Зориулалтын дагуу газраа ашиглаагүй аж ахуйн нэгжийн газрын эрхийг цуцлав
2020 оны 5 сарын 26
Зориулалтын дагуу газраа ашиглаагүй аж ахуйн нэгжийн газрын эрхийг цуцлав
Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авзага трейд” компанийн нэр дээр газар эзэмшлийн гэрчилгээтэй боловч 15 жилийн турш ашиглаагүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд дур мэдэн хашаагаа өргөтгөсөн нөхцөл байдал дээр хотын Захирагч С.Амарсайхан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа  тэргүүтэй албаныхан ажиллалаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “ 2005 онд орон сууц барих зориулалтаар газар эзэмших эрхийг тус компани авч байсан боловч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй. Газар эзэмших гэрчилгээтэй боловч 15 жилийн турш ашиглаагүй. Одоогийн байдлаар барилгын суурь ухаад орхигдсон байдалтай. Нийтийн эзэмшлийн гудамж талбай руу халдаж зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан учраас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараалан шаардлага тавьж байгаа” гэв.

Газар чөлөөлтийн ажлыг даруй хийгдсэн тохиолдолд хороолол дундах орц гарц нээх ажлуудыг эхлүүлэх талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра тайлбарлав.

Хотын Захирагч С.Амарсайхан “Хотын төвд овоолсон хог шороотой хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн зөвшөөрөлгүй хашаа хороогоо тэлж нийтийн эзэмшлийн гудамж талбайд халдсан аж ахуйн нэгжийн газрын эрхийг даруй цуцал. Маргаашнаас эхэлж хашааг буулгах, хог шороог цэвэрлэх арга хэмжээг авч холбогдох бүх зардлыг аж ахуйн нэгжээс гаргаж авах хэрэгтэй. Хороолол дундах орц гарцыг гаргаж, ногоон байгууламж тохижилтын ажлыг яаралтай эхлүүл” хэмээн холбогдох албаныханд даалгав.

Нийгмийн идэвхтэй, гаднах орчноо тохижуулсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулж үлгэр жишээ байдлыг нь  олон нийтэд сурталчлан таниулах ажлыг мөн хийх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ