Олон улсын ”Өсвөрийн геологичдын хээрийн XII олимпиад”-д Монгол хүүхдүүд амжилттай оролцлоо
Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд ЕБС-ын сурагчидын дунд Геологи-газар зүйн анхдугаар олимпиадыг  2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд зохион байгуулсан  билээ.

Тус олимпиадад амжилттай оролцсон 20 сурагчийг Архангай аймгийн Тариат сумын нутагт 2019 оны 06 дугаар сарын 19-өөс 27-ны өдрүүдэд геологийн хээрийн дадлагад хамруулж, шалгарсан 8 сурагчийг ОХУ-ын Новосибирск мужид зохион байгуулагдсан Өсвөрийн геологичдын 12-р хээрийн нээлттэй олимдиадад ШУТИС-ийн багш Х.Оюунбилэг, Ё.Мажигсүрэн нар эрчимтэй бэлтгэж оролцууллаа.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус олимпиадад Монгол Улсыг төлөөлж энэ удаа Ц.Ганбаяр /Коосен/, А.Анар /Коосен/, М.Идэр /Радуга/, М.Энхболд /Радуга/, Ө.Маралмаа /Радуга/, Б.Мөнхжил /Радуга/, Ц.Сугар /33-р сургууль/, Э.Хулан /Радуга/ нарын сурагчид оролцсон юм.

Олимпиадын хугацаанд багуудын дунд 12 төрлийн геологийн тэмцээн, 4 төрлийн конкурс болон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, 6 төрлөөр спартикиад, урлагийн тоглолтууд амжилттай явагдсан байна.

Манай өсвөрийн геологчид дээрх арга хэмжээнүүдэд амжилттай оролцож багийн нийт дүнгээрээ Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс гэсэн орнуудын дараа 4-р байрт шалгарсан байна. Тухайлбал “Геологийн дурсгалт газар” илтгэлийн тэмцээнд Ө.Маралмаа, Б.Мөнхжил нар “Хоргын тогоо-Тэрхийн цагаан нуур” сэдвээр илтгэл амжилттай тавьсан. 

Олон Улсын олимпиадад 7 орны 39 баг буюу нийт 400 гаруй өсвөрийн геологич, 80 гаруй удирдагч багш, 70 орчим шүүгчид оролцсон байна.

Монгол Улсын өсвөрийн геологичид 2007, 2008, 2011, 2015 онуудад амжилттай оролцож байсан юм. Тэдгээр сурагчдын 9 нь геологич, геофизикч мэргэжлийг эзэмшин гадаад дотоодын их дээд сургуулиудын бакалавр, магистр, докторантурын сургалтад суралцсаар байна.

Өсвөрийн геологичдын олимпиад нь хүүхэд багачуудад байгаль дэлхийгээ танин мэдэх, хайрлах сэтгэлгээг төлөвшүүлж эх оронч хүмүүжил болон мэргэжлийн чиг хандлагыг олгодог чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Дашрамд дурдахад, хүүхэд залуусыг байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, судалж танин мэдэх энэхүү зорилгыг дэмжин ажилласан "Монголын төмөр зам" ТӨХК, “Бернер Партнерс” ХХК, “Өү Икс Өү” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn