Г.Туяа: Үл хөдлөхийн салбарт хүн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, ажлынхаа үр шимийг хүртэж чаддаг
2021 оны 3 сарын 24
 Г.Туяа: Үл хөдлөхийн салбарт хүн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, ажлынхаа үр шимийг хүртэж чаддаг

“RE/MAX Peak” оффисын silver agent Г.Туяатай үл хөдлөхийн салбар, борлуулалтын талаар ярилцлаа. 

-Үл хөдлөхийн салбарыг яагаад сонгох болов. Мөн энэ салбарт амжилттай ажиллаж байгаа нууцаа бидэнтэй хуваалцаач? 

-Баярлалаа. Би “Ремакс”-т нэгдээд есөн сарын хугацаа өнгөрч байна. Миний хувьд өмнө ихэвчлэн хувиараа бизнес эрхлэхийн зэрэгцээ гадагшаа богино хугацаагаар явж ажилладаг байлаа. Мэдээж гадаадад ажиллахад хэдийгээр ажлын нөхцөл хүнд ч гэлээ тэр хэрээрээ цалин урамшуулал боломжийн. Түүнчлэн тухайн улс орны иргэд хөдөлмөрлөөд, түүнийхээ хэрээр маш сайхан амьдардаг. Гэтэл манай улсад ажил хийгээд, түүнийгээ шударгаар үнэлүүлээд, хүрэлцэхүйц орлого олох тал дээр дутмаг. Тийм ч учраас гадаадад ажиллаж байхдаа эх орондоо ажиллаж хөдөлмөрлөөд, түүнийхээ үр шимээр сайхан амьдрах юмсан гэж боддог байлаа. Ингээд ээлжит гадагшаа явж ажиллаад ирсний дараа Ковид гарч хил хаагдсанаар буцаж явах боломжгүй болсон. Тухайн үед юу хийх вэ гээд судалгаа, эрэл хайгуул хийж яваад “Ремакс”-ыг олсон гэж хэлж болно. 

“Ремакс” Монгол Улсад орж ирээд 4-5 жил болж байгаа ч би саяхан л энэ талаар мэдэж, энэ байгууллагад ажиллаж эхэлсэн. Магадгүй 4-5 жилийн өмнө энэ талаар судлаад мэдчихсэн байсан бол цаг хугацаа алдахгүй байж гэж бодох нь ч бий. Учир нь миний нөгөө хүсээд байдаг өөрөө л хөдөлмөрлөж чадвал тэр хэрээрээ орлого олж болох ажил энэ юм. Яг үнэндээ би өөр байгууллагад ажиллалаа гэхээд, миний чадалтай, чадалгүй, хийсэн хийгээгүйгээс үл хамааран цалин урамшуулал тогтмол байх хандлагатай. Гэтэл надад ямар ч ажлыг маш сайн хийх нөөц бололцоо, хичээл зүтгэл нь байдаг. 

-Тийм шүү. Манай цалингийн доод хэмжээ, ажлын нөхцөл тэр бүр хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлдэггүй нь нууц биш?

-Би мэдээж олон улсад ажиллаж байсан туршлагаа хуримтлуулаад Монголдоо гоё юм хийнэ гэсэн мөрөөдөл байдаг ч яг бодит байдал дээр хэцүү. Яг ийм л үед би “Ремакс”-г олсон. Үл хөдлөхийн салбар тэр дундаа “Ремакс”-ын бизнесийн модуль нь надад таалагдсан. Миний бодож, төсөөлж байснаар маш их хөдөлмөрлөөд түүнийхээ хэрээр олох орлого нь дээшээ хязгааргүй. Хүн ажиллаж л чадвал хэдийг ч олж, өөрийнхөө ажлын үр шимийг үзэж болохоор байсан нь надад маш их таалагдсан. Мэдээж анх реалтор болохдоо нарийн ширийн зүйлтэй нэг их айхтар гүнзгий танилцаагүй ч есөн сарын хугацаанд ажиллахдаа эхний таван сард нь л silver цолны болзлыг хангасан. Энэ цолны болзол хангахын тулд гар дээрээ 20 сая төгрөгийн шимтгэл авсан, багадаа 10 гүйлгээ хийчихсэн байх ёстой. 

Гэтэл би оwner-тайгаа хамт шалгаад үзсэн чинь 22 сая төгрөгийн шимтгэл аваад, 17, 18 гүйлгээ хийчихсэн, silver цолны болзлыг хангачихсан байсан нь үнэхээр итгэмээргүй санагдсан. Мэдээж таван сарын хугацаанд цолны болзол хангасан учраас маш их урамшсан. Надад аав, ээжээс өвлөгдөж ирсэн, аливаа зүйлд тууштай, хичээл зүтгэлтэй байх нэг чанар бий. Ямар ч ажлыг хийсэн бай амжилттай болсон ч, амжилтгүй ч болсон ч маш их хичээдэг. Цаашлаад, амархан шантарч бууж өгдөггүй. Өнөөдөр борлуулалт хийгээгүй бол сэтгэлээр унаад байдаггүй. Өөрөөр хэлбэл, бэрхшээлийг мухардал, асуудал гэж  хардаггүйтэй маань өнөөдрийн амжилт холбоотой гэж боддог.

-Бэрхшээлийг боломж болгож өөрчил гэдэг?

-Маш зөв. Ер нь бэрхшээл гэдэг бол хийж байгаа ажлын нэг л үйл явц. Хорвоо ертөнц хөдөлгөөнтэй шинж чанартай байдаг учраас бэрхшээл ч гэсэн дуусна гэж байдаггүй. Даваад гарчихлаа гэхэд дахиад бэршээл гараад ирдэг. Хүн бэрхшээлийг даван туулж байхдаа чанаржиж, сайжирдаг. Өнөөдрийн бэрхшээлийг даваад гарсан ч маргааш өөр хэлбэрийн бэрхшээл үүсч л байдаг. Амжилт ч ялгаагүй. Амжилтад хүрчихлээ л гэж бодсон ч дараагийн өдөр нь амжилт нь буурчихдаг тал ч бий. Тэгэхээр амжилт ч бай, бэрхшээл ч бай хичээнгүй ажиллаад, даван гарах тусам хүн өөртөө маш их давуу талыг олж байдаг. Түүнээс биш би энэ долоо хоногт гурван гүйлгээ заавал хийнэ гэж бодсон ч нэгийг ч хийсэнгүй гээд зовж, шаналах шаардлагагүй. 

Би энэ ажлыг дурлаж хийж байна, цаг хугацаандаа амжиж байна. Тэгэхээр үр дүн гарна гэдгээ л мэддэг байх ёстой. Нэг бодлын бидний ажил хувийн бизнес. Тиймээс өөртөө маш их сахилга бат суулгахыг хичээдэг. Яагаад гэвэл, хүмүүс хувиараа ажиллахыг сул чөлөөтэй гээд ойлгочихдог. Үүнийгээ дагаад назгайрдаг, хэдэн цагт ч ирж болох юм шиг, хэдэн цагт ч унтаж, босч болохоор юм шиг боддог. Эсвэл өнөөдөр хаяад өөр зүйл хийгээд явчихаж болохоор юм шиг ойлголттой байдаг. Тиймээс би хувиараа ажиллах тусмаа өөртөө илүү сахилга баттай, цаг баримталдаг, зарчимч байхыг хичээж байна. Жишээ нь, би өглөө найман цагт ажилдаа ирдэг. 10 минут хоцроход л айдаг. /Инээв/ Уг нь хэн ч намайг хоцорлоо гэхгүй. Өглөө тогтсон цагт оффистоо ирсэн ч болно, ирэхгүй байсан ч болно. Хэдэн цагт ч ирж болно, дээр нь нойр хүрээд байвал унтчихсан ч болно. 

Хэдийгээр ажил маань ийм боломжтой ч би өглөө найман цагт ирээд орой 21 цагт харьдаг. Тэр дундуур хийх ажлаа маш нарийн төлөвлөгөөтэй амжуулдаг. Угаасаа би том зургаа харчихсан, энэ хүртэл явна, ийм ажил хийнэ, сардаа ингэж ажиллана гээд төлөвлөчихсөн учраас цагийн хуваарийн дагуу түүнийхээ төлөө хичээдэг. Өнөөдөртөө энэ нь амжилттай, амжилтгүй байх нь огт хамаагүй. Нэгэнт л миний хийж байгаа ажил үр дүнгээ өгөх нь тодорхой учраас өөрийгөө урамшуулаад л зүтгээд байна даа. 

-Та том зургаа харчихсан гэлээ. Энэ салбарт цаашдын зорилгоо хэрхэн тодорхойлж байна?

-Үнэндээ би оwner болоод оффис нээгээд явна гэсэн бодолгүй байна. Уг нь борлуулалтын ажлаа хийгээд гүймээр байдаг. Гэтэл оффис нээвэл суух хэрэгтэй болчихно. Дээрээс нь хүнтэй ажиллана, идэвхжүүлнэ. Оффисынхоо удирдлагуудыг харахад бас л хэцүү ажил хийдэг. Энэ олон хүнийг сургаж, хөгжүүлж, дэмжиж, байнга урам зоригтой байлгахаас эхлээд маш их зүйл хийх хэрэгтэй. Харин миний хувьд энэ талын хүн биш юм шиг санагддаг. Борлуулалтын хамгийн дээд нь платинум гэж цол бадйаг. Би тэр цолонд хүрээд маш удаан тэрийгээ хийх хүсэлтэй. Өөрөөр хэлбэл, борлуулалтаа л гүн гүнзгий сурч, ажиллахыг хүсч байна.  Заавал борлуулалтаас дээшилж, чиглэлээ өөрчлөхийн оронд реалтороо тултал нь хийгээд олон жил амжилтаа хадгалаад явъя гэж бодож байна.

-Анх үл хөдлөхийн салбарт орохдоо хийж чадахгүй болов уу гэх айдас байв уу?

-Огтхон ч айдас байгаагүй. Чадна л гэж бодсон. Эхлээд мэдээж давуу тал, сул тал нь юу байдаг юм бэ гээд маш их судалсан. Давуу талууд нь миний шинж чанартай зохицдог. Ямар ч төрлийн ажлыг хийхдээ зүтгээд хичээх юм бол бүгд сайхан гэдгийг би ойлгодог болчихсон. Гадаадад ч гэсэн хэцүү хүнд ажил зөндөө л хийж байсан. Өөрөө л дурлаад хичээх юм бол үр дүн гараад, түүнийгээ муухай ч гэж мэдэхгүй хийгээд яваад байдаг. Сүүлд нь бодоход би хэцүү ажил зөндөө хийсэн байдаг. Өдөр өдөртөө “Энийг ингэчихвэл илүү гоё болох юм байна, тэрийг тэгчихвэл” гээд өөрийгөө хурцлаад, өөртөө аз жаргал үүсгээд нэг их гоё зүйл хийж байгаа юм шиг боддог. Хожим нь бодоход хэцүү, яаж даван туулж байсан юм бол гэмээр зүйл зөндөө л байдаг. Тийм ч болохоор үл хөдлөхийн салбарт айдасгүй эхэлсэн. 

-Маш их судалж, дотор нь ороод ажиллаж байгаагийнх өөрийн ажлын онцлогоо юу гэж хардаг вэ?

-Хүн ямар ч зүйл хийж бүтээсэн үр дүнг нь үзэх ёстой. Монголд хувийн бизнес эрхлэх хэцүү. Миний хувьд бизнес хийх гэж зөндөө эхэлж байсан ч тэр бүр үр дүнд хрээгүй. Харин энэ салбарт орсноор маш их давуу талыг мэдэрч байна. “Ремакс”-ын бизнесийн онцлог нь хүнийг маш их хөгжүүлдэг. Тухайн хүн хөгжих тусам өөрийгөө хурцлаад, ажлын бүтээмжээ нэмэгдүүлээд, тэр хэрээрээ цалин урамшуулаа аваад явах боломж нээлттэй. Мэдээж байгууллагын соёлоос эхлээд бүх зүйл надад шинэ. 

Яах вэ, би дөнгөж их сургуулиа төгсөөд төрийн ажил хийж л байсан. Түүнээс хойш ганцаараа бие даагаад, хувиараа ажилласан. Хамт олонтой байх маш гоё гэдгийг үнэхээр мэдэрч байна. Манайхан чинь хамтраад ажиллаад, улам хөгжөөд байдаг учраас илүү үр өгөөжтэй. Би эхлээд яагаад нэмээд агент аваад байдаг юм бол гэж гайхдаг байлаа. Намайг анх орж ирэхэд 700-800 орчим хүнтэй байсан. Тийм болохоор “Одоо болчихдоггүй юм байх даа, дахиад нэмээд аваад байх сонин юм аа” гэж боддог байлаа. Харин одоо үүний ач холбогдлыг ойлгож эхэлсэн. Манай бизнес хүнийхээ хүчээр зах зээлийг маш сайн эзэлж чаддаг юм байна. Бид багаараа маш сайн ажиллаж, маш их амжилттай байх юм байна гэдгийг ойлгосон. 

-Нэмж агент авах гэснээс өнөөдөр танайх ажлын байрны нээлттэй өдөрлөг зарласан байна лээ. Өнөөдөр танайд шинээр орж ирэх хүмүүст юу зөвлөмөөр байна?

-Мэдээж эхэлж байгаа хүмүүс их бага хэмжээгээр судалсан байгаа байх. Судлаад үзэж байгаа юм чинь давуу, сул талыг нь харж байгаа байх. Миний хувьд, хийх тусмаа хөгждөг, үр өгөөжөө авдаг бизнес учраас чадна л гэж бодвол эргэлзэх зүйлгүй ажиллах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Анх шинэ дээрээ мэдэхгүй зүйл олон. Би ч анх ороод юунаас яаж эхлэхээ ч мэдэхгүй, таг харанхуй л сууж байлаа.  Манай бизнесийн гоё юм нь хамт олон. Би ганцаархнаа юм хийх гэж байгаа бол асууж, зөвлөх боломж байхгүй. Зөв ч бай, буруу ч бай өөрийнхөөрөө л хийнэ. Гэтэл манайд бүхнийг заагаад, чиглүүлээд өгчихдөг. Удирдлагууд маань маш их дэмждэг. 

Тухайлбал, манай удирдлагууд хэзээ ч ажлаа тасалж байгаагүй. Хэзээ ч эрт явж үзээгүй. Хэзээ ч биднийг өөрсдөө мэдээд хий гээд орхиж байгаагүй. Байнгын сургалтаар хангаж, борлуулалтын зөвлөгөө өгч, дэмжиж ажилладаг. Манай удирдлага гурван хүн (овнер, захирал, зөвлөх) маш хүчтэй мундаг баг байдаг. Ийм хүчирхэг хүмүүс биднийг чиглүүлж байдаг нь манай бизнесийн маш том давуу тал шүү гэж анхлан ирж байгаа хүмүүстээ хэлье. Чи мэдэхгүй байсан ч заагаад өгнө. Харин чи жаахан л хичээл зүтгэлтэй, мэрийтгий, ажилсаг байх юм бол болчихно. 

Реалторын ажлыг эхэндээ сөргөөр хүлээж авдаг байсан ч одоо харьцангуй сайжирч байна. Нэг үеэ бодвол манайхан үйлчилгээ авч сурч байна. Хэдийгээр бид орлого олж байгаа ч тодорхой хувийг ажлынхаа төлөө зарцуулдаг. Биднээс үргэлж цаг хугацаа, эдийн засаг зарцуулагддаг. Гэтэл хүмүүс ганц хоёрхон зар өгөөд, хурдан зарчихаад байгаа юм шиг ойлгодог. Үгүй шүү дээ. Үүний цаана маш олон хүний нүсэр хөдөлмөр явж байдаг. Магадгүй гэр бүлд нь нэг реалтор байдаг хүмүүс ойлгож байгаа байх. Тиймгүй бол ойлгодоггүй.

Гэсэн ч манайхан үйлчилгээ авч сурч байгаад нь маш их баярлаж байгаа. Ер нь одоо үед агентгүйгээр зарагдаж байгаа байр ч цөөхөн. Хэрэв амархан байсан бол хүн бүр л өөрсдөө байраа зарчихна шүү дээ. Тиймээс агентууд олон болох тусмаа илүү хөгжиж байна, өрсөлдөөнтэй болж байна. Хувиараа борлуулалт хийх гэж байгаа хүмүүсийн хажууд бид илүү мэргэшиж байна. Юуны түрүүнд гомдоллохоосоо илүүтэй ажилдаа маш сайн мэргэшиж, алдаа мадаггүй сайн ажиллахын төлөө хичээх хэрэгтэй. 

Мэдээж бидний ажил үргэлж ногоон гэрлээр, саадгүй бүтэхгүй. Тэр бүрт шантарсан ч удирдлагуудын маань зөвлөгөө зөвлөмж, дэмжлэг маш их урам өгдөг. Манай оффис бусад оффисоос хамгийн гол нь ёс зүйг маш сайн баримталж ажилладгаараа давуу талтай. Үүнийгээ дагаад хамт олны дунд дулаан, элэгсэг уур амьсгал үүсч байдаг. 

-Өнөөдрийн silver агент маань анхны борлуулалтдаа хэр хугацаа зарцуулж байв аа? 

-Би хамгийн анхны гүйлгээгээ 17 хоногт хийж байлаа. Тухайн үед тэр хүнийхээ байрыг маш их удаачихлаа гэж бодож байсан. Яана аа, гээд л сандраад гүйгээд байсан. Хэдэн цагт ч гэсэн үзүүлье гэсэн гүйж гараад үзүүлдэг, энэ хүний байрыг удаачихлаа гээд бодоод байсан. Уг нь харилцагч маань баяртай байсан ч би байр зарах гээд удчихлаа гээд маш их санаа зовсон. Одоо эргээд бодоход маш хурдан зарчихсан байдаг юм. /Инээв/ Ер нь ажлаа их амраар харж байсан байгаа байхгүй юу. 20 хоногийн дотор байр зарахыг удна гэж боддог байлаа. 

-Одоогоор ямар төслүүдэд ажиллаж байна вэ. Үл хөдлөх сонирхож байгаа уншигчдад маань мэдээлэл өгөөч?

-Миний хувьд төсөлд дагнах бус хослуулж ажиллахыг зорьдог. Яг төсөл гэвэл, “Бичил”-ийн арын зам дагуу худалдаа үйлчилгээний 9 давхар “MB palaza” байна. Давхар бүртээ өөр үйлчилгээтэй, талбай худалдаж байгаа юм. Дээр нь манайхны ярьдгаар хоёрдогч зах зээлд ажилладаг. Цаашлаад би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу ажлынхаа ойр орчим, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын хотхонуудад дагнаж ажиллах зорилготой. Яг нэг хотхонд төвлөрч ажиллах маш том давуу талтай. Борлуулагч хүн борлуулж байгаа газраа маш сайн мэдэж байх нь зарах давуу тал болдог. Тиймээс би энэ хавийнхаа байршилд өдөр тутамдаа судалгаа, мэдээлэл цуглуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ байршилдаа маш удаан үнэ цэнтэй ажиллахаар хичээж байна. 26 дугаар хороонд нэлээд олон борлуулалт  ч хийсэн. Үүнийгээ лавшруулаад, энд амьдарч байгаа хүмүүсийнхээ итгэлийг хүлээсэн реалтор болно доо л гэж боддог. Мэдээж надтай холбогдож үл хөдлөх худалдан авах, борлуулах хүсэлтэй хүмүүс  https://www.facebook.com/remaxpeakinmongolia хуудсаар болон 99445074 утсаар холбогдоорой гэдгийг дуулгая. 

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. 

Эх сурвалж http://www.info.mn
 Г.Туяа: Үл хөдлөхийн салбарт хүн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, ажлынхаа үр шимийг хүртэж чаддаг
 Г.Туяа: Үл хөдлөхийн салбарт хүн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, ажлынхаа үр шимийг хүртэж чаддаг
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ