэж бодсон хэрэг. Гэтэл миний хүсэл мөрөөдөл талаар болж дайн эхэлсэн. Намайг Ленинград хотод ирээд удаагүй байтал нэг л өдөр хот Германчуудад бүслэгдэж, хахир хатуу он цагууд эхэлсэн юм. Тэр үед Киевдээ эцэг эхийнхээ хажууд байж байхгүй яах гэж наашаа ирэв дээ гэж мөн ч их харамссан даа, гэвч туулж давах хувь заяаг тойрч гарах учиргүй юм билээ. Олон сар хоол ундгүй шахуу байж, өлсөж цангахын туйл дунд амьдарч байв. Өлсөглөнд нэрвэгдсэн хэдэн зуун хүмүүс тэр үед Ладога нуур руу явж мөс цоолон ус гаргах гэж оролдож, муур нохойн мах аль байгаа бүхнийг иднэ. Арван хэдхэн насандаа амьд үлдэхийн төлөө тэмцэж эхэлсэн минь тэр. Тэр үеэс эхлээд амьдрал минь бүхэлдээ тэмцэл, хүлээлт,тэвчээр дунд өнөөг хүрлээ. Тухайн үед цаг агаар хүйтэрч нуур хөлдөхөд Ленинградаас Алтайн хязгаар руу задгай машинаар хүүхэд, эмэгтэйчүүдийг зөөж эхэллээ. Авга ах маань биднийг үхэхээс аварч шөнө дөлөөр гарч муур, нохойны мах авчирч өгдөг байсан ч өөрөө өлсгөлөнгөөр өөд болсон доо хөөрхий. Хүн гэдэг чинь гэдэс нь хонхолзохоороо араатанаас ч дор болчихдог юм билээ. Надтай хамт нэг хонгилд толгой хоргодож байсан сувилагч эгчийн яриа одоо ч санаанаас ер гарахгүй зүрх сэтгэлийг сэмэлсээр байдаг юм. Тэрбээр нэг удаа хоол хайж яваад хүн тавьдаг газарт хамгийн тарган цогцосыг нь өрлөөд тавьчихсан зүрх бөөрийг нь гаргаад “Битгий хашгираад бай чи...миний гэр бүлийнхэн бүгдээрээ алагдсан. Би жаахныг л авах гэсэн юм” гээд сууж байгаа хүнтэй таарсан тухайгаа надад яриад айсандаа хэдэн өдөр дэмийрч билээ. Энд тэндгүй бөмбөг дэлбэрч, хананд хүчтэй доргилт өгнө. Бидний амьдарч байсан байшин бөмбөгдөлтөнд өртсөн болохоор орцны доод талын хонгилд хэсэгтээ амь зуусан. Гэрэл гэгээ гарч болох бүх л газарт сонин нааж, агаараас цохиолт өгөх үед гэрэл үзэгдэхгүй болгон, гадаа түгшүүрийн дохио хангинахад толгойгоо ч цухуйлгадаггүй байв. Харин бүх дуу чимээ намдсаны дараа гадагшаа гарахад битүү утаан дунд шатсан байшингуудын суурь л үзэгддэг байлаа. Ленинградын бүслэлтэнд олон хоногийг өнгөрөөсний эцэст цасан шуурга нүүр нүдгүй ороолгосон тэр нэг өдөр бусдын адил бүслэлтийг сэтлэж гарахаар хэсэг нөхдийг даган Ладога нуурлуу явсан боловч Фашистуудад баригдан хорих лагер руу ачигдсан нь тэр. Тухайн үед амьдрах итгэл найдвар бага багаар унтарч, олон хоног өлөн зэлмүүн явсандаа тамир тасарч байв. Гэсэн ч улаан гол тасраагүй цагт мөлхөөд ч болтугай амьдарсаар л байдаг нь хууль. Кеивд үлдсэн эцэг эхээс минь сураг тасарч харин хожим тэднийгээ бидний араас явж байгаад бөмбөгдалтөнд өртөж амиа алдсан гэдгийг дуулж, авга ахынхаа бяцхан охин Аннатай адил өнчирч үлдсэн гэдгээ мэдсэн юм. Юра ахыг өнгөрснөөс хойш таван настай Аннаг Новгородын хүүхдийн асрамжийн газарруу илгээсэн бөгөөд дайн дуусаны дараа би хайсаар явж Аннатай уулзсан даа. Одоо Анна маань надтай хамт амьдарч байгаа. Түүнээс минь өөр төрөл садан надад үгүй ээ. Харин үхлээс өөрийг сонсож дуулдаггүй хорих лагериас зоригтойгоор намайг дагуулан зугтаж чадсан, амийг минь аварсан Жерзигээ амьд сэрүүн гэдэгт би итгэдэг.
Освенцимийн хорих лагерь бол немцүүд хэдэн сая хүнийг амьдаар нь зууханд шатааж, заримыг хордуулан хороож байсан үхэл нүүрэлсэн газар. Амь үрэгдсэн хүмүүсийн ерэн хувь нь еврейчүүд байсан. Тэр үед Жерзи маань харуул хамгаалалтын нүдийг хариулж байгаад чадах чинээгээрээ надад туслахыг хичээдэг байлаа. Ганц талхны булан олсон ч надад өгөхөөр хадгалчихсан байдаг байв. Өглөөнөөс орой хүртэл морь мал шиг зүтгэж, шөнө дөл болсон хойно модон нааран дээр хэдэн ясаа тарж бутраагүйд талархан түр амсхийнэ. Нэг өглөө ажилдаа гарах санаатай хоригдлуудын араас гэлдэрч явтал Жерзи мөрлөж явсан шуудайтайгаа газар унагасан болоод дөхөж ирэв. “Удахгүй арван нэгдүгээр блокын эмэгтэй хоригдлуудыг хорт хийн хэсэгрүү ачих гэж байгаа талаар сонслоо.”Би чамайгаа аварна аа, хэрхэн оргох талаар би төлөвлөгөө боловсруулсан, чамайг ирж авна шүү, бэлтгэлтэй байгаарай” гээд зөрсөн. Тэгж хэлсэнээс хоёр хоногийн дараа үдшийн бүрий тасарч ажил дуусахын алдад Жерзи ямар аргаар хаанаас олж өмссөн юм бүү мэд харуулын дүрэмт хувцас өмсчихсөн, барилга дээр ажиллаж байгаа Сили Сибулскаг авчир гэсэн бичигтэй ирээд намайг оргуулав. Яг л үлгэрт гардаг цагаан морьтой хан хүү гэнэт гарч ирээд аймшигт мангасын савраас гүнжийг авардаг шиг. Болсон явдалд итгэж ядсан надад нэг хором ч эргэлзэн тээнэгэлзэж зогсох шаардлага байсангүй. Үхсэн ч, сэхсэн ч Жерзигийн зоригийг бахдан харж чадсан нь надад хангалттай байсан юм.
Гэхдээ би түүнийхээ ачаар үхлийн лагериас амжилттай зугтаж чадсан. Хайр сэтгэлийн хүчээр хамаг бүхнийг даван туулсан. Аушвицын хорих лагериас түүхэндээ нийт есөн зуун хоригдол оргосноос ердөө зуун дөчин дөрөв нь л амьд үлдсэн гэдэг юм шүү дээ.
Жерзи миний гараас хөтлөөд зогсолтгүй гүйгээд л... гүйгээд л, унаж бүдэрвэл босгож тамир тасарвал өргөж, үүрсээр бид арав хоног тасралтгүй явсаар Жерзигийн нагац ахынхыг олж очсон юм. Тэндээ айдас түгшүүртэй ч, аз жаргал эрх чөлөөгөөр бялхасан нэг шөнийг өнгөрөөгөөд, дайны дараа дахин уулзахаар хоёр тийшээ салцгааж билээ. Хамтдаа байвал ямар нэгэн байдлаар баригдаж магадгүй гэж айсан хэрэг. Намайг салж явахад Жерзи хэзээ ч хүзүүнээсээ салгаж байгаагүй. Шоронгийн харуулууд ч салгаж чадаагүй улаан унжуурга бүхий сахиусаа миний хүзүүнд зүүж өгөөд “энэ сахиус намайг үргэлж үхлээс аварч ирсэн, аз жаргал сайн сайхан бүхнийг дууддаг гэдэгт итгэдэг. Чамайг минь ч гэсэн үхлээс аварч муу муухай зүйлээс хамгаалж явах болно оо гээд өгсөн бөгөөд түүний минь сахиус намайг үргэлж хамгаалж ирсэн гэдэгт би итгэдэг. Хэзээ нэг өдөр дахин түүнтэйгээ учирвал сахиусыг нь буцаан өгөхсөн гэж боддог хэмээн шар эрээн алчуурын цаанаас час улаан унжуурга бүхий сахиус гаргаж харуулангаа олон жилийн өмнөх хүндхэн дурсамжаасаа арай гэж сэтгэлээ чөлөөлөн буй бололтой уртаар санаа алдав. Үзэгчид сая л нэг дэлгэцнээс харцаа салган Жерзи энэ бүхнийг хэрхэн хүлээж авахыг сонирхон ширтлээ. Жерзи нулимсаа барьж дийлэхгүй сууна.Нэвтрүүлэгч,

-Жерзи Биелекки та, хайртай бүсгүй Сили Сибулскатайгаа уулзахад бэлэн үү? Жерзи зөвхөн толгой дохилоо.

Украйн бүсгүй Сили Сибулска тайзны арын хаалганаас хөшиг сөхөгдөх агшинд гэрэл дагуулсан шатаар уруудан бууж ирлээ. Жерзи Биелекки тэсгэлгүй босон харайж бүсгүйн өөдөөс гүйн очиж тэврэн авав. Түүнд эргэн тойрныг ухааран цэгнэх, зөвшөөрөл аван тайзруу алхах шаардлага байсангүй. Асгаран шаагих сэтгэлийн бороо үерлэн оволцож, зүрхнээс халин урсах санагалзлалын их цусан гал шатан дүрэлзэж байхад түүнийг тогтоон барих хүч хэнд байх билээ. Танхим дүүрэн үзэгчид алга нижигнүүлэн ташиж, асгаруулан цутгах баярын нулимсандаа хахаж цацан сууна.
Жерзи Биелекки Сили Сибулскагийн өмнө сөхрөн суугаад “Энэ олон жил биднийг амьд байлгасан хувь заяа, бурхан таньд талархая. Үхэл, дайн, өнчирөл, хагацал, үүрдийн хүлээлт, ганцаардал бүхнийг хангалттай тууллаа. Үлдсэн амьдралаа бүх насаа чамтайгаа өнгөрөөхийг хүснэ би. Чи минь миний эхнэр болох уу ” гэж гуйхад нь Сили тохойноос түшин босгоод, нэгэн цагт түүнд өгч байсан улаан унжуурга бүхий сахиусыг хүзүүнээсээ мултлан түүнд зүүж өгөөд,
“Чиний минь хайр, чиний минь хүсэл намайг амьд байлгаж, авран хамгаалж чадсан билээ. Тиймээс миний зүрх сэтгэл хэдийнээ чинийх болсон . Би чамтайгаа амьдарлынхаа төгсгөл хүртэл үүрд хамт байх болно оо” гэж хэлсэн юм. Энэ өдрөөс хойш есөн сарын дараа бидний зохиолын гол баатар шаргал үст, хожимоо сүүжин ээмэгт хэмээн нэрлэх болсон КСЕНИЯ маань тэдний хүсэж тэмүүлсэн гэгээн хайрын бэлэгдэл болж хорвоод мэндэлсэн билээ.


Эх сурвалж http://www.info.mn
Сүүжин ээмэгт Ксения
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ