М.Хатанбаатар: Өөрийнхөө эрдэс бодисыг мэдрэхгүй, гаднаас нэмэлтээр аваад байвал суурь булчингаа алддаг
2019 оны 12 сарын 11
М.Хатанбаатар: Өөрийнхөө эрдэс бодисыг мэдрэхгүй, гаднаас нэмэлтээр аваад байвал суурь булчингаа алддаг
“Алдар” спорт хорооны тамирчин, “HR” фитнесийн багш, дасгалжуулагч М.Хатанбаатартай ярилцлаа.

-Таны хувьд хүндийн өргөлтийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн. Ер нь энэ спортоор хичээллэхэд насын ангилал гэж байх уу?

-Би наймдугаар ангид байхдаа анх хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн. Одоогоор энэ спортоор тэмцээн, уралдаанд оролоогүй, фитнесийн дасгалжуулагчаар голлож ажиллаж байна. Наймдугаар ангидаа сагс тоглодог байлаа. Тухайн үед манай сургууль дээр “Алдар” спорт хорооноос хүндийн өргөлтийн багш ирж, хэдэн хүүхэд сонгож авсан. Тэр багш маань надад “Чи суурьтай хүүхэд байна. “Алдар”-т ирээрэй” гэсэн. Ингэж л “Алдар” спорт хороонд очсоноор хүндийн өргөлтийн тамирчин болж байлаа. Өмнө нь Монголдоо, орон нутгуудад нэлээд тэмцээнд оролцсон. Тэндээс шалгарсан тамирчид шигшээ багт ордог юм л даа. 

Гэхдээ би хүндийн өргөлтийн спортоор хэсэг хугацаанд хичээллэж байгаад хөнгөн рүү орсон. Манай багшийн эхнэр нь хөнгөний тамирчин байсан юм. Тэгээд намайг хөнгөн рүү орсон нь дээр юм байна гэж зөвлөсөн. Хөнгөнөөр улсын аварга шалгаруулах тэмцээнд нэг удаа оролцож байлаа. 

Найман настай хүүхэд анх хүндийн өргөлтөөр хичээллэж байсан гэж би сонссон. Яг насны хязгаар тогтоовол 15 наснаас дээш насныханд тохиромжтой. 25, 29 настай хүмүүс хүндийн өргөлтөөр анхлан хичээллэх нь ч бий. Гэхдээ тэр хүмүүсийн амжилт нь жаахан удаан байдаг. 

Хүндийн өргөлтөөр хичээллээд хүний өсөлт зогсож, намхан болно гэж байхгүй

-Танай фитнес дэргэдээ хүндийн өргөлтийн анги нээхээр бэлдэж байгаа юм билээ. Хэдээс хэдэн насныхан сонгон хичээллэх боломжтой вэ?

-Ерөнхийдөө 15-20 хүртэлх насныхныг хамруулна. Багаасаа хүндийн өргөлтөөр хичээллэх сонирхолтой хүүхдүүд байдаг. Гэтэл эцэг, эх нь “Хүнд юм өргөөд намхан болчихно. Өсөлт нь зогсоод, цаашид өсөхгүй” гэх зэргээр хориглодог. Тэгэхээр хүүхдүүдэд “Үнэхээр л миний өсөлт зогсчих юм болов уу. Би намхан болчихно доо” гэсэн эргэлзээ үүсдэг. Гэтэл хүндийн өргөлтөөр хичээллээд хүний өсөлт зогсож, намхан болно гэж байхгүй. Тухайн хүний өсөлтийн ген, өөрийнх нь биеийн онцлогоос л өсөлт хамаардаг. 

Одоогоор 21 аймаг, есөн дүүрэгт хүндийн өргөлтийн клуб маш олноор үйл ажиллагаа явуулж байна. Манай фитнесийн хувьд хүндийн өргөлтийн анги нээснээр энэ спортод сонирхолтой хүүхдүүдийн амжилтын гарааг нь нээж өгөх, цаашид биеийг нь хөгжүүлэх давуу талтай. Түүнчлэн анх фитнес сонирхож ирээд магадгүй дараа нь хүндийн өргөлтийн тамирчин болж, амжилт үзүүлэх хүмүүс байхыг ч үгүйсгэхгүй. Энэ спортыг сонирхож байгаа хүмүүст техникийг нь сургаад, холбоотой дасгалуудыг нь хийлгээд явах юм. Учир нь заавал хүнд төмөр өргөх нь бус, техник чухал. Техникгүй бол хүн бэртэж, гэмтэнэ. 

-Тамирчин хүн учраас фитнесийн багшаар ажиллахад илүү давуу талтай байх. Магадгүй фитнест багшлангаа хүндийн өргөлтөөрөө хичээллэж байна уу?

-Би хүндийн өргөлтөөр хичээллэнгээ бэлтгэл хийдэг байлаа. Тэр үед фитнес сонирхож эхэлсэн. Тэгээд л бэлтгэлийнхээ хажуугаар фитнесээр хичээллэх нь зүйтэй юм байна гэж бодоод шийдвэрээ гаргасан. Одоогоор фитнесийнхээ тодорхой ангиуддаа хичээл зааж байна. Хүндийн өргөлтийн тамирчин заавал үе мөч нь чанга байх ёстой. Өвдөг, тохой, хөл, гар бүх юм нь чанга байснаар формдоо байдаг. Эсрэгээрээ суларчихвал өргөхөд хэцүү.  

Тэгэхээр аль болох фитнестээ яваад суулт, таталтаа хийгээд байх юм бол техник нь хэвээрээ, хүчээ алдахгүй. Буцаад хүндийн өргөлтийн дасгалаа хийхэд ч амар болдог. Тийм учраас би байнгын бэлтгэлтэй байдаг гэж хэлж болно. 

-Өөрийн чинь гардан хичээллүүлдэг нэг анги бол “Өсвөр насны хүүхдийн өсөлтийг дэмжих анги”. Энэ ангид ямар насны хүүхдүүд хамрагдаж, ямар дасгалууд хийдэг вэ?

-Манай өндөр болгох ангид ихэвчлэн 15-аас доош насны хүүхдүүд хичээллэдэг. Анх 20, 21 настай хүмүүс явж байсан. Тэр хүмүүс ч хичээллэх боломжтой. Гэхдээ өөрсдөөс нь арай дүү хүүхдүүдтэй хамт хичээллэхээр тэдэнд бага зэрэг хэцүү. “Би хэдтэй билээ, энэ хүүхдүүд хэдтэй билээ” гээд нэг анги болж уусч өгдөггүй, хөндий яваад байдаг. Тиймээс аль болох 15 насны хооронд авбал нэг үедээ ороод явчихдаг. Өндөр болгох дасгалууд тусдаа бий. 

Миний хувьд онлайнаас болон багш нараасаа суралцаад, мэдээлэл аваад нэгтгэж сургалтын хөтөлбөр гаргадаг. Төхөөрөмжтэй дасгал хийдэггүй учраас хоосон заал байх ёстой. Учир нь төхөөрөмжтэй дасгал хийчихээд сунгалт хийхээр амарсан булчингууд эргээд ажилладаг. Тиймээс өндөр болгох ангид өөрийн биеэр сунгалтын дасгалууд хийдэг. Техникийг нь зөв эзэмшүүлж, системтэйгээр сунгалт хийгээд амин дэм, уураг, сүү уулгаад явахад өсөлт нэмэгддэг. Зарим хүүхэд “Би сунгалт сайтай юм чинь гэртээ очоод сүү, витамин уугаад дасгалаа хийчихье” гэдэг. Гэтэл гэртээ дасгалаа буруу хийчихвэл үр дүн гарахгүй. Тиймээс мэргэжлийн багшийн хяналтад зүй зохистой, системтэй хичээллэх нь зөв гэдгийг хэлмээр байна. 

Өөрт тохирохгүй уураг ууснаар элэг, бөөрөнд ачаалал өгнө

-Сүүлийн үед фитнес маш олноор нээгдсэн. Түүнийгээ дагаад нэмэлт уураг, бүтээгдэхүүн ч ихээр зарагдах болжээ. Ер нь хүн фитнесээр хичээллэж эхлэнгүүтээ нэмэлт уураг хэрэглэх заавал шаардлагатай юу? 

-Фитнест анхан шатнаас нь эхэлж байгаа хүмүүс бол яг өөрийн биеэр 2-3 сар хичээллэх ёстой байдаг. Жишээ нь, би л гэхэд нэг жилийн хугацаанд нэмэлт бүтээгдэхүүнгүйгээр хүндийн өргөлтөөр хичээллэсэн. Багш маань “Өөрийнхөө суурь хүчийг гүйцэт ашиглаж,  өөрт чинь хэр нөөц бололцоо байгааг харах хэрэгтэй” гэсэн. 

Гэтэл зарим хүн өнөөдөр фитнест ирээд маргааш нь уураг аваад уучихдаг. Түүнийгээ яах гэж ууж байгаа, ямар үйлчилгээ үзүүлэхийг мэддэггүй. Ингэснээр элэг, бөөрөнд ачаалал өгнө, мөн өөрт нь тохирохгүй уураг уугаад дэмий мөнгөний гарз болдог. Харин 2-3 сар өөрийнхөө биеэр тасралтгүй хичээллээд, хооллолтоо зохицуулаад явахад өөрийгөө яг мэдэрч эхэлдэг. 

Тухайлбал, хүн аливаа зүйлд донтдог. Түүн шиг хүндийн өргөлтөд донтож эхлэхэд тэр хүн заавал нэмэлт бэлдмэл уух шаардлагагүй. Улмаар нэлээд хугацааны дараа хүний бие цаанаасаа нэмэлт бүтээгдэхүүн нэхээд ирдэг. Тэр үед нь “Би тодорхой хэмжээнд нэмэлт кальци, амин дэм авч хэрэглэх юм байна” гэж үзээд өөрт тохирох нэмэлт бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй.

Анхнаасаа нэмэлт уураг уугаад хөгжүүлчихсэн булчин тодорхой хугацаанд фитнесээ завсарлахад эргээд нялцайж, задрах нь хурдан байдаг. Түүнчлэн хүний биед нэг сар гаруй хугацаанд зарцуулах эрдэс бодис, амин дэм нь бий. Тэр нь бага багаар зарцуулагдаад, шатаад хайлж эхэлдэг. Хүн түүнийгээ мэдэрч байх ёстой. Өөрт нь байгаа эрдэс бодисоо мэдрэхгүй гаднаас нэмэлтээр аваад байхаар буруу хооллолт болж, суурь булчингаа улам алддаг. Суурь булчин хамгийн чухал. 

-Сүүлийн үед хүмүүс ихэвчлэн жин хасах зорилгоор фитнес сонгодог. Ингээд маш хурдан хугацаанд үр дүнд хүрэхийн тулд хэтэрхий их ачаалал аваад, шантарч орхих талтай байдаг гэдэг. Энэ тохиолдолд яах вэ?

-Фитнесээр хичээллэхээр орж ирээд хамгийн түрүүнд хэмжилтээ өгөх ёстой. Хэмжилтээ өгсний дараа өөрт илэрдэг зовиурууд, нуруу татдаг байдаг ч юм уу тэрийгээ багш нарт маш сайн хэлэх ёстой. Гэтэл хүмүүс “Багшид ингээд хэлчихвэл намайг дасгал хийлгэхгүй байх” гэсэн бодлоосоо болоод өөрийнхөө асуудлуудыг нуучихдаг. Тийм биш, харин ч аль болох өөрийнхөө бүх зүйлийг хэлэх ёстой. Хүн өөрийнхөө асуудлыг нуучихаар багш нь мэдэхгүй, өөрчлөлт гардаггүй. Аль болох илэн далангүй хэлж байх ёстой. Ингэснээр дасгал хөдөлгөөнийг яг тухайн хүндээ тааруулж зөвлөж, хийлгэдэг. 

Жишээ нь, гадуур маш их явдаг ажилтай хүмүүсийг бол ачааллыг нь багаар өгөөд, хооллолтын зөвлөгөөг нь маш сайн өгдөг. Бас нурууны суулттай хүнийг учир зүггүй гүйлтийн зам дээр гүйлгээд, дугуй жийлгэж, хүнд дасгал хийлгээд байж болохгүй. Өөрөөр хэлбэл, хүмүүс фитнесээр хичээллэхээр орж ирэхэд нь бүх зүйлийг эхлээд тайлбарлаж өгдөг. Өнөөдөр нэг хүн орж ирэхэд түүнийг бүртгэж аваад дасгал хийлгээд л явуулчих биш юм. 

Харин мэдээлэл өгч, харилцан ярилцах хэрэгтэй. Ингэхээр тэр хүн илүү мэдээлэл аваад хэрхэн дасгал хийхээ ойлгочихдог. Анхнаас нь суурийг нь зөв тавиад, мэдээллээ маш сайн өгөх нь чухал. Тэгэхгүй бол хүмүүс нэг өдөр ирээд хэтэрхий их дасгал хийгээд буларчихдаг. Тэгснээ маргааш, нөгөөдөр нь дасгалаа таслаад алга болчихдог. Түүнчлэн хүн бүрийн онцлогт таарсан л хөтөлбөр гаргах нь чухал.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Уншигч та бүхэн HR фитнесийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ аваарай. 

Эх сурвалж http://www.info.mn
М.Хатанбаатар: Өөрийнхөө эрдэс бодисыг мэдрэхгүй, гаднаас нэмэлтээр аваад байвал суурь булчингаа алддаг
М.Хатанбаатар: Өөрийнхөө эрдэс бодисыг мэдрэхгүй, гаднаас нэмэлтээр аваад байвал суурь булчингаа алддаг
М.Хатанбаатар: Өөрийнхөө эрдэс бодисыг мэдрэхгүй, гаднаас нэмэлтээр аваад байвал суурь булчингаа алддаг
М.Хатанбаатар: Өөрийнхөө эрдэс бодисыг мэдрэхгүй, гаднаас нэмэлтээр аваад байвал суурь булчингаа алддаг
М.Хатанбаатар: Өөрийнхөө эрдэс бодисыг мэдрэхгүй, гаднаас нэмэлтээр аваад байвал суурь булчингаа алддаг
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ