МЭНДЧИЛГЭЭ
2019 оны 10 сарын 18
МЭНДЧИЛГЭЭ
Монгол орны геологийн тогтцыг судлах, эрдэс баялгийг эрэх, хайх үйлсэд ажил, амьдралаа зориулж, олон тооны ашигт малтмалын орд газрыг нээн илрүүлж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хувь нэмрээ оруулж, чин сэтгэлээр хөдөлмөрлөж ирсэн үе үеийн геологичид, хайгуулчид, инженер техникийн ажилчид, нийт салбарын хамт олондоо Монгол Улсад Үндэсний геологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн баярын мэндийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Аль ч улс орон улсынхаа эдийн засагт ихээхэн хувь нэмэр, дэмжлэг болдог, нөхөн сэргээгддэггүй баялаг болох ашигт малтмалыг төрийн бодлогоор, үе шаттайгаар судалж, эрдэс баялгийнхаа нөөцийг бэлтгэж, олборлож ирсэн байдаг. Монгол Улсын хувьд тус чиг үүргийг гүйцэтгэдэг геологийн судалгааны байгууллага болох Геологийн алба нь 1939 онд байгуулагдсанаас хойш эдүгээ хөгжлийн 80 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд геологийн судалгаа болон ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлуудын үр дүнд 85 гаруй төрлийн 2500 орчим орд, 10000 орчим илрэл, олон мянган геохими, геофизикийн гажил, эрдэсжсэн цэг тогтоогдож, эдгээр ордоос Эрдэнэтийн Овоогийн зэс-молибден, Бор-Өндөр, Бэрх, Зүүн цагаан дэлийн хайлуур жонш, Бороо, Толгойт, Заамарын алт, Төмөртэйн овоо, Цавын холимог металл, Налайх, Шарынгол, Шивээ-Овоо, Оюутолгой, Тавантолгой, Төгрөг нуур, Багануурын нүүрс, Хөтөл, Дарханы шохойн чулуу зэрэг олон ордыг түшиглэн олборлох, боловсруулах үйлдвэрүүд байгуулагдан улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болтлоо хөгжжээ. Монгол орны нийт нутаг дэвсгэрийг геологийн судалгаанд хамрагдсан байдлыг авч үзвэл улсын геологийн 1:200 000 масштабтай иж бүрдэл зураг зохиох ажил 100 хувь, 1:50 000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил 40.27 хувь, 1:200 000 масштабтай агаарын геофизикийн ажлыг 74 хувьд хүргэж, газар нутгаа бүрхээд байна. Геологийн судалгааны ажилд зарцуулах улсын төсөв 2009 онд хоёр тэрбум төгрөг байсан бол 2016 онд 9.3, 2017 онд 13.3, 2018 онд 13.3, 2019 онд 24.6 тэрбум төгрөгт хүргэсэн ба цаашид геологийн судалгаа, эрлийн ажилд оруулах улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах, эрс нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа болно. Газар нутгийнхаа геологийн тогтцыг сайтар танин мэдэж, энэхүү арвин их баялгаа үндэсний баялаг, хөгжлийн тулгуур болгож чадах, эсэхээс Монгол Улсын хөгжил ихээхэн шалтгаалах юм. Дэлхийн улс орнууд хөгжихийн хэрээр эдийн засаг, нийгмийн хөгжилд нэн чухал түүхий эд болох эрдэс, металлын эрэлт хэрэгцээ тогтвортой өсөж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, цаашид ч өсөх хандлагатай байгаа тул төрөөс геологийн судалгааг идэвхтэй явуулж, ашигт малтмалын нөөцийг бэлтгэхэд анхаарал хандуулж, энэ чиглэлээр дунд, урт хугацаанд баримтлах бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж ажиллах болно. Монголын үндэсний геологийн салбарын хөгжлийн 80 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист алхны дуугаа хадааж, улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, аж үйлдвэрийн салбарын суурь хөгжлийг тодорхойлон бичилцэж яваа эрхэм геологичид, хайгуулчид, эрдэмтэн судлаачид та бүхэндээ ойн баярыг тохиолдуулан амжилт бүтээлийн дээд, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ