Атга дэлгэн хүлээсээр...
2020 оны 7 сарын 29
Атга дэлгэн хүлээсээр...
Нийгэмд хайр дутжээ
Нийтээрээ худалд согтжээ
Нэгэндээ итгэхээ больжээ
Нэлэнхүйдээ ичихээ байжээ!
Нүгэл гэм дэвэрч буглажээ
Нүнжиг буян гээгдэж улирчээ
Нигүүлсэл хайр гандаж бүдгэрчээ
Нийцгүй бүхэн тодорч гаарчээ!
Нүүдлийн соёл гацаж гунджээ
Нүүрлэх гай ойртож дөхжээ
Нүдтэй бүхэн өнгөнд автжээ
Нүүртэй бүхэн утсанд донтжээ!
Нус нулимс урсаж арвиджээ
Нуруу толгой бөхийж гажжээ
Нуур ус минь хатаж ширгэжээ
Нутаг газар минь цангаж цөлжжээ!
Хосын дурлал өнгөцхөн болжээ
Хойчийн заяа минь бүдэгхэн болжээ
Хоол унд минь хордож бурууджээ
Ховдог шунахайд эзлүүлж мунхарчээ!
Хотын амьдрал хогондоо дарагджээ
Хорвоогийн жам худалдаа гунижээ
Хортон шавьжууд хаа сайгүй тархжээ
Хоосон тэнэгүүд энд тэндгүй манджээ!
Төрийн минь заяа алдарч ганхжээ
Түшээдийн минь ухаан нугарч сохорчээ
Түмний минь амьдрал ядарч доройтжээ
Түмэн зовлондоо ороогдож мухарджээ!
Чадалтай нэг нь тултал давардаг болж
Чадалгүй нэг нь горойлдож хоцордог болж
Чинээтэй нэг нь чигчийгээрээ хөдөлгөдөг болж
Чивэлтэй нэг нь ханцуйгаараа тохиролцдог болж!
Чин үнэнийг навсайтал дардаг болж
Чичиж нэгнээ нурмайтал доромжилдог болж
Чуулж дээдсүүд ногоортлоо уудаг болж
Чухаг бүхнээ уландаа гишгэлдэг болж!
Хууль шүүх нь улайран хуйвалддаг болж
Хурал цуглаандаа архиран хэрэлддэг болж
Хуу мөлжихдөө цагаандаа гардаг болж
Хутган үймүүлэхдээ цагдаагаа чирдэг болж!
Төрсөн нутгаа ухаж төнхдөг болж
Түмний хишгийг хувааж хөлждөг болж
Төрийнхөө ордонд нэгнээ хөнөөдөг болж
Төөрөгдүүлж биднийг өлхөөн малладаг болж!
Цаг нь болсон ёс зүйг бид хүлээсээр...
Цаанаа жихүүн цагийн хатууд бид элэгдсээр...
Цаашид яахаа мэдэхгүй бид будилсаар...
Цамнаж нэг горьдож нэг бид тэссээр...
Цалин мөнгө нь өсөж нэмэгдэхийг харсаар...
Цааз хууль нь өндийж үйлчлэхийг найдсаар...
Цадиг жудаггүйд толгой сэгсрэн гутарсаар...
Цайлган сэтгэлдээ итгэл дэвсэн сүсэлсээр...
Хотонд шургалсан чоносдоо ахин дахин зөөлдсөөр...
Хонь малын хишгээ хойш нь урагш нь зөөсөөр...
Хол ойрын хулгайчид ховор бүхнээ алдсаар...
Хоёр хөршийн хооронд хормой дэвсэн гуйсаар...
Хотол олон түмэн минь хоосон хоносон ч зүтгэсээр...
Хонгор хөөрхөн үрс минь өвдөж хавдсан ч инээсээр...
Хоймор залсан бурхаддаа алга хавсарч залбирсаар ....
Холхи өндөр тэнгэртээ атга дэлгэн мөргөсөөр.....сүсэлсээр......хүлээсээр!!!

2019.7.2
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ