Цагийн менежментээ сайжруулах энгийн дүрэм
2021 оны 3 сарын 26
Цагийн менежментээ сайжруулах энгийн дүрэм
Цагийг үр дүнтэй ашиглах сайн менежменттэй байна гэдэг тийм ч амар зүйл биш. Өдөр тутам тулгарах асуудлуудыг стрессгүйгээр давж гарахын тулд цагаа зөв төлөвлөж, үр дүнтэй ашиглах нь чухал.

Ажил болон амьдралаа тэнцвэртэй, эрүүл байлгахын тулд хэрхэн зөв цагийн менежменттэй байх хэд хэдэн зөвлөгөөг танд хүргэж байна.

1. Зорилгоо тодорхойлох

Өглөө сэрэх бүртээ та тухайн өдөр юу хийж амжуулахаа бодох хэрэгтэй. Өдөр тутмын зорилго нь заавал ажилтай холбоогүй байж болно (магадгүй гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрөөх гэх мэт). Та өөрөөсөө юу хийхийг хүсч байна вэ? Цаашдаа хэн байхыг хүсч байна вэ? гэж асуугаад үзээрэй. Дараа нь зорилгоо илүү нарийвчилж богино болон урт хугацааны зорилгоо тодорхойлоорой.

Зорилго тодорхой байхын хэрээр илүү сайн төлөвлөгөө гаргаж зорилгодоо хүрэхэд илүү сайн төвлөрч чадна.

2. Ажлаа хойшлуулахаас зайлсхий

Хүмүүс бид хийж буй ажилдаа бодитоор хандахаас илүүтэйгээр оюуны энергиэ зарцуулах хандлагатай байдаг. Хийх ёстой ажлаа хойш тавьснаар “ажлаа дуусгах ёстой” гэсэн бодол таныг үргэлж шаналгах болно гэдгийг санах хэрэгтэй. Дуусгаагүй ажлууддаа санаа зовж оюуны эрч хүчээ үрэхээс зайлсхийхийн тулд ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэх нь зөв юм.

3. Эцсийн хугацаагаа тодорхойлох

Аливаа хийх ёстой ажлынхаа гүйцэтгэх хугацааг тодорхой болгох нь ажлаа хойшлуулах сэдлийг арилгадаг.Өөрийнхөө төлөө ажлынхаа хугацааг тодорхойлж түүнийгээ баримтлах нь чухал юм. Эс бөгөөс таны цагийн менежментээ сайжруулах гэсэн хүчин чармайлтыг үгүй хийх болно гэдгийг санаарай.

4. Жагсаалт гаргах

Цагийн менежментээ сайжруулахад хамгийн чухал зүйлсийн нэг нь хийх ажлынхаа жагсаалтыг гаргах юм. Энэ нь танд хийх ёстой ажлуудыг тань сануулж, өмнө хийсэн ажлуудаа хянах боломжийг олгодог.

5. Хэтэрхий олон ажилд төвлөрөхгүй байх

Ихэнх хүмүүс өөрийгөө маш олон төрлийн чадвартай гэж боддог боловч харамсалтай нь маш цөөхөн хүмүүс л тийм чадвартай байдаг. Судалгаанаас харахад бид олон ажлыг нэг дор амжуулахыг оролдох үед бидний ажлын бүтээмж багасах мөн стресс нэмэгддэг болох нь батлагдсан байна. Бүх зүйлийг нэг дор амжуулах гэж оролдохын оронд ажлын жагсаалтаа нэг нэгээр нь шалгаж, ажлаа дуусгах хүртэл бүх анхаарлаа тэрхүү ажилдаа төвлөрүүлэх хэрэгтэй.

6. Өөрийгөө шагна

Ажлаа цаг тухайд нь амжилттай гүйцэтгэж дууссан бол өөрийгөө шагна. Гэхдээ өөртөө өгч буй шагнал тань эрүүл бөгөөд таны цагийг хий дэмий үрэхгүй байх ёстойг анхаарна уу. Жишээ нь ажлаа хийж дуусах бүртээ их хэмжээний бялуу, кекс гэх мэт гурилан бүтээгдэхүүн идэх нь тийм ч сайхан санаа биш болов уу!

7. Мэргэжилтнүүдээс суралц

Амжилтын талаар 50 гаруй жил судалсан эрдэмтэн “Амжилтын хамгийн том зарчим бол мэргэжилтнүүдээс суралцах” гэж хэлсэн байдаг. Та аль ч салбарт томоохон амжилтад хүрэхийг хүсч байвал тухайн салбарын амжилттай хүмүүс хэрхэн амжилтад хүрсэн, ямар цагийн менежментийн дагуу ажилладаг гэх мэт зүйлсээс суралцах хэрэгтэй.Та амжилттай хүмүүсийн ярилцлага, ном зэргийг уншиж судлаарай. Тэгснээр та тэр хүмүүсийн нэг нийтлэг шинж чанар болох “сайн зохион байгуулалттай” гэдгийг нь анзаарах болно.

Өөрийн цагийн менежментээ сайжруулахын тулд та дээрх аргуудыг баримталж чадсанаар өмнөхөөсөө илүү хялбар бөгөөд хурдан ажлаа зохицуулж чадна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ