М.Хатанбаатар: Жингээ хасахын тулд эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй
2020 оны 6 сарын 8
М.Хатанбаатар: Жингээ хасахын тулд эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй

 “HR” фитнесийн багш, дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны тамирчин М.Хатанбаатартай ярилцлаа.

-Сүүлийн үед манайхны дунд илүүдэл жин нэлээд асуудал болж байх шиг. Ер нь таргалалт улам нэмэгдэх хандлагатай байгаагийн шалтгааныг юу гэж харж байна вэ?

 -Өмнө нь монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй байсан тул барагтай бол хөдөлгөөний дутагдалд ордоггүй байж. Харин сүүлийн үед ихэнх нь суурин соёл иргэншилд шилжээд, өглөө гараад ажилдаа автобус эсвэл машинаар явчихдаг. Орой мөн унаагаар хариад хоолоо идчихээд, зурагт үзэж байгаад унтчихдаг. Дээр нь маш буруу хооллож байна. Хэдийгээр дэлгүүрт хэт олон төрлийн хүнс байгаа ч түүнээс өөрт хэрэгтэйгээ сонгон хэрэглэж чаддаггүй. Илүүдэл жинтэй хүмүүсийн 90 гаруй хувь нь амьдралын буруу хэв маягаас болж жин нэмсэн бол 10 орчим хувь нь дааврын өөрчлөлт, эрүүл мэндийн шалтгаанаас болсон байдаг.

-Тэгвэл жингээ хасах хамгийн зөв арга юу вэ?

-Эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал, эмэгтэйчүүд нэг сарын хугацаанд хэдэн кг хасах боломжтой вэ гэхээс биш ийм хугацаанд эрүүл амьдралын дадал хэр эзэмших бол гэдгээ асуудаггүй. Уг нь эрүүл амьдралын хэв маягтай байхад жин хүссэн хүсээгүй буурчихдаг. Тиймээс жингээ хасахдаа, “Би өдөрт хэдэн калори илчлэг авч байна, авсан илчлэгээ тухайн өдрөө шатааж чадаж байна уу, эсвэл илүүдэл өөх болгон биедээ хуримтлуулчихаад байна уу” гэдгээ эхлээд мэддэг байх ёстой. Түүнээс биш зөвхөн жингээ хасна гэдэг бодолд автаад буруу аргаар жин хасаад, эргээд таргалчихдаг, өөрийнхөө эрүүл мэндийг хохироодог тохиолдол олон бий.

-Хоолны дэглэм барих хүсэлтэй хүмүүс олон бий. Тэр хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүн нэг өдөр гэнэтхэн илүүдэл жинтэй болчихдоггүй. Нэг хоёр, тав арван сар, тав, арван жилийн турш хуримтлуулдаг. Ингээд өөрийн мэдэлгүй шахуу жин нэмж байгаад гэнэтхэн жингээ хасах ёстой юм байна гэдгийг ойлгоод эхэлдэг. Хамгийн түрүүнд богино хугацаанд жин хасах ёстой гэж буруу эм бэлдмэл хэрэглэж, хоол хэт сойж эрүүл мэндээ алдаж байна. Жин хасах хоолны янз бүрийн дэглэм бий. Тэр дэглэмүүдийг судлаад үзэх хэрэгтэй. Хоол хэт сойсон дэглэм л байвал буруу гэсэн үг. Харин уураг, өөх тос, нүүрс зэргийг тооцсон хоолны зөв хөтөлбөр байвал өөртөө тохирохыг нь сонгох хэрэгтэй. 

-Сүүлийн үед бүсгүйчүүд мацаг их барих болжээ. Энэ талаар?

-Монголчуудын уламжлалт амьдралаас судлаад үзэхээр дулааны улиралд их хэмжээгээр хоол иддэггүй байж. Харин өвөлдөө идэш хийгээд махаа идчихдэг. Зунаас намрын хооронд аль болох хөнгөн хооллож, ихэвчлэн сүү, цагаан идээгээ хэрэглэдэг байсан юм билээ. Зөв цагт мацаг барих нь зөв гэж үздэг. Гэхдээ өөрийн бие махбодод дасгах зарчмаар мацаг барьж хэвших ёстой. Бага хооллож, бага багаар биедээ дасгаж байж мэргэжлийн эмчийн зөвлөгөөн дор мацаг барих хэрэгтэй. Тарган хүн тал бүрийн өвчтэй гэдэг. Хэт илүүдэл жинтэй хүн гэнэт мацаг барих нь бол буруу. Тиймээс заавал эрүүл мэндийн шинжилгээ хийлгээд, өөрт тохирсон мацаг барих нь зөв. Жингээ хасах гэж байна хэмээн өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулж болохгүй.

-Жин хасахад хоол хүнснээс гадна, дасгал хөдөлгөөн мэдээж чухал байх?

-Хүн өдөрт хоёр мянган калори энерги шатааж байгаа мөртлөө 3000 калори илчлэгтэй хоол идээд байвал нэг мянган калорийн зөрүү нь өөх болж хувирдаг гэсэн үг. Харин идсэн хоолноосоо илүү энерги зарцуулж дасгал хөдөлгөөн хийж байгаа нь өөх эрчимтэй шатаахад тустай. Мөн дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Аэробик, усанд сэлэх, сагс тоглох,  бүжиглэх зэрэг нь аэроб төрлийн дасгалдаа орно. Энэ төрлийн дасгалыг сонгож хийх юм бол өөх шатаалтыг илүү дэмжиж өгдөг. Харин өөхөө шатаачихсан булчингаа галбиржуулах гэж байгаа, булчингийн масс авах гэж байгаа хүмүүс гантел өргөх, хөл мөр, гарын дасгал зэрэг хэсэгчилсэн булчингийн дасгалууд хийх нь зөв. 

-Дасгалын үед ус уух нь зөв үү?

-Биеийн өөх багатай тамирчид булчин нэмэх зорилготой тул ус бага уух нь зөв. Харин өөх шатаах зорилготой хөдөлгөөн хийж байгаа илүүдэл жинтэй хүмүүс дасгалын үед бага, багаар ус ууж өөхөө шатаах ёстой. Мөн идэвхтэй дасгал хийсэн үед хөлсөөр их хэмжээний бодисын солилцооны хорт нэгдэл, эрдэс давс гадагшилдаг учраас дасгал хийсний дараа заавал шүршүүрт орж байх ёстой. 

-Туранхай харагдаж байгаа хэрнээ өөх ихтэй хүмүүс бий. Би туранхай юм чинь зүгээр гээд яваад байдаг. Өөх хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Өөх ихэвчлэн хэвлий хэсэгт хуримтлагддаг. Малтай зүйрлэбэл сэмж гэсэн үг. Хэвлийн өөх их байвал цаашлаад элэг өөхөлнө. Цусан доторх өөх тосны агууламж ихэснэ. Судасны хатуурал бий болно. Тархинд цус харвах эрсдэлт хүчин зүйл эндээс үүсч эхэлж байна. Зарим нь өөх нь багасаад жин буурч байгаад сүүлдээ жин хасагдахгүй болчихлоо гэдэг. Үнэн хэрэгтээ өөхөө хасаад булчин нэмээд ирэхээр биеийн галбир өөрчлөгдөж, хувцасны размер жижгэрдэг ч жин хасагдахгүй байж болно. Тиймээс жинд биш, биеийн бүтэцдээ анхаарах хэрэгтэй. Нэг кг өөх, нэг кг булчин хоёр бүтцийн хувьд харьцангуй өөр. Өөх илүү хөвсгөр шүү дээ.

-Давсгүй хоол идэх нь жин хасахад тусалдаг гэсэн ойлголт бий. Энэ талаар?

-Манайхны давсны хэрэглээ хэт илүүдэлтэй гэх судалгаа байдаг юм билээ. Давс ихтэй хүнс идэхээр ам их цангадаг. Ийм шалтгаанаар шингэн их ууснаар хүний биед өөхнөөс гадна хаван үүсгэдэг талтай. Мөн цусан дахь сахар нэмэгдэж, даралт ихэсдэг. Тэгэхээр үндсэндээ гэртээ хийж буй хоол цайныхаа давсыг бага багаар хасаад, аль болох бага давс хэрэглэх хэрэглэх нь зүйтэй гэж хэлмээр байна.
  

Эх сурвалж http://www.info.mn
М.Хатанбаатар: Жингээ хасахын тулд эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй
М.Хатанбаатар: Жингээ хасахын тулд эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй
М.Хатанбаатар: Жингээ хасахын тулд эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй
М.Хатанбаатар: Жингээ хасахын тулд эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй
М.Хатанбаатар: Жингээ хасахын тулд эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ