Хүний арьсаар ном хавтасладаг байжээ
  Хүний арьсыг номын хавтас чимэглэлд өргөнөөр хэрэглэх болсон явдал нь Францын хувьсгал өрнөсөн XVII - XVIII зуунаас эхтэй ажээ.

Шинжлэх ухаанд “Anthropodermic Bibliopegy” гэж нэрлэдэг энэхүү технологийг хүний биеийн бүтцийг өгүүлсэн анатомийн ном, гэрээслэл, яруу найргийн ном, хууль зэргийг гаргахад ашиглах нь түгээмэл байсан байна. Хүний арьсаар ийнхүү номыг хавтаслан хийхдээ нас барсан хүний арьсыг өвчиж авах ба тусгай аргаар хөрслөг бор болгож хэрэглэдэг байжээ. Эдгээр номнууд нь гол төлөв сайн дураараа арьсаа хандивлахыг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн арьсаар хийгддэг байсан ба заримдаа гэмт хэрэгтний арьсыг хүртэл ашигладаг байсан гэнэ.

Түүнчлэн эротик сэдлийг төрүүлэх зорилгоор биеийн ичимдэг хэсгүүдийн арьсаар хүртэл номын хавтас хийх явдал гарч байсан бөгөөд Францын улс төрч, зохиолч Марки де Сэдийн (1740 - 1814) цөөнгүй уран бүтээлд бүсгүй хүний хөхний арьсаар хавтас хийсэн байдаг гэнэ. Тухайлбал хамгийн алдартай нь “Justine et Juliette” (1797 - 1801) роман ажээ. Өдгөө хүний арьсаар хавтасласан цөөнгүй ном товхимол байх агаад Америкийн нэр хүндтэй Брауны их сургуульд л гэхэд 3, харин Харвардын их сургуулийн номын санд 4 байх жишээтэй.


“El Viaje Largo” (1972) / Тэре Медина

Испаний яруу найрагч Тэре Мединагийн эротик төрөл жанарын яруу найргийн энэхүү ном нь Слиппери Рок их сургуулийн номын санд хадгалагддаг бөгөөд номын эхний хуудсанд Испани ба Англи хэлээр ингэж бичжээ: “Энэхүү номны хавтсыг хүний арьсаар хийсэн билээ. Эртний Агуадилла омгийнхон өвөг дээдсийнхээ арьсыг өвчиж хадгалдаг уламжлалтай байсан бөгөөд ахуйн хэрэглээний эд зүйлс үйлдвэрлэж өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг байжээ. Зарим нь худалдааны зориулалтаар энд тэндэхийн орнуудад зарагдах нь бий юм. Энэ ч утгаараа номны хавтсаа хүний арьсаар хийсэн юм.” гэжээ.

“Terres du Ciel” (1882) / Камил Флэмерион

Энэ бол Францын одон орон судлаач Камил Флэмерионы (1842 - 1925) бичсэн одон орон судлалын “Terres du Ciel” хэмээх ном юм. Түүний номын хавтсыг сүрьеэ өвчнөөр нас барсан залуухан Франц бүсгүйн арьсаар хийсэн бөгөөд бүсгүй одон орон судлалыг шимтэн сонирхдог байжээ. Бүсгүй нас барахынхаа өмнө Камилийн номын хавтсыг өөрийнхөө арьсаар хийж өгөхийг хүссэн бөгөөд ийнхүү нурууныхаа арьсыг өгч байжээ. Амьдрал дээр тэд уулзаж байгаагүй ч бүсгүйн хувьд дуртай сэдвийнхээ номын хавтас чимэглэлд арьсаа өгсөн нь нэр төрийн хэрэг байсан гэдэг.

Яруу найргийн түүвэр (1852) / Жон Милтон

Жон Милтон (1608 - 1674) нь Английн яруу найрагч нэгэн байсан бөгөөд тэрээр яруу найргийн түүвэр номоо эхнэрээ хордуулж хөнөөсөн гэмт хэрэгтэн Жорж Кадморын арьсаар хавтаслуулжээ. Түүнийг үйлдсэн хэргийнх нь төлөө дүүжлэх ял оноосон бөгөөд цогцсыг нь Английн “The Royal Devon & Exeter Hospital” эмнэлэгт хүргэж байжээ. Арьсыг нь ийнхүү номын хавтас болгох санааг номын худалдаачин Клиффорд санаачилсан бөгөөд ном нь “The Westcountry Studies Library” номын санд хадгалагддаг байна.

“The Highwayman” (1837) / Жэймс Аллен

Жорж Уолтон, Жэймс Йорк зэрэг цөөнгүй нэрээрээ алдартай энэ хүн бол XIX зууны их замын зандалчин нэгэн байсан юм. Массачусетс мужид амьдардаг байсан тэрээр Жон Фенно гэгчийг дээрэмдэхээр завдсан оролдлого нь бүтэлгүйтэж шоронд оржээ. Ял эдэлж байхдаа өөрийн дурсамж номыг бичсэн Жэймс номоо өөрийнхөө арьсаар хавтаслуулах хүсэлтийг тавьсан байдаг бөгөөд энэ ном нь АНУ-ын эртний түүхтэй “The Boston Anthenaeum” номын санд хадгалагддаг байна.


“The Red Barn Murder” (1828)

Энэ бол Английн Полстид хэмээх жижигхэн тосгонд 1827 онд гарсан гэмт хэргийн тухай ном юм. Тухайн үедээ багагүй шуугиан дэгдээж энэхүү хэрэгтэй холбоотой олон ч ном товхимол, дуу шүлэг гарч байсны нэг бол энэ ном юм. Номыг гэмт хэрэгтэн Виллиам Кордерийн арьсаар хавтасласан ба тэрээр сэтгэлт бүсгүй Мария Мартенийг буудаж хөнөөсөн гэмт этгээд юм. Өдгөө түүний араг ясыг “The West Suffolk Hospital” эмнэлгийн анатомийн хичээлд ашигладаг бол арьсыг нь номын хавтас болгох санааг эмч Жорж Крийд гаргаж байжээ. Тэрээр номын эхэнд “Алуурчин Виллиам Кордерийн арьсыг хуулж тусгай аргаар борлуулан номыг хавтаслах ажлыг Жорж Крийд миний бие гардаж хийсэн болно. (“The Suffolk Hospital” эмнэлэг, 1828 он)” гэжээ.

“Samuel Johnson’s Dictionary” (1818)

Англи хэлний түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг Англи хэлний нэвтэрхий толийг Английн зохиолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Самуэл Жонсон (1709 - 1784) гаргасан байдаг. Анх 1755 онд хэвлэгдэж байсан түүний энэхүү тольд 40.000 гаруй үгийн тайлбар байдаг бөгөөд 1818 оны хувилбарыг гэмт хэрэгтэн Жэймс Жонсоны арьсаар хийсэн байдаг гэнэ. Эдгээр хүмүүсийн хооронд ямар ч холбоо байгаагүй бөгөөд Жэймсийн ялыг Норвич хотод дүүжилж гүйцэтгэсэн байна.


“Virgil’s Georgics” (1769) / Жак Дэлил

Жоржикс бол МЭӨ 29 онд хэвлэгдэж байсан шүлгийн түүвэр бөгөөд эртний Ромын яруу найрагч Вэржилийн (МЭӨ 70 - МЭӨ 19) бүтээл юм. Үүнийг эх хэлнээ хөрвүүлсэн дэлхийн маш олон зохиолч, орчуулагчид байдаг бөгөөд түүний нэг бол Францын яруу найрагч, орчуулагч Жак Дэлил (1738 - 1813) ажээ. Анх 1769 онд хэвлэгдэж байсан номыг цөөнгүй удаа дахин хэвлэлтэд өгч байжээ. Эдгээрийн дотор зохиолчийнх нь арьсаар хавтасласан хувилбар ч байх ба Жакийг нас барсан хойно арьсыг нь хулгайлсан гэж үздэг байна.

Тооцооны дэвтэр (1790-ээд он)

Хүний арьсаар хавтасласан ном товхимол нь дэлхийд маш ховор, түүхийн үнэт дурсгалуудын нэг байдаг бөгөөд санхүүгийн тайлан, данс хөтөлсөн энэхүү дэвтэр нь 300 гаруй жилийн түүхтэй ажээ. “The Bancroft Library” номын сангийн мэргэжилтэн Энтони Блиссийн үзсэнээр энэ нь Францын хувьсгал гарсан 1790-ээд оны үед хамаарах бөгөөд Английн Лийдс хотоос олжээ. Тэрээр үргэлжлүүлэн хүний арьсаар ном хийх гэдэг онлайнаар бичээд байгаа шиг аймшигтай, ёс зүйгүй, гаж үйлдэл бус маш нарийн ажиллагаатай түүхийн соёл юм гэжээ. Мөн хүний арьс нь гурван давхар цаас давхарласнаас зузаан бат бөх байдаг юм байна.

Энэ бол “The Harvard Law School”-ийн номын санд хадгалагддаг Испаний хуулийн тухай ном юм. Одоогоор хүний арьсаар хавтасласан эсэх нь тодорхойгүй боловч номын хамгийн сүүлийн хуудсанд “Энэхүү номыг найз Жонас Врайтыг амьдаар нь өвчиж авсан арьсаар нь хавтасласан билээ. Хөөрхий түүний хүслээр ийнхүү өвчсөн бөгөөд номыг Теса хаан надад өгсөн юм. (R.I.P. 1632)” гэсэн байна. Түүний арьсыг Вавума омгийнхноор өвчүүлсэн бөгөөд энэ нь орчин цагийн Зимбабвед амьдардаг Африкийн омог юм.

Английн католик сүмийн хуврагуудын 1605 онд зохион байгуулсан эсэргүүцлийн тухай бичсэн энэхүү номыг Английн иезуит бүлгэмийн хувраг Хэнри Гарнетийн (1555 - 1606) арьсаар хавтаслажээ. Түүхэнд “The Gunpowder Plot” гэж тэмдэглэгдэн үлдсэн энэ үйл явдал нь Английн Жэймс I хааныг эсэргүүцсэн бүтэлгүй алан хядлага байсан бөгөөд оролцсон бүх хүмүүсийг баривчилж цаазын ял оноож байжээ. Шашины үзэл суртал бүхий энэхүү номыг дуудлага худалдаагаар арилжаалсан бөгөөд $11.000 гаруй ам.доллар хүрчээ.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn