Өөрөө өөртэйгөө нүүр тул
2020 оны 12 сарын 12
Өөрөө өөртэйгөө нүүр тул
Уйтгар зовлон мэдэрмэгцээ хүн мартах арга саам хайдаг. 
Бушуухан зурагт радио асааж, ном сонин уншиж, найз нөхөд рүүгээ залгаж, эсвэл гадуур хэснэ. 
Өөрөөсөө зугтаж байвал юу ч хамаагүй хийнэ. Тэгснээрээ чи дотроо бээрлэж байгаа зүйлийг анзаарах сөхөөгүй болдог… Эхлээд өөртэйгөө харьцаж  сур. 
Гуниг зовлон мэдрэх аваас үүнийгээ бясалгал болго. Үүд хаалгаа хаагаад, анир чимээгүй суу. 
Зовлон шаналлаа аль болох хүчтэй мэдэр. 
Хүн чамайг гутаан доромжилсон байж магадгүй. Одоо явж  очоод, өөрийг нь газрын гаваар ортол доромжилмоор байна уу? Тэгвэл сэтгэл чинь жаахан онгойно биз? 
Энэ бол зовлон шаналлаас зугтах чиний шилдэг арга. Даанч тэгээд өвчин чинь илааршихгүй.
Хэн нэгэн чамайг доромжилбол талархаж бай. Тэр хүн чамд дотоод өвчнөө мэдрэх боломж олгож, далд буглааг чинь нээж өгч байна. 
Энэ шарх  ганц тохиолдлоос үүсээгүй. Өч төчнөөн гомдол шаналангийн хуримтлал. 
Тийм болоод л насан турш дарамттай амьдардаг хүмүүс олон бий. 
Таныг доромжилсон тэр хүн ганцаараа хэргийн эзэн, хэнгэргийн дохиур  биш. Харин яг одоо шархыг чинь мэдрүүлж байгаад учир нь оршино.
Хамгийн зөв  алхам  бол даруй өрөөндөө орж, чимээгүй суух...
Дотроо юу болоод байгааг анхааралтай ажигла. Шархан  дээрээ төвлөр. Тэгж чадсан цагт  чи гайхах болно. 
Чиний дотор ганц хүн биш, урьд өмнө өөрийг чинь доромжилж  байсан үй түмэн хүн байгааг харна. Ой санамжинд чинь хадаастай тэр хүмүүс амилж, бужигнаж эхэлнэ. 
Өвчин зовиураа улам гүнзгий мэдэр. Зугтан зайлах хэрэггүй.
Аливаатай нүүр тулахаас зугтаад өөр зүйлээр орлуулж мансуураад байх хэрэггүй. 
Мансуурах бодис бол  дотоод зовиураасаа зугтах арга. Өвчнийг чинь мартагнуулж, шархыг чинь далдлах хаалт. 
Үнэхээр эрүүлжихийг хүсч байвал бүх хаалтаа  авч, мансуурлаасаа салах! 
Наад мансуурал чинь тээг болоод байна. 
Чамд гуниг зовлонгоо ойлгох сөхөө олгохгүй байна. 
Хаалга үүдээ хаагаад, өөрийгөө сатааруулдаг бүх юмнаас ангижир. Зурагт үзэх, радио сонсох, утсаар ярих бүгд л мансуурах арга. 
Орь ганцаар нам гүмхэн суу. Мөргөл залбирал ч хэрэггүй. 
“Зөвхөн өөртэйгөө харьц“.
Өвчин  шаналгаа юу л байна, бүрэн дүүрнээр нь мэдэр. 
Чамд зовлонгоос өөр юу ч үгүй юм шиг санагдана. Нууж хааж  байсан бүхэн чинь дэлбэ үсэрч ч болно. 
Ийнхүү мэдэрч чадваас маш том амжилт. 
Одоо чамд итгэхүйеэ бэрх байж болно. 
Гэвч өөртэйгөө нүүр тулж чаддаг болсон цагт чи өөрийнхөө жинхэнэ хүч чадлыг мэддэг болно. 
Тэвчиж сурна. Хүндэлж сурна. Юуг ч сөрж зогсох тэнхээтэй болно.
Өөртөө зориулан цаг гарга,  өөртэйгөө нүүр тул.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ