Гоё ганган дээрээ тавиарай, од болж байна цаана чинь...
2020 оны 3 сарын 18
Гоё ганган дээрээ тавиарай, од болж байна цаана чинь...
... За манайхаан, ухаан алдаад уначихаагүй гэж найдъя. Маргааш дахиад Истанбулаас ирэх онгоц бууна. Хэдэн ч халдвартай хүн ирсэн хамаагүй, адууны махтай сармистай шөлөөр бөмбөгдөж, адууны хөх хомоолоор утаж, өрнө дорнын эмчилгээг хослуулж байгаад босгоод авахаа бодно уу гэхээс боорлоод байж болохгүй шүү. Цаагуур чинь манай Улаанбаатарын яг өнөөдрийн зураг, бичлэгүүд олон улсын сонин хэвлэл, телевизээр цацагдаад, монгол хүн харагдвал барьж аваад бандааштай нь зогсоож байгаад баахан судлах нь л дутаад байна. Өөрсдөө халдваргүй, өрөөлийн нутгаас иргэдээ авчраад эмчлээд байна гэдэг чинь монгол үндэстний мөн чанарыг харуулсан том мессэж шүү дээ. За тэгээд гадуур гарахдаа гоёхоо мартав, гаднынхны дуранд өртдөг од болсноо мартаад навсайгаад гүйгээд байв аа. Өө тийм, онгоцоор ирж байгаа хүмүүсийг цаг тутам ариутгаж, буумагц нь тусгаарлаж байгаа болохоор илүү түгшиж, эд эсээ үхүүлээд яахав. Зорчигчдын гар утас, түлхүүр, түлхүүрийн оосор, нүдний шил...ачаа, гар тээш гээд бүгдийг ариутгах гэж дөрөв таван цаг зарцуулдаг юм билээ, дараа өнгөтөөр ярьж өгье. Дахин хэлье, covid-19 гээд сампирчихсан хүмүүс л гурил будаанд дарлуулаад явдаг шүү. Маргаашаас эхлээд ажил төрөлдөө явж, алба амины асуудал хөөцөлдөхдөө гоё ганган дээрээ тавиад, зоригтой, золбоотой алхаарай. Нөгөө дэлхийн том том сувгуудаар манайхан автобусны буудал, кофе шоп энэ тэртэйгээ хамт гараад л байна билээ. "Нью Иорк таймс", "Вашингтон пост"-д зураг чинь тууж явах вий. Монголчууд моод дуусгадаг мод байхаа больж од болж байна, цаана чинь. Манайхны хошин шоочийг ч гайхацгаагаад сүйд. Өнөөх Анх-Отгон гэдэг нэрийг чинь First-Last гээд орчуулчихсан л үзэж тарж байна. Ойлгоо биз, бид Монгол учраас од шдээ, од. Салбайж сарсайсан од хаана байлаа. Толгойгоо сайн гэдийлгээд, гаднын хүн харагдвал гараараа ихэмсэг дохино шдээ. Бага зэрэг л ихэмсэг шүү. Хэтэрчихвэл айж нэрэлхээд гар нь чичрээд бүүдийсэн зураг авчихна. Өө тийм, нимгэлж зутрав аа, хүйтэн орныхны хөөрхөн гоёлуудаар дэгжирхэхэд яг болно. Царайлаг, золбоологоо үзүүлээд өг, амны хаалтны аль гоё загварыг ч бас харуул, хамтдаа шүү!

Р.Эмүжин хуудаснаас
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ