А.Мөнхбат: Монголын залуучууд сэрж байна
Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбаттай ярилцлаа.

-Юуны өмнө таны паркаа аврах тэмцэл хаана хүрээд зогсов оо?

-Паркийн тэмцэл бол Монголд шударга ёс байх юм уу үгүй юу гэдэгт хариулт өгөх тэмцэл юм шүү дээ. Маш олон залуус шударга ёс ялах уу, эсвэл бид шударга бусаар амьдрах уу гэдгийг энэ тэмцлээс нэхэж байгаа. Өнөөдөр бид шударгаар амьдаръя гэхээр ажилгүй болж, нүд үзүүрлэгдэж адлагдаад байна. Эсвэл шударга бусаар нь явах ёстой юм уу, тэгвэл хамаа алга. Бүгдээрээ шударга бус байя гэдгийг л энэ нөхдүүдэд тавиад байгаа юм. Хотын удирдлагууд паркийн газрыг хууль ёсны дагуу хувьчилсан гээд шүүхэд бичиг хийж өгсөн байна билээ. Уг нь өмнө нь шүүхээс илт хууль бус хувьчлал болсныг нь тогтоочихоод байсан юм. Эцсийн эцэст луйвардаад авчихсаныг нь монгол хүн бүр мэдэж байгаа. Тиймээс бид бизнес хийж байгаа тэр компаниудыг нэг удаа ард түмнээсээ уучлал хүсээд паркийн газрыг буцааж өг. Тэгээд цаашид бизнесээ шударга хийгээд яв гэсэн асуудлыг л тавьсан. Гэтэл одоо болтол чадахгүй байгаа байхгүй юу.

-Уг нь Б.Наранхүү, Лу. Болд хоёр “Чамайг чөлөөлбөл би чөлөөлнө” гэсэн юм яриад явсан биз дээ. Гэтэл одоо бүр таг болоо шив?
-Ер нь шударга бусаар явъя гэж байгаа бол бид шал өөр хэлбэр рүү орж тэмцэнэ шүү гэдгийг л хэлмээр байгаа юм. Үүнийг Монголын мянга мянган залуус, иргэд хүсч байгаа. Хүн иргэн байхдаа нэг юм, албан тушаалтан болоод өөр зүйл ярьж болохгүй. Бизнесийн компани луйвар хийсэн бол түүнийгээ хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстой. Жишээ нь би “Голомт”, “MCS”ийг дампуурчихсан байхад лав гайхахгүй. Яагаад гэхээр тэд шударга бус бизнес хийсэн учраас дампуурч байна. Магадгүй олон ажлын байр гаргасан ийм тийм гавьяа байгаа гэх байх. Гэхдээ өнөөдөр залуучууд, энгийн иргэн хүртэл шударга бус зүйлийг хүсэхгүй байхад хүчээр байлгах гээд байгаа нь харамсалтай. Тиймээс энэ тэмцэл цаашаа үргэлжилнэ. Үргэлжлэхдээ чулуу мод барьж гүйхгүй. Хуультай улсад амьдарч байгаа учраас хууль, шүүхээр нь тэмцлээ үргэлжлүүлнэ.

-Тэгэхээр таны хувьд Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн албыг аваад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд чимээгүй, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй хэмээн шүүмжлэгддэг байсан Залуучуудын холбооны үйл ажиллагаанд дэвшил гарав уу?
-Монголын залуучуудын холбоо түүхэн уламжлалтай, азидаа бараг анхны залуучуудын байгууллага гэгддэг. Олон сайн сайхан зүйлийг Монголын ард түмний төлөө хийж, ард түмэн нь энэ байгууллагыг үеийн үед дэмжсээр ирсэн. Энэ байгууллагын Ерөнхийлөгчийн ажлыг хийх хүндэтгэлтэй болоод хариуцлагатай итгэлийг залуучууд надад өгсөн. Залуучуудын холбоо залуучуудыг сэрээж, нэгтгэж, зорилгынхоо төлөө зүтгэхэд нь тусалдаг байгууллага. Тийм болохоор бид хийх ёстой зүйлээ шинэ өнгө төрхөнд нь оруулаад, мартагдсан зүйлүүдээ сэргээж, залуу хүн бүрт хэрэг болох ажлуудыг хийх гээд эхлээд явж байна.

-Ер нь Монголын залуучуудын холбоо бүрэлдэхүүний хувьд нэлээд шинэчлэгдсэн байх?

-Монголын залуучуудын холбооны Гүйцэтгэх хороо буюу удирдах төв аппаратыг 100 хувь шинэчиллээ. Дээр нь аймаг орон нутгийн залуучуудын байгууллагуудыг сэргээх ажлыг хийж байна. Дийлэнх нь сэргээд явж байна, зарим нэг тамга тэмдгээ өгөхгүй дараад хэвтчихсэн, авдартаа хийгээд ажлаа мартчихсан дарга нарыг сэргээх, нас нь залуу гэдэг ангиллаас даваад явчихсаныг нь залуучуудаар сэлгэх ажлыг мөн зохион байгуулж байна. Нөгөөтэйгүүр залуу хүнд хамгийн чухам зүйл зорилго. Тиймээс залуучуудаа зорилго, мөрөөдөлтэй байлгах, түүнийхээ төлөө сурч хөдөлмөрлөдөг байлгахад хэд хэдэн ажлыг гол хийх ёстой газруудтай нь хамтарч хийж байна.

- Залуучуудын холбооны хувьд төртэй уялдаа, холбоотой ажиллахад анхаарах шаардлага байгааг хэлдэг хэрнээ ажил болохгүй удсан. Та үүнийг ажил болгож чадаж байна уу?
-Гол хийх ёстой газар гэж УИХ, Засгийн газрыг хэлээд байгаа юм. Тиймээс л бид УИХ-ын дэргэд Залуучуудыг дэмжих лобби бүлэг байгуулаад байна. Бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, дэд даргаар нь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа ажиллаж байгаа. Энэ бол УИХ-ын дэргэдэх хамгийн хүчтэй лобби бүлэг гэж болно. Үүний дараа Засгийн Газрын түвшинд Ерөнхий сайдтай ярилцаад “Залуучуудын үндэсний хороо”-г байгууллаа. Энэ хорооны үйл ажиллагаа эхлээд тодорхой асуудлуудыг барьж аваад ажлаа хийгээд эхэлж байна.

-Тодорхой асуудал гэхээр юуг оруулж байна вэ?

-Юуны өмнө залуучуудын өмнө тулгамдаад байгаа орон сууц, боловсрол, эрүүл мэнд, чөлөөт цаг, хөдөлмөр эрхлэлт гэсэн таван гол асуудал дээр бид тодорхой ажлуудыг хийж байгаа. Орон сууцны хувьд “Буянт-Ухаа” хороолол гэж метр квадратыг нь саяас доош үнэнтэй барилгыг бариулж туришилтын төслийг хэрэгжүүлээд явж байна. Энэхүү 1575 айлын орон сууцны ажлыг анхааралтай ажиглаж байна. Заасан хугацаанд, тогтсон өртөгт нь багтаагаад босгож чадвал үүний жишгээр дараа жилээс маш олон орон сууцыг залуучуудын орон сууцны төсөл болгож баръя гэсэн бодлоготой байгаа. Нөгөөтэйгүүр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан “Ажил орлоготой монгол залуу” хөтөлбөрийн гол дэмжин хэрэгжүүлэгчээр манайх ажиллаад явж байна. Энэ жил энэ хөтөлбөрт зориулж Засгийн газраас 600 орчим сая төгрөг анх удаа гаргаж байна. Залуучуудын төрийн бус байгууллагат ингэж 600 сая төгрөг өгч байсан түүх Засгийн газарт байхгүй.

600 сая төгрөг ямар нэг үл бүтэх этгээдийн гарт ороод, эсвэл тендерт ороод алга болоогүй. Энэ мөнгө бүгд залуучуудын гар дээр цалин болж очиж байгаа. Эхнийх нь суманд соёлын үрийг тарих шаардлагын дагуу хийгдэж байгаа ажил. Сум бүрээс Улаанбаатарт суралцаж буй дөрвөн залууг сонгоод өөрийн суманд нь хоёр сар ажиллуулж байна. Эхний сар нь хариу нэхээгүй тус гэсэн залуучуудын холбооны брэнд болсон аяны хүрээнд ажиллаж байгаа. Нэг сар нь Хөдөлмөрийн яамнаас 200 мянган төгрөгийн цалин аваад тухайн суманд нь ажиллаж байгаа. Ингээд 330 суман дээр 1300 гаруй залуу 200 мянган төгрөгийн цалин аваад энэ зун ажиллаа. Энэ жил туршилтын байдлаар төсөл хэрэгжлээ. Ирэх жилээс сумаас Улаанбаатарт ирж суралцаж байгаа бүх залуусыг эргэж суманд зун ажиллуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж харж байгаа.

-“Ажлын гараа” гэдэг төсөл яригдаж байсан. Тэр ажил болж байгаа юу?

-“Ажлын гараа” төсөл анхны ажлынхаа суурийг тааруу тавьж, хүссэн ажлын байрандаа ажиллаж чадахгүйд хүрдэг байдлыг өөрчлөх юм. Тиймээс зун амралтаараа өөрийн мэргэжлийн чиглэлээр хөдөлмөр эрхэлдэг жишгийг бий болгох гэж байгаа. Энэ нь залууст нэг талаас дадлага, нөгөө талаас мөнгө олох, сургалтын төлбөртөө нэмэрлэх боломж болж байгаа юм. Ингээд бид тус бүр 15 хүүхэдтэй 28 багийг энэ жил илгээсэн. 21 баг нь 21 аймаг руу явсан, ингэхдээ тухайн нэг аймгийн нэг сумын залуу гэр бүлийг сонгож, залуу гэр бүлд өвөлжөө барьж өгөх ажлыг хийж байгаа. Хөдөө аж ахуйн яам, аймгийн Засаг дарга нартай яриад тодорхой зардлуудыг нь гаргаад Хөдөлмөрийн яам буюу манай төслөөс 15 залууд сарын 500 мянган төгрөгийн хөлс өгч байгаа. Дээр нь долоон багийг Чойр, Сайншанд, Багануур, Хөтөл, Эрдэнэт, болон “Шинэ төмөр зам” гэсэн бүтээн байгуулалтын төслүүд рүү илгээлээ. Залуус шургуу ажиллаж Хөдөлмөрийн яамнаас өгч байгаа 500 мянган төгрөгийн цалин дээр нэмээд ажилласан байгууллагаасаа 200-300 мянган төгрөгийн урамшуулал авч байгаа. Бид ирэх аравдугаар сарын 5-нд энэ хоёр төслийн тайлангийн хурлыг хийнэ. 1500 гаруй залуу сум, аймаг бүрээрээ тайлангийн хурал хийнэ. Цаашид төслийг хэрхэн явуулах, юу нь хэрэгтэй, юуг анхаарах хэрэгтэй байгаа талаараа зөв дүр зураг гаргана гэж харж байгаа.

-Залуус маань намрын ажилд явдаг болж байгаа гэсэн?

-“Намрын ажил” гэсэн бас нэг төслийг Үйлдвэр хөдөө яамтай хамтраад бороо хур ихтэй, ургацаа богино хугацаанд хураах зорилгоор 2500 залуу аж ахуйд ажиллуулахаар болоод байгаа. Залуучуудаа орчин цагийн аж ахуйд явах боломжоор хангах гэж байгаа. Компаниуд нь байр хоол, унааг нь даана. Дээр нь өдрийн 20 мянган төгрөгийн цалин өгнө. Явах хүсэлтэй залуус олон байгаа. Бараг бүх оюутнуудад явах хүсэл байгаа. 7-14 хоногийн хичээлийг хавар эсвэл хагас бүтэн сайн, өвлийн амралтаараа нөхөж болж байгаа.

-Тэгэхээр Монголыг залуучуудын орон гэдэг. Тэгсэн хэрнээ төрөөс залуучууд руугаа чиглэсэн бодлого их дутагдаж байгааг шүүмжилдэг. Таны бүрдүүлсэн баг залуучуудын байгууллагын үйл ажиллагааг төрд ойртуулж, уялдаа холбоог сайжруулах алхмыг хийж чадаж байна гэж та хэлэх үү?
-Манай залуучууд хоорондоо нийлж мэдэхээ больсон, хамтарч дуу хоолойгоо илэрхийлж чадахаа больсон, зохион байгуулдаг байгууллагууд нь улс төрийн өнгө аястай болсон гээд олон асуудал байгаа. Энэ бүгдээс шалтгаалаад залуус маань өөрсдийнхөө өмнө тулаад байгаа мөнгө олдог ажлаа хөөцөлдөөд өдөр шөнөгүй явж байна. Гэтэл нэгдэж нийлээд хийвэл орлогоо нэмэгдүүлэх, ажиллах нөхцлөө сайжруулах, ажиллангаа сурах, орон сууц авчихаад зээлээ төлөх зэрэг маш олон боломжуудыг бид харахгүйгээр зүгээр л ажлын “мал” болсон юм шиг ажиллаж байна. Ажиллаж ажиллаж арай гэж хэдэн төгрөг цуглуулаад байр аваад 60 хүрээд мөнх бусыг үзэж байна. Нэг ёсондоо залуучууд эрүүл мэндээ хаяж, амьдралын аз жаргалыг мэдэрч чадахгүй байна. Үргэлж түрээсийн байр хэсч, даргын царай харж, нэг ажлын байрнаас нөгөө ажлын байр руу гүйж байна. Энэ мэтчилэн хүүхэд байхдаа мөрөөддөг байсан олон сайхан мөрөөдөл нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй болчихоод байна. Тиймээс бид нийлээд бодит байдал дээр төр засагтайгаа хамтарч ажиллахаас өөр арга байхгүй. Хэрэв засаг бидэнтэй ажиллахгүй бол ажиллах засгийг нь гаргаж ирэх ёстой. Түүнээс биш Засгийн газраас бидэнтэй ажиллаач гээд гуйгаад байх шаардлага байхгүй.

-УИХ-ын дэргэд лобби бүлэг байгуулагдсан гэлээ. Тэгэхээр залуучуудын талаар баримтлах бодлого гаргах тал дээр ахиц гарна гэж харж байна л даа?

-Таны гаргалаа маш зөв байна. УИХ-аас гарч байгаа бүх бодлогын гол цөм нь гол масс руугаа чиглэсэн байх ёстой. Тэгэхээр гол масс гэдэг нь залуучууд. Залуучууд өнөөдөр манай хамгийн үнэ цэнэтэй хэсэг. Энэ хэсэг рүүгээ зөв хөрөнгө оруулалт, зөв бодлого явуулах юм бол маргаашийн ирээдүй үнэхээр сайхан болно. Тиймээс УИХ-аас гарч байгаа бодлого бүр дээр залуучуудын дуу хоолойг хүргэх шаардлага байгаа. Энэ агуулгаараа бид УИХ-д тодорхой шахалтуудыг үзүүлж явж байгаа. Дээр нь Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам Залуучуудын хөгжлийн танхимтай болсон. Энэ өмнөх Засгийн газруудад огт байгаагүй бүтэц. С.Эрдэнэ сайд залуу хүмүүс их ойр юм байна. Тэр агуулгаараа бид Монгол Улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, Монголын залуучуудын холбоо хамтарч боловсруулж байна. Энэ бодлогын бичиг баримтыг боловсруулах санаа хоёр жилийн өмнө намайг энд ирснээс хойш гараад одоог хүртэл хийгдээд явж байгаа. Энэ бичиг баримт маш тодорхой, хэмжиж болохуйц, залуучуудад ойлгомжтой замын зураг үзүүлэх ийм л бичиг баримт байгаасай гэж бид хүсч байгаа. Нөгөө талаар залуучуудын дуу хоолойг илэрхийлж байдаг хуулиудыг өргөн барина гэж бодож байгаа. Төсвийн эрх мэдэл орон нутагт шилжсэн гэж байна. Гэтэл сумын залуучуудын холбооны даргатай ярилцаад үзэхээр “Өө, Засаг дарга л мэддэг шүү дээ” гэдэг байдалтай байна. Тиймээс бид сумдын төсөв зарцуулалтад залуучуудын байгууллага заавал оролц гэсэн удирдамжийг өгч байгаа. Ер нь суманд нэг сагсны шийд зоох, WiFi тавих чинь залуучуудын хүсч мөрөөдөж байгаа зүйл. Тиймээс л бид 2013 оныг “Аваръя оролцъя” гэсэн уриатайгаар бүх үйл ажиллагаанд оролцоод явж байгаа.

-Ойрын хугацаанд Залуучуудын холбооноос залуучуудын Их хурлыг хуралдуулахаар ярьж байгаа гэсэн. Ер нь хэдийгээр товтой байгаа вэ?
-Монголын залуучуудын холбоо Их хурлаа хийлгүй бараг 10 жил болсон. Энэ жил хийнэ. Юуны өмнө Монголын залуучуудын холбооны дүрэм, бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл зэргээ орчин үеийн шаардлагад нийцүүлж шинэчилнэ. Жинхэнэ залуу хүн дээрээ төвлөрч, хүсч байгаа зүйлийг нь бодит ажил болгож чаддаг уян хатан бүтэц, чадварлаг механизмыг бүрдүүлнэ гэж харж байгаа.

-Залуучуудын өмнө тулгамдсан асуудал гээд ярихаар олон зүйлийг ярьж болж байна. Боловсролын салбарт гэхэд сургалтын чанар, сургуулийн төлбөрийн асуудал гээд ярих юм их. Гэтэл нөгөө талаас сурч, хөгжихөд мөнгө, хөдөлмөрөө зориулах сэтгэлгээг бий болгох хэрэгтэй гэх нь ч байна. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Миний зүгээс залуучуудын төлөөллийнхөө хувьд нэг зүйлийг бодож явдаг. Чи төгсөөд хэдэн төгрөгийн цалин авах гэж байгаа юм бэ. Яг тэр цалингаа сурч байгаа жилээрээ үржүүлээд нэг жилийн төлбөр чинь гарна гэсэн олон улсын тогтсон жишгийг харах ёстой. Тэгэхээр МУИС-ын төлбөр 1.8 сая байвал суралцах дөрвөн жилдээ хуваана. Тэгэхээр 400 мянган төгрөг гарч байгаа биз. Тэгэхээр чи төгсөөд 400 гаруй мянган төгрөгийн цалинтай болох сургуульд сургуульд сурч байна л гэсэн үг. Тэгэхээр би төгсөөд өндөр цалин авах, илүү чанартай боловсрол эзэмшихийн тулд улам өндөр төлбөр төлөх ёстой. Цалин ч өсөх ёстой. Гэтэл өнөөдөр байгаа манай эдийн засаг, цалингийн хэмжээ төлбөр хоёр ийм байдлаар уялдчихсан явж байгаа. Түүнийгээ дагаад тийм хэмжээний багшийн цалин, сургалтын орчин, сурах бичгийн талаар ярих ёстой. Гэтэл бидэнтэй яг нэг цаг үед дэлхийн нөгөө өнцөгт сурч байгаа залуу жилд 20 гаруй мянган доллар төлөөд сард таван мянган долларын цалин аваад ажиллахуйц тийм ажлын байранд ажиллаж, тийм орчинд амьдарч байгаа. Энэ бүгдийг өөрчлөхийн тулд илүү сайн сурах хэрэгтэй. Илүү сайн сурахын тулд илүү их сургалтын төлбөр төлж чадахуйц сэтгэлгээ рүү шилжих цаг нь болчихсон.

-Нэг талаас оюутнууд маань хэлсэн мөнгийг нь төлөөд сурч байхад сургуулиуд тэр хэмжээнд нь дүйцэхүйц чанартай сургалтыг явуулж чадаж байгаа болов уу?

-Манай багш нар сайн. Тогтолцооны хувьд гажиг байгаа. Өнөөдөр оюутныг үнэлэх, шалгалт авах систем нь зааж байгаа хүнтэй нь хамааралтай систем байгаа. Багш нар нь сургуулийн ашиг орлого, өөрийн рейтингээ бодоод автоматаар сайн гэж үнэлээд, оюутан нь өөрийгөө сайн гэж ойлгоод яваад байгаа. Зүй нь чанартай байгаа эсэхийг нь хөндлөнгийн итгээд тогтоох ёстой. Би Боловсролын сайдад зоригтой санал тавьсан. Бүх оюутнуудаас тестийн системээр шалгалтыг нь авъя. Бид сонгууль хийх гээд санал тоолох автомат машин авсан. Тэр чинь үндсэндээ сонгуулийн тестийн машин. Тэгэхээр бүх ЕБС, их дээд сургуулиудын шалгалтыг тэр машинаар тестээр авъя. Түүнийг бид зохион байгуулж өгье. Бидний зүгээс ямар ч хөндлөнгийн нөлөөнд автахгүй. Сурагч, оюутнууд сурч чадаж байгаа эсэхийг хөндлөнгөөс нь тогтоогоод өгье гэсэн санал тавьсан. Бидэнд шийдвэртэй хариу хэлээгүй. Бүх зүйл үнэнээр гараад ирсний дараа багш нь болохгүй байгаа юм уу, сурагч, оюутан нь болохгүй байна уу гэдгийг маш амархан тогтоож болох юм.

-Залуучуудын тухай ярихаар гэр бүлийн асуудлыг заавал ярих болно. Залуу гэр бүлүүдэд маань сайн сайхан зүйл байна аа. Гэхдээ эрчүүд нь архи балгаад эхнэрүүд нь гэр бүлээ авч явж байна гэж байна. Гэр бүл салалт их байна гэнэ. Энэ бүхэн өнөөх л төрийн бодлого дутсанаас үүдэж байгаа юм болов уу?

-Манайх социализмын үед гэр бүлийг маш тодорхой системээр барьдаг байлаа. Жишээ нь гэр бүл салбал дараагийн ажлын байр байдаггүй, заавал хамт олны хурлаар ордог гэх мэт механикаар барьдаг байсан. Шашин дэлгэрсэн оронд сүсэг бишрэлээр нь нэгтгэдэг. Долоо хоногийн нэг өдөр сүм рүү гэр бүлээрээ заавал очдог. Тэнд нь хэрхэн аав, ээж байх тухай заадаг. Аав ээж хоёр хүүхдээ яаж хүмүүжүүлэхийг нь заадаг. Гэтэл өнөөдөр монголын залуучуудад хэн зааж байгаа юм бэ. Бидэнд одоо тийм зүйл дутагдаж байгаа. Тиймээс бид Залуучуудын гэр бүлийн хороог байгуулахаар бэлтгэл хийж байгаа. Бас Хуримын ордонг Гэр бүлийн ордон болгож өгөөч ээ.

Зөвхөн бүртгэдэг биш залуучуудад зөвлөгөө өгдөг, ярилцдаг байгаач гэж байгаа. Одоо болтол шийдээгүй л байна. Дараагийн бас нэг тулгамдаж байгаа асуудал бол эдийн засгийн байдлаасаа болоод залуучууд жинхэнэ мөрөөдлөөрөө мөлхөж байна даа. Би үүнийг олон удаа хэлж байгаа. Харин сая Засгийн газар зориг гаргаж орон сууцны зээлийг эхлүүлсэн. Ер нь энэ бол гэр бүлийг баталгаатай байлгах хамгийн найдвартай уяа бөгөөд хөшүүрэг юм байгаа. Залуу гэр бүлүүд зээлээ төлөхийн төлөө юун салах, харин ч нийлээд хөдөлмөрлөдөг. “Энэ бүхнийг одоо яана аа” гэж суудаг цаг өнгөрчээ. Жинхэнэ сэтгэлтэй, зовлонг нь үзсэн залуучуудаар нь хийлгэх жишиг рүү ормоор байна. Одоо төр сургууль, ясли, цэцэрлэг барихаа болих ёстой. Тэр мөнгийг нь цэцэрлэг ясли барьчихаад байгаа залууст нь өгчих л дөө. Залууст бизнес хийх боломжийг нь олгомоор байна. Авлига авдаг, ажил дампууруулдаг хэдэн төрийн албан хаагч биш, нэг сэтгэлтэй эхнэр нөхөр хоёр, эсвэл хэсэг найз нийлээд цэцэрлэг ажиллуулаад ах дүү нарынхаа хүүхдийг тэр цэцэрлэгтээ явуулаад, өргөждөг тэр систем рүү шилжмээр байна. Үүний төлөө залуучуудын холбоо маш хатуу байр суурьтай зогсоно гэж бодож байгаа. Гэтэл одоогийн хууль тогтоогчид хөгжиж буй орны хөрсөн дээр хөгжингүй орны хууль, дүрэм, арга туршлагыг хуулбарлаад буулгах гэж оролдоод байна. Бүх хууль дээр. Тэр нь одоо гацаа болж байна. Хууль зөрчсөн баахан залуучууд л бий болоод байгаа байхгүй юу. Нэг юм хийх гэхээр төгсгөлдөө заавал шоронд ордог.

-Одоогийн монгол залуучуудыг сэтгэлгээ, оюуны түвшний хувьд дорой байна гэж шүүмжлээд байгаа. Үзэж харах, мэдэж мэдрэх, амсах таашаах нь хүртэл өчүүхэн байна гэх ч хүн байх юм. Та үүнтэй хэр санал нийлдэг вэ?

-За яах вэ, бэлэнчлэх гэж ярьдаг. Гэтэл хэдэн тэнэг улстөрчид өөрсдийнхөө хийсэн зүйлд хууртаад л явж байгаа шүү дээ. Залуучууд халамж авахдаа өгч байгаа болохоор нь л авдаг болохоос биш “Төр минь хишгээ хайрлалаа” гэж бодож авдаггүй. Бурууг нь угаасаа ард түмэн мэддэг. Биднийг хуурах гээд тэнэгтэж байгааг нь мэддэг. Харин сэтгэлгээ, оюуны түвшний тухайд хэлэхэд нийгэм харьцангуй чөлөөтэй болсон. Дээр нь бидний мэдээлэл авах, сурах боломж маш чөлөөтэй болсон. Энэ чөлөөтэй ертөнцөд мэдлэг боловсрол, чадвар олж авах нь залуу хүний өөрийнх нь үнэлэмжийн асуудалд болоод байгаа. Хамгийн зөв чиглүүлэх тогтолцоо нь нэгдүгээрт байгалиас заяасан гэр бүл, хоёрт боловсролын систем. Өнөөдөр манай залуучууд оюунлаг биш, соёлгүй гэж байгаа бол боловсролын систем, гэр бүлтэй ярих ёстой. Тааруухан залуу байгаа бол энэ хоёр үүргээ гүйцэтгэж чадсангүй л гэж хэлэх ёстой. Нэг үеэ бодвол ганцхан хошин шог тавигддаг байсан бол өнөөдөр нэг клубт дан кино үзэх, нөгөөд нь жааз сонсдог, өшөө өөр газар амьд хөгжим сонсч байна. Очих газар нэмэгдээд л байгаа юм.

-Монгол залуучууд эвлэх, цуглах нь тааруу гэх юм. Тэр дундаа сайн юманд нэгдэхдээ тааруу гэх шүүмжлэл байдаг. Уг нь эвлэж нэгдвэл ихийг хийх чадна гээд байгаа?
-Ер нь эцсийн дүнд эв гэдэг бол хариуцлага юм. Эвтэй байвал хариуцлагатай бай гэж байгаа юм. Залуучууд нэгдэхгүй, хагарч бутраад байна гэж байна. Гэтэл нийлж нэгдэж болдгийг Залуучуудын холбоон дээр бүтэн жил харлаа шүү дээ. Хуучин Ардчилсан залуучуудын холбоо, Нийгмийн ардчилал залуучуудын холбоо нийлж хэзээ ч юмаа ярьдаггүй байсан. Одоо Монголын залуучуудын холбоон дээр ирээд миний баруун зүүн талд суугаад бүх зүйлээ ярьж байна. “Сонгуулийнхаа үед улстөрждөг юм байгаа биз, бусад үед залуучуудынхаа төлөө юм хий” гэсэн зорилт тавьчихаар эрхгүй нэгдээд байж байгаа. Гэхдээ нэгдэхдээ “Бид залуучуудынхаа төлөө юм хийж байна” гэж цээжээ дэлдэх биш нийлээд энд сууж асуудлаа ярьж чадаж байгаа нь чухал. Эв нэгдэлтэй байх гээд байгаа юм бол тэнцүү хариуцлагатай байх асуудал байгаа. Үүнийг залуу хүн бүр ойлгох ёстой. Өөрөө хариуцлага алдчихаад дараа нь эв нэгдэл гэдэг асуудал ярих юм бол өөрийнхөө мөн чанарыг ойлгоогүй, нийгэмшээгүй байгаагийн л тод илрэл.

-Залуучуудын байгууллагууд цаанаа улс төр, нам, хувь хүний гар хөл болдог. Өмнөөс дуугардаг энэ байдал нь залуучуудын байгууллагын нэр хүндийг унагаж байгаа шүү дээ?

-Бид үүнээс л болж улс төрийн намыг гишүүнчлэлтгүй болго гэсэн уриалгыг гаргасан. Энэ бол олон асуултын хариулт болж чадна. Би шашингүй хүн. Гэхдээ залуучуудыг шашинтай бол гэж уриална. Тэр бол хий хоосон улстөржилтөөс илүү залуусыг нэгтгэнэ. Ямарваа нэг хэлбэрээр бид нар амьдрахуйн философи руу шилжиж орох ёстой. Залуучууд шашнаар дамжиж хүмүүжих хэрэгтэй байна. Шашин бол буруу биш.

-Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн албыг дөрвөн жил хашина. Энэ хуга¬цаанд санасан сэдсэн, хүссэн мөрөөдсөн зүйлээ хийх амжих нь уу. Магадгүй дөрвөн жилийн дараа эргээд харахад ямар болсон байгаасай гэж хүсдэг вэ?

-Дөрвөн жил арай л урт юм байна. Шинэ дүрмээрээ гурван жил рүү оруулчихдаг юм уу гэж бодож байгаа. Нэг талаар би өөрийнхөө амьдралын идэвхитэй дөрвөн жилийг Залуучуудын холбоон дээр өнгөрөөж байна. Би чинь бас гэр бүл, ар гэртэй хүн шүү дээ. Энд байгаа цагт бизнес эрхлэх зэргээр сонирхлын зөрчилтэй асуудлуудад орооцолдоод байж болохгүй. Нөгөө талаар залуучууд маш хурдан шинэчлэгдэж, шинэ зүйлээр цэнэглэгдэж байх ёстой. Нэг хүн дөрвөн жил энд сууна гэдэг урт байгаа. Нэгэнт нөхдүүд намайг энэ ажлыг хий гээд итгэл хүлээлгэсэн учраас би хийсэн шиг хийнэ л гэж бодож байгаа. Хүн ажлыг авсан үедээ сайн хийх ёстой болохоос би “Тийм зүйл хийх байсан юм” гэж ярьж хэзээ ч болохгүй. Би эндээ нэг номер учраас тэр хэмжээний л юм хийх ёстой. Би хамгийн гол нь Монголын залуучууд сэрсэн байгаасай л гэж хүсч байгаа. Нэгэнт сэрсэн хүн цаашаа учраа олоод явчихна. Би 40 хүрэхээсээ өмнө бизнес хиймээр байна шүү дээ /инээв/.
                                                                                                                                                                                                                                                                                                                     

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин  Ч.Батмаа



Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn