Хаяггүй захидал
2019 оны 12 сарын 19
Хаяггүй захидал
Б.Мөнх-Оргил хуудаснаас

Амархан баярлаж, амархан гомдож сэтгэл хөдлөл чинь ч их огцом болж, урьд нь ийм охин байсан билүү гэж өөрөөсөө асуухад хүрэх юм. Эсвэл би мартамхай болсон байх. Миний мэдэх чи бага багаар өөрчлөгдсөөр л ... Магадгүй би л хүн чулуу шиг байрандаа байгаа байх. Огт өөрчлөлт шинэчлэлт явагддаггүй, зөвхөн элэгддэг, нар салхинд гандсан эзгүй хээрийн хүн чулуу шиг ххэ. :) Заримдаа чамд санаа зовох юм. Сэтгэлийн гүнд дэх эмзэг хөндүүр шархандаа халуурч явдаг юм болов уу гэж бодох юм. Гэхдээ чиний туулсан, туулж байгаа зовлонг чи ганцаараа эдлээгүй болохоор өөрийгөө эсвэл хувь тавилангаа буруутгаж үзэн ядаад хэрэггүй юм. Зүгээр л хүлээн зөвшөөрч эвлэр... Эвлэр гэдэг нь бууж өг гэсэн үг огтоос биш шүү ... Нөхцөл байдлыг бүрэн ойлгоод тэмц гэсэн үг юм. Гадна орчноос ирэх ил далд шөвгө шиг үзүүртэй үг бүрийг тэсч гарах сэтгэлийн тэнхээг олж ав гэсэн үг юм. Биеэ бод, сэтгэлээ чагна. Ганцаардсан үедээ ном унш, дотогшоо чимээл, дуртай зүйлсээ хий. Өөрийгөө битгий хуур ... Уйлмаар байвал уйл, ярилцмаар байвал ярилц. Сэтгэлээ онгойлго. Чамайг ойлгодог, чамайг хайрладаг хүмүүстэй ойр бай. Бусдад нь ойлгуулах гэж ядаад хэрэггүй, ойртох ч хэрэггүй, аль болохоор өөрөөсөө хол байлга. Зарим ном дээр аз жаргалтай байна гэж өөртөө итгүүл гэсэн байдаг. Минийхээр бол тэгж болохгүй. Харин амьдралаас сайхан зүйлсийг олж хардаг нүдтэй, байгаа зүйлстээ талархаж чаддаг сэтгэлтэй амьдрахыг л хичээ. Өнгөрсөнг тэнд нь үлдээ. Зарим хүмүүс зөвхөн зүүдэнд чинь л ирж чамтай уулзах болно. Тиймээс чи сэрүүндээ аз жаргалтай амьдар. Жүжиглэж биш жинхэнээсээ аз жаргалтай хором мөчүүдийг мэдэр. Алдаандаа хэт харамсаад хэрэггүй, сургамж аваад урагш алх. Засах гэж шамдах ч хэрэггүй. Зарим зүйлс огт засагддаггүй юм. Нэгэнт өөрчлөгдөхгүй зүйлсийг, чамаас шалтгаалахгүй зүйлсийг зүгээр л орхиж сур. Нүдэндээ галтай биш сэтгэлдээ галтай гэрэлтэж яваарай :) Хэн нэгний хувьд чи амьдралд хорогдох ганц шалтгаан нь ч байж мэдэх юм.

Хүндэтгэсэн: Б.МӨНХ-ОРГИЛ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ