Өмнөд Солонгост Монголын волейболчин охидын ур чадвар гайхагдаж байна
2021 оны 2 сарын 9
Өмнөд Солонгост Монголын волейболчин охидын ур чадвар гайхагдаж байна
Монголын 17 настай хоёр охин Өмнөд Солонгосын волейболын спортын дасгалжуулагч, сонирхогчдын анхаарлыг ихээхэн татах болжээ. Тодруулбал, монгол охидоос тус улсын спортын томоохон сэтгүүл ярилцлага авч, нийтэлсэн нь өсөх өндөр ирээдүйтэй хэмээн салбарынхан хүлээн зөвшөөрч байгаагийн чухал илрэл аж. Өмнөд Солонгост өсөх ирээдүйтэй хэмээн үнэлэгдээд буй Ц.Орхон, Ж.Саруул нар Монгол Улсын “Хөвсгөл-Шинэ үе” волейболын клубын тамирчид аж. Тэд 2019 онд тэтгэлэг авснаар тус улсыг зорьж, суралцах болжээ. Хэдийгээр өнгөрсөн жилийн хугацаанд коронавирусын улмаас тэмцээн уралдаан зохион байгуулагдаагүй ч дасгалжуулагч нарын хараанд хэдийн өртөж чадсан байна. 
Тэд эх орондоо волейболын спортоор идэвхитэй хичээллэж байсан суурьтай. Ж.Саруул “Би Б.Болдбаатар багшийн волейболын сургалтанд явж эхэлж байв. Дасгалжуулагч багш маань 2014-2017 он хүртэл дөрвөн жил дарааллан “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарч байсан. Багийнхаа хүүхэд болгонтой тулж ажиллаж чаддаг, маш сайн багш бөгөөд Монголын шилдэг дасгалжуулагчдын нэг” хэмээсэн байна. Б.Болдбаатарын тухайд “Хөвсгөл-Шинэ үе” клубын ахлах дасгалжуулагч юм. Харин охидыг гардан авсан Солонгосын дасгалжуулагч Жон Жин “Анх ирэхэд суурь сайтай байсан. Өндөр хичээл зүтгэлтэй. Тоглох арга барил сайн, мэргэжлийн ур чадвар өндөртэй тамирчид юм. Мөн эрэгтэй тоглогчтой адил өндөртэй нь том давуу тал” хэмээн үнэлжээ. 
 Тэд Солонгос улсын шигшээ багийн тамирчид болох өндөр магадлалтай, бүр тус улсын иргэншилтэй болох асуудал ч хөндөгдөж эхэлсэн тухай спортын сэтгүүлд дурджээ. 
Өмнөд Солонгосын бүх цаг үеийн хамгийн өндөр эмэгтэй тамирчин Ким Чон Гёонг 192 см. Тэгвэл Ц.Орхон 191 см бөгөөд үргэлжлүүлэн өссөөр байгаа. Ц.Орхон 2 метр хүртэл өсөх хүсэлтэй байгаагаа ярьсан байна. Дашрамд дурдахад,    Солонгосын эмэгтэй волейболын баг Лондонгийн олимпоос дөрөвдүгээр байр, 2014 оны Азийн наадмаас алт, 2018 оны Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, амжилт нь байнга ахиж, нэр хүнд нь өсөх болжээ. Иймд солонгосчууд баг тамирчдаа олимпоос медаль хүртэнэ хэмээн итгэж, нэг талаар хүчтэй шахах болсон байна. Монгол охид Солонгосын шигшээ багт орж тоглох эсэх нь цаг хугацааны асуудал биз ээ. 

Г.Бат

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ