Монгол ёсон: Усны цээр
2020 оны 6 сарын 12
Монгол ёсон: Усны цээр
Усны цээр: 

-Зун нар буцахаас өмнө урсгал усанд орохыг цээрлэнэ. Усны хор гараагүй цагт усанд орвол өвчин олно, өрөөл татанхай болно гэдэг.
-Зуны халуун өдөр худаг, булгийн хүйтэн усаар толгойгоо угаах, толгой дээрээ цочмог асгахыг цээрлэнэ. Цус царцан өвчин олно гэх буюу ухаан балартан үхэдхийнэ гэдэг.
-Урсгал ус, нуур, цөөрөм рүү морь харахыг цээрлэнэ. Ус унд бузарлана, лус хилэгнүүлнэ гэнэ.
-Ус дамнаад гэрт орохыг цээрлэнэ. Заавал дамнуур модоо гадаа орхино.Зөрчвөөс ус уух хоногийн тоо хорогдоно гэнэ.
-Ус түлээ хоёрыг хамт авч ирэхийг цээрлэнэ. Талийгаачийг оршуулахад ус, түлээ хоёрыг хамт авчрах буюу авч явдаг учир тийнхүү ердийн цагт цээрлэдэг бөлгөө.
-Усанд орсон адууг үргээхийг цээрлэнэ. Зөрчвөөс адуу мал хулжина, удаан хугацаагаар дутаана, дайжина гэнэ.
-Үдээс хойш ус авахыг цээрлэнэ. Учир нь худаг, булгийн ус өглөө эрт тунгалаг, элбэг устай байдаг тул унд, хоолны усаа заавал өглөө эрт авдаг. Хөөтэй тогоогоор худаг уснаас ус авахыг цээрлэнэ. Лусын эзнийг галтай харшуулсан нүгэл болох тул хүн малд аюул сүйрэл учирна гэдэг.
-Үүдээр ус цацах, асгахыг цээрлэнэ. Эс цээрлэвээс үүдэн сахиусаа ус, угаадсаар сүрчсэнтэй адил гэнэ.
-Урсгал усанд алив юм хамаагүй угаахыг цээрлэнэ. Хэрэв угаах бол сав суулгаар уснаас нь утган авч хол очиж угаана. Зөрчвөөс лус хилэгнүүлнэ, унд ус бузарлана гэнэ.
-Эр хүн нохойн толгой уруу ус цацахыг цээрлэнэ. Зөрчвөөс гай гамшиг даллана, сүлд хийморь доройтно гэнэ.Хүмүүс анх уулзахдаа хар ус ууж танилцахыг цээрлэнэ. Муу ёр.
-Гурван цагаан нуугдлын хугацаанд усанд орох цээртэй.
-Намрын уур орсон өдөр усанд орж угаалга хийхийг цээрлэнэ. Цагаан мяраа өвчин олно.
-Хар ус самрахыг цээрлэнэ. Хараалын дом усыг алт мөнгөн саваар утгадаггүй, цээртэй
-Ус руу шээх хориотой байв. "Ус руу шээснийг цаазаар аваачмуй" /Их засаг/
-Хар ус дээш цацах, хар ус самрах, хар ус харамлах цээртэй
-Шанагыг буруу харуулж зочин хүнд цай будаа өгөх цээртэй. Золигт гаргах хүнд тэгдэг.
-Хуурай худаг руу өнгийхийг цээрлэнэ.
-Хаврын уур орсон өдөр мал услахыг цээрлэнэ.
-Ус авч яваа хүн замд тааралдвал уснаас нь амсаад явна. Сайны бэлгэдэл юм.-Хоосон савтай болвол муу ёр гэнэ.

Цагаачууд Овогт Э.Тайвантөр
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ