Шүдний чулууг тоохгүй орхиж огт болохгүй
2020 оны 1 сарын 6
Шүдний чулууг тоохгүй орхиж огт болохгүй
Шүдний тулгуур эдийн өвчний шалтгаан нь шүдний чулуу үүсэх юм. Хэрэв эмчлэхгүй бол таны шүд суларч, унах аюул учирна гэсэн үг. Ингээд "Цагаан зул" шүдний эмнэлгийн бэлтгэсэн зөвлөгөөг танд хүргэж байна.
Шүдний чулуу гэдэг нь буйлны ирмэгээр үүсэж эхлээд хүндрэх тусам буйлан доогуур ургаж шүдний холбоосыг гэмтээснээс шүдийг хөдөлгөөнд оруулж сулруулдаг өвчин юм. Түүнийг шохойны тунадас гэж үздэг. Шохой нь цагаан өнгөтэй атал яагаад бараан өнгөтэй байна гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Хэргийн учир нь шүдний чулууны найрлагад шохойноос гадна хоолонд ордог кальцын давс, хоолны үлдэгдэл, үхсэн эсүүд, бактерүүд, фосфорын давс ба төмөр зэрэг ордогт байгаа юм.

Шүдний чулуу үүсэх шалтгаан

Шүдний чулуу үүсэхэд дараах нөхцөлүүд нөлөөлнө, үүнд:

Шүдээ цэвэрлэдэггүй, эсвэл тогтмол биш, буруу цэвэрлэж угаадаг.

Өөрт тохируулан шүдний оо, сойз сонгож хэрэглэж чаддаггүй.

Зөвхөн зөөлөн хоол идэх, өнгөртүүлэх хүнс ихэвчлэн хэрэглэж заншсан бол ( өтгөн байхуу цай, кофе, мөн тан уух)

Зөвхөн нэг талаараа зажилдаг.

Тамхи татдаг.

Бодисын солилцооны алдагдал, түүний дотор давсны солилцооны алдагдал үүссэн бол.Түүнчлэн шүдний гадаргуу хангалттай гөлгөр биш байх. Шүдний эгнээний байрлал буруу байх зэрэг шүдний чулуу үүсэхэд нөлөөлдөг.


Шүд чулуужих явц

Эхлээд шүдний гадаргуй дээр хоолны үлдэгдэл ба бактериас бүрдсэн зөөлөн, цагаан өнгөр үүснэ. Дараа нь энэ өнгөрийн дээр шүлсэнд агуулагдах шохойны давс тунадасждаг. Үүний улмаас шүдний өнгөр нь харлан хатуурч шүдний чулуу болон хувирна.

Чулуу нь ихэвчлэн шүдний хүзүүвч орчмын буйлны ойролцоо, шүдний сойз хүрэхэд бэрхтэй хэсэгт үүсдэг. Статистик судалгаанаас үзвэл шүдний чулуу нь ихэвчлэн хоол зажлахад бараг оролцдоггүй шүднүүд дээр үүсдэг ажээ. Мөн шүлсний булчирхайн сувагт ойр байралдаг шүднүүдэд үүссэн байдаг. Үүнд шүлсний шинж чанар, найрлага, ялгаралт нэн хамааралтай. Энэ нь доод үүдэн бүлгийн шүднүүд, дээд нэгдүгээр их араа зэрэгт илүү зузаан, буйлан доогуур ургалттай тохиолддог. Зажлахад бага оролцдог шүдний зажлах явцад цэвэрлэгдэх нь багасдаг.

Сөрөг үр дагавар

Шүдний чулуу нь буйлыг цочроож, шүдний эргэн тойрны бүх эдийг гэмтээн парадонтоз үүсгэх аюултай. Энэ өвчний анхны шинж тэмдэг нь буйл загатнах ба түүний цус гаралт, амнаас эвгүй үнэр гарах юм. Хэрэв цаг тухайд нь эмчлүүлэхгүй удвал шүдний тулгуур эдийн үрэвсэл даамжирч архагшин орчны буйл салст хөөж хавагнан үрэвслийн шингэн хуралдах, цусны судас өргөсч цус шүүрэмтгий болж угаахад төвөгтэй болно. Улмаар чулууны ургалт даамжиран буйланд эмгэг хүүдийг үүсгэн түүгээр доош дамжин шүд орчмын түүшин ясыг гэмтээж, тэжээлийн дутагдалд оруулснаар яс намсан шимэгдэж шүд суларч, ганхаж, цаашид эмчилгээ хийхэд үр дүнгүй болгоно.

Оношилгоо

Буйлны дээр байрласан шүдний чулуу төвөггүй харж болдог. Харин буйлны дотор доогуур бий болсон чулууг зөвхөн шүдний эмч л шүдний тусгай багажын тусламжтайгаар харна.

Шүдний чулуу байгаа эсэхийг тун энгийг аргаар мэдэж болдог. Ингэхдээ йодын уусмал эсвэл тусгай будагч бодис шингээсэн багс, хөвөнгөөр шүдний буйлтай ойролцоо хэсгийг арчина. Үүний дараа шүдэнд тогтсон өнгөр, чулуу нь тодрон гарч ирнэ.

Шүдний чулуутайгаа мэдсэн бол пародонтоз болохоос нь цаг алдалгүй шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.

Эмчилгээ

Шүдний чулууг зөвхөн авч эмчилдэг. Ер нь шүдний чулууг хагас жил, эсвэл жилдээ нэг удаа авахуулж байх ёстой байдаг. Чулууг 2-3 үе шаттайгаар авна, үүнд:

Шүдний өнгөр ба чулууг багаж ашиглан гараар эсвэл чанд авианы тусламжтайгаар авах.

Шүдний гадаргыг тусгай өнгөлгөөний паст ашиглан өнгөлөх.

Цэвэрлэгээ, өнгөлгөөний дараа шүд сийгэж мэдрэгшсэн бол эрдэсжүүлэлэх эмчилгээг хавсрана.

Шаардлагатай үед шүдний чулууг мэдээ алдуулалттайгаар авдаг. Цаашид амны хөндийн эрүүл ахуйг чанд сахиж шүд угаалтыг зөв техникийн дагуу угааж хэвшин, жилдээ 1-2 удаа эмчид үзүүлэн шалгуулж байвал шүд чулуужих өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

 Цаг авах утас: 88025868 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ