Цагаан цувтай бүсгүй
2019 оны 12 сарын 24
Цагаан цувтай бүсгүй
15- р хэсэг

Цав цагаан даашинз өмсөж, уруулаа ягаан өнгөөр будаад алхана. Ингэж явах шалтгаан нь миний хайр л байв. Энэ орой Антоны бие даасан уран бүтээлийн цэнгүүн Москвагийн их театрт болно. Тэр минь намайг тоглолтондоо урьж, цаашлаад өмсөж яваа даашинз, бүрх малгайг цагаан цувтай минь ижилсүүлэн хийлгэж өгсөн. Үлгэрийн гүнж шиг инээмсэглэн алхах намайг энэ үдшийн гэрэлт цагаан хун байг гэж төсөөлсөн байх. Уран бүтээлч хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, мөрөөдөх дуртай. Концертын тасалбараа атгасан чигтээ театрын хаалгаар орлоо. Ай юутай романтик вэ... суудал дээр минь сагс дүүрэн цагаан сарнай намайг хүлээж байв.
Тэр зөвхөн миний төлөө тоглолт зохион байгуулж, хайрынхаа төлөө эдгээр хөгжимчид, хөгжмийн удирдаач, олон зуун үзэгчдийг цуглуулсан юм шиг дэвэргэн бодол төрж, сэтгэл өөрийн эрхгүй уярч хайлан байлаа.
Улаан хүрэн эмжээртэй торгомсог хөшиг алгуурхан нээгдэхэд найрал хөгжмийн бүхэл бүтэн оркестор, сүр бараат уулсын гоёмсог модод шиг ирийн суужээ. Хөгжимчдийн баруун жигүүрт хэзээ хэзээгүй нисэхэд бэлэн болсон далавчит хүлгээ сойн зогсоо баатар эр шиг цав цагаан өнгөтэй “хаан” хуурын өмнө Антон инээмсэглэн зогсож байлаа.
Тэрбээр тас хар фрак өмсөж, час улаан эрвээхэй зангиа зүүжээ. Тайзны араас гоцлол хөгжимчин, хөгжмийн зохиолч Антон Семонович Торопцев хэмээн зарлахад үзэгчдийн зүг мэхийн ёслоод төгөлдөр хуурынхаа ард суулаа. Алга нижигнэнэ.
Түүний хуруу хөгжмийн товруун дээр хүрэхүйд намуухан аялгуу эгшиглэж, уянгалаг найрал хөгжмийн хөнгөн аялгуу дуурслаа. Үзэгчид амьсгалаа түгжсэн мэт анир чимээгүй болж, сонгодог хөгжмийн гайхалтай аялгуу зүрх сэтгэл рүү нь нэвчиж, улмаар тэр мөч, тэр оршихуйд нэгдэн ууслаа. Би түүний бүжих мэт хуруудын дээгүүр далавчаа дэвэн эргэлдэн нисэх гэрэлт цоохор эрвээхэйнүүдийг олж харав. Энэ зөвхөн миний төсөөлөл ч гэлээ эргэн тойронд суугаа хүмүүс ч миний ижил гэрэлт цоохор эрвээхэйг олж харах гэсэн мэт Антоноос харцаа салгаж чадахгүй, ер бусын хөгжмийн аялгуунд тунаран хөвөрч суугааг мэдэрч байлаа. Би ч бас төсөөлөөсөө салж үл чадна.
Эрвээхэйнүүд эргэлдэн бүжсээр...Ойн цоорхойд биднийг тойрон эргэлдэх цоохор эрвээхэйнүүд. Зайгүй ургасан цахирмаа цэцэгс, шиврээ бороонд бид хоёр эргэлдэн бүжнэ. Норсон үс хацарт наалдаж,нимгэн даашинзны цаанаас гоо үзэсгэлэн минь гэрэлтэн харагдах агаад жаахан охин шиг инээдээ барьж ядан, эрхлэн гүйх өөрийгөө хараад аз жаргалтайгаар инээмсэглэж сууна. Удалгүй бороо намдаж, уулсын дээгүүр солонго татав. Солонгоны үзүүрээс атгах гэж тэмүүлсэн миний гэнэн хүслийг аргамжих гэсэн мэт хөгжмийн аялгуу алгуурхан зогслоо. Антоны тоглосон бүтээлүүдийн нэгэн сор болох энэхүү тэнгэрлэг симфониос түүний дотоод сэтгэл, зориг эрмэлзлэл, хүсэл мөрөөдлийг би мэдэрч чадсан.
Үзэгчид түүнийг тойрон эргэлдэх эрвээхэй адил сэтгэлийн дэвэлтээ зогсоож үл чадан алга нижэгнүүлэн байв. Антоны дараагийн тоглох аялгуу алдарт Л.Бетховены “Сарны сонат”. Л. Бетховен энэхүү бүтээлээ 1801 онд багын найз Жулетта Гвиччарди гэгч бүсгүйд “Би түүнд дурлаж, тэр намайг хайрлалаа” хэмээн зориулж бичсэн гэдэг. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд таг дүлий болсон хэрнээ тэнгэрлэг симфонуудаа туурвиж, хүн гэгч ямар гайхамшгийг бүтээж болохыг харуулсан суут авьяастан гэдгийг бүгд л мэднэ. Төгөлдөр хуурын аялгуу эгшиглэх тэр мөчид аниргүй тэнгэрийн доорх ганцаардсан саран мэт өөрийн эрхгүй уйтгар гунигт автлаа. Далайн эрэг дээр алсыг ширтэн зогсоо миний сэтгэл эзгүйрчээ. Удалгүй сонатын хоёрдугаар хэсэг эгшиглэхэд далайн дээгүүр салхи сэвэлзэн эргэлдэж, хацар үсийг илбэн эрвэгнүүлэж, аальгүйтэв. Хаа нэгтээгээс ирэх хайр дурлалыг даллан дуудах салхи миний сэтгэлийн орон зайг дүүргэж, тэртээд нисэх хос хун харцанд минь тодров. Хөгжмийн сүүлчийн аялгуунаас өөрийгөө өрөвдсөндөө уйлмаар болж, бусдаас түрүүлэн алга ташихаар суудлаа өндөлзлөө. Би ганцаараа сэтгэлийн хөдөлгөөнд автаагүй гэдгээ зэргэлдээ суух цэнхэр алчуурт бүсгүй нулимсаа арчин босоход мэдсэн юм. Хоёр цаг гучин минут үргэлжилсэн гайхалтай тоглолт өндөрлөж, цав цагаан сарнай тэвэрсээр түүнийгээ угтаж авлаа. Театрын хаалгаар цувран гарах хүмүүсийн харц зөвхөн бидэн дээр тогтож байгааг мэдрэх сайхан байв.
*************
Охиныхоо бэр гуйх ёслолын талаар Түвшинд дуулгах санаатай утас руу нь залгасан боловч холбогдохгүй эсвэл утсаа авахгүй байлаа.
Гайхаж цөхөрсөндөө би дүү рүү нь залгав.
- Сайн уу, минь дүү?
- Сайн, ямар сонин хүн бэ, таны бие сайн уу? Төрсөн гэж дуулсан.
- Дажгүй сайн байгаа, хүүхдүүд нь сайн уу?
- Сайн, дажгүй байгаа. Нөхөртөө мэнд хүргээрэй.
- За, тэгнэ ээ.
- Эгч нь ахтай нь холбогдох гээд чаддаггүй.
- Ах уу...ах харин хэд хоног ирсэнгүй, хүнээс сонсох нээ, найз нартайгаа нийлээд л гадуур ууж идээд яваа сурагтай.
- Уг нь тэгтлээ архи дарс уугаад байдаг хүн биш дээ. Биеэ бодохгүй яаж байгаа юм бол доо. Овоо сүрхий бизнес энэ тэр хийж байгаа гээд байсан. Ажил төрөл нь юу болж байгаа бол?
- Хн, мэдэхгүй ээ, хэзээ байхдаа тогтвортой юм хийж байлаа даа. Та мэднэ шүү дээ. Тэгээд ч тэр бизнес энэ тэр бол ч бүр ч худлаа биз. Эгч ер нь нэг ирвэл яасан юм бэ, таныг байхгүй болохоор хэцүүхэн л байгаа харагдах юм. Нэг л гундуу ууж идсэн хүн явна.
- Эгч нь очно оо, гэхдээ ирэх зунаас л явах бодол бий. Хүүхэд бага байна. Билгүүдэй энэ жил төгсөж, элсэлтийн шалгалт өгнө. Зохицуулах ажил мундахгүй юм байна шүү дээ. Том маань хүнтэй суух гэж байгаа.
- Тийм үү, ямар сайхан хэрэг вэ, Жаргал хаанахын хүнтэй сууж байгаа вэ. Орос уу...?
- Үгүй ээ, үгүй. Монгол залуу бүр нэг ангийн хоёр. Ээж аав нь ирэх долоо хоногоос ирж бэр гуйна гэсэн. Тэгээд л үр хүүхэд нь байна даа, ирээч гэж хэлэх гээд залгасан чинь холбоо барьж чаддаггүй. Миний дүү танайхаар л байгаа сурагтай байсан. Ирэхээр нь хэлээрэй. Аав нь байхгүй бол охинд маань эвгүй байх болов уу, найз залуугийнх нь аав ээж нь хурим найр хийх өдрийг ч товлох санаатай байх шиг байна лээ.
- Тийм үү, за би дуулгана аа эгчээ, уг нь өнөө өглөөхөн утас нь болж байсан даа. Би хурдан та нар дээрээ оч гэж хэлье. Ах ер нь наана чинь байвал яачхаад байдаг хүн бэ. Орон гэр ч үгүй энд бидний царай харж суухаар эхнэр хүүхдүүд дээрээ очсон нь дээр. Би хэд хоногийн өмнө жаахан үглэсэн, намайг тоох ч шинжгүй байна лээ. Харин ч бүр гэр орноосоо хөөгөөд байгаа юм уу гээд үг хаяад байсан.
- Орон байр гэснээс байраа ямар хүнд түрээсэлснийг миний дүү мэдэхгүй биз? Хугацаа нь одоо дөхөж л баймаар юм.
- Түрээслэх ээ...
- Байраа түрээслүүлснээ чамд хэлээгүй юм уу?
- Аан...юу л даа хэлсэн, хэлсэн. Хэлэлгүй яах вэ гэж Болороо түгдэрснээ ярианы сэдвийг өөрчилж,
- Эгчээ, манай Оюука энэ жил арван хоёрдугаар анги төгсөж байгаа.
- Өө,тийм шүү дээ. Манай Билгүүдэйтэй нас чацуу. Төгсөх хүүхдийн сургууль соёлыг сонгуулна гэдэг амаргүй даваа юм. Гэхдээ охин хүүхэд ч арай гайгүй байж мэдэх л юм.
- Ялгаагүй ээ,Оюука Орос руу сургуульд явна гэсэн л хүн байна. Ямар сургуульд оруулбал зүгээр вэ. Та нэг судлаад, дүүдээ мэдээж өгч болох уу?
- Бололгүй яах вэ, тэгье. Хүүхэд өөрийнхөө сонирхлын дагуу явсан нь л онох байх шүү. За, тэгээд өөрсдөө мэднэ биз дээ. Түвшин ахыгаа харж хандаж байгаарай. Цаадах чинь чамаас өөр ойр элгийн хүн байхгүй шүү. Манай тэр дураараа зөрүүд ч гэлээ зөөлөн хүн байгаа юм. Наашаа ир гэхээр ирэхгүй, бид хэд гэж хоёр талд явсаар насыг барах юм шиг байна даа.
- Тэгнэ ээ, харж хандалгүй явах вэ, гэхдээ та наашаа ирсэн нь дээр. Ах байраа... гэснээ Болороо хэсэг чимээгүй болов.
- Дүү нь охиноо цэцэрлэгээс авах гээд яг гарах гэж байлаа. Дараа тухтай яръя, баяртай гээд утсаа тасаллаа.
Хэд хоногийн дараа охины маань найз залуугийн аав ээж ирж, бэр гуйлаа. Сайхнаагийн ээж нь Москвагийн их сургуулийн Аспирантурт сурдаг бол аав нь сүлжээний бизнест хөл тавиад чамгүй олон жилийг үдэж байгаа аж. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сүлжээний салбартаа гайгүй дээгүүр цолтой, мөнгө төгрөг ч сайн олдог гэж охин ярьж байсан. Тэд ёс төртэйгээр охиныг минь гуйж, ирэх намар шинийн арван долоонд хурим найрыг нь хийхээр хугацаа товлоод явцгаалаа. Олон жил хүний нутагт амьдарч ёс заншил гээд сүйдтэй гавих юмгүй хүн чинь хадгийг шууд авч болдог эсэхээ ч мэдэхгүй, хариу хэлэхдээ ээрч гацсаар болдог юм болох жамаараа л боллоо. Сүрэн эгч нөхөртэйгөө байсан тулдаа л тус болж, нүүр улайхгүй гаргав. Түвшин дүүгээсээ энэ талаар сонссон эсэхийг мэдэхгүй, ямартаа ч охиныхоо бэр гуйх ёслолд ирсэнгүй ээ.
Хурим найрын бэлтгэл ажил гээд цагийг нь тулгаж байхаар хүүгийнхээ шалгалтыг өнгөрөөгөөд эртхэн Монгол яваад ирье гэж шийдлээ.


Эх сурвалж http://www.info.mn
Цагаан цувтай бүсгүй
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ