Т.Дашсурмаа: “МАМ” кино нэгийг ухаарч, хоёрыг бодогдуулахаар бүтээл болсон

ОХУ-ын Москва хотноо С.А.Герасимовагийн нэрэмжит Бүх Оросын кино урлагийн дээд сургуульд суралцаж буй жүжигчин Т.Дашсурмаатай ярилцлаа. Түүний хувьд “МАМ” кинонд тоглож, анхны дүрээ бүтээгээд байгаа юм. 

-Эх орных нь намрын налгар өдрүүдийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Танай уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Төмөртогоогийн Дашсурмаа гэдэг. 2016 онд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийг МУАЖ Б.Мөнхдорж багшийнхаа удирдлагад суралцаж, театр-киноны жүжигчин, театрын найруулагч гэсэн хос мэргэжилтэйгээр төгссөн. Одоо Москва хотноо С.А.Герасимовагийн нэрэмжит Бүх Оросын кино урлагийн дээд сургуульд суралцаж байна. 

-АЖ Н.Сувдын төгссөн сургуульд суралцаж байгаа юм билээ. Сургуулийн амьдрал хэр байна?

-Одоо би ВГИК-ийн жүжигчний тэнхимд театр-киноны жүжигчин, кино найруулагч, төрийн шагналт, ардын жүжигчин Игорь Николаевич Ясулович багшийнхаа ангид театр-киноны жүжигчнээр хоёрдугаар дамжаанд суралцдаг. Би 2016 онд сургуулиа төгссөнийхөө дараа нэлээд хүнд өвдсөн. Дараа нь 2017 онд Санкт-Петербургт нэг жил хэлний бэлтгэл хийнгээ сургуулиуддаа шалгалт өгөөд ВГИК болон Малый театрын дэргэдэх зөвхөн жүжигчин бэлтгэдэг театрын сургууль болох Щепкинд тэнцсэн. Миний амьдралдаа хийсэн хамгийн хэцүү сонголт байсан. 
Хоёр сургуулийнхаа алийг нь сонгох вэ гэж нэлээд удаан бодсоны эцэст ВГИК-ийг сонгосон. Яагаад гэвэл энд театр-кино хоёулаа хосолмол. Хүмүүс ВГИК гэхээр л киноны сургууль гээд жүжигчний ангид театрын хичээл ордоггүй юм шиг бодоод байдаг. Тийм биш. Бүх суурь хичээл, бие-хэл-сэтгэл зүйн дасгалууд театрын сууриараа л явдаг. Бид бусад театрын сургуулиудтай адил 3,4 дүгээр дамжаандаа дипломын жүжгүүд дээрээ ажиллана. Одоо ч сонгодог бүтээлүүд болон орчин үеийн зохиолуудаас сонгон авч ажиллаж байна. 

-Танай гэр бүлд урлагийн хүн байгаа юу. Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болов? 

-Манай гэрийнхэнд урлагаар явсан хүн байхгүй. Гэхдээ бүгд урлагт хайртай, ихэнх нь багадаа урлагаар явахыг хүсч мөрөөддөг байсан. Одоо бодоход анх мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгож ухаарч сонгоогүй. Зүгээр л мэдрэмж, сэтгэл хөөрөл, мөрөөдөлдөө автаж мэргэжлээ сонгосон гэж боддог. Тухайн үед яг жүжигчний мэргэжил гэж юу болохыг ч мэдэхгүй, ойлгоогүй байж. Яг жинхэнээсээ энэ мэргэжлээ мэдэж, таньж эхлээд ухамсартайгаар сонголт хийсэн мөч маань гэвэл, сургуулиа төгсчихөөд, гэртээ хэвтэрт байхдаа РЦНК-д өгөх анкетаа бөглөхдөө сурах мэргэжлээ “Театр-киноны жүжигчин“ гэж сонгосон үе гэж би боддог. Би юугаар ч сурч болох л байсан.  Олон хүн, багш нар маань ч гэсэн намайг ахиж жүжигчнээр сурч дэмий юм биш үү? Найруулагч, продюсер, зураглаачаар сурвал яадаг юм. Нэгэнт эндээ сурч төгсчихөөд ахиад эхнээс нь эхлэх гэж үү гэдэг байлаа. Би энэ тухай бодож үзээгүй биш бодож үзсэн. 
Магадгүй тэдний зөв ч байж мэднэ гэж тэр үед бодож байсан ч би зүрх сэтгэлээ чагнаад зөн совиндоо итгэхийг хүссэн. Хэвтэрт байх хугацаандаа би яг юу хийхийг хүсээд байгаагаа илүү ойлгож, мэдэрч, ухаарсан. Өвдөөд хэцүү байсан үе маань надад маш их ухаарал өгч, амьдралыг бас өөрийгөө арай өөр талаас нь харах үүдийг нээж өгсөн. Яагаад надтай ийм зүйлс тохиолдоод байгаа юм бэ гээд тэр үед их гутардаг л байлаа. Гэхдээ би одоо бол баярладаг. Тэр зүйлс амьдралд тохиодоогүй бол одоогийн би бий болохгүй байх байсан. Одоогийн  намайг  бүтээсэн бүх зүйлд талархдаг.  Энэ мэргэжилдээ, урлагтаа үнэнч байгаа шалтгаанаа би үйл хэрэг, уран бүтээлүүдээрээ харуулна гэж боддог. Тэр цаг ирэхэд бүгд намайг хаашаа тэгтлээ зүтгээд байсныг ойлгох байх. Ойлгохгүй байсан ч зүгээр. Би угаасаа хэн нэгэнд өөрийгөө батлах гэж энэ замаар яваагүй. Зүгээр л хүсч байгаа учраас... Эндээс тайвшрал, аз жаргал мэдэрдэг учраас энэ мэргэжлийг сонгосон.  

-Эх орондоо ирээд “МАМ” уран сайхны кинонд тогложээ. Энэ кинонд ямар дүрд тоглов. Киноныхоо онцлогийг юу гэж харсан бэ?

-“МАМ” уран сайхны кинонд гол дүрийн залуу Галбадрахын сүйт бүсгүй Гэрэлтуяа гэх эмэгтэйн дүр дээр ажилласан. Аймшгийн кино гээд зөвхөн сүнс сүүдэр, үхдэлүүд байнга гаргаж ирээд хүн айлгаад байдаг юм биш. Харин ч маш олон мэдрэмжийг кинондоо багтааж чадсан, хүнийг зөвхөн айлгаж, цочоохоо голчлоогүй. Учир зүйн, утга агуулгын холбоо сайтай, үзсэний дараа нэгийг ухаарч, хоёрыг бодогдуулах сайн кино болсон гэж бодож байна. 

-Найруулагч Б.Ганболдтой хамтран ажиллах хэр байв?

-Анхны кино, анхны дүр маань Б.Ганболд найруулагчтай холбогдсонд би маш их баярлаж явдаг. Тэр хүнээс маш их зүйл сурсан, хүндэлж бахархдаг. Зураг авалтын хугацаанд найруулагч маань яг л багш шиг байдаг байлаа. Надад бүр сүүлдээ кинонд яваад байгаа биш нэг найруулагчийн мастер класст сууж буй юм шиг санагддаг үе ч байсан. Тухайн өдөр нь зураг авалтгүй байсан ч дагуулж явна. Мониторынхоо ард суулгаад бусад жүжигчид хэрхэн ажиллаж байгааг харуулна. Мөн жүжигчдийн хувирал дэлгэцэнд хэрхэн “амьд” харагдаж байгааг харуулна, ойлгуулна. 

Анх би дүрээ авчихаад “Надад итгэж энэ дүрийг өгсөнд баярлалаа, би хичээнэ ээ” гэтэл найруулагч өөдөөс “Би чамд итгээгүй, өөртөө итгэсэн юм” гэсэн нь одоо болтол санаанаас гардаггүй. Би ёстой хэлэх үггүй нам гацсан /Инээв/. Үнэхээр ч тийм байсан. Өөрийнхөө юу хийх гэж байгааг, юу хийж байгаагаа мөн өөрийн юу чаддагаа маш сайн мэддэг хүн байна лээ. Жүжигчин тус бүртээ хэрхэн яаж ажиллахаа айхтар сайн мэднэ, чөтгөр л гэсэн үг /Инээв/. Зохиолыг маш сайн задалж, дүрүүдийн шугамыг сайн тодруулж, ойлгуулдаг байсан. Хааяа яг зураг авалтын өдөр юу ч ярихгүй. Юм асуухаар олигтой юм хэлэхгүй. Би сандраад найруулагчаас “Энийг яах вэ, тэрийг яах вэ” гээд асуухаар  “Би юу ч мэдэхгүй. Чи өөрөө л мэднэ шүү дээ” гэдэг байлаа.

Тэгснээ яг зураг авалтын талбайд очоод зургийн талбайг бэлтгэж байх хооронд дуудаж байгаад л ёстой тархинд ортол ойлгуулна. Найруулагч хүн жүжигчиндээ дүр, зорилгыг нь сайн ойлгуулж чадвал найруулагч, жүжигчний толгой нэгддэг гэж хэлдэгсэн. Мөн Тука ах маань байнга “Сцен бүр үнэн, амьд, үнэ цэнтэй байх ёстой. Сцен бүр өөрийн хэлэх гэсэн санаатай. Тэгж байж дараа нь энэ сценүүд нийлж нэгэн цул, нэг амь болно”  гэж хэлдэг байсан. 

-Тэгвэл энэ кинонд хамтран тоглосон жүжигчид, кино багийнхан өөрт тань ямар сэтгэгдэл төрүүлэв?

-Кино багийнхан маань маш эрч хүчтэй, ажилсаг залуучууд байсан. Бүгд бие биедээ тусална, бие биеэ нөхнө. Хэдэн өдөр бороо ороод зураг авалтгүй байх өдрүүдэд хэдэн нэгнийхээ өрөөгөөр хэсээд “Ажлаа хийхсэн энэ бороог яах вэ? Яаж зогсоох вэ? Зургандаа гармаар байна. Энэ хэдэн царайг харсаар залхлаа” гээд л үглэцгээнэ /Инээв/.  Тухайн үед нүүр будагч эгч “За, удахгүй угаасаа салцгаана. Хотод нэгнээ санаад байна гээд байцгаав аа” гэдэг байлаа. Гэтэл хотод ирээд удаа ч үгүй бүгд л “Хялганатаа санаж байна. Гуравдугаар өрөөнийхөөн гарч ирээч ээ. Хоолондоо”  гэх мэтээр бие биенээ үгүйлцгээгээд эхэлсэн. 

Бас зөвхөн манай кино багийнхны л мэддэг “Утаанист” гэх мэргэжил хүртэл шинээр бий болсон шүү. Хэрвээ та бүхэн манай киног үзвэл, киноны ихэнх зураг авалт манантай байгаа. Энэ бүх манан бол аргалын утаа. Хэдэн шуудай аргал орсныг бүү мэд. Маш их аргал орсон. 4,5 хүн тус бүр савтай аргалаа бариад хэдэн тийшээ гүйнэ. Арын албанд ажилласан хүмүүсээр үнэхээр бахархаж, баярламаар. Зураг авалтын талбай бэлдэх гээд хамгийн түрүүнд гараад л явцгаана, юмнуудаа цэгцлээд хамгийн сүүлд ажил нь дуусна. Бүгд ядраад ирэхэд тогооч эгч маань амттай халуун хоолтой угтана. Зарим өдөр зураггүй бороо орвол зааланд сагс тоглоцгооно. Бооцоотой хөзөрдөнө ялагдсан нь мөр, нуруу барина гээд л. Бороонд гарч гүйнэ, эсвэл зүгээр амарцгаана, ном уншина. Үнэхээр дурсамж дүүрэн зураг авалт болж өнгөрсөн. Кино багийнхаа хүн бүрт маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бүх хүний хөлс хүчээр энэ кино бүтсэн. 

-"МАМ" бол сэтгэхүйн аймшгийн кино. Аймшгийн кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Би эхлээд аймшгийн кино гэж мэдээгүй, тэнцсэнийхээ дараа л мэдсэн. Надад бол сонирхолтой санагдаж байсан. Ээж л жаахан аягүй хүлээж авсан. “Аймшгийн кино юм уу, яана аа тэгээд чи айхгүй юу” гээд л. Харин надад юм сурч мэдэж, өөрийгөө хөгжүүлж л байвал аймшгийн кино байх эсэх нь хамаагүй санагдсан. Найруулагчийг  өмнө нь “Орхидос”, “Улаан дөрвөлжин”, “Хоёр амь” зэрэг киног хийсэн гэдгийг нь мэдээд найруулагчдаа итгэсэн.
 
- Дэлгэц, тайзны уран бүтээлийн алинд илүү сонирхолтой вэ.  Тоглож  үзэхийг хүссэн дүр байгаа юу?

- ВГИК-т сурч эхэлсний дараа энэ асуултыг эргэн тойрныхон их асуусан. Энэ асуулт миний хувьд яг л “Хоёр нүднийхээ алинд нь илүү хайртай вэ?” гэж асууж байгаатай адил санагддаг.  Тайз бол амьд оршихуй, амьд харилцаа. Тайз-жүжигчин хүний хувьд амьд өсөн хөгжиж, хөглөгдөх талбар. Кино бол уран зураг, дүрслэлийн урлаг. Энэ хоёр яг л мэдрэмж-мэдрэхүй гэсэн үг. Хоёул өөрсдийн гэсэн давуу тал,  онцлогтой. Би кино урлагт маш их хайртай. Мөн тайзандаа ч хайртай. Али алинд нь өөрийнхөө хүчийг сорино гэж боддог. Хүн бүр өөрийнхөөрөө тодорхойлно, энэ бол миний л бодол. 

Тоглож үзэхийг хүссэн дүр зөндөө байна. Тухайлбал, баатарлаг монгол  хатан эсвэл хувьсгалч эмэгтэйн дүр ч гэх юм уу. Яг одоо би Л.Н.Толстойн “Анна Каренина”-гийн хэсгээс отрывок ажиллаж байгаа. Анна Каренина бол миний хамгийн хайртай дүр. Монголд хэрвээ хэзээ нэгэн цагт тайзан дээр тавигдахаар болоод, жүжигчдийн дунд шалгуур явуулж, хүчээ сориод тэнцвэл тоглохыг хүсдэг ганц дүр. Мэдээж жүжигчин болохоор суралцаж буй учраас бие биеэсээ эрс ялгаатай дүрүүдэд дэлгэц болон тайзан дээр ажиллаж, өөрийгөө сорьж, хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Яг тийм л дүр гэж өөрийгөө хязгаарлахыг хүсэхгүй байна. Миний тоглох дүрүүд болон хийх уран бүтээлүүд хүний сэтгэлд үлдэж чадаж байвал л бол оо. 

-Ярилцсанд баярлалаа. Сургуулиа сайн төгсөөд зорьсон зорилгоо биелүүлээрэй.

-Маш их баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Г.НАРАН

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn