Хөгжмийн хэмнэлд хөл нийлүүлье...
2020 оны 1 сарын 2
Хөгжмийн хэмнэлд хөл нийлүүлье...

Б.Мөнх-Оргил хуудаснаас 

Хөгжмийн хэмнэлд хөл нийлүүлье
Хүслийн хэмнэлд харц нийлүүлье
Зүрхээрээ мэдрэн хацраа нийлүүлье
Зүсээрээ сүлэлдэн өнгө нийлүүлье

Эргэлдэн бүжиж талбайг эзэгнэе
Эрхлэлдэн ширтэж орчноос тасрая
Цагийг огоорон хөтлөлцөн дэвхцэе
Цамцаа нэвчтэл хөлсөндөө нороё

Хундага бүрийг ерөөж тулгая
Хуучин оныг янагшин үдэе
Намуухан аяанд тэврэлдэн найгая
Найзуудын нүднээс хамтдаа зугтая

Хурууны өндөгөөр далыг чинь мэдрэе
Хувцасыг чинь нимгэлж нүцгэлж үзье
Булангийн өрөөнд хоёулхнаа үлдэе
Бурханы төөрүүлснийг тэнд нийлүүлье

Шүүслэг бүлээн уруул нийлүүлье
Шөнийг бүүвэйлж амьсгал нийлүүлье
Алдаагаа хувааж учрал нийлүүлье
Аз жаргалын туйлд хамтдаа хүрэе

Б.Мөнх-Оргил
2020.01.01-нд
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ