“Оготножав” гуайг яах ёстой вэ
2020 оны 5 сарын 5
“Оготножав” гуайг яах ёстой вэ
2020 он гарснаас хойш монголчууд бид COVID-19 коронавирусийн цар тахлын улмаас амьдралын шинэ хэв маягт шилжиж, ОНЛАЙН орчинд илүү ихээр ажиллаж, амьдарч сурч эхэллээ. Эрүүл мэнд хэчнээн чухал болохыг хүн бүр өдөр тутамдаа мэдэрч, амны хаалт зүүж, бээлий өмсөж, ойр ойрхон гараа угааж, санитолоор ариутгал хийж, албан газарт орохдоо халуунаа хэмжүүлж, ариун цэвэр сахихыг бүх нийтээрээ жигд бас тууштай хийж байгаа нь сайшаалтай. Гэвч “сайны хажуугаар саар” гэгчээр сошиал орчинд олны анхаарлыг ямар нэгэн аргаар татаж УИХ-д сонгогдох гэсэн хэсэг бүлэг нөхдийн жүжигчилсэн тоглолтод хууртаж, мөнгөний хойноос улайрагчдын зориуд бэлтгэн тараасан ХАР ПИАР гэх мэдээллийн хог новшинд дарагдаж, “ПОПОРСОН” хэдэн нөхдийн увайгүй үйлдлийг жигшихийн оронд хэрэгт дурлан сонирхож, “БУРУУД НҮД ХУРЦ” байх ёстой асуудлын хажуугаар хараагүй мэт үг дуугүй өнгөрдөг буруу жишиг тогтдог болчихсон нь харамсалтай.

Ядаж байхад Сонгуультай жил таарч байгаатай холбогдуулан толгойтой болгон бие даан нэр дэвшихээ зарлаж, энд тэнд МАН, АН болон бусад нам эвслийн гишүүдийн талаар үнэн худал мэдэгдэхгүй сөрөг муу мэдээллийн далайд живэх нь халаг болж, “СОНГУУЛИЙН СИНДРОМ” эхэлсэн энэ цаг мөчид арай өөр сэдвийг хөндөн авч, төр засгийн өндөрлөг болон ОНМХ-ийн анхаарлын төвд аваачихыг хүслээ. Энэ бол бэлчээрийг талхлан сүйдэлж байгаа хөнөөлт Үлийн цагаан оготноос болж, мал аж ахуй, малчдад өнөөдөр тулгамдаад байгаа асуудлын эргэн тойронд юу болоод байгаа талаар асуудал хөндөхийг зорилоо.
Монгол оронд нийтдээ 60 гаруй зүйл мэрэгч амьтан тархсан бөгөөд тэдгээрээс олширсон үедээ бэлчээр нутаг, газар тариаланд гол хөнөөл учруулдаг зүйл нь Үлийн цагаан оготно юм. Үлийн цагаан оготно нь хэдийгээр бие жижиг боловч тоо толгой олон, ихээхэн газар нутгийг хамарч тархдаг тул олширсон үедээ ургамлан нөмрөгийг 70-90% идэж хөнөөдөг бөгөөд хоногт дунджаар 20-30гр өвс иддэг, өвлийн нөөц тэжээл хөеөндөө дунджаар 6-17кг өвс хураадаг. Бэлчээрийн хөнөөлт эдгээр мэрэгчдийн хор нөлөөгөөр ургамлан нөмрөгт сөрөг өөрчлөлт гарч, бэлчээрийн чанарт нөлөөлж, мал сайн иддэг чанартай ургамал шарилж, лууль зэрэг хогийн ургамлаар солигддог нь МАА-д ихээхэн хохирол учруулаад зогсохгүй олон төрлийн өвчин үүсгэгчийг тээж тараадаг нь хүний эрүүл мэндэд сөрөг, муу нөлөө үзүүлдэг билээ. Ингэж бодохоор энэхүү бэлчээрийн хортон үржил нь хурдан, өсөх нь хурдан, хор хөнөөл нь бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг устгаж хөнөөдөг байдлаараа үнэхээр хорлонтой гэдэг хэнд ч ойлгомжтой харагдаж байгаа биз.

Өвс ургамлын үндсийг идэж, газрын хөрсийг сэндийлж хаядаг, байгаль дэлхийд тэр дундаа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчдын хувьд тун ээлгүй Үлийн цагаан оготно чухам яагаад ийм ихээр зүүн аймгуудад тархаж, бэлчээрийн газар нутгийг талхлан юу ч үгүй сүйдэлж орхисны учрыг жирийн малчин ийнхүү ярьж байна. Бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийн тоо толгойг цөөлж тэмцэхдээ манай улс 1962 оноос онгоцоор химийн бодис цацах аргаас гадна байгальд ээлтэй утах, ус цутгах, нүх мөргүүлэх, хөеө ноохой авах, үлийг цооноглох, нүх үлийг норгох, хавх занга, урхи, дайжуулагч, амьд баригч зэрэг багаж хэрэгсэл ашиглаж барих гэх мэтчилэн байгальд сөрөг нөлөөгүй механик аргуудыг хослуулан хэрэглэж байсныг түүх гэрчилнэ. Гэвч өдгөө Үлийн цагаан оготно хэт олширч, их хэмжээний талбайг хамарсан үед дээрх механик аргуудыг хэрэглэхэд ихээхэн зардал, цаг хугацаа, хүн хүч шаардагдах болсон тул энэ бүгдээс арай өөр дэвшилтэт аргыг сэдэж олж, практикт өргөнөөр ашиглаасай гэж хүртэл бодогддог.
Сүүлийн үед техник технолог улам хөгжиж буй өнөө цагт өмнөхөөсөө улам дордож, бэлчээрийн хортон мэрэгчдийн хөлд газар нутгаа сүйтгүүлж байгаагийн буруутныг олоход хялбархан аж. Учир нь тухайн салбарыг хариуцаж байгаа төрийн өндөр албан тушаалтны бодлогогүй алхам, мунхаг шийдвэрээс шалтгаалан хяналтаасаа алдчихсаныг өнөөдөр хүн бүхэн шогширч байгаа нь нууц биш. Хуучин соц нийгмийн үед Хэнтий аймгийн зарим нутгаар бэлчээрийн хортон шавж, Үлийн цагаан оготныг устгалд оруулахын тулд онгоцоор химийн хор цацдаг байсан бөгөөд ийн цацахдаа тухайн сумын хүн ам, мал ахуйг өөр сум орон руу нүүлгэн шилжүүлэх замаар жил болгон шат дараалсан зөв алхам хийж байсан учраас өнөө цагийнх шиг ингэж оготно, зурамдаа баригдатлаа сүйрч байгаагүй гэнэ. Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдсанаас болж цаг агаарын уур амьсгал ч өөрчлөгдөж, чийг өгөх ёстой цагтаа хур бороо орохоо больж, зундаа ган гачигт нэрвэгдэж өвөлдөө зуд турханд баригддаг болсны буруутныг малчид цаг хугацаандаа бэлчээрийн хортон шавж, мэрэгч амьтдыг устгалд оруулахгүй хайнга хандсанаас үүдэлтэй гэдгийг ч хэлж байна. Улс төрийн тогтворгүй байдал, улс төрчдийн увайгүй хандлага, улс орноо бодох ухаан сэтгэл дутсанаас болж, албан тушаалын сэг зэм хүртсэн зарим нөхөд даргын сэнтийг өөрсдийн амин зуулгаа өсгөх нэг арга хэмээн харж, улсын төсөвлөсөн хөрөнгө, мөнгөнөөс зам зуураас нь завшдаг бохир арга технологоос үүдэж, энэ бүх хариуцлагагүй агаад хайхрамжгүй байдал газар авсан нь үнэний ортой.
Ямар сайндаа тэр нэгэн жил нэр бүхий сайд нутаг орондоо ХУР БОРОО ДАГУУЛЖ ОЧДОГ ХУВЬТАЙ ХҮН БОЛОХ гэж үүл буудуулснаас болж, тэр хавьд нь бөөн цас орж, баахан мал хуй үхсэн тухай тааруухан мэдээлэл тархаж байсныг тодхон санаж байна. Гэтэл урд, хойд хоёр хөрш орны газар нутгийн байдалд онцын өөрчлөлт гаралгүй, байнгын чийгтэй дулаантай, хур бороо элбэгтэй, өвс ургамал сайтай байгаагийн цаад учир нь ердөө л цаг хугацаанд нь урьдчилан сэргийлэх ёстой ажлуудыг хийж чаддагт байгааг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ганц хүний үүрэг хариуцлагаас гагцхүү байгаль дэлхийн уур амьсгал ч бас давхар нөлөөлж болдгийг бид санахад илүүдэхгүй. Бас бэлчээрийн хортон шавж, мэрэгч амьтадтай тэмцэх гэж байгаа юм бол яагаад өнөөдөр жирийн малчдаар хор цацуулж, Үлийн цагаан оготно зэрэг хөнөөлт мэрэгчдээс салж чадна гэж бодсон ХХААХҮЯ болон БОАЖЯ-ны удирдлагуудын гаргасан тушаал шийдвэрийг үнэндээ гайхаж сууна. Ид мал төллөлтийн үеэр, хаврын тарчиг цагаар хэдэн малаа хаяад бэлчээрийн хортон ургамал, шавжтай тэмцэх гээд явах зав зайтай малчид хэр их байх бол??? Бодох л асуудал. Хаврын тарчиг цагаар, ид мал төлөлтийн цагаар орон гэртээ ч орох завгүй, хоол ундаа ч халуунаар нь идэж амжихгүй байдаг малчдад тарааж өгсөн хэдэн шуудай хороор яаж ч бэлчээрийн газар нутгийг хортон шавж, мэрэгч амьтдаас тийм амар салгах билээ дээ. Нөгөө “ЗАНГУУНЫ ҮЛГЭР” гэгч болох байлгүй.

Хэнтий аймгийн зарим сумдаас гадна Сүхбаатар, Дорнод аймгийн нэлээдгүй бэлчээрийн газар нутаг тэр чигтээ Үлийн цагаан оготны хөлд нэрвэгдсэнээс болж цагаан шороо тоос пургилсан орчин тойрон угтахаас гадна өвс ногоо тачирхан шарилж, лууль олноор ургаж, нүд ам, хоолой хорсгосон бодит байдлыг үзээд үнэхээр харамсах сэтгэгдэл төрж байв. Эх орны минь хөдөө хээр, бэлчээрийн газар нутаг Үлийн цагаан оготны сэндийчсэн хөеө, нүх сүвээр битүү дүүрч, тэнд өвс ургамал ургах ямар ч боломжгүй болж, цөлжилт үүссэн нь энэ ХАА-н салбарыг хариуцсан нөхдийн ажлын хариуцлагагүй байдалтай шууд холбоотойг шулуухан хэлчихье. Зөвхөн бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчдаас гадна газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг олон мянган тариаланчдын хүч хөлс шингэсэн хөдөлмөр зүтгэл ийнхүү хэн нэгэн албан тушаалтнуудын ажлын буруу тогтолцооноос болж, үр дагавар нь хэрхэн урвуугаар эргэж байгааг харахад үнэндээ нүд хальтрам.

Хот хүрээ бараадаж хөдөө орон нутгийг амралт зугаалгын газар мэтээр санагалздаг амьдрал мэдэхгүй, бодит байдлыг ойшоодоггүй, ажил хэргийнхээ үнэн мөн чанарыг ухаардаггүй, сандал суудлаас ховхордоггүй хэсэг бүлэг хүмүүсийн өнгө мөнгөний шуналаас болж, өнөөдөр Монголын бэлчээрийн болоод тариалангийн ихэнх газар нутаг бэлчээрийн хортон хөнөөлт шавж, Үлийн цагаан оготны нүүдэлд нэрвэгдэн дуусаж буйг одоо л төр засаг анхааралдаа авч, хариу арга хэмжээ авахгүй бол магадгүй 2-3 жилийн дараа нөхөж барагдахгүй их хөрөнгө мөнгө гаргаад ч нөхөн сэргээж чадахгүй болохвий гэхээс санаа зовж байна. Зүгээр л зүүн гурван аймгийн хар засмал замаар шийдвэр гаргагч түвшний удирдах албан тушаалтан та бүхэн дарга цэргээ чирэлгүй ганц нэг сэтгүүлчдийн багийг аваад бодит байдлыг сурвалжлаад үз. Хөдөө орон нутгийг зорь. Нүдээрээ хар. Бодит байдалтай нүүр тул. Түүнээс биш бөөн хар машин хөлөглөж, аймаг сумдын засаг дарга нарыг хөдөлгөөнд оруулж, сүр бараа бадруулан ирэхийн хэрэг энд огтхон ч байхгүй. Зам дагуух асфальтан дээгүүр улаан эрээн болтлоо машин тэрэгний хөлд дайрагдсан Үлийн цагаан оготны цусанд будагдсан сэг зэм, үс ноосыг хараад та бүхний дотор муухайрна гэдэгт итгэлтэй байна. Үлийн цагаан оготно нь бэлчээрийн өвс ургамалд ноцтой хор хөнөөл учруулдаг “бэлчээрийн хортон” бөгөөд үүнтэй дорвитой аргаар тэмцэхгүй энэ мэтчилэн өдөр хоногийг аргацааж ирэх юм бол эцсийн дүнд нүүдлийн мал аж ахуй устах аюул хаяанд байгааг бид тоохгүй байж болно гэж үү???

Хамгийн инээд хүргэм жишээ дурдахад, Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулахдаа нэгдсэн нэг мэргэжлийн албан байгууллагад хандаж, ажлыг хийлгүүлэхийн оронд ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн үеэс гэнэт ШБОС гэдэг шиг өөрчлөлт хийж, өмнө нь хэвийн явагдаж байсан бүхий л ажлуудыг орвонгоор нь эргүүлчихсэн гэдэг. Учир нь бэлчээрийн газар нутаг, тариалангийн олон га газрыг авран хамгаалах учиртай ХХААХҮЯ гэнэт хор устгалын ажлыг олон жил тогтвортой хийж ирсэн мэргэжлийн байгууллагуудыг шахан гаргаж, аймаг, сум бүрд хор цацах ажлыг хуваарилах болсон цагаас эхлэн энэ хортон мэрэгчидтэй тэмцэх устгалын ажил үндсэндээ уналтад орж, тухайн ажил зогсонги байдалд хүрчээ. Зөв цэгцтэй бодлого баримталж, дээр доороо идэж уухын өвчинд нэрвэгдээгүйсэн бол өдийд бид газар нутгаа ийм болтол унаган төрхийг нь алдагдуулж, уул уурхайн хөлд сэглүүлээд зогсохгүй бэлчээрийн хортон шавж, оготно зурамд тавиад туучихаар алхам хийхгүй байсан биз. Бидний монголчууд эртнээсээ 4 улирлаар нүүдэллэн бэлчээрийг хуваарьтай ашиглаж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрсдэлээс хамгаалж ирсэн мал маллагааны уламжлалт аргатай байсан учраас өдийгөөс төдий хүртэл онгон дагшин явж ирсэн газар нутагтаа бид харамсалтай нь эзэн болж чадсангүй. Гол усны эхийг бузарлах аваас цаазаар авах хүнд ялтай байсан тэртээ Чингис хааны үед ч тэр энэ мэтчилэн аргаар мал аж ахуй, газар нутгаа хайрлан хамгаалж ирснийг түүх шастираас уншаад өнөө цагийн эрлэгүүдийн хийж буй ухаангүй алхмыг хараад дур гутах юм.

Улсын төсөвт суугдсан олон тэрбумын төсөв аймагт хуваарилагдаж очихдоо их бага хэмжээгээр танагдсаар сумдад хүрч, сумын удирдлагаас мөнгө төгрөг нь улам хасагдсаар эцсийн дүнд хэдэн малынхаа араас өдөр шөнөгүй, борви бохисхийлгүй явдаг хэдэн малчдын гар дээр бэлчээр ургамлыг талхалж буй Үлийн цагаан оготнотой тэмц хэмээн 10 кг хүрэхтэй үгүйтэй хор тараагдсан талаар чих дэлсэж байлаа. Хэнтий аймагт өнгөрсөн жил малчид хороо цацаагүй, буруу хадгалсны улмаас хөлдсөн шуудайтай хорыг жалга довонд булснаас болж, мал амьтан идэж ихээр үхэж үрэгдсэн тохиолдол хүртэл гарсныг энэ мэт баримтууд баталж байна. Олон жилийн өмнө зарим аймгуудад хортой будааг хүмүүс хуурч идсэнээс болж нас барж байсан тохиолдол гарч байсныг бид мартах ёсгүй. Энэ бол орон нутгийн байгууллагуудын хариуцлагагүй ажил юм. Мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажлыг ийнхүү жирийн малчдад ацаглаж “БИ ЧАДНАЧҮҮД”-ийн эгнээнд оруулж орхисны гол буруутныг олж, хариуцлага тооцож амжаагүй байхад чинь эх орны чинь сөөм газар шороо алд дэлмээр Үлийн цагаан оготны хөлд сүйдлэгдэж, малчид гэр орондоо санаа амар суухын завдалгүй, мал ахуй нь хамар хатгаж идэх өвс ургамалгүй болчихоод байгаа бодит үнэнийг олж хараасай билээ.

Яг ачир дээрээ бэлчээрийн газар нутгийг хөнөөлт амьтдаас урьдчилан сэргийлэх, хамгаалах учиртай хор нь стандартын чанарын шаардлага хангасан эсэхийг нь мэдэхгүй малчид бэлчээрт хэрэг болгон цацаж, Үлийн цагаан оготнотой тэмцсэн гэхэд итгэл төрсөнгүй. Үлийн цагаан оготныг ийм гарын доорх аргаар, тийм үлбийсэн байдлаар, ямар нэгэн хараа хяналт шалгалтгүйгээр, мэргэжлийн байгууллагын туслалцаа дэмжлэггүйгээр, хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагааг албаар ийнхүү орхигдуулан хэдхэн тооны малчдад найдаад орхисон нь үнэндээ “нүглийн нүдийг гурилаар хуурах”-ын үлгэр болжээ. Гэтэл үнэн хэрэгтээ бэлчээрийн газар нутгийг хортон шавж, Үлийн цагаан оготноос хамгаалж, урьдчилан сэргийлдэг хор цацах улирлын чанартай ажлууд үндсэндээ бодлогын түвшинд алдагдаж, хэн нэгэндээ даатгаж орхиод “төсвийн мөнгө уйлдаггүй” гэдгийн үлгэрээр ТЕНДЕР нэрийн дор дээгүүрээ хувааж цохиод, доогуураа үлдэгдлээр нь найрлаад дуусдаг гаж буруу хандлагаас үүдэлтэйг нуух юун.

Эх орноо хайрлан хамгаалж, эзэн мэт өөриймсөг сэтгэлээр ханддаг хүн бүхний анхаарлын төвд байж, төр засгийн удирдлагын чихнээс хонх уях ёстой зайлшгүй сэдэв бол энэ “Үлийн цагаан ОГОТНОЖАВ” гуайн асуудлыг Онцгой ихээр анхааралдаа авч, устгалд оруулах ажлыг шат дараалалтайгаар, зөв тооцоо судалгаатайгаар хийхгүй бол нэг хоёрхон жилийн дараа “МАХ МАГНАГ” болж, мань мэтэд нь хүртэх цаг хомс болох нь тодорхой болсны жишээ энэ байна. Нийслэлд амьдран суугаа бид нэг их хотын соёл ярьцгаах атлаа хөдөө хөхөрч, гадаа гандаж буй малчдынхаа хэрхэн цаг хугацааг туулан, хөлс хүч, хөдөлмөрөө зарцуулан байж хэдэн малаа онд мэнд өнтэй оруулдгийг мэдэхсэн билүү? Хямд үнэтэй мах зарсангүй хэмээн хараан зүхэхийн оронд малчиддаа ч ээлтэй, иргэддээ ч хэрэгцээтэй аргаар мал махны асуудлыг шийдээд, гарц гаргалгааг олоод өгчих мэргэжлийн хүн олдохгүй гэхээр гайхаш тасрах юм.
Малчдын хувьд үгээ барж, үсээ үгтээхийн наахнуур болж буй амин чухал асуудал бол бэлчээрийн газар нутгийг цөлжүүлж дуусгаж байгаа Үлийн цагаан оготныг устгах тал дээр үтэр түргэн яаралтай арга хэмжээ авч өгөхийг залбирах шахам гуйж байсныг дахин сануулчихъя. “Мах идэж мэдэхээс Малыг нь хариулж мэдэхгүй” хот суурин газрын бидэнд Үлийн цагаан оготны хор хөнөөл үнэндээ чихнээс наахнуур, нүднээс далд зүйл болохоор санаа чилээж, сэтгэл тавих ухамсар дутаж байгааг юуг нь нуухав. Асуудлыг яагаад ийм ягт нь тултал туйлдуулж орхисны үнэн учрыг мэдэхийн тулд ХХААХҮЯ-ны үүд хаалгыг хий дэмий онголзуулахыг хүссэнгүй. Яам тамгын газрын сандал ширээ бараадаж, зөөлөн сэнтийд тухалсан дарга, даамлуудын оргүй хоосон үг, уран цэцэн амлалт, амьдралд нийцэмгүй тоо баримт дурдагдсан тайлан тооцоог ч харахыг хүссэнгүй. Газар дээрээс нь бодит байдлын тухай мэдээ, сурвалжилга бэлтгэхийн тулд тухайн газар оронд ажиллаж, амьдарч буй эгэл жирийн малчин айл өрхүүдээс сонссон, нүдээрээ харсан зүйлсийг эвлүүлж бичиглэхийг оролдсон минь энэ.
Мах идэх сайхан ч мал өсөж үржихийн үндэс суурь болсон бэлчээрийн газар нутаг, өвс ургамлын аймаг, орон нутгийн одоогийн бодит байдлыг хий хоосон ярьсаар байгаа ч яг таг дорвитой авагдсан арга хэмжээ гэх зүйл алга. Бэлчээрийн газар нутгаа Үлийн цагаан оготны нүүдэлд сүйдлүүлж, амь амьжиргааг нь залгуулж байдаг таван хошуу малаа хэрхэн адгуулж, бэлчээх учраа олохоо байсан, жилийн дөрвөн улиралд гадаа гандаж, хөдөө хөхөрч яваа жирийн малчин ардынхаа үг яриаг ганц ч удаа болов ХХААХҮ-ийн сайдаас өгсүүлээд холбогдох албаны хүмүүс сонсоосой. Ядаж үг яриаг нь анхааралдаа авч, ажил хэрэгтээ тусгаж, аюулын ирмэгт тулаад байгаа бэлчээрийн газар нутгаа авран хамгаалж, хэдэн малчдынхаа амьжиргаа болсон мал аж ахуйг анхаарч үзээсэй!!! Монголчуудын амьжиргааны гол эх үүсвэр мал аж ахуй гэдэгтээ маргах хүн гарахгүй.

Эрчимжсэн фермерийн аж ахуй тэр дундаа мах сүүний үүлдрийн үнээний ферм монголын орчин нөхцөлд идээших нь тун барагтайхан гэдгийг энэ салбарт хөл тавьж ороод дампуурах шахаад гарсан захын нэгэн бизнесмэнээс асуухад төвөггүйхэн хэлчихнэ. Угаасаа хэдэн зуун жил бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлж, малынхаа аясыг дагаж, бэлчээр өвсний соргогийг даган нүүдэллэж, ахуй амьдралаа залгуулдаг малчдын хувьд бэлчээр устаж үгүй болно гэдэг мал аж ахуй үндсэндээ цөөрч үгүй болохын дохио гэдгийг хэзээ ухаарах ёстой юм болоо!!! Аливаа салбарт ажлаа мэддэг хүн цөөрч, бодлого боловсруулалцдаг удирдлагуудын ур чадвараас гадна сэтгэл дутсанаас болж, эх орны минь газар шороо зүүн тийшээгээ үндсэндээ цөлжиж, хонь мал нь хамар хатгах өвсгүй улмаас өч төчнөөн малчид өөр аймаг сум дамнан бэлчээр булаацалдаж, сүүлдээ зодоон цохион буу шийдэмдээ хүрч байгаа нь МОНГОЛЫН өнөөгийн ЭМГЭНЭЛ биш гэж үү???

Үүнд анхаарал хандуулж, бодлого зангидах албаны хүн ер нь байна уу гэж асуулт тавимаар байна. Арга нь барагдсан хэдэн малчид нь муур гэр орондоо тэжээхчээн аядсан нь үнэндээ муур нь Үлийн цагаан оготно барьж идэх нь байтугай бүр “пологтож” огтхон ч тоохоо больсон атал хонь мал хүртэл сүүлдээ оготно зураг идэж байгаа талаар үлгэр шахуу зүйлс малчдын амнаас унаж байх юм. Үдэш малаа хотлуулаад нар шингэхийн алдад харахад малын хөлийн тоос шиг шороо татуулах Үлийн цагаан оготны сүрэг дуртай зүгтээ өвс ургамлын үндсийг юу ч үгүй идэж, бэлчээрийг цөлжүүлснээс болж, хадлангийн талбай устгаж үгүй болгож буйг яах ёстой вэ??? Хадлан өвсөө бэлдэж чадахгүй бол өвөл, хаврын хайлган тарчиг цагаар малчид хаанаас, хэнээс гэж мал ахуйгаа тэжээх өвс тэжээл гуйж явах билээ дээ. Өнөөдөр надад тулгараагүй бол зовлон биш юм шиг харж, хөндлөнгийн нүдээр холоос, бичиг цаасны цаанаас ажлаа хийж ирсэн БОАЖЯ, ХХААХҮЯ зэрэг газрууд хэдий болтол нүдэн балай, чихэн дүлий явах болж байна вэ?

Сэтгүүлч М.Эрдэнэчимэг
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ