Нийслэлийн нутаг дэвсгэрт 7 маршрутаар завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
2020 оны 6 сарын 22
Нийслэлийн нутаг дэвсгэрт 7 маршрутаар завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
Урин дулааны цагт гол усанд осолдох эрсдэл их байдаг тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/800 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хот орчмын гол, тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор Баянзүрх дүүргийн  Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух 7 маршрутаар завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. НОБГ,  нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын давхардсан тоогоор 268 алба хаагч  41  нэгж техниктэйгээр Туул,  Хэрлэн, Тэрэлж гол дагуу эргүүл хийж, 8713 иргэнд сэрэмжлүүлэг яриа  хийж,  санамж материал тарааж, 1143  автомашиныг голын ногоон бүсээс  холдуулан,  голд суусан 8  автомашиныг татаж гарган  аюулгүй болгож 2 хүний амийг аварсан боловч дөрвөн иргэн усанд осолдож амь насаа алдсан харамсалтай явдал гарчээ. Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэлж, ярьж анхааруулсаар байхад гол усанд живж, амь насаа алдах харамсалтай хэрэг гарсаар байна. Энэ жил бороо хур элбэгтэй жил болж байгаатай холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд бэлтгэлээ сайн базаах, үер усны аюул эрсдэлээс болгоомжлох, иргэд олон нийтэд анхааруулга хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд сэрэмжлүүлэг мэдээг байнга гаргаж байх тал дээр анхааран ажиллах нь зүйтэй” хэмээлээ.

Энэ удаагийн мэдээллээр хотын Захирагч С.Амарсайхан хувийн эзэмшилд шилжсэн Сүхбаатарын талбайн урд авто зогсоол, цэцэрлэгт талбай,  “Улаанбаатар” зочид буудлын урд цэцэрлэг,  Гутлын 22-ын хойно Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Хөрөнгийн биржийн хажуугийн 0.07 га газар, Драмын театрын хойд талын Цэдэнбалын хөшөөт талбай, хуучин Филорманийн талбай, Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн зэргийг нийтийн эзэмшилд буцаан авч тохижуулсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн энэ жил  нийслэлд 52.7 км дугуйн замын ажил хийгдэж буй. Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх дугуйн замын ажил дуусах шатандаа орсон байгаа бол Налайхын 20.9 км авто замын дутуу ажлууд болон дугуйн замын ажил эхэлсэн талаар мэдээллээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ