С.Сувд: Үнэтэй эм тариа шүтэх хэрэггүй, түүнгүйгээр эрүүл амьдрах маш их боломж бий
2019 оны 11 сарын 22
С.Сувд: Үнэтэй эм тариа шүтэх хэрэггүй, түүнгүйгээр эрүүл амьдрах маш их боломж бий
Олон нийтийн сүлжээнд ээжүүдийн группүүд хамгийн идэвхтэй байдаг гэхэд хилсдэхгүй. Ээжүүд хүүхдийнхээ талаар санал бодлоо солилцож, бие биедээ туршлагаасаа хуваалцдаг. Гэхдээ энэ бүхэнд мэргэжлийн хүний оролцоо дутагдалтай байдгийг дурдахгүй өнгөрч боломгүй. Тэгвэл эмч мэргэжлээр сурч төгссөн нэгэн бүсгүй хүүхдийн арчилгааны талаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг нь анхаарал татсан юм. Тиймээс “И хэ” эмнэлгийн эмч С.Сувдтай хүүхдийн арчилгаа болон түүний өөрийнх нь хийж буй хүүхдийн чийрэгжүүлэлтийн бүтээгдэхүүний талаар ярилцсан юм.

-Өөрийг тань олон нийтийн сүлжээгээр ээжүүд сайн мэднэ. Харин манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Сайнжаргалын Сувд гэдэг. 2015 онд АШУҮИС-ийг уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгссөн. Уламжлалтын эмч хүн. 2017-2018 онд крепитийн зөрүү нөхөх сургалтад хамрагдсан. Сургуулиа төгсөөд орон нутагт сумын эмнэлэгт дөрвөн жил ажилласан. Одоо бол Улаанбаатар хотод суурьшиж, мэргэжлээрээ ажиллаж байна. 

-Залуус орон нутагт ажиллах дургүй болсон үед суманд ажилласан гэхээр сонин байна л даа?

-Их сургуульд сурж байх үед манай уламжлалтын багш нар хүний ёс зүй, харилцаа хандлага зэргийг өөрсдөө үлгэрлэж, бидний ой тойнд нь шингэтэл заадаг байсан. Тухайн үед маш их хүндэлдэг багш маань  “Та нар төгсөөд ядаж нэг жил суманд юм уу өрхийн эмнэлэгт ажиллах хэрэгтэй. Суманд ажиллабал бүр сайн. Үнэхээр та нар анагаахаар сураад эмч гэдэг мэргэжлээр насаараа ажиллаж, энэ тогоонд чанагдаж амьдаръя гэж хүсч байгаа бол нэгдүгээр шатнаас нь эхэлж ажиллаад дадлага, туршлага судал” гэж хэлдэг байсан. Сонирхолтой кейсүүд ч их ярьж өгдөг байсан. Тэгээд л төгсөөд аймагтаа очоод, суманд ажиллана даа гэж бодож, төлөвлөдөг байсан. Угаасаа төгсөөд аймагтаа очиход аймгийн төвд ажлын байр байхгүй, суманд л байсан. Тэгээд л сумын эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Суманд эхний гурван жилд хүүхдийн эмч, сүүлийн нэг жил орчим хугацаанд эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад ирсэн. 

-Хүүхдийн асаргааны талаар ээжүүдэд онлайнаар зөвлөгөө өгөх санаагаа хэрхэн бодож олсон бэ?

-Би 2017 оны намар нялх хүүхэдтэйгээ Улаанбаатарт ирж сурсан юм. Сумын эмч өдөр, шөнөгүй дуудлаганд явна, өвчтөнүүдээ үзнэ гээд маш завгүй ажилладаг. Гэтэл хотод ирээд сурж байх үед жижүүргүй үедээ хичээл тараад гэртээ ирээд л хүүхдээ хараад суудаг, овоо завтай байдаг болчихсон. Завтай үедээ интернэт их хэснэ. “Фэйсбүүк”-т өөртэйгээ ойролцоо хугацаанд төрсөн ээжүүдийн группт байдаг байсан. Гэтэл тэр олон ээж хоорондоо маш олон зөвлөгөө өгдөг. Тэр нь буруу байх нь их байсан. Нярай хүүхэд хөхөө хөхсөн ч ам нь цангадаг, буцалсан ус өгөх хэрэгтэй, хүүхдийн шарлалтад өтгөн байхуу цай хандлаад түрхэж өг гэх мэт үнэхээр байж боломгүй зөвлөгөөнүүд их байсан. Эхэндээ пост бүхний доор болохгүй тийм ийм гээд л тайлбарладаг байсан. 

Ингээд 2017 оны 11 сард “БомБорДук” гээд групп болон пэйж нээгээд хүмүүст хүүхдээ хэрхэн өсгөх, хүүхдийн асаргааны талаар шинжлэх ухаанч мэдээлэл бэлтгэн хүргэж эхэлсэн. 

Хүүхдийн эмчээр ажиллаж байхдаа хүүхдийн асаргааны багагүй туршлага хуримтлуулсан маань л хэргээ гаргасэн гэх үү дээ. Тухайлбал, Хүүхэд нь дунд чихний үрэвсэлтэй, булаг гоожчихсон үед “Хөвөн имрээд хүүхдийнхээ чихийг цэвэрлэсний дараа эмээ дусаагаарай” гээд зөвлөгөө өгөхөөр “Би яаж цэвэрлэхээ мэдэхгүй байна. Би чадахгүй шүү дээ” гэх ээжүүд бий. Гэтэл манай багш нар ээжүүдэд өөрөө хийж үзүүл, ээж чадаж байна уу шалга гэж заадаг. Үнэлээд чадахгүй байвал дахин зааж өг гэдэг. Ингээд л дөнгөж их сургуулиа төгсөж очоод л багш нарынхаа заасныг өөрийн болгосноо сумынхаа ээжүүддээ заадаг байсан. 
Яг практик дээр ингэж дадсан болоод ч тэр үү сүүлд хүүхдийн асаргааны талаар онлайнаар зөвлөгөө өгөхөд ээжүүдэд их ойлгомжтой, амар байсан. 

-Тийм шүү. Гэхдээ манайхан ямар нэгэн асуудал гарахад хамгийн түрүүнд сошиал хуудаст бичиж тусламж асуудаг?

-Энэ тал дээр би шүүмжлэлтэй ханддаг. “Хүүхэд халуураад ханиагаад байна яах вэ” гээд “Фэйсбүүк”-т бичдэг. Энэ тохиолдолд бол хүүхдээ нэн даруй эмчид аваачиж үзүүлэх ёстой байтал тэр хүн “Фэйсбүүк”-т бичээд асуугаад байдаг. Тэгэнгүүт хүмүүс олон зөвлөгөө өгнө. Гэтэл эмч байсан ч өвчтэй хүүхдийг үзээгүй байж зөвлөгөө өгнө гэдэг боломжгүй. Хүүхэд ямар ч шалтгаанаар халуурч болно. Хүүхдийнхээ халууныг буулгаад эмнэлэгт, эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Түүгээр ч зогсохгүй ээжүүд “Өрхийн эмчдээ үзүүлсэн чинь ийм эм бичиж өглөө. Энийг уулгах уу, яах уу” гэж сошиалд асуудаг. Яг ийм зүйлсийг харж байгаад л энэ ээжүүдэд мэргэжлийн эмчийн, шинжлэх ухаанч зөвлөгөө өгдөг хуудас байвал илүү дээр юм байна гэж бодсон. Мэдээж эмнэлгийн мэргэжилтнүүд хэчнээн ажиллаж байгаа ч гэсэн давхар хүмүүсийн хэрэглээд байгаа сошиал медиагаар нь хүмүүст эрүүл мэндийн боловсрол олгох ажил хийх хэрэгтэй юм байна гэж бодсон.

Тэгээд л хүүхэд маань жаахан байсан учраас нярайн асаргаанаас эхлээд зөвлөгөө оруулж эхэлсэн. Нярай үе гэж энэ үеийг хэлнэ, дутуу нярай илүү асаргаа шаардана гэх зэргээр зөвлөгөө мэдээлэл групп болон пэйждээ оруулдаг болсон. Мөн дээр нь хүүхдийн хамрыг хэрхэн цэвэрлэх, усанд оруулах талаар болон хүүхэд ингэж гулгивал тэгнэ, ингэнэ гэх мэтээр зөвлөгөө оруулж эхэлсэн юм. 

Мэдээж хүүхэд томрохоор асаргаа өөрчлөгдөнө. Ялангуяа хөдөлгөөнд орчихоор унаж бэртэж гэмтэх асуудал гардаг. Нэг удаа манай хүүхдийн толгой доргисон юм. Би өөрөө уламжлалын эмч учраас барьж үзээд толгой нь доргичихсон байхаар нь өөрөө барьсан. Гэтэл олон ээж толгой нь доргисон хүүхдээ мэргэжлийн биш, бариач гэсэн хүмүүс рүү тэвэрч очоод л бариулж байгаа ажиглагдсан. Тэгээд л ээжүүддээ зориулаад хүүхдийн толгой доргих гэж ийм зүйл байдаг, ингэж оношилдог учиртай юм, мэргэжлийн эмчид хандаж байгаарай гээд л зөвлөгөө бичсэн нь олон хүнд хүрсэн. 

Хүчил төрөгчийн дутмагшил буюу хүмүүс тархины даралт гэж ярьдаг эмгэг бий. Энэ нь нэлээд зовиуртай бас элбэг байдаг эмгэг учраас хоёр хэсэг гээд зөвлөгөө оруулсан. Ингэж л олон нийтийн сүлжээ ашиглаж, бусдад шинжлэх ухаанч мэдээлэл өгөх ажил маань эхэлсэн байдаг юм. 

Иймэрхүү зөвлөгөө онлайнд оруулаад эхэлсэн чинь ээжүүд шэйрлээд, сэтгэгдлээ бичиж урам өгч, хүмүүст хүрч эхэлсэн. Энэ үед нярай хүүхэдтэй ээжүүдэд хүүхдээ хэрхэн асрах талаар дөрвөн удаа онлайн сургалт зохион байгуулсан. Би өөрөө хүүхдийн эмч биш ч гэлээ ерөнхий мэргэжлийн эмчийн хувьд өөрийн мэдлэгээ хэрэгтэй хүмүүст нь хүргэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг өөрийн чадах хэмжээгээрээ хийх ёстой л гэж боддог. 

-Хүүхдийн чийрэгжүүлэлт бүтээгдэхүүн хийдэг юм билээ. Энэхүү бүтээгдэхүүнийг яагаад хийх болов?

-Хүүхдийн чийрэгжүүлэлт,  эмчилгээ хийхийн зэрэгцээ энэ төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Бүтээгдэхүүнийхээ санааг өөрийн амьдралын туршлагаас л олсон гэх үү дээ. Учир нь манай том хүүхэд диатезтай. Хөхүүл үед жаахан чихэрлэг юм идчихээр л хүүхдийн маань хацраар иргэдийн хэлдгээр чихрийн харшил гарчихдаг байлаа энэ хамгийн наад зах нь. Биеийн арьс нь энд тэндээ гэнэт хуурайшиж, загтана гэх мэт зовиур ихтэй. Арьсыг нь чийглэг байлгаж, дэглэм сайн сахих хэрэгтэй. Гэтэл би заримдаа харшлах хоол хүнс хэрэглэчихнэ. Өөрийнхөө ямар ч хэрэггүй зуршлаас болоод хүүхдээ хорлочихож байгаа юм л даа. Харамсмаар муухай. 

Хүүхдээ эмчлэхийн тулд ихэнхдээ даавар агуулсан тоснууд хэрэглэдэг байсан. Тухайн үедээ хэсэг зүгээр болох ч гэлээ дахчихдаг. Дээр нь дааврын бэлдмэл өөрөө сөрөг үр дагавар ихтэй байдаг. Дотроо “Би өөрөө эмч хүн байж ингэж болохгүй шүү дээ. Өөр арга байхгүй гэж үү?” гэж боддог ч дорвитой шийдэл олоогүй байсан. Аливаа зүйлийг болохгүйг нь мэдсээр байж хийгээд хэрэглээд байхаар хүнд нэг гэм хийчихсэн юм шиг мэдрэмж төрдөг дөө. Нэг хэсэг л тийм байдалтай байсан. Тэгээд онлайнаар судалгаа хийж байгаад овъёос болон хүүхдийн ванны давс, арьс арчилгааны талаар нэлээд мэдээлэлтэй болсон. 

Яг тэр үед “Фэйсбүүк” дээр ванны давс болон хүүхдэд зориулсан органик бүтээгдэхүүн хийх сургалт зохион байгуулагдах зар байсан. Тэр сургалтад суугаад органик бүтээгдэхүүн хийж сурсан. Манай сум давстай газарт байдаг учраас үүнийгээ тогтмол ашигладаг. Багшаар заалгаснаа баяжуулаад овъёос, чацарганы тостой гэсэн хоёр төрлөөр хийж хүүхдүүддээ хэрэглэдэг байсан. Энэхүү ванны давсаа хүүхдэдээ хэрэглэхэд маш үр дүнтэй байсан учраас ээжүүдэд группээрээ дамжуулаад мэдээлэл өгсөн. Олон хүсэлт тавьснаар давсаа гурван төрлөөр савлаад, борлуулж эхэлж байгаа.

-Танай пэйжээс харахад бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнэ нь нэлээд хямд санагдсан. Эсрэгээрээ манайд үндэсний үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарын өртөг өндөр байдаг болохоор харьцуулж хараад гайхсан. Үнэ тарифаа хэрхэн тооцов?

-Үнийн хувьд яг хэрэгтэй хүмүүст нь хүргэхийн тулд маш их бодож байж гаргасан. Учир нь хүүхдийнхээ эрүүл мэндэд ээжүүд илүүтэй санаа тавьдаг. Өвдсөн ч ээжүүд л голдуу хүүхдээ тэврээд эмнэлэгт дугаарлаж харагддаг. Гэтэд тэр ээжүүд дунд яг ажил хийдэг, орлоготой ээж цөөн байдаг. Нөхрийн буюу ганцхан хүний цалингаар гэр бүлийн бүх санхүү зохицуулагдана гэдэг манай нөхцөлд чанга. Гэтэл удаан хугацаагаар гэртээ сууж байгаа ээжүүд зөндөө байгаа шүү дээ. 

Би ч гэсэн хэдэн сар гэртээ сууж үзсэн болохоор за нийтлэг нийгэм нэг иймэрхүү байгаа шүү гэсэн багцаа таамаглал байсан. Тэр хүмүүс хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, хүүхдээ чийрэгжүүлээд, гоё юмнууд авч хэрэглэмээр байдаг. Гэтэл санхүүгийн боломж нь байхгүй тохиолдол бий. Хүүхдээ чийрэгжүүлэхийг хүссэн бүх хүн бүгдэээрээ л авч хэрэглээсэй, олон ээжид хүртээмжтэй байж, олон хүүхэд эрүүл байгаасай л гэж бодсон. Давс гэлтгүй эмнэлгийн үйлчилгээндээ ч ийм бодлого барихаар хичээж байгаа.

-Танай бүтээгдэхүүний давуу тал юу гэж харж байна?

-Увс аймгийн Давст суманд Шүдэн уул гэж давсан уул бий. Тэндээс давсаа авч хэрэглэдэг. Шүдэн уул өөрөө өнө эртний түүхтэй, дэлхийд ховорхон байгалийн тогтоц. Давс өөрөө 100 гаруй төрлийн эрдэс бодис агуулдаг, хоргүйжүүлэх өндөр нөлөөтэй, мөн хүний биеийг эрдэсжүүлж, тайвшруулж, амраадаг. Чацарганы тос нэмээд өгчихөөр маш их амин дэмтэй болж байгаа юм. Мөн чацарганы тос олон төрлийн амин дэмээр баялаг, ургадаг алт, хаан жимс гэж нэрлэгддэг чацаргана жимснээс гарган авдаг тос шүү дээ. Энэ амин дэмүүдийг хүүхэд бие махбод, арьсаараа авна гэсэн үг. Ямар нэгэн гоё, хурц үнэр үнэр, өнгө оруулах нэмэлт бодис хэрэглэдэггүйгээрээ давуу талтай. 

Гадуур байгаа ванны давснуудыг ажиглаад үзэхээр гоё өнгөтэй байдаг. Зарим нь бол органик бүтээгдэхүүн хэрэглэдэг байж магадгүй. Гэхдээ миний ажигласнаар дийлэнх нь хүнсний будагч бодис хийгээд өнгө оруулчихдаг. Эфирийн тос, эссенциал ойл хийж үнэр оруулдаг. Энэ тос нь яг эмчилгээнийх байж л үр дүнтэй. Гэтэл яг эмчилгээний түвшний тос  хэрэглэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Мөн будагч бодис ихтэй давсыг харшилтай хүүхэд хэрэглэж болохгүй. Би хамгийн түрүүнд өөрөө хүүхдэдээ хэрэглэж үр дүнг нь харсан. Энэ бүхэн л манай бүтээгдэхүүний давуу тал юм даа. 

-Ер нь хүүхдийн чиглэлээр дагнаж ажиллахаар шийдчихсэн үү. Одоо ямар ажил эрхэлж байгаа вэ?

-Мэргэжлийн уламжлалт анагаах ухааны эмчийн хувьд хүүхдийн чийрэгжүүлэлт, үзлэг, эмчилгээ хийхээр ажиллаж байна. Уламжлалт анагаах ухааны онцлог нь хүнийг том хүн хүүхэд, аль эсвэл эрхтэн тогтолцоогоор нь салгаж үзнэ гэсэн ойлголт байдаггүй цогц анагаах ухаан юм. Хүүхдэд шаардлагатай уламжлалтын эмчийн үзлэг, оношлогоонуудыг хийнэ. Шаардлагатай эмчилгээ, чийрэгжүүлэлтүүдийг хийнэ. Ер нь уламжлалт анагаах  ухаанд эмгүйгээр эрүүл амьдрах маш их боломж бий гэдгийг хэлмээр байна. 

-Хүүхдийн бариа засал гэсэн үг үү?

-Зөвхөн бариа засал биш л дээ. Манай иргэд төдийгүй анагаахын салбарынхан дунд ч уламжлалт гэхээр бариа засал гэж ойлгодог тохиолдол их бий. Гэтэл уламжлалт анагаах ухааны эмч ерөнхий үзлэг хийнэ, судас барина, таван цэцгээр оношилно, эм тангийн эмчилгээ болон зүү тавьна, нялхасыг чийрэгжүүлэх, настнуудыг шим авахуулах буюу жүдлэн хийх гэх мэт маш олон зүйл бий. Бариа засал л гэхэд зөвхөн иллэг, массаж биш шүү дээ. Хэн дуртай нь хийж болох энгийн, заавал мэргэжлийн хүн хийх ёстой ч байна. 

Жишээлбэл, дархлаа сайжруулах цэгэн бариа гэж байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас “Үүнийг хүүхдэдээ хийгээрэй” гээд албан ёсны сошиал хуудсаараа цацаж байна. Заасан цэгүүдэд даралттай бариа хийж, биологийн идэвхтэй цэгүүдийг сэргээснээр хүний дархлааны бодисууд идэвхтэй ялгарч, дархлаа сайжирдаг. Бид анаферон, веферон, интерфероныг гаднаас авч хэрэглээд дархлаа дэмждэг.

 Гэтэл энэ цэгүүд хүний биед байгаа интерфероны ялгаруулалтыг дэмждэг. Өөрөө өөрөөсөө дархлаагаа дэмжинэ гэсэн үг. Гол нь шууд цэгэн бариа хийхээр арьс үрэвсдэг. Тухайлбал, эмзэг арьстай хүүхдийн арьс гэмтэх эрсдэлтэй. Тиймээс заавал тостой хийх хэрэгтэй. Цэвэр шар тосоор хүүхдэдээ өглөө, оройд энэхүү дархлаа дэмжих цэгэн иллэг хийгээд өгчихөд заавал үнэтэй эм тариа хэрэглэх шаардлагагүй хүүхдийнхээ дархлааг дэмжчихэж байгаа хэрэг юм.

Мөн хүүхдийн бүтэн биеийн болон сүүн бариа байна. Энэ нь хүүхдийн бүх биеийн цусны эргэлтийг сайжруулдаг. Ингэснээр бодисын солилцоо эрчимжиж, биеэс хорт бодисууд гадагшилна. Биеийн дархлааны эд эсүүд сэргэнэ, цочирсноор дархлаа дэмждэг бодисуудын ялгаралт нэмэгдэнэ. Улмаар ххүхдийн булчин суларснаар сайн унтаж амрах зэрэг ач холбогдолтой. 

Уламжлалт анагаах ухаанд рашаан эмчилгээ гэж байдаг. Хотод байгаа хүмүүс хүүхдүүдээ аваад рашаан сувилалд яваад байх боломж тэр бүр хомс.  Гэтэд уламжлалт анагаах анагаах ухааны оточ маарамбуудын эртнээс уламжилсан жороор шилмүүст рашаан гэх мэт рашаан эмчилгээний бэлдэцүүд хийгдсэн байдаг. Манай эмнэлэгт ирээд энэ рашаанд хүүхдээ оруулахын зэрэгцээ бүтэн биеийн бариа хийлгээд байвал бяцхан үрсээ өвлийн турш чийрэгжүүлж, дархлааг нь дэмжсэнээр тэднийгээ эмгүйгээр эрүүл өсгөх боломжтой. Өөрөөр хэлбэл, заавал үнэтэй эм тариа шүтэх шаардлагагүй. 

-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. 

-Баярлалаа.

Уншигч та бүхэн “И хэ” уламжлалт эмнэлэг болон С.Сувд эмчтэй холбогдох бол “Фэйсбүүк” дэх “БомБорДук” пэйж, группээр зочлоорой. 
И-Хэ эмнэлэг МУБИСургуулийн замын эсрэг талд UBH төвийн 4 давхар 401 тоотод байрлаж байна. 

Утас: 99226724

Эх сурвалж http://www.info.mn
С.Сувд: Үнэтэй эм тариа шүтэх хэрэггүй, түүнгүйгээр эрүүл амьдрах маш их боломж бий
С.Сувд: Үнэтэй эм тариа шүтэх хэрэггүй, түүнгүйгээр эрүүл амьдрах маш их боломж бий
С.Сувд: Үнэтэй эм тариа шүтэх хэрэггүй, түүнгүйгээр эрүүл амьдрах маш их боломж бий
С.Сувд: Үнэтэй эм тариа шүтэх хэрэггүй, түүнгүйгээр эрүүл амьдрах маш их боломж бий
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ