Ханьсан нийлвээс зохистой нөхрийн шинж
2019 оны 10 сарын 22
Ханьсан нийлвээс зохистой нөхрийн шинж
Манай ард түмний сурган хүмүүжүүлэх ухаан өөрийн уламжлалт Бурханы шашны үзэл, тогтсон тааллуудтай аалзны тор адил нарийн сүлбэлдэн оршин байдаг. Энэ ч утгаараа алдарт гүн ухаантан Их бандида Нагаржунай бээр “Хаанд илгээсэн захидал” хэмээх бүтээлдээ

Ханьсан нөхөрлөвөөс зохистой нөхрийн шинжийг

Дотроо болсон гаднаа түүхий
Дотроо түүхий гаднаа болсон
Дотор гадна хоёулаа түүхий
Дотор гадна хоёулаа болсон анар жимс шиг
Дөрвөн зүйлийн хүн буйг онож зохиогтүн гэж айлджээ.

Энэ айлдварын утга нь санаа сайн ч харьцаа муу; санаа муу ч харьцаа сайн; санаа, харьцаа хоёулаа муу; санаа харьцаа хоёулаа сайн гэж хүмүүнийг ерөнхий дөрвөн зүйл ангид хуваагаад санаа харьцаа хоёулаа сайн хүнтэй шамдаж нөхөрлө гэж сургажээ.

Ер нь хүмүүний уугуул болон таримал зан чанарыг хэн нэгэн хөндлөнгөөс шууд засан залруулах бололцоогүй тул түүнд нь тохируулж харьцахыг Говийн ноён хутагт Данзанравжаа Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу хэмээх сургаалдаа:

Хүсэлтэй хүнийг чанга хоригловоос үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутна
Ууртай хүнийг ширүүн хэлбээс, аюул болох тул улмаар ухуул
Омогтой хүнийг дарлаваас хорсох тул нэр цолоор баясга
Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс, хэрэг гарах тул битгий хэрэгс
Атаач хүнд нүүр эс өгвөөс гомдох тул сайхан загна
Харамч хүн ширхэг утсыг ч болов харамлах тул арилжаа бүү хий

хэмээсэн нь уур омогтой, атаач, харамч, дээрэнгүй төрөлх зан авиртай хүмүүстэй зай барьж харьцах буюу өөрийнх нь дуртай зүйлээр баясгаж аль болохоор эе эвийг хичээхийг сургажээ.

Ер нь ямар ч хүмүүстэй нэгэн үе анд бололцон тэвэрэлдэж, агшин зуурт атаат дайсан болон тэмцэлдэхгүй уулзвал эелдэг сайхан байдлаар хүндлэл үзүүлээд, далд зуур хүмүүст сайн муу ярихгүй байх нь хамгийн сайн харилцааны хэлбэр юм.

С.Даваабаяр
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ