Сэтгэл хөдөлгөм сайхан түүх
2020 оны 6 сарын 19
Сэтгэл хөдөлгөм сайхан түүх
Гэрлээд 8 жил болж байгаа нэгэн гэр бүлийн өрхийн тэргүүн, хүний хань, хүүхдийн эцэг “би”.
Одоогоос 3 жилийн өмнө “гэр бүл салалт”-ын муу үр дагавар, нөлөөг анх мэдэрч байлаа.

Энэ сэтгэлийн гүн хямралыг өөрөө л мэдрээгүй бол үгээр илэрхийлэх боломжгүй..
Эхнэр бид хоёрын хувьд яг энэнээс боллоо гээд хэлчих тодорхой шалтгаан байгаагүй ч эхнэрийн амнаас “салая” гэдэг үг уйдах шахам ойр ойрхон гарах боллоо.

Би ч завгүй их ажил, гэрийн асуудал гээд өөрийгөө ядраасан амьтан байсан тул шууд л “за за” гээд орхив. Нэг гэрт хэдий ч эхнэр бид 2 тус тусдаа өрөөнд амьдарч, хоорондоо нэг үг ч солилцохоо байв.

Юм ч ярихгүй болохоор бие биенийгээ улам л муугаар бодож, итгэл буурч, хэн хэнийх нь хийсэн аар саар жижиг зүйлсэд ч уур хүрч үзэн ядах болов.

Ингээд ер нь албан ёсоор салая даа гэж бодон өдөр хоногоо төлөвлөж байлаа. Жаахан хүү минь ч хүүхэд гэлтгүй байдлыг ойлгосон бололтой уйламтгай болж, инээх ч үгүй болсон байв.

Хос хоёр муудаж л байвал хайр сэтгэл нь байсаар байна гэдгийг ойлгуулах мэт намайг гадуур хоноод ирэхэд ч эхнэр ер тоохоо болив…

Ийм байдалтай хэдэн сар өнгөрлөө..

Нэг өдөр ажлаа тараад харьж явтал гудамжинд нэгэн эмээ жүрж жимс зарж байна. “Хүү минь сүүлийн хэдхэн жимсийг минь аваач, хямдхан шүү” гэж их л гуйсан харцаар харахаар нь бүгдийг нь аваад гэрлүүгээ орлоо.

Ороод нөгөө авсан жүржүүдээ гал тогооны ширээн дээр тавьчихаад угаалгын өрөө ороод гарч иртэл эхнэр миний авчирсан жүржийг арилгаад идэж байв. Хэдэн хумс жүрж идсэнээ “ямар амттай жүрж вэ” гэж хэлээд өрөөрүүгээ ороод явчихав.

Яг тэр үед толгойд нэг бодол зурвас хийж орж ирэв. Надтай суухаасаа өмнө л эхнэр маань жүрж жимсэнд их дуртай байсан нь санаанд орж, сууснаасаа хойш нэг ч удаа өөрийн гараар эхнэртээ зориулж жүрж аван гэртээ ирж байгаагүйгээ гэнэт саналаа..

Мэддэг байсан ч, зориулаад авах бодол төрж байгаагүй байлаа. Яг тэр мөчид нэг зүйлийг ухаарах шиг болов.

Урьд нь эхнэртэйгээ үерхээд хотын гудамжаар алхаж явахад жимсний лангуу тааралдвал эхнэр заавал нэг ширхэг жүрж авч цүнхлээд дараа нь тэрийгээ бид 2 их л хөгжилтэй нэг нэгээр нь иддэг байсан санаанд оров.

Өөрийн эрхгүй хоолой зангирч, нүдэнд нулимс бүрэлзээд ирэв. Өрөөрүүгээ орж хэсэг бодож, уйлж билээ. Хөдөө гэрлүүгээ явахдаа хайрцаг дүүрэн жүрж аваад явдаг би хажууд байгаа гэргийдээ хэдхэн зуун төгрөгний жүрж нэг ширхэгийг ч болтугай авч орж байгаагүй өөрийгөө зэмлэж, сэтгэл өвдөж байлаа.. Хуримнаасаа хойш эхнэрийнхээ юунд дуртай байдаг гэдгийг ч бүр тоохоо больсон байсан өөрийгөө олж харсан мөч байлаа.
Ингээд хэдэн өдрийн дараа ажил оройтож тараад гэртээ харих замд нөгөө жүрж зардаг эмээ байж таарлаа. Өөрөө ч мэдэлгүй хэдэн жүрж аваад алхах замдаа нэгийг арилгаж идэж үзэв.

Эхнэрийн хэлснээр үнэхээр амттай байлаа. Гэртээ ороод авчирсан жүржээ сэмээрхэн гал тогооны ширээн дээр тавиад угаалгын өрөө орлоо. Гарч иртэл эхнэр аль хэдийн хэдийг идчихсэн зогсож байв.

Би л эхэлж дуугарч, асуухгүй бол нэг үг ч хэлдэггүй байсан эхнэр надаас “энэ жүржийг хаанаас авсан юм?” гэж асуухад нь “ойрхон, буудлын эндээс” гэтэл “их амттай жүрж байна” гэж хэлээд инээмсэглэв. Эхнэрийн энэ инээмсэглэлийг хэдэн сарын дараа ахиж нэг ингэж харж билээ. Хүү минь ч арай унтаагүй байсан тул хэдэн хумс жүрж аманд нь хийж өгөв.

Өөрөө арилгасан жүржээ хүүгээр дамжуулан надад өгч байгаа эхнэрээ хараад, авсан жүржээ хэнэгч үгүй ширээлүү чулуудах шахам тавьж байсан өөрийн байдалтай харьцуулж дахиад өөрөөсөө ичих шиг боллоо..

Нэг л эрээд байсан зүйлээ олчихсон юм шиг мэдрэмж төрж, гэр орон минь бүлээн уур амьсгалаар дүүрээд явчих шиг санагдлаа.

Маргааш нь ажилдаа явах гээд өглөө өрөөнөөсөө гарч иртэл эхнэр эртлэн босоод надад өглөөний цай бэлдээд зогсож байлаа.
Бид хоёрын харьцаа муудсанаас хойш эхнэр ер нь өглөөний цай бэлдэж өгөхөө больсон байлаа. Би ч өөрийн мэдэлгүй шууд л гарахаар бэлдэж яарахад эхнэр намайг бариад нэг халбага ч гэсэн амсаад гар гэж ятгалаа.

Би ч ширээний ард суугаад хоолноос халбагадаж залгих гэтэл хоолой зангираад хоол ч хоолойгоор давахгүй байлаа. Нулимс ч гэнэт бөмбөрөн урсаж, эхнэр ч уйлж харагдав. Ингээд “өнгөрсөн бүхэнд уучлаарай” гэж хэлээд би яаран гарч явлаа. Ичсэндээ л яарч сандарсан даа…

Эхнэр маань надад жижигхэн зүйл дээр гомдсон ч, тэрнээс ч жижигхэн зүйл дээр сэтгэл нь хөөрөн надад буцаад ирэхийг нь мэдэхгүй явсан би өөрийгөө үнэхээр тэнэгийн дундах тэнэг гэж бодож байлаа.

Тэр бүх өнгөрсөн хугацаанд эхнэртэйгээ хүйтэн хөндий харьцаж, гомдоож байсан өөртөө харамсаж, сэтгэл зүрх нэг л хэцүү байх боллоо. Ингээд нилээд цаг орсон ч, бид хоёрын дунд үүссэн байсан хүйтэн хөндий мөсөн хана бага багаар хайлж буцаад сайхан болж билээ.

Тэр явдлаас хойш хааяа мууддаг ч санаа огтхон ч зовохоо больсон.
Жүрж ч бай, юу ч бай бид хоёрыг холбох зүйлс тойроод харах юм бол маш олон байгаа гэдгийг ойлгосон явдал болсон.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ