Л.Энх-Амгалан хөрөнгө оруулалт нэрээр “мөнгө тонших” гээд азаартав уу
 
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгт хүүгүй, барьцаагүй зээл олгочихоод авч чадахгүй байна хэмээн мэдэгдсэн. Тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 50-60 хүнтэй оёдлын цех байгуулах, ажлын байр гаргах саналыг хүлээн авч “Exclusive компанийн захирал Г.Майцэцэгт 2018 оны 5 дугаар сард 6 сарын хугацаатай, хүүгүй 60 сая төгрөгийг хувиасаа зээлдүүлсэн боловч зээлээ төлөлгүй хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. 

Өнөөдөр сошиал сүлжээнд мөнгөө шүүхээр нэхэмжиллээ гэж нэлээн их дайрч, доромжиллоо. Хэрэв энэхүү санхүүжилт хэрэгтэй эзэндээ очсон бол, жинхэнэ утгаар нь ашигласан бол бага ч гэсэн амжилт олж болох байсан... Өнөөдөр ЖДҮ-ийн зээл жилийн 3-8 хувийн хүүтэй. Гэрээнд тусгагдсан 0.5 хувийн алдангаа тооцолгүйгээр зүгээр л анх байгуулсан оёдлын цех, тоног төхөөрөмжөө ажилтай, орлоготой болно гэж итгэж найдаж байсан нутгийн оёдолчдод хүлээлгэж өг. Тэгвэл өр цайрна.Хүний итгэлийг алдах мөнгө алдахаас хэцүү” хэмээн өөрийн цахим хуудастаа бичиж багагүй хандалт авсан. 

Тэгвэл “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг энэ талаар хэвлэлийн бага хурал зарлаж “2017 онд “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын нэр дээр “Уран үйлчин” хөтөлбөрийг санаачлан 21 аймагт хэрэгжүүлэхээр санхүүжүүлэгч хайж, УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлж байсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Чи юу хийж байгаа юм. Гурван үсэгтэй компанийг бага ярьж бай л даа. Чиний “Уран үйл”-ийг би дэмжье” гэж хэлээд өөрөө надад хандсан. 

Улмаар 60 сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл хийх санал тавьсан. Ингэхдээ “Би төрийн албан хаагч учраас мөнгө гаргах боломжгүй. Иймээс миний туслах Б.Мөнхжаргалтай гэрээл” гэж хэлсэн. Ингээд 2018 оны нэгдүгээр сарын 16-нд “Зээлийн гэрээ” гэх гэрээг байгуулсан. Энэ мөнгийг надад өгч байна ч гэж би бодоогүй, тэгж хэлээгүй. Гэрээ хийсний дараа урьдчилгаа болгож 10 сая төгрөг өгсөн. Үүнийг нь би Хөвсгөл аймгийн МСҮТ-ийн оюутнуудыг Польш улсад очиж, 10 төрлийн нарийн мэргэжлээр үнэ төлбөргүй суралцах гарцыг бий болгоход зарцуулсан нь үнэн. Ингээд нэг ээлжинд 50-60 хүн ажиллах боломжтой үйлдвэр байгуулсан. Уг үйлдвэрээр “Хөх сувд” брэндийн хувцас үйлдвэрлэхээр тохирсон. Түүний гар барилцаад өөрийн биеэр зогсож буй гэрэл зураг, баримтууд бий. Тэр бүү хэл “Хөх сувд” брэнд нь Л.Энх-Амгалан гишүүний нэр дээр патенттай. Үйлдвэр үйл ажиллагаагаа явуулсан” хэмээсэн юм.

Үндсэндээ 2018 онд Л.Энх-Амгалан гишүүн эмэгтэйчүүдээ дэмжих нэрийдлээр нэлээд шоудсаныг өдгөө ч хэвлэлийн хуудаснаа бий. “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг ч түүнийг үйлдвэрлэгчдийг дэмжиж буйд талархлаа илэрхийлж байлаа. Түүгээр ч зогсохгүй “Хөх сувд” брэндийн хувцсыг өөрийн “Exclusive” компанийн нэрийн дэлгүүрээр худалдаалж байсныг ч олон нийт санаж байгаа биз ээ. Гэтэл Л.Энх-Амгалан гишүүн өөрийн гишүүний багцаас гаргасан мөнгөө өнөөдөр Г.Майцэцэгээс нэхэмжилж, сонгууль дөхсөн энэ үед улстөржиж байгаа аж. 

Яг үнэндээ  дээрх мөнгө хуулийн дагуу Л.Энх-Амгалан гишүүнд хамааралгүй болчихож байгааг мань эр мэдэхгүй байна гэж үгүй. Учир нь дээрх зээлийн гэрээ Д.Мөнхжаргал, Г.Майцэцэг нарын хооронд хийгдсэн байна. Улстөрчид тойрогтоо хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр ийнхүү иргэдтэй гэрээ байгуулж, мөнгө “тоншдог” тухай нэлээд яригддаг ч ил гарсан нь энэ тохиолдол болж таарлаа. Түүнчлэн Л.Энх-Амгалан гишүүний бичсэнчлэн хүүгүй, барьцаагүй зээл байсангүй. Энэхүү гэрээнд талууд харилцан тохиролцож, 50 саяын үнэлгээ бүхий эд хөрөнгийг барьцаалсан байгаа юм. Магадгүй Л.Энх-Амгалан гишүүн сонгууль дөхсөн энэ үед өрөвдүүлэх тактик хэрэглэх гэсэн ч өөрийнхөө үгэнд ороогдчихов бололтой. 

Тэгээд ч дээрх мөнгийг “Exclusive” компани болон Г.Майцэцэг аваад ашиглачихсан юм биш бөгөөд тоног төхөөрөмж бүхий үйлдвэр Хөвсгөлд байгаа аж. Тэгэхээр Л.Энх-Амгалан гишүүн хөрөнгө оруулалт нэрээр гаргасан мөнгөө 90 сая болгож, үйлдвэрлэгчдээр төлүүлэх санаатай байсан бололтой.
Өөрөөр хэлбэл, Г.Майцэцэг болон “Exclusive” компани, цаашлаад үйлдвэрлэгчдээр ажил гүйцэтгүүлчихээд төлбөрөө төлөхгүй луу унжиж байгаа гээд хэлчихэд хилсдэхгүй. Улстөрчид ийнхүү үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийг ашиглаж өөрсдийн PR-аа хийлгэчихээд хаядгийн тод жишээ Л.Энх-Амгалан гишүүн болов бололтой.

Г.НАРАН

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn