Ц.Алтанцэцэг: “Харц” брэндийн хувцас материал, хийцээрээ олон давтагдахгүй зөвхөн танд зориулагдсан байдгаараа онцлогтой
2021 оны 1 сарын 25
Ц.Алтанцэцэг: “Харц” брэндийн хувцас материал, хийцээрээ олон давтагдахгүй зөвхөн танд зориулагдсан байдгаараа онцлогтой
“Харц” брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер Ц.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Хоёулаа ярилцалагаа манай уншигчдад өөрийгөө танилцуулахаас эхлэх үү?

-Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн намайг ярилцлагадаа урьсан танай хамт олонд баярлалаа. Намайг Алтанцэцэг гэдэг. Архангай аймагт төрж өссөн. Төрөлх нутагтаа Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд,МУБИС-ийн харьяа Архангай аймаг дахь Багшийн сургуулийг  бага ангийн багш мэргэжлээр 2011 онд төгссөн. Дээд сургууль  төгссөн жилээ том хүүгээ төрүүлсэн. Одоогоор  нөхөр гурван хүүхдийн хамт Улаанбаатар хотод ажиллаж,амьдарч байна.

-Бага ангийн багш хүн дизайнер болсон нь сонин байна л даа. Ер нь ихэнх дизайнер багадаа барбиндаа хувцас оёдог байсан, хоббигоо хөгжүүлээд энэ мэргэжлийг сонгосон гэж ярьдаг. Таны хувьд?

-Тийм шүү. Ихэнх дизайнер багадаа барбиндаа хувцас оёх эсвэл зурах сонирхолтой байсан гэдэг. Харин миний хувьд багадаа барбигаар тоглож үзээ ч үгүй өссөн. Бидний багад барби ховор байсан. Зуны амралтаараа аав ээжтэйгээ хотоос ирсэн хүүхдүүд тэвэрсэн байхыг л хардаг байлаа. Хөдөө өссөн миний хувьд  тоглох тоглоом орчин шал өөр, ямар ч гоё байсан юм. Байгальтайгаа ойр тэнүүн орчинд өссөн гэх үү дээ. Гол тоглох тоглоом нь чулуу, мод, элс шороо, чихрийн цаас,савангийн хайрцаг, ундааны төмөр бөглөө л байлаа шүү дээ. Тэр бүхнийг өөрийн насандаа тааруулаад янз бүрээр юм хийж, одоогоор бол  зохиомжилж тоглодог байсан. 

Магадгүй бага насны маань юмхнаар юм хийх энэ бүтээлч мэдрэмж маань өнөөдрийн загвар зохион бүтээгч болох суурь нь ч байж мэднэ. Гэхдээ би 10-н жил төгсөхдөө ч тэр,багш мэргэжлийг сонгохдоо ч  тэр дизайнер гэдэг мэргэжлийн талаар ойлголт бага байсан. Тэгэхээр дизайнер мэргэжлийг мэдэх, мэдрэх, сонгох болсон маань өөрийн хүсэл сонирхолд тулгуурлан амьдралын явцад  гарч ирсэн гэж хэлж болно.

-Тодорхой ярихгүй юу. Сонирхолтой байна?

-Тодруулбал 2011  том хүүгээ төрүүлээд мөн  нөхөр маань материалын бизнес эхлээд удаагүй ингээд залуу  гэр бүл Улаанбаатар амьдралаа эхлүүлж байлаа. Багшаар ажиллахгүй нь тодорхой болсон учир хүүхдээ өсгөнгөө өөрийн сонирхдог зүйлээ хийхээр болсон. Нөхрөөрөө гэр ахуйн жижиг цагаан оёдлын машин авахуулаад хүүхдэдээ баривч оёж эхэлж байсан. Тухайн үед нөхөр маань урамшуулаад түүнд нь баярлаж, улам оёх сонирхолтой болж байсан. Оёсон баривчуудаа хүүхдээ салхилуулангаа байрныхаа ээжүүдэд хөөрхөн зарчихна. Бас тэрүүхэн тэндээ өөрийн хэрэглээний мөнгөө олоод байгаа./Инээв/ Үүгээрээ би юм багаас эхэлдэг гэдгийг хэлэх гээд л байна.Ингээд удаа ч үгүй хоёр дахь хүүхэд төрлөө ойрхон хоёр хүүхдийн асаргаа ямар билээ. Тэр бүрт өөрөө оёдлын машины ард суугаад оёх боломжгүй болсон. Тиймээс гэрээрээ оёдол авч оёдог ээжүүдэд өгөөд оёулдаг болсон.

-Хүүхдээ харангаа сонирхлоо ч хөгжүүлээд бас өөрийн гэсэн орлоготой ээж болсон байх нь ээ?

-Хүн хүсэл сонирхлоо мэдрээд түүнийгээ зорилго болгоод явна гэдэг бол маш том амжилт гэж боддог. Ингээд хоёр хүүхдээ өсгөх хоорондоо оёдол, болон загвар дизайны чиглэлийг жинхэнэ судалж  эхэлсэн. Мөн тухайн үед гарч байсан Монголын брэндүүд болон дизайнерууд гэх мэт зав гарвал интернэт орчинг тэгж л ашиглаж байлаа даа. Ингэж л энэ мэргэжлийг сонгох суурь маань тавигдсан байдаг. Ингээд 2015 онд УЭДС-даа элсэн орсон. Анх сургуульд орохдоо үйлдвэрийн оёдлын машин дээр сууж ч үзээгүй, дизайны зургийн ойлголтгүй л орж байлаа. Тухайн үед гурав дахь хүүхэд хөхнөөс гараагүй байсан болохоор  эхний хэдэн долоо хоногт  дөнгөж хөхүүл миний хувьд өөр ертөнцөд очсон юм шиг мэдрэмж төрж байсан. Хичээл дээр хөхний сүү чинэрнэ, үнэртэнэ. Би зурж сурах болов уу чадахгүй бол яана аэ. Би энэ мэргэжлээр сурахаа хойшлуулах байж уу гэсэн  олон эргэлзээн дунд  байсан. 

Гэвч мэргэжлийн түвшинд эзэмшихээр шийдсэн хүсэл  тэмүүлэл маань суръя гэсэн эрмэлзэлдээ уйгагүй байсны эцэст дизайнер гэсэн энэ мэргэжлийнхээ утга учрыг ойлгож,үнэ цэнийг нь мэдэрсэн. УЭДС-ийг төгссөндөө бахархалтай байдаг. Ингээд 2019 онд сургуулиа  төгсөхдөө өөрийнхөө зорилгыг тодорхойлоод, дипломын ажлаа 100 хувь  амжилттай хийж төгссөн. Хамгийн гол нь энэ мэргэжилдээ дурлах, зорилгоо тодорхойлох нь чухал юм.

-Загварын сургуульд суралцаж байх хугацаандаа 1000 ширхэг бүс оёж борлуулсан гэсэн. Энэ талаар сонирхуулахад? 

-Сайхан асуулт байна. Энэ бүс оёсон маань яалт ч үгүй миний оёдлын машин болон оёдлын технолийг  эзэмших суурь болсон. Сургуульд ороод хэдэн сар болсны дараа нөхрөөрөө шулуун болон хирээсний машин авахуулаад бөөн баяр  гэртээ буйдангаа урагшлуулаад  ард нь байрлуулж байсан. Буйдангийнхаа араар орж хичээл даалгавраа хийдэг байлаа шүү дээ. Тэр үед манайх нэг өрөө байранд байсан. Удаа ч үгүй байраа томруулж орохоор болсон. Нүүж орохоосоо өмнө нэг өрөөндөө хоёр машинаа аваачиж тавиад өөрийн оёдлын өрөө болгон тохижуулж билээ. Ингээд даалгавраа хийхийн хажуугаар торго даавуугаар 5м урттай бүсийг завсар гарвал  оёдог байсан. 

Одоо бодоход суралцаж байх хугацаандаа  1000 гаруй бүс оёж борлуулсан байдаг. Энэ нь шулуун оёдол болон  индүүдлэгийг сайн сурах  суурь нь болсон доо. Оёсон бүснүүд маань тухайн үедээ борлуулагдаж, үр өгөөжөө өгсөн байдаг. Манайх  одоо ч бүсээ  хийсээр л байгаа. Одоо бол нарийн оёдлын технологи тал дээр өөрийгөө чадваржиж яваа гэж боддог. 

-Сургуулиа төгсөөд удаагүй ч “Харц” брэндийг үүсгэн байгуулсныг тань хараад бахархаж байна. Ер нь брэндээ үүсгэн байгуулах үндэс нь юу байв аа?

-Бүхэл бүтэн брэнд бий болгоно гэдэг том зүйл. Зүгээр нэг сургууль төгсөөд бүтдэг зүйл биш юм. Тэрний цаана судалгаа, туршлага, санхүүгийн эх үүсвэр гээд олон зүйл бий. Ерөнхийдөө брэндийн судалгаа маань 2013 оноос эхэлсэн.Тухайн үед үндэсний брэндүүд цомхон байсан. Одоогоос 8-9 жилийн өмнө гэсэн үг. Харин өнөөгийн нөхцөлд маш их тэлэгдсэн. Үндэсний брэндүүд олон болсон тэрийгээ дагаад дизайнерууд маань чанаржсан санагддаг. Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хэрэглэгчид бий болсон байна. Тиймээс аль бол бусад дизайнеруудаасаа хоцрохгүй байхыг эрмэлзэж байна. Манай брэндийн хувьд, энэ хугацаанд материалын бизнес маань тэлж нэг үеэ бодвол брэндээ бий болгох санхүүгийн эх үүсвэр бий болсон. 

Энэ бүхний цаана миний хийсэн бүхнийг дэмждэг хань минь байдаг. Сургууль төгссөн жилээ  өөрийн хувцас  загварын урлангаа нээж, хүсэл тэмүүлэлтэй таван бүсгүйн бүрэлдэхүүнтэйгээр хувцас  захиалгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хувцасны брэндийн эхлэл тавьж буй  бидний хувьд 2019-2020 он гэдэг бол хөл хорионы үе таарч, олон асуудал тулгарч байсан ч нэг талаасаа бидэнд төвлөрч ажиллах боломж олдсон. Брэндийн судалгаа маань эрт хийгдсэн байсан учир энэ хугацаанд бид гуррван том цуглуулгын ард гарсан. Энэ нь бидэнд маш том амжилт ололт бөгөөд  дадлага туршлага болж үлдлээ. Анхны цуглуулгаа бэлгэшээж,  “Харц” брэндийнхээ нэрээр  2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр танилцуулсан байдаг.

-Тэгвэл хувцас загварын чиглэлийн  олон брэндээс танай ялгарах онцлог, давуу тал юу гэж хардаг вэ?

-Дизайнер бүрт өөрийн гэсэн ялгагдах онцлог гэж байдаг. Энэ нь  гаргаж буй бүтээлүүдээрээ илэрхийлэгдэж байдаг. Миний хувьд нэн тэргүүнд материалын нөөц бололцоондоо тулгуурлаж, өөрийн хүсэл сонирхлоо хөгжүүлж, зорилгодоо тэмүүлж байна. Миний гол баримталдаг зарчим брэнд бүтээгдэхүүн загвараас гадна  материал чанарлаг байх ёстой гэж үздэг. Тиймээс материалдаа их ач холбогол өгдөг. Сайн материалиар элдэв янзын илүү чимэглэлгүй энгийн чамин бүтээлийг хийхээр зорьдгоороо онцлог юм. Жишээ нь “Харц” цуглуулга дээр ярья л даа. Манайхан үндэсний хувцас дээр түлхүү хэрэглэдэг торгон материалыг сонгодог  элементэд суурилсан эмэгтэй пиджакны цуглуулгыг хийсэн. Торго бол өөрөө тансаг хэрэглээ. Ерөнхийдөө загвар, өнгө, материал давтагдаагүй дэгжин хувцас өмсөхийг эрмэлздэг, тэргүүлэгч бүсгүйчүүддээ зориулдаг. Нэг загвараас  олон давтамжтай гаргадаггүй.

-Магадгүй өөрийн нэрийн загварын шоутай болох нь дизайнер бүрийн мөрөөдөл байх. Өөрийн тань хувьд дараагийн хэтийн зорилго юу гэж бодож байна?

-Миний хувьд зорьсон зүйлдээ уйгагүй тууштай байсны дүнд брэндийн эхлэлийг тавьж байгаа нь том амжилт юм. Цаашдаа энэ эхлүүлсэн зүйлээ сайхан авч явахын тулд бодсон санасан зүйл их байна. Жишээ нь, монгол бүсгүйчүүддээ бүтээгдэхүүнээ хүргэх нэрийн дэлгүүр нээх энэ асуудал маань цаг үеийн байдлаас шалтгаалаад ер нь судлагдаад явж байгаа. Загварын шоуны хувьд бол одоогоор төлөвлөсөн зүйл алга. Цаашлаад гадна, дотны шоунд бүтээлүүдээрээ оролцох гэх мэт залуу хүний хувьд бодсон санасан зүйл их байна. Хэдийгээр дэлхий нийтээр хүнд хэцүү цаг үе тохиож байгаа ч  энэ бүхэн хэвийн болж, “Харц” брэнд маань ч гэсэн олон олон загвараар монголчууддаа танигдаж, өргөжин хөгжинө гэдэгт би итгэдэг. Бид сурсаар,судалсаар байх болно. Эцэст нь хэлэхэд
 “Тууштай дайчин байна гэдэг” амжилтын үндэс юм. Энэ завшааныг ашиглаад хэлэхэд, уншигчид маань манай "Харц" брэндтэй Xарц /Glance/ Mongolian Fashion Brand хуудсаар холбогдоорой. 
-Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Г.НАРАН 

Эх сурвалж http://www.info.mn
Ц.Алтанцэцэг: “Харц” брэндийн хувцас материал, хийцээрээ олон давтагдахгүй зөвхөн танд зориулагдсан байдгаараа онцлогтой
Ц.Алтанцэцэг: “Харц” брэндийн хувцас материал, хийцээрээ олон давтагдахгүй зөвхөн танд зориулагдсан байдгаараа онцлогтой
Ц.Алтанцэцэг: “Харц” брэндийн хувцас материал, хийцээрээ олон давтагдахгүй зөвхөн танд зориулагдсан байдгаараа онцлогтой
Ц.Алтанцэцэг: “Харц” брэндийн хувцас материал, хийцээрээ олон давтагдахгүй зөвхөн танд зориулагдсан байдгаараа онцлогтой
Ц.Алтанцэцэг: “Харц” брэндийн хувцас материал, хийцээрээ олон давтагдахгүй зөвхөн танд зориулагдсан байдгаараа онцлогтой
Ц.Алтанцэцэг: “Харц” брэндийн хувцас материал, хийцээрээ олон давтагдахгүй зөвхөн танд зориулагдсан байдгаараа онцлогтой
Ц.Алтанцэцэг: “Харц” брэндийн хувцас материал, хийцээрээ олон давтагдахгүй зөвхөн танд зориулагдсан байдгаараа онцлогтой
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ