А.Баярцэцэг: Монгол гэдэг нэрээр овоглож байгаагийн хувьд эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, зорилго байх ёстой
2019 оны 9 сарын 25
А.Баярцэцэг: Монгол гэдэг нэрээр овоглож байгаагийн хувьд эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг,  зорилго байх ёстой


"Дэлхийн мисс"-т эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан мисс А.Баярцэцэг  миссийн тэмцээний талаар үзэл бодлоо хуваалцжээ. Тэрбээр "Миссийн тэмцээнийг олон хүн зөвхөн хамгийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн гэж хардаг байж магад. Гэхдээ энэ бол соёлын асар том солилцоо, сурталчилгаа юм. Зуу, зуун орны төлөөллүүд бүтэн сарын хугацаанд улс орныхоо соёл, ёс заншил, түүх, уламжлал, урлаг, үнэт зүйлсээ дэлхийд сурталчилж, таниулж, хуваалцдаг томоохон платформ бас боломж. Дэлхийн миссийн финалыг л жишээ болгон татахад жилд 3 тэрбум хүн шууд болон шууд бус байдлаар үздэг. Энэ бол соёлын PR хийх томоохон боломж. Жил бүр энэ боломжийг ашиглах эсэх том үүрэг хариуцлагыг хүлээн хэн нэгэн явна. Нэгэнт улсаа төлөөлөөд очсон үед хэн ч өөрийнх нь нэрээр дуудахгүй Монгол л гэж дууддаг. (Тэр олон хүний нэр тус бүрийг цээжлэх хүндрэлтэй тул) Тухайн улсыг төлөөлж буй мисс эх орныхоо нүүр царай, соёлын элчийн үүргийг алхам тутамдаа хүлээнэ. Миссийн тэмцээнүүдийг үзэх бүртээ нэг зүйлийг хэлмээр санагддаг. Бүх хүч чадлаа дайчилж, тэмцээнд амжилттай орно гэдэг мэдээж хувь хүний хүсэл зорилго, харин ямар ч амжилт үзүүлсэн бай алхам тутамдаа эх орноо сурталчилъя, таниулъя, нэрийг нь өндөрт өргөе, ядаж нэг хүнийг ч гэсэн Монголд үнэхээр очиж үзэх юмсан гэтэл нь сайхан сэтгэгдэл төрүүлье, элэгтэй болгоё гэж зорих нь Монгол гэдэг нэрээр овоглож байгаагийн хувьд эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг бас зорилго байх ёстой. Энэ нь ямагт хувь хүний амжилтаас илүү чухалчлагдаж байх ёстой эрмэлзэл юм. Харин үүний тулд оролцогч болон зохион байгуулагчид аль аль нь хичээх хэрэгтэй байна. Зохион байгуулагчдын хувьд, үндэсний тэмцээнээ зохиохгүй байж байж байгаад томоохон тэмцээнүүдийн дэлхийн финал болохоос 1-2 сарын өмнө үндэсний ялагчаа гэнэт тодруулдаг (Монголчууд угаасаа ихэнх зүйлийг эцсийн моментод хийдэг), тэр нь эх орноо төлөөлөх гэж буй оролцогчдоо дарамттай, хангалттай бэлтгэлээ хангаад оролцох цаг хугацааны боломж олгодоггүй, яаж ийгээд яаран сандран явдаг (Маш олон орон дор хаяж 6 сарын өмнө үндэсний ялагчаа тодруулдаг, тодруулчихаад бэлддэг), тэмцээний дараа бүх бэлтгэлийг нь хувь хүнд өөрт нь үлдээчихдэг. Багийн тоглолт байхгүй, сайжруулж болох зүйлс дээр нь санаа тавьж хамтран ажилладаггүй гээд анхаармаар зүйлс их. Оролцогчдын хувьд, царай зүс, бие хаа, алхаа гишгээ гээд бүх зүйл дээрээ төгс сайхан байгаа хэрнээ гадаад хэлний мэдлэгээ сайжруулах тал дээр анхаардаггүй. Үнэхээр хичээгээд, зүтгэвэл хэн ч 1-2 жилийн дотор маш сайн англи хэлтэй болж чадна (Заавал гадаадад сураад байх шаардлага байхгүй). Мэдээж хүний хүсэл эрмэлзэл, мөрөөдлөөр зориг гарган оролцож байгаа ч амжилт үзүүлээд цаашаа дэлхийд Монгол гэдэг нэрээр овоглож явах гэдэг том үүрэг хариуцлага байгаагийн хувьд, хэдхэн асуултын хариулт л цээжлээд, түүгээр өөрийгөө илэрхийлэх нь байтугай бүтэн сар эх орноо сурталчилна гэдэг маш хүнд болохыг мэдэж байгаагийн хувьд, дараа дараагийн жилүүдэд оролцох охид маань өнөөдрөөс бүгд хэлээ сайжруулаасай гэж бодсоны хувьд сэтгэгдлээ бичлээ" хэмээжээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ