“Зөн билгийн тулаан”-ы 18 ялагчийн хэн нь хэн бэ
Оросын телевизийн “Битва экстрасенсов” шоу “Зөн билгийн тулаан” нэртэйгээр Монголын үзэгчдэд хүрээд багагүй хугацаа өнгөрчээ. Тиймдээ ч “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг манай улсад хэд хэдэн удаа зохион байгуулагдаж байсан юм. Орост одоо дээрх шоуны 19 дэх улирал дуусч байна. Харин манайд “NTV” телевизээр 18 дахь улирал үзэгчдэд хүрч, өчигдөрхөн сүүлийн дугаар цацагдсан. Тэгвэл бид өдгөө 19 дэх улиралдаа явж байгаа “Зөн билгийн тулаан”-ы өмнөх 18 улирлын ялагчаар тодорч, цэнхэр гарын эзэн болсон зөн билигчдийн талаарх мэдээллийг хүргэж байна. 


Константин Гецати

Алланы зөн билигчдийн удам Константин Гецати үхэгсэдтэй ажилладаг гэдгээрээ алдартай. Түүний өвөг дээдсийн сүнснүүд нэвтрүүлгийн явцад даалгавраа биелүүлэхэд нь тусалдаг гэдэг. Тэрбээр дан ганц өвөг дээдсийнхээ ч бус шоуны оролцогчдын хайртай дотны хүмүүсийн сүнстэй ч харилцаж, тэднийг бишрүүлж байсан юм. Тэрбээр үзэгчдийн 53 хувийн саналаар цэнхэр гарын эзэн болсон. Эмч мэргэжилтэй энэ залуу өвөг дээдсийнхээ дуудлагыг хүлээн авснаар овог, нэрээ сольж “Зөн билгийн тулаан”-д оролцох зөвшөөрөл авсан гэдэг. Өдгөө тэрбээр олон нийтийн сүлжээгээр фэнүүдтэйгээ харилцаж, олон семинарт оролцдог байна. Түүнийг үзэгчид шоунд хамтран оролцсон Соня Егороватай гэрлүүлэхийг хүсч, “Гецаров” гэх шинэ нэр ч үүсгээд амжсан. Гэсэн хэдий ч Константин Сонятай холбоотой яриаг эрс үгүйсгэж, энгийн найзууд хэмээн мэдэгдсэн юм. 
Свами Даши

“Дашид ямар ч танилцуулга хэрэггүй. Хэрвээ “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 17 дахь улирлын нэг л дугаарыг харсан бол Свами Дашигийн дорно дахины практикийг магтах болно” хэмээн Оросын хэвлэлд бичжээ. Тэрбээр сорилын үеэр байнга транст орж, даалгавраа амжилттай биелүүлдэг байсан нь цэнхэр гарыг түүнд авч ирж чадсан. Тэрбээр иог, бясалгал хийдэг бөгөөд энэ талаар өдгөө ч лекц уншиж байгаа юм. Сонирхуулахад, Даши 18 дахь улирлын төгсгөлд финалд үлдсэн оролцогчдод өвөрмөц бэлгүүд өгсөн. Түүгээр ч үл барам Казахстаны зөнч ахан дүүст өөрийн цэнхэр гараа бэлэглэж орхисон юм. 
Виктория Райдос

Тулааны 16 дахь улирлын ялагч Виктория Райдос хувийн амьдралаа нуудаггүй нэгэн. Тэрбээр энэ оны гуравдугаар сард хоёр дахь хүүхдээ төрүүлсэн. Тэрбээр хүүхдээ асрахын зэрэгцээ олон нийтийн сүлжээнд маш их идэвхтэй байдаг. Улмаар үе үе фэнүүдтэйгээ уулзаж, семинар, бүтээлч сургалт зохион байгуулдаг. Райдос хамгийн нарийн төвөгтэй, аймшигтай гэмт хэргүүдийг илрүүлэхэд ч мөн тусалдаг. Тэрбээр Инстаграмд 500 мянга гаруй дагагчтай. 
Жулия Ванг

Тулааны 15 дахь улирлын ялагч Жулия Ванг бусдыг нэвт шувт хардгаараа алдартай. Хэдийгээр тэрбээр тулааны ялагч болсон ч хүлээн зөвшөөрөгдөөгүй ганц оролцогч гэж хэлж болно. Жулия Ванг “Би хүмүүсийн харж чадахгүй зүйлийг харж, сонсдог. Гэхдээ энэ бол бэлэг биш. Эдгээр нь зөвхөн организмын шинж чанарууд бөгөөд үүнээс өөр зүйл юм. Ид шид гэж байдаггүй, хамгийн ариун квантын физик байдаг. Би зүгээр л энгийн аялагч” хэмээн өөрийгөө тодорхойлсон. Гэсэн хэдий ч түүнтэй уулзахыг хүсэгчдийн тоо буурахгүй л байгаа аж. Тэрбээр жүжигчин, модель, хөтлөгчөөр ажилладаг. 
Александр Шепс

Александр Шепс бол "Зөн билгийн тулаан"-ы хамгийн амжилттай бас алдартай оролцогч. Нэгдүгээрт тэрбээр, тулаанд өөрийн чадвараа батлан харуулсан. Харин хоёрхдугаарт, шоуны оролцогч Мэрилин Керротой хос гэдгээрээ алдартай. Мэдээж 14 дэх тулааны финалд дурлалт хос өрсөлдсөн гэдгээрээ онцлог. Гэсэн хэдий ч Шепс цэнхэр гарын эзэн болсон юм. Түүний ялалт нь Мэрилинтай харилцах харилцаанд огт нөлөө үзүүлээгүй харин ч ялалтаа найз бүсгүйдээ зориулж байсан юм. Саша Мэрилинтэй хурим хийх талаар ярьж байсан ч тэдний харилцаа дууссан. Мэрилин нэгэнтээ “Миний хувьд тэр үргэлж хамгийн ойр байх болно. Би түүнд маш их хайртай. Гэхдээ бид тусдаа амьдардаг. Хүмүүс хамт амьдардаггүй бол энэ нь төгс харилцаа биш юм. Би хяналтыг чухал гэж боддоггүй, гэхдээ хүмүүс тусдаа унтдаг бол энэ нь цаашид харилцаа холбоогүй болохын дохио. Тав, 10 жилийн дараа мэдэхгүй байна" хэмээн ярьсан байдаг. Гэсэн хэдий ч алдарт хос эргэн нийлээгүй. Мэрилин өөр залуутай болзож, охинтой болсон. Харин Саша 18 дахь тулаанд нэгэн бүсгүйг өөрийн шавь хэмээн хамтдаа ирснээр төслийнхнийг цочирдуулаад амжсан юм.
Дмитрий Волхов

Дмитрий Волхиов "Зөн билгийн тулаан”-д оролцож эхлээд л шүтэн бишрэгчдийн маш том армитай болсон гэдэг. Одоо тэрбээр нео-паганизмыг идэвхтэй дэмжиж, улс орон даяар лекц уншдаг байна. Түүний  лекц маш их алдартай учраас олон зуун фэнүүд нь түүний лекцэнд суухаар цугладаг аж. Тасалбарын хувьд 2000 рубль байдаг.  13 дахь улирлын фэнүүдтэйгээ харилцах, тэдний амьдралын талаарх үзэл бодлоо хуваалцахаа хэзээ ч мартдаггүй аж. Түүний хувьд манай улсад ирж байсныг уншигчид маань санаж байгаа биз ээ. 
Елена Ясевич

“Зөн билгийн тулаан”-ы 12 дугаар улирлын ялагч Елена Ясевич фэнүүдтэйгээ тогтмол уулзаж, оддын хувийн амьдралыг урьдчилан таамаглах арга барилаар ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэрбээр өөрийн хувийн амьдралд амжилтад хүрч чадсан гэнэ. Энэ оны хоёрдугаар сард тэрбээр хоёр дахь удаагаа ээж болж, охиноо төрүүлжээ. Энэ талаар тэрбээр “Би өвчин намдаагчгүйгээр төрсөн. Маш их өвдсөн учраас эх баригчийг өшиглөөд авмаар санагдсан. Тиймдээ ч түүн рүү хашгирч, уурласан. Гэхдээ дараа нь би уучлал гуйсан” хэмээн ярьжээ. 
Виталий Гиберт

Үзэгчдийн 91 хувийн саналаар 11 дэх улирлын ялагч болсон Виталий Гиберт карьераа маш амжилттай авч явна. Өдгөө Гиберт ном бичиж, лекц уншдаг маш алдартай нэгэн. Тиймээс Хар тэнгист зохион байгуулсан түүний семинаруудын нэгний тасалбар 23 мянган рублиэр зарагдаж байжээ. Виталий Гиберт Санкт-Петербург хотод амьдардаг ба нийгмийн сүлжээгээр дамжуулан фенүүдтэйгээ идэвхтэй харилцдаг. Гэхдээ 30 настай зөн билигч хувийн амьдралынхаа тухай ярихгүй байхыг хүсдэг учраас фэнүүд нь түүнийг ганц бие биш хэмээн харддаг байна. 
Мохсен Норузи

Ираны зөнч Мохсен Норузи бусдын ирээдүйг урьдчилан харахын зэрэгцээ санхүүгээ шийдэхэд нь тусалдаг байна. Тэрбээр өдгөө өөрийн албан ёсны вэбсайтаар дамжуулан хүмүүст зөвлөгөө өгч, бясалгал заадаг аж. Ирээдүйг урьдчилан харах чадвартай тэрбээр Кемерово хотод өнгөрсөн хавар худалдааны төвд болсон эмгэнэлт явдлын талаар хэлсэн байдаг. 
Наталья Бантеева

Харын шулам Наталья Бантеева тулааны ялагч болсноосоо хойш маш олон хүнд туслахын зэрэгцээ зөн билгийн чадварыг нь хөгжүүлэх багш болсон. Өдгөө 43 настай тэрбээр хүмүүст туслахын зэрэгцээ дэлхийгээр аялж, олон нийтийн сүлжээг маш идэвхтэй ашигладаг. Наталья Бантеева “Зөн билгийн тулаан” төсөлтэй одоо ч холбоотой байдаг учраас үе үе шавь нараа авч ирж, төсөлд оролцуулдаг юм. 
Владимир Муранов

Мурановын хувьд “Зөн билгийн тулаан” төслийг худал хуурмаг гэж боддог байсан аж. Гэсэн хэдий ч тэрбээр өөрийгөө сориод үзэхээр шийдсэн нь амжилттай болж, наймдугаар улирлын ялагч болж чадсан. Тулааны ялагч болсныхоо дараа тэрбээр бясалгалын хичээл бүхий CD гаргасан бөгөөд фэнүүд нь албан ёсны сайтаас нь 2000 рублиэр худалдан авах боломжтой аж. 
Алексей Пахабов

26 настайдаа цэнхэр гарын эзэн болсон Алексей Пахабов шоуны секс бэлэг тэмдэг гэгддэг. Тэрбээр шоуны дараа Ольга гэх охинтой танилцаж гэрлэх тухай боддог байсан гэдэг. Гэсэн хэдий ч тэрбээр өдгөө ч гоонь эр байгаа юм. Харин долоодугаар тулааны ялагч маань 18 дахь улиралд гэнэт гарч ирсэн. Учир нь тэрбээр 18 дахь тулааны хоёрдугаар байрын шагналт Соня Егоровагийн багш нь болж таарсан юм. Одоо Пахабов ном бичиж, семинар хөтөлж, фенүүдтэйгээ байнга холбоотой байдаг. 2018 онд тэрбээр “Арканум” хэмээх хувийн хөгжлийн төвийг нээж, хүмүүсийг өөрсдийн дотоод ертөнцийг ойлгоход тусалдаг болжээ.
Александр Литвин

Зургадугаар улирлын ялагч Александр Литвин нэлээд алдартай яваа зөн билигч. Тэрбээр өнөөг хүртэл энэ салбарт ажиллаж байгаа бөгөөд хүмүүст зориулж ном бичиж, аз жаргалтай амьдралд зориулсан хуанли хүртэл бий болгосон. Тэрбээр маш олон уулзалт, лекц, семинар зохион байгуулдаш бөгөөд түүний хамгийн томоохонд тооцогдох лекцийн тасалбар 350 еврогийн үнэтэй байжээ. 
Лилия Хегай 

Сорилын үеэр байнга тамхи татдагаараа үзэгчдийн танил энэ бүсгүй “Зөн билгийн тулаан”-ы тав дахь улирлын ялагч болж чадсан юм. Тэрбээр өөртэй нь уулзах хүсэлтэй хүмүүстэй интернэтээр харьцахгүй гээд өөрийн сүлжээ болон идэвхтэй хөтөлж байсан youtube сувгаа хаажээ. Тиймдээ ч өнгөрсөн жилүүдэд тэрбээр фэнүүдтэйгээ огт холбоогүй байж. Лилия Хегай гэрлэсэн, хоёр хүүхэдтэй учраас хайртай хүмүүсээ бүгдийн эхэнд тавина хэмээн дээрх шийдвэрийг гаргасан гэнэ. 

Турсуной Закирова
Дөрөвдүгээр улирлын ялагч Тажикстаны уугуул иргэн Турсуной Закироваг анх шоуны ялагч болно гэж хэн ч бодоогүй гэдэг. Гэсэн ч тэрбээр чадвараа баталж, цэнхэр гарын эзэн болсон. Өдгөө Турсуной хоёр нутагтан шиг амьдарч байна. Тэрбээр Тажикстанаас Москвад байнга ирж очдог ба түүний тусламж хэрэгтэй хүмүүст зориулж уулзалт, лекц зохион байгуулж, даруухан амьдардаг байна. Мехди Эбрагими Вафа

“Зөн билгийн тулаан”-ы гуравдугаар улирлын ялагч, өдгөө 45 настай Мехди Эбрагими Вафа энэхүү шоунд оролцсоны дараа өөрийнх нь амьдрал эрс өөрчлөгдсөн тухай ярьсан байдаг. Түүний хувьд маш олон шүтэн бишрэгчтэй болсон. Тиймдээ ч тэрбээр өөрийн гэсэн вэбсайт нээсэн бөгөөд шүтэн бишрэгчид болон түүнээс тусламж хүссэн хүмүүст нээлттэй гэнэ. Мехди “Би энэ салбарт олон жил ажилласан ч гомдол бараг байдаггүй нь надад маш чухал. Хүмүүс сэтгэл хангалуун байдаг. Эдгээр чадварыг эзэмшүүлсэн эцэг эхдээ би маш их баярлаж байна. Хэн нэгэн намайг зорьж ирэхэд би түүний ауранаас бүгдийг мэдэрч, сөрөг байдлаа засах зөвлөгөө өгдөг. Хэрэв үйлчлүүлэгч маань миний зөвлөгөөг дагаж чадвал энэ бүхэн 2-3 сарын дотор хэвийн болно” хэмээн өөрийн сайтдаа бичжээ. 

Зулия Ражабова

Хоёрдугаар улирлын ялагч Зулия Ражабоваг есөн настайд нь Дагестаны нэгэн зөнч авьяас билгийг нь илрүүлсэн гэдэг. Түүний хувьд бусдыг анагаах чадвартай бөгөөд өдгөө Москвад амьдарч байгаа аж. Түүний нэрээр олон нийтийн сүлжээнд хуудас нээж, “Бусдыг анагаана” гэх луйварчид маш олон гарч ирдэг. Тиймээс Зулия тэдгээр луйварчдыг эрс үгүйсгэдэг юм. Хэдийгээр иймэрхүү луйварчид олон гарч ирдэг ч Зулияд үзүүлж харуулахыг хүссэн хүмүүсийн цуваа тасардаггүй байна. Зулия “Зөн билгийн тулаан”-ы ялагч болсныхоо дараа бусдыг анагаахын зэрэгцээ ном бичих болж, зарим илрээгүй хэргүүдэд тусалдаг. Фэнүүд нь түүнийг хамар, урууландаа мэс хүргэсэн талаар нэг хэсэг шуугисан ч тэрбээр энэ тухайд тайлбар хийгээгүй юм. 

Наталья Воротникова 

“Зөн билгийн тулаан”-ы I улирлын ялагч тэрбээр үзэгчдээс нийт саналыг 86 хувийн санал авч, цэнхэр гарыг өөрийн болгосон юм. Түүний хувьд бусад ертөнцтэй харьцаж чаддаг хэмээн өөрийгөө тодорхойлдог бөгөөд “Зөн билгийн тулаан” шоуг дуусгаснаас хойш өөрийн хувийн амьдралаа нууцалсар ирсэн. Өдгөө 42 настай Наталья Воротникова нийтийн сүлжээ ашигладаггүй бөгөөд хааяа л олны өмнө гарч харагддаг байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр нам гүм амьдарч байгаа аж. 














Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn