Дарьгангачуудын түүхэн баримтууд хэвлэгдлээ
2020 оны 10 сарын 8
Дарьгангачуудын түүхэн баримтууд хэвлэгдлээ
Дарьганга судлалаар дагнан судалгааны бүтээлүүдийг эмхэтгэн гаргаж буй судлаач доктор Т.Билэгсайханы бас нэгэн томоохон бүтээл уншигчдын гар дээр ирж байна. “Дарьгангын түүхэнд холбогдох баримтууд” нэртэй энэхүү түүхэн сурвалж бичиг эмхэтгэгчийн 10 гаруй жилийн хөдөлмөрөөр бүтжээ.
Монгол Улсын Үндэсний төв архивд хадгалагдаж буй XVII зуунаас XX зууны эхэн үеийн Дарьгангын түүхэнд холбогдох баримтуудаас хөрвүүлж, архив зүйн боловсруулалт хийж, эмхэтгэн оруулжээ.
Уг номд Дарьгангын тухай 380 гаруй баримтыг сонгон авч, онолын шинжилгээ дүгнэлт хийлгүй, эх байдлаар буулгажээ. Энэ нь Дарьгангын түүхийг сонирхогч хүн бүрд нэн чухал хэрэгцээт түүхэн сурвалж болжээ.
“Номд орсон баримтуудыг фото хэлбэрээр шууд хэвлүүлэхийн оронд тэдгээрийг хөрвүүлж, эрдэм шинжилгээний боловсруулалт хийж, орчин үеийн үсэгт буулгахыг хичээн ажиллалаа.” хэмээн эмхэтгэгч өгүүлжээ. Энэ нь хожмоо тухайн сэдвээр ажиллах судлаач, эрдэмтэд, оюутнуудад илүү хялбар гарын авлага болно. Сүхбаатар аймгийн таних тэмдэг болсон Дарьгангын түүхийг тодруулахад суурь эх хэрэглэгдэхүүн болох уг номыг асар урт хугацаанд судалж, боловсруулж, эмхэтгэсэн гаргасан нь бидэнд түүхээ мэдэхийн тулд нэн тэргүүнд барьж авах баримт бичиг болжээ.
Номын эмхэтгэгч Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэн хэдий ч Дарьганга судлалаар дагнан ажиллаж байгаа цор ганц судлаач гэдгийг Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, докторууд хүлээн зөвшөөрдөг.
“Дарьгангын түүхэнд холбогдох баримтууд” ном нь судлаач, доктор Т.Билэгсайханы Дарьганга судлалаар туурвиж буй судалгааны гурав дахь томоохон бүтээл юм.
Тэргүүн, дэд, гутгаар гэсэн гурван том бүлгээс бүрдэх энэхүү номд Манж Чин улсын үеийн баримтууд, Шашин төрийг хослон барьсан Хаант Монгол Улсын үеийн баримтууд, Ардын Засгийн үеийн баримтуудын дотор холбогдох бүхий л гол баримтууд багтаажээ.
Уг бүтээл нь Сүхбаатар аймгийн Дарьгангын 5 сумын иргэдэд өвөг дээдсийнхээ уг гарвал үүслийнхээ талаарх түүхтэй танилцах, номд өгүүлсэн цаг хугацаа, орон зайн хувьд түүхийн хуудаснаа хэрхэн буусныг сонирхон судлахад асар өндөр өгөөжтэй ном болсныг дуулгахад таатай байна.

Д.УЛААНАА
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ