С.Даваасүрэн: Улс төрийн нам ба төрийн албанд бий болсон гажуудлыг засаж байж бид цааш хөгжинө
2019 оны 12 сарын 3
С.Даваасүрэн: Улс төрийн нам ба төрийн албанд бий болсон гажуудлыг засаж байж бид цааш хөгжинө
Доктор С.Даваасүрэн өнөөгийн Монгол төрийн чадавхи, хариуцлагын талаар мэдэгдэл хийв. 

Мэдэгдэлд “Төр үр дүнтэй, сайн ажиллахад шаардагддаг биет бус хүчин зүйл гэж байдаг. Тэр нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах хэрнээ маш чухал хүчин зүйлийг итгэл хэмээдэг. Иргэд, олон нийт төр маань сайн шийдвэр гаргадаг гэдэгт итгэх, харин төр нь хэлсэндээ хүрч, хийх ёстойгоо хийж тэр итгэлийг алдахгүй байх ёстой. Ийм тэнцвэр тогтож байж гэмээнэ төрдөө итгэх иргэдийн итгэл нэмэгддэг, харин төр нь сайн ажиллахгүй бол төрдөө иргэд үл итгэнэ, иргэд нь төрөө дэмжихээ больдог. Энэ итгэлцэлийн тэнцвэр алдагдаж, төрдөө хандах иргэдийн хүсэл, шаардлага нэмэгдэхийн хэрээр тэр нь төрийг ёроолгүй ангал руу хөтөлдөг. Өнөөдөр манайд амтай хэлтэй болгон шударга ёс, хариуцлагын тухай ярьж байна. Төр түмний төлөөх ажилд ахиц дэвшил гарах ёстой. Энэ хамгийн чухал шалгуурын нэг. Гэтэл, ажилд ахиц дэвшил гарсаныг хэн ч сонирхохгүй, хэн ч ярихгүй. Ахиц дэвшил гаргахын тулд ямар хүчин чармайлт, цаг хугацаа, нөөц бололцоо ашигласан нь бас л сонин биш. Эцсийн дүндээ үр дүнд суурилж ажилласан уу, өдөр хоногийг зүгээр өнгөрүүлсэн үү хоёрын үнэлэгдэх байдал яг адилхан байхад хариуцлага тооцох нэрийдлээр ашиг хонжоо эрэлхийлж, албан тушаалаар хөөцөлдөх нь шинэ маягийн хэлмэгдүүлэлт гарч ирэх, шударга ёс алдагдах томоохон эрсдэлийг бий болгож байгааг онцлов.

Төрийг төвхнүүлэгчид түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг, тархиндаа ширгээж, бодолдоо богшоосон бодлого шийдвэрээ олон нийтдээ толилуулдаг, улсаа хөгжүүлэх замыг заагч, шилдэг боловсон хүчин байх ёстой билээ. Тэдэнд тавигдах ёс зүйн болон мэргэжлийн шаардлага, шалгуур өндөр, хуримтлуулсан туршлага арвин байж гэмээнэ төрийн гаргах шийдвэр мэргэн, түмнийхээ төлөө байж чадахыг сануулжээ.

Үнэхээр Монгол төр хариуцлагатай байна гэдэг нь амласнаа биелүүлж, хэлсэнээ хийдэг байх явдал юм. Харин бодсоноо зарлаад, зарласнаа мартаад, өнөөдөр нэгийг маргааш өөрийг амлах нь төрийн харамсмаар хариуцлагагүй байдал юм.

Доктор С.Даваасүрэн эрх баригч МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажилд оролцсон юм.  Тус намын  2016 оны Сонгуулийн мөрийн хөтөлбөрт  “Бид хамтдаа Иргэдээ ядуурлаас аварч Эдийн засгаа хямралаас гаргаж Эх орноо өрнөөс салгаж Төрийн дампуурлыг засч Тэгш журамт, баян хүчирхэг Монголоо цогцлоож чадна” гэсэн уриатайгаар 5 бүлэг 31 зүйл 400 гаруй  заалттайгаар боловсруулагдсан.  Хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах нь төрийн эрх баригч МАН-ын үнэт зүйлс, улс төрийн эрх ашиг, иргэдийнхээ өмнө хүлээсэн өндөр хариуцлага юм. Тиймээс ялалтын мөрийн хөтөлбөрийн амлалтаа хэрхэн биелүүлж, яаж хэрэгжүүлж ажилласныг дүгнэн цэгнэж, тооцон нягталж олон түмнээ толилуулах болно гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ