Элчин сайд Ё.Отгонбаяр яагаад дуудагдах болов?
2021 оны 3 сарын 15
Элчин сайд Ё.Отгонбаяр яагаад дуудагдах болов?
АНУ бол манай гуравдагч хөрш, стратегийн түнш. Тиймээс тус улсад сууж, улс орноо төлөөлж, аливаа асуудал дээр дэлхийн хамгийн хүчирхэг гүрний дэмжлэгийг авах тэр элчин сайд бол зангаргатай, туршлагатай, боловсролтой нэгэн байх ёстой. Энэ шалгуурыг Ё.Отгонбаяр хангасан уу? Ерөнхий сайдын зөвлөх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, БСШУ-ны сайд, УИХ-ын гишүүн гээд төрийн хариуцлагатай албан тушаалуудыг тэр хашсан.  Боловсролын хувьд МГИМО буюу Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг төгссөн орос, англи, хинди хэлтэй. Түүхийн ухааны докторын зэрэгтэй. Ямартай ч түүний бичсэн "Жижиг орны аюулгүй байдал” дисартаци нь тухайн жилийнхээ шилдэг судалгааны ажлаар шалгарч Орос, Японд хэвлэгдэж байсныг санаж байна. За энэ яахав гол нь тэр томилолтынхоо гурван жилд юу хийв? Энэ чухал сэдэв шүү.
2018 оны 9 сард Монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч Д. Трамп, Дэд ерөнхийлөгч М. Пэнс, Төрийн нарийн бичгийн дарга М. Помпео болон албаны бусад хүмүүстэй уулзсан. Айлчлалын үр дүнгээр хоёр тал Хамтарсан мэдэгдэл гаргаж, Монгол, Америкийн харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг зарлав. Ийнхүү Монгол Улсын чухал гуравдагч хөршүүдийн нэг АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаа тогтоох зорилтыг нэг шат ахиулав. (Монгол улсын гадаад бодлогын хөх ном 2018)  Энэ үеэр АНУ-ын Засгийн газраас олгож буй 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтцийн хөтөлбөрт зарцуулахаар хоёр тал тохирчээ. Мөн айлчлалын үеэр элчин сайд нь Ерөнхий сайдаа АНУ-ын Сенатын танхимын гишүүн Дан Салливантай уулзуулсан. Эрхэм сенатын танхимын гишүүн: "-Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг дэмжиж байгаа. Би энэ хуулийн төслийг Сенатад танилцуулагдахад нь бүрэн дэмжинэ” гэж хэлсэн нь өдгөө хэвлэлийн хуудсанд үлджээ. Ерөнхийлөгч маань элчин сайдаа эргүүлж татах асуудал хөндөхдөө Монголын ноолуурыг АНУ-д гаргах талаар сенатын хууль батлуулаагүй гэж байсан. Элчин сайд Ё. Отгонбаяр энэ асуудлаар лавтай 100 гаруй сенатын гишүүнтэй уулзаж дэмжлэг авч чадсан байдаг.
       ОХУ-ын ерөнхийлөгчтэй дотно гэдэг манай ерөнхийлөгч АНУ-д айлчлах асуудал нэлээд эртнээс яригдсан. Ингээд 2019 оны 7 дугаар сард Монгол Улсын ерөнхийлөгч Х. Баттулга АНУ-д айлчлав. Хоёр улс стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг төрийн тэргүүн нар хамтдаа тунхаглав. Тэд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийлээ. Өмнө нь манай ерөнхийлөгч нар АНУ-ын тэргүүнтэй ингэж уулзаж байгаагүй юм. Ганцаарчилсан уулзалт 45 минут үргэлжилж бусад орны дипломатууд манай элчин сайд Ё. Отгонбаярын ур чадварыг үнэлж байлаа. Ерөнхийлөгч маань АНУ-ын Конгресст зочилж, тус орны Хууль зүйн сайд бөгөөд ерөнхий прокурор У. Барр, Сансрын нислэг ба сансрын уудмыг шинжлэн судлах  үндэсний төв (НАСА)-ийн дарга Ж. Брайданстайн нартай уулзаж, Америкийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийсэн. Энэ бүх нүсэр айлчлалыг зохион байгуулсан элчин сайдаа төрийн тэргүүн маань муу ажилласан гэж үзээд байгаа нь хачирхалтай.  
      2020 онд Монгол-Америкийн парламентууд стратегийн түншлэлийн тухай тогтоолууд баталсан ба УИХ-ын дарга Г. Занданшатарын АНУ-д хийх айлчлалын бэлтгэл хангагдаад байсан юм. Харамсалтай нь цар тахлын улмаас хойшилсон. 
       Цар тахлаас дутахгүй манай улсын хөгжилд тушаа болоод байсан зүйл бол хар жагсаалт. ФАТФ-ын хар жагсаалтаас гаргахад АНУ туслахад элчин сайдын ур чадварыг Ё. Отгонбаяр харуулсныг мэдэх хүрээнийхэн нь мэднэ. 
         Дэлхий нийтээр цар тахалд нэрвэгдсэн хүнд үед улс орнууд өөрсдийн иргэддээ татах асуудал тулгарсан. Энэ үед элчин сайд Ё. Отгонбаяр анх удаа Монголын онгоцыг АНУ-д буулгаж, хоёр орны агаарын тээврийн харилцаанд шинэ үеийг авчирсан. Тэрээр Монгол судлалын хойд Америкийн бүсийн хурлыг зохион байгуулж, өөрөө нээж байв. Үүнээс гадна Чингис хааны үзэсгэлэнг Луизиана, Миссури, Монтана, Орегон мужуудад гаргаж, алдагдсан үлэг гүрвэлийнхээ ясны араас гурван удаа шүүхдэж Монгол руугаа буцаасан ийм л элчин сайд шүү дээ.  
       Харин түүнийг дарга найзынхаа хүүхдийг их сургуульд элсүүлэх захиа бичсэн гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир зэмлэж байхад элчин сайд Ё. Отгонбаяр Монголын оюутнуудыг Америкт тэтгэлэгтэй суралцах гэрээ зохион байгуулаад завгүй харагдана лээ. Хүүхдийн сургууль хөөцөлдсөн, жиргэсэн гэх шалтаг гаргаж элчин сайдаа шүүх нь үнэхээр өө хайж хонзогносон хүний ажил мэт харагдаж байна. Уг нь элчин сайдыг бодлого, гадаад харилцааны хувь нэмрээр нь үнэлж, дүгнэж, мэдлэг чадваргүй бол татаж баймаар юм.
      Дэлхий даяараа л хүнд үеийг туулж байна. АНУ-д Монголын 30 мянган иргэн амьдардаг. Энэ үед тэднийг элчин сайдгүй болгох хэр зохимжтой юм бол доо. Тэгээд ч одоо Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаярыг АНУ-тай вакцины хэлэлцээрийг ид хийж байхад нь эргүүлж татах нь манай улсад ямар ач холбогдолтой вэ? Сайн бод, хүн ардаа, улсын эрх ашгаа урдаа тавь ерөнхийлөгч минь.     
 Э. Мягмаржаргал
 2021.03.15

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ