Ж.Батзандан VS Д.Мөнх-Эрдэнэ
2019 оны 9 сарын 27
Ж.Батзандан VS Д.Мөнх-Эрдэнэ

Хэн нь үнэн, хэн нь худал ярив

Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ах дүүсээ төрд шургуулсан хэмээн ярьсан.

Тэрбээр “Миний тухай найруулгатай жүжгийг бол нэг нөхөр тавьсан байдаг юм. Энэ манай УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Ж.Батзандан бид хоёр бол найзууд. Хүнийг ханилж яваад, хүлгийг унан байж мэд гэж үнэн юм билээ. Бид хоёр арваад жил хүрээгүй, нөхөрлөж байгаа. Арваад жил нөхөрлөхдөө би харин нөхрийнхөө занг сайн мэдэж авлаа. Өвөр Монголд зөндөө очсон. Экспогийн арга хэмжээ, албаны айлчлал, хувийн шугамаар, гэр бүлээрээ гээд. Надад анх очоод тэгдэг байсан байхгүй юу. За Д.Мөнх-Эрдэнэ ээ миний найз аа, найзыг нь улс төрд дэмжчихээр хятад хүн байна уу, Өвөрмонгол хүн байна уу гээд. Би тэдний чинь бизнесийг Монголд дэмжиж өгье гэсэн.

Тэгээд би Очир гээд, монголчууд мэднэ дээ, бүх очсон монголчууд эдний “Монгудай” гээд ресторанд үйлчлүүлдэг юм. Би Очир ахтай танилцууллаа. Очирын найз Хо Зунтай танилцууллаа. Ингээд Батзандангаа баахан танилцуулаад явлаа. За тэгсэн, манай шударга найз маань Ж.Баатарчулуун гэдэг ахыгаа Хөх хотын Ерөнхий консулаар томилуулсан.  Ж.Батзандан шударгын дүрд тоглодог хүн чинь. Ер нь хамгийн шударга бус хүн шударгын дүрд тоглодог юм байна” хэмээн ярьсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ талаар “2013-2014 онд эрүүгийн хоёр хэрэгтэй нөхөр намайг УИХ-ын гишүүн байхад авраач гээд уйлаад ирсэн. Монголын төмөр замд хулхи бараа зарсан, найзыгаа зодсон нэрээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн байлаа. УИХ-ын гишүүн “бетон” Ганбат намайг явуулах гээд байна, аварч өгөөч гэж хэлж байсан. Тун удахгүй энэ хоёр хүнийг Ц.Элбэгдорж консулаар томилсон. Галбадрахыг Санфранцискогийн, Мөнх-Эрдэнийг Хөх хотын консулаар томилсон. АН-ынхан тун гайхаж, шүүмжлэлтэй хандаж байсан. Д.Мөнх-Эрдэнэтэй танилцсан түүх энэ. Дипломат албанд мэдлэггүй хүмүүсийг томилж, хар тамхины наймааг хийлгэх гэж явуулсан. Д.Мөнх-Эрдэнэ ямар ч боловсролгүй, архи уухаараа хүн зодно, эрүүлдээ хүн гүтгэнэ.

Хятадын компаниас хөрөнгө оруулалт татаарай, надыг дэмжээрэй гэсэн хэлсэн гэсэн. Би гаднын хөрөнгө оруулагчийг Монголдоо татаарай гэж би дипломатуудаас гуйдаг.  Д.Мөнх-Эрдэнэ шиг, Галбадрах шиг нөхөр төрд хэрэггүй, хөөж явуулсан нь зөв. Д.Мөнх-Эрдэнэ манай зөвлөх Амарсайхан руу ярьж, өөрт нь 20 сая, надад 100 сая төгрөг хятад хүнээр өгүүлнэ гэж яриулсан. Би энэ гэмт хэргийг шалгуулахаар АТГ-т шилжүүлж байна.  Монсан"-ын захирал хийж байсан Ж.Батсүрэн ах маань нас бараад олон жил болж байна. Нас барсан хүнээр битгий оролд. Ж.Баатарчулуун гэж хүн бол Эрээнд дэд консулаар ажиллаж байсан. Монголын жуулчин компанийг ажиллуулж, анхны жуулчдыг хүлээж авч байсан. Миний төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ насаараа зам тээврийн салбарт ажилласан хүн. Миний ах дүү нар 10 жилээ онц төгссөн, надыг нусгай бацаан байхад төрд зүтгэж байсан” гэх тайлбарыг өгчээ.

Ямартай ч Д.Мөнх-Эрдэнэ телевизийн нэвтрүүлэгт оролцсоноор дипломат албатай холбоотой энэ асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа билээ. Тэгвэл түүний ярьсны хэдэн хувь нь үнэн, хэдэн хувь нь худал гэдгийг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч, тогтоох нь зүйтэй болов уу.

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ