Шүд цоорох өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
Юуны өмнө хоол хүнсний зүйлийг зөв тохируулж хэрэглэх хэрэгтэй. Аль болох шимтэй, тэжээллэг хүнсний зүйл /сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо/ оруулсан хоолыг хэрэглэх нь зөв. Эдгээр шүдийг бэхжүүлдэг олон эрдэс бодис, уураг, амин дэм байдаг. Гэвч жүрж, нимбэг зэрэг жимс нь хүчил ихтэй учир шүдний пааланг сийрэг болгох тул тохируулан хэрэглэх хэрэгтэй.

Идэвхтэй зажлалт шаардагдах хатуу, хатуувтар хүнс болох ааруул, ээзгий, алим зэргийг хэрэглэх нь шүдний цусан хангамжыг сайжруулж шүд бэхжихэд чухал нөлөөтөй. Гэвч энэ нь ломботой шүдэнд эсрэг заалттай байдаг. Чихэр, шоколад, гурилан бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Эдгээр нь амны хөндийд хуримтлагдаж өвчин үүсгэгч нян үржих таатай орчин болдог.

Шүд цоорох өвчнөөс сэргийлэх гол арга бол мэдээж шүдээ угаах билээ

  Юуны өмнө шүдний сойз, оог зөв сонгох хэрэгтэй. Шүдний сойзны үс долоовор хурууны эхний үетэй тэнцэх, эсвэл үүдэн хоёр шүдний хэмжээтэй, зөөлөвтөр үстэй байх ёстой. Зөөлөн үстэй сойз олдохгүй бол буцлам халуун усаар зөөлрүүлж болно. Арзайж хуучирсан сойз шүдийг сайн цэвэрлэж чадахгүй учир солих хэрэгтэй. Мөн сойзны үснийг элэгдлийг тодорхойлогч будагчаар будсан байх нь маш эвтэй байдаг. Сойзны үсний будаг талаасаа дээш хүртэл арилмагц солих хэрэгтэй гэсэн үг.

Буйл ба шүдний тойрон эдийн үрэвсэлтэй хүнд зориулсан маш зөөлөн үстэй, үсний үзүүр хэсэг нь маш нарийхан сойз ч байдаг. Шүдний оог сонгохдоо найрлага, хэнд зориулагдсан эсэх, үйлдвэрлэгдсэн он зэргийг сайтар уншаарай. Бага насны хүүхдэд зориулсан оо нь фтор агуулаагүй, жимсний амт үнэртэй байдаг. Учир нь хүүхэд фтортой оог шүд угаах явцад ихээр залгиснаас фторын илүүдэл болж, байнгын шүдний өнгө болон хатуу эдэд нөлөөлдөг байна. Буйл ба шүдний тойрон эдийн үрэвсэлтэй хүнд зориулагдсан оо нь давс, ногоон цайны ханд зэргийг түлхүү агуулсан байдаг.

Зарим эцэг эхчүүд сүүн шүдийг солигдох учраас тэдгээрийг арчлах шаардлагагүй гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ сүүн шүдний эрүүл мэнд юунаас ч чухал юм. Учир нь хорхойтсон сүүн шүд байнгын шүднийхээ өсөлт, ургалтанд муугаар нөлөөлдөг. Хорхойтсон сүүн шүдийг авахад араанууд урагш түрж ясан шүд ургах зайгүй болж, ясан шүд давхар, далий ургадаг. Хорхойтсон сүүн шүдэнд олон тооны бактери агуулагдах ба тэдгээр нь шинэ ургасан ясан шүдэнд халдварлаж өвчлүүлдэг.

Шүдээ угаахдаа сойзны үсний 1/3-тэй тэнцэх хэмжээний оог тавьж яаралгүй дунджаар 3-5 мин шүд тус бүрийг нэг бүрчлэн угаана. Шүд буйлны ховилд тогтсон өнгөрийг угаахдаа сойзны үсийг шүдний тэнхлэгтэй 45 градусын налуу байрлуулна. Бага зэрэг чичрэх хөдөлгөөн хийж, зөөлөн дарж угаана. Хүчтэй угаавал буйлийг үрэвсүүлдэг. Шүд буйлны ховилийг угааснаар шүдний чулуу үүсэхээс сэргийлж чадна.

Дээд доод шүдний хацар, уруул талын хэсгийг угаахдаа босоо чиглэлд гадагш шүүрдэх байдлаар угаадаг. Буруу угааснаар шүднүүдийн хүзүү хэсгээр эмгэг элэгдэл үүсдэг. Араа шүдний хэлэн талын гадаргуйг бага зэрэг чичрэх хөдөлгөөнөөр урагш хойш чиглэлд угаана. Дээд доод үүдэн шүдний дотор талын гадаргуйг угаахдаа сойзоо босоо байрлуулж дээш доош хөдөлгөн угаана. Араа шүднүүдийн зажлах гадаргуйг үл мэдэг эргүүлэх хөдөлгөөн хийж урагш хойш чиглэлд угаана.

Эцэст нь хэлээ зориулалтын хэл хусагчаар эсвэл сойзоороо угаах бөгөөд хэл өнгөргүй цэвэр байх ёстой. Шүдний засарт өнгөр тогтох нь элбэг тул шүд угаасны дараа завсарыг шүдний утасаар цэрлэж байвал шүд хооронд цоорол үүсэхгүй. Шүдээ өдөрт багадаа л 2 удаа угаах ба орой унтахын өмнө шүдээ угаагаад усаар зайлахгүй унтвал шүдэнд тустай. Боломжтой бол хоол унд идэж уусныхаа дараа болгон шүдээ угааж байвал тун сайн юм. Араа шүдний ховил хонхорт өнгөр их тогтож амархан цоордог учир хамгаалах ломбо тавйулвал шүд цоорохоос сэргийлж чадна.

Бохь өдрийн хоолны дараа, найрны хуримын үеэр гэх мэт шүдээ угаах боломжгүй үед шүдийг тодорхой хэмжээгээр цэвэрлэх, эвгүй үнэр дарах сайн хэрэгсэл юм. Шүдээ сойздож угаах нь ямар ч бохь, шингэнээс илүүтэй үйлчилдэг гэдгийг мартаж болохгүй. Эмчид үзүүлэлгүй явж байгаад 3-5 жилд олон шүдээ бөөндөх нь эрүүл мэндийн хувьд ч тэр, эдийн засгийн хувьд ч тэр шаталттай юм.

Иймд хамгийн цөөндөө хагас жилд нэг удаа эмчид үзүүлэн, амны хөндий, шүдээ үзүүлж байх хэрэгтэй. Ингэснээр жижиг цооролтуудыг цаг алдалгүй илрүүлэн эмчлүүлж, шүдний оо, сойзны сонголттой холбоотой зөвлөгөөг авна.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn