Төсвийн хуультай холбогдуулан тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэсэгчлэн хүлээж авлаа
2019 оны 12 сарын 12
Төсвийн хуультай холбогдуулан тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэсэгчлэн хүлээж авлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хэлэлцэв. Энэ талаарх Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухайн зүйлд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус хориг тавьжээ.

Монгол Улсын 2020 оны төсвийн нийт зарлага 13.87 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 11.79 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай, хуулийн зарим заалтыг зөрчиж байна. Тиймээс Улсын Их Хурал төсвийн зардлаа эргэн нягталж, үр ашиггүй, үрэлгэн зардлуудыг танах, үүний дотор 2020 оноос эхэлж, 2021-2022 оныг хүртэл хугацаанд дамжин хэрэгжих барилга, арга хэмжээний зардлуудыг төсвөөс бүрэн хасах шаардлагатай. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь хэрэгжих бололцоогүй болгосон учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Ерөнхийлөгч хориг тавьсан.

Түүнчлэн Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай. Нийгмийн даатгалын шимтгэл нь иргэд, даатгуулагчдын ирээдүйд зориулсан хөрөнгө гэдгийг анхаарч, хариуцлагагүй байдлын уршгаар Капитал банканд өгч алдсан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд Улсын Их Хурал “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгч эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай хэмээн үзэж буйг танилцуулгадаа дурдав. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан бөгөөд Улсын Их Хурал энэхүү хоригийг хүлээн авсан тохиолдолд дурдсан зохицуулалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн холбогдох хуульд зохих өөрчлөлтийг оруулж, ард иргэдийн амьдралд дарамт болж байгаа буруу бодлогоо засах бүрэн боломжтой хэмээн Ерөнхийлөгч үзэж байгааг танилцуулсан юм. 

Дараа нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. Байнгын хороод Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан, мөн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ. Харин Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн байна.

Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Г.Тэмүүлэн, С.Эрдэнэ, Н.Учрал, Б.Баттөмөр нар асуулт асууж тодрууллаа. Гишүүдийн асуулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг олон нийтэд зөв ойлголт өгөх үүднээс зарим тайлбар, мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ, одоо Нийгмийн даатгалын сан 1.1 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тэтгэврийн даатгалын сангийн үлдэгдэл сүүлийн хоёр жилд өсөж, одоогоор хоёр сарын нөөцтэй болсон. 2008 онд татварын шинэчлэлт нэрээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг 5 хувь болгож бууруулснаар 1.8 их наяд төгрөгийн орлого алдсан. Мөн улсад ажиллаагүй хүнийг ажилласнаар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хүнийг шимтгэл төлсөнд тооцож тэтгэвэр олгох болсноос үүдэж Нийгмийн даатгалын сангийн зардал 700 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, ачаалал ихээхэн үүсгэсэн гэдгийг тэрбээр тайлбарлаад нийгмийн даатгалын шимтгэлийн орлогод тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжтой, харин зарлагыг хасах боломжгүй гэж үзэж буйгаа хэллээ. Мөн асуулт асууж тодруулсан гишүүд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхдээ биш тогтолцооны өөрчлөлт хийж зайлшгүй шаардлагатай болсон, тиймээс хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог төрөөс зохицуулж өгөх, мөн сангийн алдагдлыг багасгах, төр авсан мөнгөө санд буцааж төвлөрүүлэх чиглэлээр тодорхой бодлого, зорилт тавьж ажиллах шаардлагатайг хэлж байв.

Хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат хоригийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр нар өнгөрсөн 30 жилд хүн рүүгээ, нийгэм рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийж чадаагүй явж ирсэн учраас ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх, эдийн засагт үр өгөөж өгөхөд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагын үүднээс төсвийн тухай хуулиудад тавьсан хоригийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Ингээд Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан 2020 оноос эхэлж, 2021, 2022 онд дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828, 930.3 сая төгрөгийн санхүүжилтээс уг төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих нийт дүнг хасуулахаар хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь үзэв. Мөн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 

Харин Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3 зүйлээр батлагдсан Нийгмийн даатгалын сангийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс 2020 онд төвлөрүүлэхээр тооцогдсон 174.2 тэрбум төгрөгийн хувь хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хүлээн авахаар тогтов. Гэвч Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлээр батлагдсан Нийгмийн даатгалын сангийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс 2020 онд төвлөрүүлж зарцуулагдахаар тооцогдсон 174.2 тэрбум төгрөгийн хувь хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонссон юм. Ерөнхийлөгчийн хоригийг хэсэгчлэн хүлээн авсан тул холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж ирэх долоо хоногт багтаан хэлэлцүүлж шийдвэрлүүлэх чиглэлийг хуралдаан даргалагч өглөө.

Дараа нь Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, уг хуультай хамт батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. 

Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх, өмгөөллийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэний “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” үндсэн эрхийг хангах зорилт бүхий Өмгөөллийн тухай хуулийн ололттой зарим үзэл санаа, зохицуулалтыг дэмжиж байгаа боловч 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар чиг үүрэг нь Монголын хуульчдын холбоонд бүрэн шилжсэн “Өмгөөлөгчдийн холбоо” гэдэг байгууллагыг давхардмал чиг үүрэгтэйгээр дахин байгуулахыг дэмжих боломжгүй байна. Учир нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, төр, захиргааны байгууллагад ажилладаг хуульч зэрэг тухайн салбарын нийт мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, онцлог бүхий, манай Хуульчдын холбооных шиг тогтолцоо хэдийгээр түгээмэл биш боловч шүүмжлэн буруутгах үндэслэл болохгүй гэж Ерөнхийлөгч үзэж байгаа аж.

Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх хүсэж буй хуульчид тодорхой болзол шалгуур тогтоох, шалгалт авах, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон иргэдэд үйлчлэх нөхцөл, журмыг нь боловсронгуй болгох зэрэг хэрэгцээ шаардлага бий. Гэхдээ энэ бүхнийг Монголын хуульчдын холбооноос тусдаа боловч чиг үүрэг нь давхардмал, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх бас нэг холбоо байгуулж, түүгээр гүйцэтгүүлэх ямар хэрэгцээ, шаардлага байгаа нь нэн ойлгомжгүй байна. Нэн шаардлагатай гэж үзвэл Өмгөөллийн тухай хуульд заасан Өмгөөлөгчдийн холбоо гэдэг байгууллагын чиг үүргийг Монголын хуульчдын холбооны бүтцэд одоо ч ажиллаж байгаа Өмгөөлөгчдийн хороонд хариуцуулах замаар хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэхгүйгээр, мөн түүнчлэн шинээр баталсан Өмгөөллийн тухай хуулийнхаа суурь бүтцийг эвдэхгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд үүний тулд Өмгөөллийн тухай хуулийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэн уялдуулж, хэрэгжиж байгаа болон шинэ зохицуулалтуудын давхардал, хийдлийг арилгах арга хэмжээг авч, зохих засвар, өөрчлөлтийг хийх боломжтой талаар хоригийн танилцуулгад дурджээ.

Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн хуульчдын бүртгэлийг Улсын дээд шүүхээс Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Өмгөөлөгчдийн холбооны Их хурлыг зохион байгуулах, Монголын өмгөөлөгчдийн холбоо төрийн бус байгууллагын хөрөнгийг нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх” зэрэг зохицуулалтыг тусгасан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуулийн зохицуулалттай зөрчилдөж байна.

Түүнчлэн Өмгөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй аль нэг саналтай огт холбогдолгүй бөгөөд Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн байна гэж Ерөнхийлөгч үзжээ. 

Иймээс Монголын хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дордуулах, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх, давхардмал чиг үүрэгтэй Өмгөөлөгчдийн холбоог хуулиар дахин байгуулах шаардлагагүй хэмээн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Өмгөөллийн тухай хуулийн Өмгөөлөгчдийн холбоо байгуулахтай холбогдсон 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1.14, 14.1.15 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 17, 18, 19 дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэг, 32, 33, 34, 35, 36, 37 дугаар зүйл, Зургадугаар бүлэг, Долдугаар бүлэгт хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан байна. 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд Өмгөөллийн тухай хуулийн дээрх хэсгүүдэд хэсэгчлэн тавьсан, мөн Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэж, Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж шийдвэрлэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ