Д.Цэрэнсамбуу: Мэргэжлийн урлагийн барилгын асуудал хүнд байна

БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг УДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэхээр 2020 оны төсөвт тусгасан 12 тэрбум төгрөгийг зогсоох асуудлаар Сангийн яам болон Засгийн газарт хандана хэмээн мэдэгдсэн билээ. Тэрбээр энэ үеэр соёлын салбарт 1990 оноос хойш хийгдээгүй хөрөнгө оруулалт улстөржилтөөс болж зогсож байгааг тодотгосон. Тэгвэл энэ  асуудлаар УДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн удирдлага, уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө. Хэвлэлийн хурлын үеэр УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу "Бид маш их харамсаж байна. Бид ядарч, зовж байна гэсэн гомдол саналаа төр засагт хэлж байгаагүй. Орчин цагийн соёл урлагийн байгууллага үүсч хөгжөөд 100 хүрэхгүй жил болж байна. Аливаа улс үндэстэн тусгаар байхын тулд үндэсний номын сан, үндэсний театр, музейтэй байх ёстой.

1931 онд улсын төв театрыг байгуулсан байдаг. Энэ үйл явцыг түүхчид нүүдэлчин ардын оюуны ертөнцөд хийсэн оюуны хувьсгал болсон гэж үнэлдэг.  Театр 90 шахам жил ажиллахдаа төр, түмэн олныхоо хайранд хөгжиж дэвжиж ирсэн, сайн сайхан зүйл олон байгаа. Үүний зэрэгцээ дэлхийгээс, нийгмээс хоцрогдсон олон зүйл байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын соёл урлагт төрөөс явуулж байгаа бодлого шаардлагын түвшинд хүрэхгүй байна. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар олон асуудлыг анхаарч, тодорхой шийдвэрүүдийг гаргасан нь бидэнд төр засагтаа гэдгийг мэдрүүлсэн.  Өнгөрсөн онд бидний цалин 8-35 хувиар нэмэгдсэн. Олсон орлогыг нь тухайн хамт олон захиран зарцуулах эрх олгосон. Дэлхийн хэмжээнд театр, урлаг тодорхой орчин шаарддаг. Энэ утгаараа мэргэжлийн урлагийн барилгын асуудлууд хүнд байна. Энд төр засаг анхаарч, ивээл хайраа өгч эхэлж байтал буруу зөвөөр мушгиж байгаад бид маш их харамсаж байна" хэмээлээ.

Харин Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо "Бидний хүлээж байсан соёлын шинэчлэлийн шийдвэр зогсож байгаа нь маш харамсалтай. Гурван байгууллага модон карказ бүхий тоосгон барилгад үйл ажиллагаа явуулдаг. Ашиглалтын 70-аад жилийн хугацаанд их засвар хийгдээгүй. Гамшиг эрдслийн үнэлгээгээр ашиглалтын шаардлага хангахгүй, ослын байдалтай гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагууд гаргасан. Бид өөрсдийн хүслээр дуртай ажлаа энэ байдлыг тэвчээд ажилладаг. Гэсэн хэдий ч үнэхээр болохоо байж, төр засгийн анхааралд хандуулсан.  Гэтэл хөрөнгө оруулалт зогсож байгаа нь энд ажиллаж байгаа хүмүүс төдийгүй Монголын соёл урлагийн салбарт хүчтэй цохилт болсон үйл явдал боллоо" гэсэн юм. 
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn