Э.Уранчимэг: Хүн өөрийгөө олохын тулд юм бүрийг хийж, туршиж үзэх хэрэгтэй
2021 оны 3 сарын 1
Э.Уранчимэг: Хүн өөрийгөө олохын тулд юм бүрийг хийж, туршиж үзэх хэрэгтэй

Цахим ертөнцөд, тэр дундаа охид, бүсгүйчүүдийн дагах дуртай “Urnaa Styler” пэйжийн админ make up artist, гоёл чимэглэл урлаач Э.Уранчимэгтэй ярилцлаа.

-“Urnaa Styler” пэйжээр нь цахим ертөнцөд охид, бүсгүйчүүд өөрийг тань сайн мэднэ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахаас ярилцлагаа эхлүүлье?

-Баярлалаа. Намайг Уранчимэг гэдэг. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. ШУТИС-ийг олон улсын тээврийн менежер мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд гэр бүлтэй болж, хүүхдүүдээ хараад гэртээ 10 жил суусан ээж байна. Хэдийгээр гэртээ хүүхдээ хараад байж байгаа ч гэсэн зүгээр суухыг хүсдэггүй. Тиймээс одоогоос зургаан жилийн өмнө make up чиглэлээр сурсан. Тухайн үед хоёр хүүхэдтэй болчихсон байсан л даа. Ингээд хүүхдүүдээ цэцэрлэгт өгөөд нүүр будалтын чиглэлээр сурч, дадлагажсан. Гэсэн хэдий ч гурав дахь хүүхдээ тээгээд энэ чиглэлээрээ ажиллах боломжгүй болчихсон. Улмаар гурав дахь хүүхдээ төрүүлээд гэртээ сууж байх үедээ зүгээр л хүүхдээ хараад, хоолоо хийгээд суух бус ямар нэгэн зүйл хиймээр санагдсан юм. 

Яг тэр үед л гар урлал, гоёл чимэглэл хийхийг сонирхсон. Ер нь бол энэ чиглэл рүү орсон шалтгаан нь make up-тай холбоотой. Нүүрээ будаад, зураг авалт хийхийн тулд аксессуар их хэрэг болдог. Тэгээд гаднаас авахаар яг миний хүссэн шиг байдаггүй. Дээр нь будалт хийх бүртээ би гоёл чимэглэл аваад байж чадахгүй. Яг ийм үед гар урлалаар ганцхан ээмэг хэрхэн хийхийг заах сургалт явагдаж байгааг мэдээд “Би энийг сурчихвал хөгжүүлээд хийчих юм байна” гэж бодоод тэр сургалтад суусан. Тухайн үед нэг ээмэг, нэг энгэрийн зүү хийж сурч байлаа. Түүнээс хойш жил хагасын хугацаанд суралцаад, өөрийгөө хөгжүүлээд явж байна.

-Жил хагасын хугацаанд суралцаж байгаа гэхэд маш мундаг байна гэж харж байна л даа. Учир нь сошиалд нэлээд олон дагагчтай, бас хийсэн аксессуарт нь дуртай олон хэрэглэгчтэй юм билээ?

-Гурав дахь хүүхдээ төрүүлэхийн өмнө “Фэйсбүүк”-т өөрийн цахим хуудсаа “Urnaa Styler” гэж нээсэн. Ингэхдээ make up, хувцас загварын чиглэлээр ямар нэгэн зүйл хийнэ гэж бодож пэйжийн нэрээ сонгож байлаа. Би өөрөө эмэгтэйчүүдийн хувцас, будаг, гоёл чимэглэл гээд бүх зүйлд сонирхолтой болохоор ямар ч байсан сошиалд эмэгтэйчүүддээ хэрэгтэй мэдээлэл өгье гэж бодсон. Гэхдээ үүнийгээ ашгийн төлөө гэж ерөөсөө бодож байгаагүй. Эхлэхдээ би нүүрээ хэрхэн будах, хөмсгөө яаж зурах, хувцаснуудаа яаж зохицуулах вэ зэргээр зөвлөгөө өгдөг байсан. Пэйжээ хоосон орхиж болохгүй, юу ч хамаагүй оруулдаг байлаа. Хооллолтын зөвлөгөө ч өгдөг байлаа. /Инээв/ 

Ингээд төрснийхөө дараа хүүхдээ унтаж байх хооронд гоёл чимэглэл хийж эхэлсэн. Эхэндээ мэдээж бүтэлгүйтсэн. Гэсэн хэдий ч шантрахгүй дахин дахин оролдоод янз бүрийн зүйл хийгээд л байдаг байсан. Тэгсэн чинь хүмүүс миний хийсэн гоёл чимэглэлийг сонирхоод худалдаж авъя гэсэн санал тавьдаг болсон. Би эхэндээ өөрийнхөө нүүр будалтдаа л зориулж зүүгээд зураг авдаг байсан ч хүмүүс сонирхоод “Гоё болсон байна. Үүнийгээ надад зараач” гээд хандаж эхлэхэд нь үнэхээр гайхсан шүү. Мөнгө олдвол л гар урлалын зүйл зардаг хэдэн дэлгүүр рүү гүйж ирээд материал аваад өөртөө зүүлт, ээмэг хийдэг байсан ч нэлээд хэдэн захиалагчтай болсноор хүмүүст хүссэн гоёлыг нь урлаж өгдөг болсон. 

-Загварууд нь үнэхээр шинэлэг санагдсан. Өөрөө загвараа гаргадаг уу?

-Ер нь бол “Инстаграм” зэрэг сошиал орчноос загварууд нэлээд хардаг. Гэхдээ яг  100 хувь дуурайж хийхийг бодохгүйгээр өөрийнхөө санааг нэмдэг. Яг энэ зураг шиг хийнэ дээ гээд эхлээд явж байгаад “Энийг ингэчихвэл гоё юм биш үү” гэх зэргээр өөрийнхөө санаагаар өөрчлөөд загварчилчихдаг. Монголд нэг их олон байхгүй ч юм уу, хүмүүс нэг их хийхгүй байгаа загварыг хийе гэж боддог юм. 

Тухайлбал, өргөн бугуйвч гэхэд л Монголд нэг их байдаггүй. Дандаа нарийн бугуйвч байдаг. Би болохоор өргөн бугуйвчинд өөрөө дуртай болохоор хийх сонирхолтой. Хийхэд маш их цаг ордог ч гэсэн ганцханыг л хийчихдэг. Тэгээд хүн авъя гэвэл захиалгаар хийж өгдөг. Мэдээж гурван хүүхдээ харж байгаа учраас тэр бүр гоёл чимэглэлээ хийгээд суух зав бага. Бага хүүхэд маань хоёр настай, яг ид хөдөлгөөнтэй үе дээрээ байгаа учраас би өглөө 5 цагт босч, хүүхдүүдээсээ нууцаар гоёл чимэглэлээ хийдэг. Өглөө 2-3 цагийг зарцуулдаг даа.

-Материалын хувьд харшил өгдөггүй, чанартай байдаг гэсэн. Ер нь хаанаас материалаа авдаг вэ?

-Материалаа Монголд байдаг энэ чиглэлийн бүтээгдэхүүн зардаг 4,5 дэлгүүрээс авдаг. Маш хөөрхөн, гоё материалууд оруулж ирдэг хүмүүс байдаг. Эхэндээ би мэдэхгүй болохоор буруу зөрүү материал ихийг авсан. Их ч мөнгө үрсэн. Бүтэлгүйтэл ихтэй./Инээв/ Яваандаа би өөрөө туршлагажаад, материалаа сонгоод “Иймэрхүү зүйл хиймээр байна. Ийм материал олоод өгөөч” гээд хэдэн дэлгүүр рүүгээ хэлдэг болсон. Тэгэнгүүт нөгөө хэд маань оруулж ирэх жишээтэй. Цаашид би өөрөө гадагшаа материалаа захиж олж авах талаар судалж байгаа. 

Учир нь энд байгаа материалаар хийхээр хүмүүстэй давхцаад байдаг. Би ч ганцаараа хийдэггүй олон хүн хийдэг болохоор загвар нь өөр ч гэсэн материал нь адилхан болоод байхаар би нөгөө материалаа бас голчихно оо. Тийм болохоор арай өөр зүйл хийх гээд нөгөө хэдэн дэлгүүрээ хэсч өгнө. Ер нь яваандаа өөрөө захиж авч ирнэ гэж бодож байгаа. 

Материалууд сайн, муу гээд үнээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. Миний хувьд гадуураа бүрмэл учраас харшил өгдөггүй, өнгөө алдахгүй материал сонгодог. Маш үнэтэй материалууд ч байдаг. Цаашдаа тэр материалуудаар бүтээлээ хийнэ гэж боддог. 

-Магадгүй цаашид өөрийн гэсэн брэндээ үүсгэх талаар бодож байв уу?

-Брэнд үүсгэхэд жаахан цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ мөрөөдөл, бодсон зүйл бол байгаа л даа. Хамгийн чухал нь брэндээс гадна засвар үйлчилгээ бас хэрэгтэй юм билээ. Миний хийсэн зүйлийг нэг хүн аваад түүнд нь гэмтэл гарлаа гэхэд би засаад өгөх servise байх ёстой. Тухайн хүн энэ загвараар зүүлт хийлгэмээр байна гэхэд түүгээр нь хийгээд өгчихдөг тийм ээ. Бас тухайн хүнд өөр дэлгүүрээс авсан тасарсан, гэмтсэн эсвэл ээж, эмээгээс нь өвлөгдөж ирсэн гоёл байгаад түүнийхээ загварыг өөрчлүүлэх хүсэлтэй ч байж болно. Хүмүүсээс тийм санал нэлээд ирдэг. “Энэ зүүлт тасарчихсан. Үүний загвар нь хуучирчихсан учраас орчин үеийнх болгоод өгөөч” гэдэг л дээ. Тийм учраас энэ талын үйлчилгээг ч хийхийг хүсч байна. 

Бүрмэл мөртлөө 18 кратаараа тийм үнэтэй материалууд их байдаг юм билээ. Ганц түгжээ нь гэхэд л  100 гаруй мянган төгрөг байх жишээтэй. Тийм болохоор би хүмүүсээс ийм үнэтэй материалаар хийж болно гээд санал аваад хийж өгч байж болох юм. Ер нь ээмэг, зүүлт, бугуйвч алийг нь ч хийсэн түгжээ маш сайн байх ёстой. Тиймээс аль болох чанартай материал, түгжээ сонгоно гэж бодож байна.  Мэдээж дээр нь орчин үеийн гоё загвартай байх ёстой.

-Хэт гял цал аксессуар хувцастай зохицохгүй ч юм уу, хүндрэл ихтэй санагддаг. Харин танай аксессуарууд өдөр тутам хэрэглэхэд хэр боломжийн гэж бодож байна?

-Тийм шүү. Тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр ч юм уу, ямар нэгэн баяр ёслолд зориулаад авчихсан хэрнээ дахиад зүүж чадахгүй аксессуар эмэгтэйчүүдэд маш их байдаг. Тийм болохоор би хослуулаад өдөр тутамдаа зүүхэд болохоор загварууд хийхийг хичээдэг. Хүмүүс “Чиний загвар их таалагдаж байна. Материалыг нь ингээд солиод өгөөч. Эсвэл зарим хүн яг энэ байгаагаар нь авчихъя” гээд янз бүрээр холбогддог.  Миний хувьд өөрийгөө арай болоогүй байна гэж бодоод голдог учраас “Дараа нь танд илүү гоё загвар хийгээд өгч болно” гэдгийг заавал хэлдэг. Би  энэ талаар судлаад илүү гоё зүйлүүд байдгийг нь мэдчихсэн учраас хийж байгаа юмнуудаа илүү сайжруулах гээд шунаад байдаг талтай. 

Өөрөөр хэлбэл, үүнээс ч илүү гоёыг би хийж чадахаар юм байна аа гэж боддог, илүү суралцдаг. Ер нь захиалагч нартайгаа байнга харилцаа холбоотой байхыг хичээдэг. Нэг удаагийн нүд хуурсан харилцаанаас илүү удаан хугацаанд харилцагчаа авч явна гэж боддог. Тийм болохоор би нэг зүүлт хийж өглөө гэхэд нэмээд нэг ээмэг бэлэглэдэг ч юм уу хэрэглэгчээ баярлуулахыг хичээнэ. Одоохондоо яг бизнес болгож хийгээгүй өөрийнхөө сонирхлоор явж байгаа болохоор нэг хүн надаас ээмэг авахад нь “Энэ ээмэгтэй энэ хүзүүний зүүлт уг нь яг зохицоно доо. За за энийг бэлэглэчихье” гээд л өгчихдөг. Тэгэхээр нөгөө хүн маань дараа нь “Ээмэг, хүзүүний зүүлттэй болчихлоо. Одоо үүндээ зохицуулаад бугуйвч хийлгэе” гээд ярьдаг. Байнга харилцах учраас хүмүүстэйгээ маш гоё харилцаатай эхлэхийг хүсдэг гэх үү дээ. 

-Гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүд олон бий. Тэр хүмүүс өөрийн тань ярилцлагыг уншаад “Би ч бас ямар нэгэн зүйл хийж үзэх хэрэгтэй юм байна” гэж бодвол өөрөө ямар зөвлөгөө өгөх вэ?

-Миний ингэж олон зүйл туршиж үзэж байгаа нь өөрийгөө олох гээд л хичээгээд байгаа юм. Би яг юуг хамгийн сайн хийж чадаж байна, юунаас кайф авч байна гэдгээ хайж байгаа гэж хэлж болно. Үнэндээ хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээжүүд маань зүгээр сууж байхаар ямар нэгэн дуртай зүйлээ олоод хийвэл амьдрал сонирхолтой болдог. Гэрийн стресснээс  амархан салдаг. Тэгэхийн тулд жаахан золиос хэрэгтэй. Тэр нь өөрийнхөө унтах цагаасаа жаахан хасах ч юм уу тийм ээ. Ямар нэгэн зүйл хийж эхлэхэд эхэндээ жаахан ядардаг. Гэхдээ ядарснаа хүн тоохоо больчихдог.

Гэртээ сууж байхдаа үүндээ стресстэхээсээ өмнө “Би өмнө нь нэг ийм юм хийдэг байсан даа. Багадаа зураад байдаг байсан даа” гэж бодоод түүнийгээ хөгжүүлээд явах ч юм уу, өөрийгөө олохын тулд юу ч хамаагүй хийгээд л бай гэж хэлмээр байна. Зарим хүн “Чи олон юм руу үсчихийн оронд нэг юмаа барьж аваач” гэдэг. Гэхдээ хүн өөрийгөө олохын тулд юм бүрийг хийж үзэх хэрэгтэй. Аль нь өөрт нь илүү таалагдаж байна, сонирхож байна тэр чиглэл рүүгээ илүү гүнзгийрээд яваасай гэж боддог. Намайг анх нүүр будалтын чиглэлээр сурахад маш олон make up artist гарч ирсэн. Одоо гоёл чимэглэлийг бас л олон хүн хийдэг. Харин энэ дундаас ялгарахын тулд өөрийн гэсэн нэг юмтай байх хэрэгтэй л дээ.

Тодруулбал, нэг загвар хараад “Өө энийг тэднийх хийдэг. Энэ Урнаагийнх байна” гэдэг болчихвол гоё. Тэгэхгүй бүгд нэгнээсээ хуулаад хийгээд байвал онцгүй. Тийм болохоор би аль болох гар ажиллагаа ихтэй акссесуар хийхийг хичээдэг. Тэгэхгүй бол бусад газрынхтай төстэй болох гээд байгаа юм шиг санагдаад өөрийнхөө сонирхдог загварыг илүү хийгээд байгаа юм. Миний гол баримталдаг зарчим гэхээр, хамгийн чанартайг нь сонгохыг хичээдэг. Тийм болохоор нүүр будалтдаа хамгийн чанартай будагнуудыг, гоёл чимэглэлдээ хамгийн сайн материалыг авахыг хүсдэг. Ер нь хүүхдүүдээ жаахан томорсны дараа санхүүгийн боломжоо илүү сайжруулаад өөрөө хамгийн сайн материал авч ирээд бүтээлээ нэлээд ахиулахыг хүсч байгаа. Нөхөр маань ч бас намайг  маш их дэмждэг нь надад хамгийн том урам болдог. Юу ч хийж чадахгүй хүн гэж байхгүй. Гэртээ стресстээд суугаад байвал зэврээд л байдаг. Тэгэхээр энэ ярилцлагыг уншиж байгаа нөхрүүд байвал эхнэрүүдээ өөрийгөө олохоор хичээж байгаа үед дэмжиж өгөөрэй гэж хэлмээр байна. 

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Эх сурвалж http://www.info.mn
Э.Уранчимэг: Хүн өөрийгөө олохын тулд юм бүрийг хийж, туршиж үзэх хэрэгтэй
Э.Уранчимэг: Хүн өөрийгөө олохын тулд юм бүрийг хийж, туршиж үзэх хэрэгтэй
Э.Уранчимэг: Хүн өөрийгөө олохын тулд юм бүрийг хийж, туршиж үзэх хэрэгтэй
Э.Уранчимэг: Хүн өөрийгөө олохын тулд юм бүрийг хийж, туршиж үзэх хэрэгтэй
Э.Уранчимэг: Хүн өөрийгөө олохын тулд юм бүрийг хийж, туршиж үзэх хэрэгтэй
Э.Уранчимэг: Хүн өөрийгөө олохын тулд юм бүрийг хийж, туршиж үзэх хэрэгтэй
Э.Уранчимэг: Хүн өөрийгөө олохын тулд юм бүрийг хийж, туршиж үзэх хэрэгтэй
Э.Уранчимэг: Хүн өөрийгөө олохын тулд юм бүрийг хийж, туршиж үзэх хэрэгтэй
Э.Уранчимэг: Хүн өөрийгөө олохын тулд юм бүрийг хийж, туршиж үзэх хэрэгтэй
Э.Уранчимэг: Хүн өөрийгөө олохын тулд юм бүрийг хийж, туршиж үзэх хэрэгтэй
Э.Уранчимэг: Хүн өөрийгөө олохын тулд юм бүрийг хийж, туршиж үзэх хэрэгтэй
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ