Т.Сайнчимэг: Маш сайн төлөвлөгөө, зохион байгуулалттай бол үл хөдлөхийн салбарт хэн ч амжилтад хүрч чадна
2021 оны 3 сарын 3
Т.Сайнчимэг:	 Маш сайн төлөвлөгөө, зохион байгуулалттай бол үл хөдлөхийн салбарт хэн ч амжилтад хүрч чадна

“RE/MAX PEAK” оффисын реалтор Т.Сайнчимэгтэй ярилцлаа. Түүний хувьд оффисынхоо шилдэг агентуудын нэг билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе. 

-Юуны өмнө оффисынхоо хоёрдугаар сарын шилдэг агент болсонд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахаас хоёулаа ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. Танай уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Туяамандахын Сайнчимэг гэдэг. Микробиологич, биотехнологич мэргэжилтэй. Их сургуулиа төгссөнөөс хойш буюу 2009-2019 онд “MCS Coca Cola” компанид мэргэжлээрээ тасралтгүй лабораторт ажилласан. Микробиологич, чанарын супервайзер зэрэг албан тушаал хашиж байсан. Ингээд 10 жилийн дараа ажлаа өөрчлөх хүсэлтэй байтал манайд маркетингийн чиглэлээр ажлын байр гарахад анкет явуулж шалгаруулалтад оролцож тэнцсэн. Гэсэн хэдий ч яг энэ мест нь надад таалагдаагүй учраас өргөдлөө өгөөд ажлаасаа гарч байлаа. Өмнөх ажлын түүх гэвэл ийм байна.

Мэдээж “REMAX”-т ороод удаагүй байгаа ч өнгөрсөн хоёрдугаар сарын шилдэг ажилтан болсондоо баяртай байна. Манай оффисын хувьд сар сардаа шилдэг ажилтнаа шалгаруулдаг. Миний хувьд өмнө нь хэдийгээр сар сардаа төлөвлөгөө гаргадаг ч биелүүлэлт муу ажилладаг байж.  Одоо бол жил, сар, 7хоног, өдрөө  төлөвлөөд шаргуу ажилладаг болсон. Энэ маань ч оффисынхоо хоёрдугаар сарын шилдэг агент болоход нөлөөлсөн гэж бодож байна. 

-Мэргэжлээрээ 10 жил ажилласан микробиологич хүн яагаад үл хөдлөхийн салбар руу орчихов оо?

Би ер нь үргэлж шинийг эрэлхийлж, шинэ зүйл сурахыг эрмэлздэг. Огт мэдэхгүй зүйлд суралцъя гэсэн хүсэл байсан. Тэгээд үл хөдлөхийн салбар сонирхолтой санагдаад орсон доо. Тэгээд суралцаад л явж байна. Ажлаасаа гарсныхаа дараахан буюу 2020 оны нэгдүгээр сард “REMAX”-ын сургалтад хамрагдсан. Өөрийгөө өөр салбарт сорьж үзэх хүсэлтэй байсан. Үл хөдлөхийн салбар өсөн дэвшиж байгаа шинэ салбар, эрч хүчтэй залуусын эгнээнд орж шинэ мэргэжил эзэмшиж өөр өнцгөөс өөрийгээ нээхийг хүссэн.

-Таны хувьд “REMAX”-т ажиллахын давуу тал нь юу гэж харж байна вэ. Өмнө нь өөр мэргэжлээр 10 жил ажилласан хүн үл хөдлөхийн салбарт ороход хэр их туршлага шаардаж байна?

-Миний хувьд хүн ямар ч ажил хийсэн тасралтгүй суралцаж байх хэрэгтэй гэж боддог. Өмнө нь би том компанид ажиллаж байсан учраас байнга суралцаж байсан. Үүнтэй ижил “REMAX”-т ч гэсэн тасралтгүй суралцаж байна. Давуу тал гэвэл, ажлын цагаа өөрөө зохицуулж болдог. Яг үнэнийг хэлэхэд, хааяадаа өглөө унтмаар санагдвал унтаж байгаад ажилдаа гарч болно. Хүсвэл ажил дээрээ унтсан ч болно /Инээв/. Цагаа өөрөө зохицуулдаг нь хамгийн давуу тал. Мэдээж хамт олноо хараад байхад манайд алдарт ээжүүд ч олон ажилладаг. Тэгэхээр цагаа өөрөө зохицуулж болдог учраас л тэр хүмүүс ажиллах дуртай байдаг байх. 
Түүнээс гадна та хэр хөдөлмөрлөнө тэр чинээгээрээ өөрийн тань орлого нэмэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, хүн өөрөө яаж ажиллана, түүнийгээ дагаад цалин нэмэгдэнэ гэсэн үг. Өмнө нь мэргэжлээрээ ажиллаж байхдаа би сардаа тогтмол цалинтай байсан бол одоо өөрийнхөө сарын төлөвлөгөөг гаргаад, яг төлөвлөгөөнийхөө дагуу шахаад явчихвал хэдэн төгрөгийн орлого төлөвлөсөн бай түүнийгээ олох боломжтой. Гэхдээ зөвхөн мөнгө гэж харж болохгүй хүмүүст тусласны үр шимээ хүрттэг. Энэ салбарт ёс зүйтэй ажиллах нь хамгийн чухал гэж харж байгаа.

-Энэ салбарт ажиллаж байгаа хүнээс уншигчид маань үл хөдлөхийн салбарын энэ оны үнэ ханшийн талаарх мэдээллийг сонирхох байх. Энэ талаар?

-Миний харж байгаагаар 2021 он гарангуут барилгын материалын үнэ өсөх хандлагатай харагдаж байна. Үүнийгээ дагаад үл хөдлөхийн үнэ өссөн дүнтэй байна. Тухайлбал, одоогоор миний ажиллаж байгаа стандарт орон сууцны  төслүүдээс харахад өмнөх онтой харьцуулахад м/кв-ын үнэ бага зэрэг өссөн. Шинээр эхэлж байгаа төслүүд ч гэсэн үнэ жаахан өссөн харагдаж буй. Гэхдээ нэг талаасаа харахад Засгийн газрын дэмжлэг буюу Ерөнхий сайдын хэлсэнчлэн 3 тэрбум төгрөг төсөвт суулгахаар болоод үүнээс 2 тэрбум нь залуу гэр бүлийг дэмжсэн орон сууцны төсөлд зарцуулагдана гэсэн. Үүнийг нааштайгаар харж байгаа учраас үл хөдлөхийн үнийн өсөлт нэмэгдэхгүй болов уу. 

-Реалтор болох хүсэлтэй хүмүүст сонин байж магадгүй. Сарын шилдэг агент болохдоо ямар хэмжээний борлуулалт хийв. Мөн амжилтын нууцаасаа хуваалцаж болох уу?

-Өнгөрсөн хоёрдугаар сарын хувьд хөл хорионоос болоод багцаагаар хоёр долоо хоног ажилласан. Магадгүй бүтэн сардаа ажилласан бол илүү үр дүн, амжилт гаргах байсан гэж бодож байна. Хэдийгээр богино хугацаанд ажилласан ч гэсэн өмнөх үеэсээ хамгийн борлуулалт сайтай сар байсан. Яг үнэндээ хөл хорио, Ковидоос болоод үл хөдлөхийн салбар хямарсан гэж бодохгүй байна. Мэдээж борлуулалт сайн хийхийн тулд маш сайн төлөвлөгөө гаргаж, түүнийгээ биелүүлэхийн тулд маш шаргуу ажилласан. Ер нь аль ч салбарт ямар ч ажил хийсэн төлөвлөлт маш чухал. Маргааш гэж хойш тавьсан бүхэн мөхдөг. Хэтийн зорилгогүй хүнд ойрын зовлон мундахгүй шүү дээ. Тэгэхээр ахуйгаасаа салж үүнийг зохицуулж сурах хэрэгтэй гэж боддог. 

-Цар тахалтай үед үл хөдлөхийн салбар хямраагүй гэж та хэллээ. Тэгэхээр хүмүүсийн үл хөдлөх худалдан авах чадвар хэвийн байна гэсэн үг үү?

-Тийм. Орон байр гэдэг бол хүний анхдагч хэрэгцээ. Тийм учраас хэзээд энэ хэрэгцээ байж л байдаг. Харин ч хөл хорионы үед хүмүүсийн байр орон сууцаа хайх нь их байсан.  2020 он бүхэлдээ хөл хориотой байсан ч РЕМАКС-ын хувьд манай оффисын хувьд ч хамгийн өндөр өсөлттэй, борлуулалт сайтай жил байсан. Өмнөх асуултын хариултад нэмээд хэлэхэд, ямар ч байсан энэ салбарт ажиллах нөхцөл боломж маш их бий. Мэдээж энэ салбарт амжилт гаргах нь хувь хүний өөрийнх нь төлөвлөлт, хувийн зохион байгуулалттай нягт холбоотой гэдгийг хэлье.

-Сүүлийн үед олны танил хүмүүс “REMAX”-т их нэгдсэн. Ингэснээр хүмүүсийн дунд олны танил байж л энэ салбарт амжилт гаргана гэсэн ойлголт үүсчихээд байна гэж хэлж болно. Өөрийн тань хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Тодруулж хэлэхэд, би бол олны танил хүн биш. Өөрийн сонирхлоор энэ салбарт нэгдсэн. Үл хөдлөхийн салбарт амжилт гаргахын тулд өөрөө салбараа сонирхдог байхаас гадна хичээл зүтгэл маш чухал. Ямар нэгэн барьцтай төлөвлөгөөтэй ажиллахад хэн ч амжилтад хүрч чадна. Олны танил байлаа гээд хийдэг ажил биш. Хэнд ч боломж нь тэгш байдаг.

-Монгол  Улсад “REMAX”-ын нэлээд олон оффис бий. Магадгүй эдгээр нь хоорондоо өрсөлддөг бол танай оффисын давуу тал юу вэ?

-Өнөөдрийн байдлаар 53 оффис ажиллаж байна. Зарчмын хувьд “REMAX”-т бид өрсөлддөггүй, хамтардаг. Гэхдээ мэдээж, тодорхой хэмжээгээр өрсөлдөөн бий. Өрсөлдөөнгүй газар хөгжил гэж байхгүй.  Хэрвээ хүмүүс “REMAX”-ыг сонирхож байгаа бол зөв оффисоо сонгох нь нэн тэргүүний зорилт. Зөв оффисоо сонгоод ороод ирэх юм бол үл хөдлөхийн салбарт амжилт гаргахад арай хурдацтай байх магадлалтай. 

Яагаад гэвэл, манай удирдлагууд туршлагатай, маш сайн чиглүүлж өгдөг. Удирдлагуудын туршлага, дэмжлэг маш чухал байна. Ажлын байрны тав тухаас эхлээд, биднийг тасралтгүй суралцуулж, хөгжүүлдэг. Манай оффис үл хөдлөхийн хамгийн их хөдөлгөөнтэй бүс буюу “Оргил Энканто”-д байрладаг, РЕМАКС дотроо хамгийн том саруул, тохилог оффис. Хамт ажилладаг агентууд маань ч хоорондоо эв найртай, бие биеэсээ суралцаж, дэмжиж атгасан гар шиг нэг баг болон ажилладаг.Тийм ч учраас манай баг өнгөрсөн жил багаараа шилдэг оффисоор шалгарсан байдаг.

-Анхны ажил, анхны цалин хүмүүсийн сэтгэлд маш тод үлдсэн байдаг шүү дээ. Үүнтэй адилаар үл хөдлөхийн салбарт хийсэн анхны борлуулалт хэр байв?

-Миний хувьд анх “Гангар инвест”-ийн “Шинэ Амгалан” төсөлд орж байлаа. Энэ завшааныг тохиолдуулаад төсөлдөө авсан багийнхандаа баярлалаа гэж хэлье. Ороод удаагүй, сар болоогүй эхний гүйлгээгээ тухайн төслөөсөө гаргаж байлаа. Анхны гүйлгээгээ хийчихээд маш их баярлаж байснаа санаж байна, нэг өрөө байсан. Маш их баяртайгаар очиж гэрээгээ хийж байлаа. Анх гэрээ хийхэд яах бол оо гээд бас л сандарч байсан шүү. Тэр үеэ бодоход одоо асуудалгүй гэрээгээ хийдэг, ажлаа мэддэг болсон. 

-Үл хөдлөхийн реалтортой уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй байх. Магадгүй уншигчид маань яг энэ үед үл хөдлөх худалдаж авахаар сонирхож байж болох юм. Тиймээс танай оффисоос санал болгох төсөл байна уу?

-Миний хувьд одоогоор Баянзүрх дүүргийн зүүн зах руу чиглэж ажиллаж байна. Энд номер нэгт барилгын салбарын ууган компаниудын нэг “Гангар инвест”-ийн “Шинэ Амгалан” хороолол орж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хийгдэж байгаа маш том төсөл учраас олон жилийн хугацаанд энэ төсөлдөө хамтарч ажиллана. Мөн яг нэг байрлалд буюу “Шинэ Амгалан” хорооллын ард “Баганат өргөө” хороолол буюу Батлан хамгаалахын их сургуулийн зүүн талд бүтээн байгуулалт хийгдэж байгаа төсөл байна. Энд миний бие мөн ажилладаг. 

Цаашлаад Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо “Их Засаг” их сургуулийн замын урд “SGD 180” гээд орон сууцны төсөлд ахалж ажиллаж байна. Ер нь  бол зүүн зүгийн төслүүд дээр ажиллаж байгаа гэж хэлж болно. Цаашид Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо руу орж ажиллахаар төлөвлөгөө гаргасан. Тэгэхээр энэ ярилцлагыг уншаад үл хөдлөхийн төслүүд сонирхож байгаа хүмүүс байх юм бол манай  77355555, 88077919 утсаар болон sainchimeg.t@remax.mn надтай холбогдоход хэзээд нээлттэй байна.

-Ярилцсанд баярлалаа, ажилд нь амжилт хүсье. 

Эх сурвалж http://www.info.mn
Т.Сайнчимэг:	 Маш сайн төлөвлөгөө, зохион байгуулалттай бол үл хөдлөхийн салбарт хэн ч амжилтад хүрч чадна
Т.Сайнчимэг:	 Маш сайн төлөвлөгөө, зохион байгуулалттай бол үл хөдлөхийн салбарт хэн ч амжилтад хүрч чадна
Т.Сайнчимэг:	 Маш сайн төлөвлөгөө, зохион байгуулалттай бол үл хөдлөхийн салбарт хэн ч амжилтад хүрч чадна
Т.Сайнчимэг:	 Маш сайн төлөвлөгөө, зохион байгуулалттай бол үл хөдлөхийн салбарт хэн ч амжилтад хүрч чадна
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ