Уйлахгүй гэж хичнээн хичээв ч...
2021 оны 3 сарын 24
Уйлахгүй гэж хичнээн хичээв ч...
Уйлахгүй гэж хичнээн хичээв ч
Уйлах өдөр байна.
Уучлахгүй гэж хичнээн гомдов ч
Уучлах өдөр бас байна.

Санахгүй гэж хичнээн бодов ч
Санах өдөр байна.
Салахгүй гэж хичнээн хайрлав ч
Салах өдөр ч бас байна.

Хаачихаа мэдэхгүй хэцүү өдрүүд
Хариулт нэхэн ирдэг юм
Хар дарсан зүүд шиг шөнүүдийг
Харин хүн давдаг юм ...

Эргэцүүлэн бодох урт өдрүүд
Итгэл нэхэн ирдэг юм …
Эгцлэн харах гэмшилт нүднүүдийг
Эцэст нь хүн өршөөдөг юм …

Дурсахгүй гэж хичнээн хатуурхав ч
Дурсах өдөр ирнэ …
Дуусахгүй гэж хичнээн шантрав ч
Дуусах өдөр ч бас ирнэ …

Хагацахгүй гэж хичнээн хүсэв ч
Хагацах өдөр ирнэ
Эвлэрэхгүй гэж хичнээн зөрөв ч
Эцэст нь хүн зөөлөрдөг юм

Бүдэг саарал цаг хугацаанд будагдаж
Бүгд нэг өнгөнд хувилна
Навчин шаргал цаг хугацаанд алгадуулж
Нандин бүхэн дурсамж болно ...

Ухаарал нэмэх алсын өдрүүд
Уучлал нэхэн дэргэд ирдэг юм
Өнгөрсөнг мартуулах илбэчин өдрүүдэд
Өөрийн эрхгүй хууртдаг юм

Уулзахгүй мэт гомдоосон хүнтэйгээ
Уулзах өдөр ирдэг юм
Гэмшихгүй мэт алдаа бүр
Гэрийн үүдийг тогшдог юм ...

Ухаангүй мэт сагсууран аашлав ч
Ухаарах өдөр ирнэ
Толгойгүй мэт томоогүй загнав ч
Толгойд орох өдөр ирнэ …

Хүлээх юм бол бүтэхгүй
Хүний нас богино …
Яарах юм бол бүтэхгүй
Ямагт бүх зүйл өөрийн цаг хугацаатай

Засрахгүй мэт зарим хүмүүст
Засрах өдөр ч ирж болно
Эвдрэхгүй мэт итгэлт хүмүүстэй
Эвдрэх өдөр ч ирж болно

Олз хайсан олиггүй нөхдүүд
Олон биш ч таарах л болно
Итгэх хүнгүй эмзэг өдрүүдийг
Эрх биш чи давах л болно

Нэлмийсэн өдрүүд чамайг зүлгэж
Нэг л өдөр ухаан суулгана …
Алдагдсан хоногууд чамайг ирлэж
Аавын чинь боддогийг чамд бодуулна …

Б.МӨНХ-ОРГИЛ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ